Ошо бясалгалын гүрү

Баяр талархал горьдох хэрэггүй.

Ошогийн “Агнистын гэгээ” цувралд:

Баяр талархал горьдох хэрэггүй.

Уул нь чамайг бурханд ойртох тусам хүмүүс баярлах учиртай сан. Чи тэдэнд бурхны үнэлж баршгүй нандин бэлгийг авчирч байна шүү дээ. Үүний төлөө хүмүүс чиний өлмийг үнсэн талархууштай. Гэтэл бүх юм эсрэгээр өрнөдөг. Хэдий чинээ үлэмж бэлэг авчирна, төдий чинээ хүмүүс чамд хорсоно. Ачийн хариуг бачаар хариулж, амь насанд чинь халдаж мэднэ. Тийм учир баяр талархал горьдохын оронд ял зэмд бэлэн бай.

Есүс хүртэл өөртөө тийм их лай ланчиг хураана гэж төсөөлөөгүй явсан. Загалмай дээрээс тэр бурханд хандан, “Та намайг орхилоо гэж үү? Би юу буруу хийсэн юм бэ?” гэж орь дуу тавьжээ. Өөрийг нь цовдолчихно гэж өр зүрхний гүндээ санаагүй явсан хэрэг. Адиша шавь нартаа маш тодорхой зөвлөгөө өгч байна.

Баяр талархал горьдох хэрэггүй.

Харин ч эсрэгээр дайралт давшилт, хорсол занал нөмөрнө гэж тэвчээр хатамжаа бөхөл. Хувь зохиолын хамгийн сайханд тэмүүл, гэхдээ адгийн мууд бэлэн байгтун. Хүмүүс чамайг хүндлэн биширсэнгүй гэж гомдохын оронд хөнөөлгүй үлдээсэнд баярлаж яв.

Буддагийн нэг шавь багшийнхаа сургаалыг түгээх аянд мордох болжээ. Будда түүнээс хаашаа явахыг нь асуухад, Бихар мужийн хамгийн бөглүү булан Сукха уруу явах санаатайгаа хэлжээ. Тэнд өмнө нь Буддагийн шавь нараас хэн нь ч очоогүй юмсанж.

– Чамайг явахын өмнө би гурван асуулт асууя. Тэр нутгийн хүмүүс зэрлэг бүдүүлэг, хэрцгий догшин авиртайг дуулсан биз ээ. Хэтэрхий осолтой болохоор хэн ч тийшээ зүглээгүй юм. Хэрвээ нутгийн иргэд чамайг үгийн муухайгаар харааж зүхвэл яах вэ? Зүрх сэтгэл чинь тэр доромжлолыг хэрхэн хүлээж авах вэ? гэж Будда асуув.

– Та миний зүрх сэтгэлийг нэвтэрхий мэдэж байгаа шүү дээ. Учир нь, та өөрөө миний зүрх сэтгэл билээ. Гэвч асуусан болохоор тань хариулъя. Намайг харааж доромжлох юм бол би тэдэнд үнэн сэтгэлээсээ баярлах болно. Зодож жанчихын оронд доромжлоод өнгөрсөнд талархахаас өөр яах вэ? гэж хариулахад Будда:

– Тэд чамайг зодож жанчиж магадгүй. Тэгвэл чи яах сан бол? гэж асуулаа.

– Үүнийг ч та тольдож байгаа нь лавтай. Би тэдний зодуурт баярлах болно. Аминд халдалгүй арьс махтай минь ярьсан төдийд гомдох юун.

– Гуравдахь асуултаа тавья. Тэр хүмүүсийн гарт чи амиа алдаж мэднэ. Хилс үхэл тохиовол өр зүрх чинь шимшрэх болов уу?

– Та мэдсээр атлаа юунд асууна вэ? Хэрвээ тэд намайг алах юм бол би мөн л баярлах болно. Өөрийгөө сорих үлэмж дээд завшаан надад олгож байна шүү дээ.

Тэгснээр би ирээдүйд алдаа хийж болзошгүй амьдралын хүлээснээс эгнэгт алдуурна. Ахиж сэрэмжгүйн нойронд автах аюулаас бүрмөсөн сална. Хэн нэгэн хүн сэргэг байдлаа алдалгүй үхэж чадвал энэ нь түүний хувьд хорвоод үдсэн сүүлчийн төрөл байх нь гарцаагүй. Ингэж үхэх завшааныг надад бэлэглэж, хорвоогоос гэтэлгэсэн хүмүүсийг би буяны садан, дээдийн ачтанаа гэж санаж, голт зүрхний угаас залбиран талархах болно гэхэд Будда:

– Хаашаа ч явсан үнэний хүч, нигүүлслийн гэгээг минь түгээж, хүн зоныг сэрээж чадах шавь минь чи ажээ. Хүссэн зүгтээ явж, санасан хэргээ бүтээгтүн! гэж адислажээ.

Бусдаас баяр талархал горьдох хэрэггүй. Харин тэдний зүгээс ирэх алив бусармаг үйлдэлд талархалтай ханд. Бусармаг үйлтэй учрахгүй өнгөрвөл ер бусын тохиол буйзаа. Хэрэв Есүс цовдлуулж, Сократ хорлуулж, Махавир ахин дахин зодуулж, Будда олон арван дайралтад өртөж байгаагүй бол үнэхээр жир биш, жигтэй явдал байх асан. Түүнийг жам ёсноос гадуур үзэгдэл гэлтэй. Учир нь, хүн төрөлхтний дийлэнх хэсэг түнэр харанхуйд амьдардаг. Тэр харанхуй сүүдрийг дайрч гарахаас тойрч гарах жим хорвоод олдоно гэж үү?