Будда - Модонд дунд буй хөшөө

Гэгээрэлд хүрэх таван хүч

Ошогийн “Агнистын Гэгээ” номонд:
Гэгээрэлд хүрэх таван хүч бий.
Эхний хүч нь: Шийдмэг байдал.
Бүрэн дүүрнээрээ байх чадвар гэж ойлгоорой. Хэрэв чи амьдралаа өөрчлөхийг хүсч байвал, дотроо гэрэл асааж үнэмлэхүй баяр баясгаланг амталмаар байвал шийдмэг бай. Юу ч хийсэн түүндээ бүрэн дүүрэн орш. Анхаарал сарнисан, нозоорсон, хагас дулимаг байх хэрэггүй. Бүх сэтгэл зүрхээ зориул.
Бүжиглэж байгаа бол чин зүрхнээсээ бүжиглэ. Бүжигтээ бүрэн шингэх аваас бүжигчин үгүй болж, зөвхөн бүжиг үлдэнэ. Энэ үед л хувирал хэрэгжинэ. Хэн нэгнийг хайрлаж байгаа бол чин зүрхнээсээ хайрла. Хайрыг бүрэн дүүрнээр нь мэдрэхэд хайрлагч үгүй болж, гагцхүү хайр үлдэнэ. Хагас дулимаг үед л хайрлагч орших боломжтой. Чи нэг гараараа хайртаа тэвэрчихээд, нөгөө гараараа эго-г тэвэрч байна гэсэн үг. Бүжиг, дуу, хайр алинд ч бүрэн дүүрнээрээ байх юм бол эго-д орогнох газар олдохгүй. “Би бүжигчин, би дуучин, би хайрын эзэн” гэж сагсагнах хүн үлдэхгүй. Зуун хувийн оршихуйд бүх юм материаллаг ахуйгаас сүнслэг чанар уруу, тоост замлингаас дээд тэнгэр үрүү, ерийн байдлаас ер бусын хэмжээс үрүү юүлэгдэнэ.
Хоёрдахь хүч нь: Мэргэшихүй.
Амьдрал бол чиний уран бүтээл. Амьдралын гоо сайхныг дархлахын тулд зүрхний угаас дурлан тэмүүлж буй тэр зүйлдээ мэргэших учиртай. Гитар тоглох дуртай бол гитар хөгжмөө гартаа оруул. Бүжиглэх дуртай бол бүжгийн урлагийг эзэмш. Амьдралдаа ямар хөг эгшиг, өнгө хэмнэл оруулахыг хүсч байна, түүндээ цаг зав, зүрх сэтгэлээ зориулсан шиг зориул. Саад болж буй юмсаас ангижир. “Ангижир” гэдэг нь зүгээр л хэрэгсэхгүй бай гэсэн үг. Хэрэгсэх тусмаа чи шалдар булдарт орооцолдож, учир зүгээ алддаг шүү.
Гуравдахь нь: Цагаан үрийн хүч.
“Цагаан үр” бол бэлгэдлийн нэр. Энэрэл хайр, чин сэтгэл, билиг ухаан энэ бүгд цагаан үр. Атаа жөтөө, шунал тачаал, мунхралын хар хорыг бүү тариал. Тийм үрс ургах аваас ажиглан таньж, зүрх үрүүгээ сорон ав. Тэгмэгц хар үр цагаан болж хувирна. Дандаа цагаан үр тариад байвал нэг л мэдэхэд амьдрал чинь цагаан лянхуан цэцэрлэг болно.
Дөрөвдахь хүч нь: Эрслэн таслахуй.
Эго төвт бэртэгчин санаа илэрсэн даруйд түүнээс холбоогоо тасал. Харьцаа холбоо өргөжихийн хэрээр эго амилж биеждэг. Эгогийн нөлөөнд автсанаа мэдэх нь нэг хэрэг, эрслэн таслах нь өөр хэрэг. Хүн бүхэн л бэртэгчин санаагаа мэдэрдэг. Гэлээ ч тэд уяас холбоосоо таслахгүй, улам түүнийг өдөөж тэжээж явдаг. Эготой холбогдсон шижим бүрийг эгшин зуурын сэхээрлээр тасалж бай.
Тавдахь хүч нь: Зориулахуйн хүч.
Буян заяа бүхнээ бусдын сайн сайханд зориулна гэсэн үг. Гэрэл гэгээтэй юу л байна түүнийгээ бусдад түгээж, будант хорвоод цацраа. Энэ бол буддизмын үндсэн зарчмын нэг. Юу ч хадгалж, харамлах хэрэггүй. Хайр ундрах бүрийд орчлон ертөнц үрүү юүл. Хажууд чинь хүн байхгүй ч хайраараа мод ургамлыг усалж, хад чулууг дэвтээ. Дотроо хав дараад байвал тэр чинь исч гашлаад рашаан биш, хор болж хувирна. Илүү их түгээх тусам чанадын эх булаг чиний дотор уруу цутган орох болно. Гадна талын эдийн засагт хэмнэх хэрээр хээл иддэг номтой. Тэгвэл дотоод эдийн засгийн хууль үүнээс чанх эсрэг. Өгөх тусмаа ихийг олно. Цацах тусмаа улам дэлгэрнэ.
Энэ таван хүчээр үйлдэл бүрээ цэнэглээрэй. Хуурай хусран мэдлэг хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал. Эс тэгвэл хорвоогийн салхинд савчсан сул дорой нэгэн хэвээрээ үлдэнэ.