Багш шавийн барилдлага буюу төгс багшийн эрэлд

Ошогийн “Агнистын гэгээ” цувралд:
Нэгэн хүн төгс гэгээрсэн багшийн эрэлд гарчээ. Тийм багштай учрахын тулд дэлхийг тойроход бэлэн байлаа. Тосгоноосоо дөнгөж гараад нэгэн модны дор сууж буй өвгөнтэй таарчээ.
– Өвгөн гуай, та олон газраар бядан явсан бадарчин шиг харагдлаа. Таниас нэг юм асууж болох уу? гэхэд нь өвгөн:
– Тиймээ би бадарчин. Газар дэлхийг тойрон аялсан хүн гэв.
– Ёстой зөв хүнтэйгээ таарчээ, би. Төгс төгөлдөр багшийг олохын тулд хаашаа явбал зохих вэ? Та надад чиг, хаяг хэлж өгөөч гэж залууг гуйхад өвгөн түүнд хэдэн нэр ус хэлж, зүг чиг зааж өгөв. Залуу түүнд талархан мэхийгээд аяны мөрөө хөөжээ.
Орон гүрнийг дамжин гучин жил хэсүүчилсний эцэст эрэлчин санаанд нийцэх багшийг олж чадалгүй цөхрөөд эх нутагтаа эргэн иржээ. Тосгон уруугаа орох замд модны дор гучин жилийн өмнө таарсан нөгөө өвгөн цал буурал болсон суухыг харав. Түүнийг жинхэнэ төгс багш болохыг тэр агшинд таньжээ. Хөлд нь сөхөрч:
– Та надад багш гэдгээ яагаад хэлээгүй юм бэ? гэж цурхирав. Тэгэхэд нь өвгөн.
– Тэр үед чи өөр нэгнийг эрээд, намайг харах сөхөөгүй явсан. Миний анхилгыг мэдрэхгүй, оршихуйг харахгүй хүнд юу гэж хэлэх вэ? Хэрэн хэсүүчлэл дундаа хэзээ нэг өдөр нүд чинь нээгдээсэй л гэж хүлээж суулаа. Уулзсан хүмүүс чинь буруу ч бай хамаагүй. Учрал тохиол бүрээс ухаарал хүртэж явсны хүчинд чи эргэн ирж, намайг танилаа шүү дээ гэж хэлжээ.
Эрэлчин өвгөнийг нөмөрлөх модыг хараад мэл гайхав. Учир нь, зүүдэндээ тэр модыг дандаа хардаг байсан. Тэр модны дор л багштай учирна гэсэн зөн бошгыг мэдэрдэг байжээ. Гэтэл гучин жилийн тэртээ мод ч, багш ч урд нь байхад анзаарч харалгүй өнгөрч. Бүх зүйл бэлэн байтал тэр өөрөө бэлэн биш байжээ.