Ошо бясалгалын гүрү

Би хэн бэ ? ба өөрийгөө байгаагаар нь хүлээн ав

Би хэн юм бэ?

Энэ ертөнцөд хүн тодорхойгүй, хэлбэржээгүй төрдөг.
Тэрээр өөрийгөө “байна” гэдгээ мэддэг боловч, чухам өөрийгөө “хэн бэ?” гэдгээ мэддэггүй. Түүнд ямар нэгэн ярлик зүүж, түүнд ямар нэгэн тодорхойлолт өгөхөд бэрх төрдөг, өөрөөр хэлбэл тэр эрх чөлөөтэй төрдөг. Тэгээд тэрээр бүхий л амьдралынхаа турш өөрийгөө хэн бэ? гэдгийг мэдэх гэж хичээдэг.
Энэ дэлхий дээр “Би хэн юм бэ?” гэж асуудаг цорын ганц амьтан бол – хүн. Хүн л ингэж асуудаг, өөр амьтанд ингэх шаардлага байхгүй. Тэд төрөхдөө л тодорхой төрдөг. Сарнай бол сарнай, нохой бол нохой, гэтэл хүн бол яг хүн биш.
Хүнд маш олон хувилбар байдаг. Сарнай бол нэгэнт шийдэгдчихсэн үзэгдэл, маш тодорхой, харин хүн л тодорхой бус. Сарнайг урьдчилж хэлж болно, хүнийг урьдчилж хэлэх боломжгүй. Дараагийн мөчид тэр яг яахыг урьдчилж таашгүй. Өнөөдөр гэгээнтэн, маргааш нүгэлтэн, эсвэл эсрэгээр. Хүн нээлтэй, хөдөлгөөнтэй, нүүдэлчин. Хүн тогтсон зүйл биш, хүн – процесс, урсгал.
Чухам үүнд л хүний агуу чанар оршино, мөн үүнд л түүний зовлон оршино. Тэрээр өөрийгөө хэн гэдгийг мэддэггүй. Түнэр харанхуйд бүх насаараа өөрийгөө хайдаг. Түүний оршихуйд гэрэл үгүй тул ингэж хайж гэлдэрдэг.
Энэ өнцгөөс “хүн”-ийг харах нь өөрийн байгаа байдлыг ойлгоход нэмэртэй, цаашид өөрийгөө олох, хөгжүүлэх, үнэнд хүрэхэд ач тустай.
Дээр хэлсэнчлэн “хүн тодорхойгүй, хэлбэржээгүй төрдөг” гэдгээр би юу хэлэх гэсэн юм бэ гэвэл – хүн бол хагас боловсруулсан бүтээгдэхүүн.
Экзистенциал гүн ухаантуудыг хэлдэг үнэн юм: хүний хувьд – оршихуй анхдагч, мөн чанар хоёрдогч. Жишээлбэл, модны хувьд эсрэгээр мөн чанар анхдагч, оршихуй хоёрдогч. Мод анхнаасаа бэлэн бүтээгдэхүүн болон төрдөг. Хүнээс бусад амьд организмд энэ үнэн. Модны үрийг программ гэж үзэхээр: эхлээд программ яваад, дараа нь мод төрдөг.
Хүний хувьд эсрэгээр. Эхлээд тэрээр хэлбэржээгүй, программчлагдаагүй амьдарч эхэлдэг. Ямарч зорилгогүй, хэн ч биш амьдарч эхэлдэг. Явцын дунд тэр өөрийгөө таньж мэдэж өөрийн мөн чанарыг олж, түүнийг хөгжүүлэх хэрэг гардаг. Өөрөө өөрийгөө хийдэг. Чадах, чадахгүй нь зөвхөн түүний өөрийх нь хариуцлага байдаг тул хүн тэгж их тайван бус байдаг. Хэн нэгэн чадна, зарим нь чадахгүй. Хэн мэдлээ? Ямарч баталгаа байхгүй.
Нохой – нохой болох нь тодорхой. Өөр юм болох боломжгүй. Тагтааны хувьд чадах, чадахгүйн зовлон үгүй. Бар ч гэсэн юунд ч санаа зовдоггүй, тэр угаасаа л бар юм чинь, тэрээр тайван унтаж болно.
Хүн л өөр. Хүний хувьд эхлэл нь боломж юм, гэхдээ төгсгөл тодорхойгүй. Тэрээр ямар нэгэн программгүй энэ дэлхийд мэндэлдэг, бэлэн бүтээгдэхүүн бус. Хүн – бүрэн эрх чөлөөтэй төрдөг. Түүнд санаа зовох юм мундахгүй, ингэхгүй бол өөрийн мөн чанарыг олохгүй байж магадгүй. Юугаа ч мэдэхгүй төрөөд, мөн тэр чигээрээ дуусна гэсэн үг.
Ийм болохоор хариуцлага өөрийн толгой дээр бууна. Та ямар нэгэн хичээл зүтгэл гаргаж хийж бүтээж эхлэхгүй юм бол та хоосон л үлдэнэ. Та ямагт сэтгэл дундуур амьдрах болно: мөн чанараа олоогүй оршихуй чигээрээ үлдэх болно.
Ийм л юм сая сая хүмүүст тохиолдоод байгаа юм. Тэдэнд сүнс байхгүй. Тэд оршиж буй нь үнэн боловч, энэ нь тэдэнд аз жаргал, сэтгэл ханамж өгөхгүй байгаа юм. Энэ байдлыг зовлон, стресс гээд байгаа. Буддагийн хэлснээр “дукха” – зовлонгийн дээд юм.
Аз жаргал, амар амгалан хэдийд ирэх үү? Та өөрийгөө олж, харанхуйд гэрэл гэгээ оруулж, таны мөн чанар тодорхой болж гэгээрсэн цагт.
Таны зүрхэнд дөл асна, та одоо өөрийгөө хэн гэдгээ мэднэ. Энэ л мөчид та гэртээ ирнэ. Тайвширна, амар амгалан олно. Өөр тохиолдолд та хэрэн тэнэсээр байх болно. Хэзээ ч тайвширал олохгүй.
Энэ амьдрал – бол гэртээ харих гэсэн тэмүүлэл юм.
Зөвхөн гэртээ л хүн тайвширна, амарна, өөрийн орон зайг олно, сэтгэл хангалуун амьдрана.
“Би хэн юм бэ?” гэдэг бол цорын ганц шашинлаг асуулт юм.
/Ошо номноос орчуулав…/

Өөрийгөө байгаагаар нь хүлээн ав.

Бусдын дүгнэлт надад хамаагүй гэсэн энгийн дүгнэлт өөртөө хийснээр би маш их эрх чөлөөтэй болсон. Маш их тайвширсан, юунд ч санаа зовох хэрэггүй юм байна, өөрийнхөөрөө л байж болох юм байна гэж. Орчлон дэлхий уудам, олон хүн амьдарч байна. Хэрэв хүмүүс миний талаар юу гэж бодож байгаад санаа зовоод байвал би тэр их дүгнэлт үнэлгээг нэг том хавтаст хэрэг болгон байнга чирч явах хэрэг гарна шүү дээ…
Ийм болохоор л чи гадагшаа гарч, хүмүүстэй хутгалдахаас айгаад байгаа юм. Чи дотроо хоосон байна, ийм байх ёсгүй. Чи өөрөө өөрөөрөө дүүр, хэн нэгнээр биш, өөрийн амьдрал, өөрийн амьдралын эрч хүчээр дүүр.
Би юу гэх гээд байгаа юм гэхлээр – бясалгал чамд эрх мэдэл, чадвар өгнө. Бусдыг захирах биш, өөрөөрөө байх эрх мэдэл, чадвар өгнө. Өөр хэнбугай ч танаас булааж авч чадахгүй. Энэ бол – Ошо