Гоожигсод ба шигшмэлүүд

“Цагийн явцад хүмүүс яг шүүрэн шанага дээр шигшигдэж байгаа юм шиг ихэнх нь гоожигдож, маш цөөхөн нь шигшигдэж үлдэнэ дээ” хэмээн намайг бага байхад нэгэн өвгөн лам ихэд чухалчлан айлдаж билээ.
Яг тэр цагаас үнэт зүйлсийнхээ төлөө, уламжлал соёлынхоо төлөө, хайрлаж нандигнадаг зүйлсийнхээ төлөө, үүх түүхийнхээ төлөө, ирээдүй үеийнхээ төлөө, аливаа нандин барилдлага, ер үнэний төлөө хэд нь урваж, хэд нь шарвалгүй шигшигдэж үлдэв дээ.
Тун чиг цөөхөн боловч “Цөөнөөс цөөний гарзтай, олноос олны гарзтай” хэмээн Суут Богд Чингис Хаан бээр чанартай бөгөөд цөөнийг эрхэмлэсэн тааллаар бодлого хэрэгжүүлж байсан нь зоригийг хурцалж, урмыг тэтгэж байдаг юм.
Цөвүүн цагийн ихэнх төрөлхийтний дотоод чанар нанхиад дэнлүүний шил шиг нэн хэврэг. Тийн атлаа дээрэнгүй бардам зан, тэнгэр төрөлтөн мэт их омог, өөрөөсөө бусдыг чин сэтгэлээр үл хайрлах тэчияал, биеийн, эс бөгөөс хэлний, эс бөгөөс сэтгэлийн хэрцгий явдал болоод ховдог шунахайд дурлаж дадсан зан, худал заль мэх, хуурмаг инээд, уран хоншоорлох үгс, хайхрамжгүй болоод тоомжиргүй, хариуцлагагүй, найдваргүй тэргүүтэн нь амь зуулга, амьсгалах агаар, амьдралынх нь мөн чанар хэмээлтэй.
Худал хуурмагт гүнзгий автах болохоороо эцэг, эх, өвөг дээдэс, гэгээн багш нар, эрдэмтэн мэргэдээ ч нулимах энүүхэнд.
Алд газар өмхийрүүлэх биеэ хайрлахдаа аминчхан үзлээр юү эсийг үйлдэх.
Өчүүхэн нэр алдраа хамгаалах болохоор бусдын нүүрний арьсыг ч хуулахад бэлэн тэдгээр хүмүүс бол аль хэдийн өндөр язгуур, амар заяа, дээдийн ном, үлэмж соёл, хүмүүн төрөлхийтний ёс зүйгээс гоожигдсон төрөлхийтнүүд болой. Гоожигсод өөрсдийнхөө хаанаас үүдэлтэй, эндээс хаа одохоо мэдэхгүйгээр үл барам хаанаас гоожсоноо ч үл ухаармуй. Хэлэвч “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ. Алт хийсэн ч сэгсэрнэ” хэмээхийн үлгэр болох ба илжигний чихнээс хүний чих ихэд ахар тул тэдний чихэнд алт мэт сургааль тогтохуйяа бэрх.
“Гоожигсод” зарим нь өнөө маргаашдаа өндөр суудалд сууж, эрх мэдэл эдэлж, их нэр алдар олж, эд баялаг орчлонгийн оргилд хүрсэн мэт боловч эдгээр нь “гуйлгачин хүн зүүдэндээ алт эрдэнэс олсон мэт” энэ насны зүүд мэт амьдрал болоод аливаа цаг нь дуусахуйд хов хоосон болоод зогсохгүй муу заяанд гоожигдох болмуй. Яагаад хэмээвээс хорвоогийн томъёог ийн айлдсан байдаг нь “Эцэстээ доройтох нь хорвоогийн мөн чанар”. Тиймийн учир алсдаа гоожигсодын хувь тохиол нэн өрөвдөлтэй болоод хөөрхийлөлтэй.
Тийн бөгөөс чөлөө учралт хүмүүн заяанд төрсөн энэхүү амар заяанаас гоожигдохгүй байхад хэн бүр хичээх хэрэгтэй. Чингэхүйн тул ном, ертөнцийн хос ёсонд сайтар суралцах ба гүн гүнзгий суралцаж чадахгүй зарим нэгэн бээр шударга явдал, чин сэтгэл, ямарч үед хямарч хувьсах үгүй зан чанараа алдахгүй байх хэрэгтэй. Товчоор бол “гоожигсодын ерөндөг” болж явах учиртай. Чингэж байж орчлон тэнцвэрээ бага алдмуй.
Алин хэмээвээс шигшмэлүүд дотор хурц оюунтан хийгээд мохоо оюунтан хэмээн хоорондоо адилгүй боловч чин сэтгэл, чин зориг, чин зүрхийг эрхшээсэн агаараа нэгэн буй. Хурц оюунтан нугууд нь мэдэхүйн эрхтэн хурцыг хэлэх ба тэд ном хийгээд ертөнцийн хос ёсонд мэргэн. Цаашилбал ухаан болоод сэтгэлийн оньс болгонд суралцаж чадах эрхтэн хурц нугууд юм. Мохоо оюунтан нугууд нь мэдэхүйн эрхтэн мохоо шалтгаанаар аливаа эрдэм боловсроход удаан болхи боловч тэд нэгэн зан чанараар оршиж, ямарч цаг үед хувирах үгүй явдгаараа эрдэнэ мэт бодгалиуд болой. Шигшмэлүүд цөөрөх тусам орчлонгийн тулах цэг хазайна. Хэрэв тэд үгүй болбаас орчлон лавтай хөмрөх мэт аюумшигтай зовинох боловч, зориг зүрхтэй сайхан сэтгэлт шигшмэл бодгалиуд тухайн шаардлагатай газар дэлхийд цагийн жамаас сүрдэл үгүй, сөхрөх үгүй шил дараалан сэтгэлчлэн төрөн гарч тэнхлэгийн голчийг олохуй лугаа зорин явж нийт олны тусыг бүтээж ирсэн ямарваа гүн хийгээд агуужим ёсоор үргэлжид өрнөн байх буй заа.
Ертөнцийн шүтэн барилдлагаар олонх нь цөөнхөө дарлаж, хүчтэй нь хүчгүйгээ иддэг ба бас хүмүүний улс, нийгэмд угтаа ширэнгэний хууль үйлчилдэг хэмээдэг. Гоожигсод энэ урсгалаар явах нь жам. Гэвч шигшмэл бодгалиудад орчлонгийн явдлаас номын утгыг илүүд дээдэлж орчлонгийн балчигт мөрөн дор үл гоожигдмуй. Бас тэд цөөнх болж шигшигдэн соёл гэгээрлээр явах ахуйд саад тотгор үлэмж их.
Шигшмэлүүд цагийн шуурга уруудаж бус сөрж явах учиртай.
Зава Дамдин ринбүчи.
15.11.2021