Диваажинд хүрэх зам

– Та төмрийн дархан уу?
Ард нь гэнэт хүний дуу гарахад дархан цочив. Тэгээд ч хаалга дуугарахыг сонсоогүй аж.
– Хаалгаа тогшиж мэддэггүй юм уу? гэхэд
– Тогших оо? Хмм оролдож үзээгүй юм байна гэх дуу сонсогдов. Дархан ширээн дээрээс алчуур авч гараа арчингаа энэхүү танихгүй хүн үрүү харахаар эргэв. Гэвч жирийн биш зочинг хараад дуу нь гарсангүй.
– Та миний хадуурыг засаад өгөхгүй юу? хэмээн бага зэрэг сөөнгө эмэгтэй хоолойгоор зочин асуув. Тэр бол Үхэл байлаа.
– За за, ингээд бүх юм дуусаа юу? гэж хэлээд дархан алчуураа өрөөний булан уруу шидэв.
– Бүгд биш л дээ. Хуучнаасаа муудчихаад байна.
– Би одоо яах ёстой юм бэ?
– Хадуур засах.
– Тэгээд дараа нь?
– Дараа нь хэрвээ боломжтой бол бага зэрэг ирлэвэл сайн байна.
Үнэхээр ир нь муудаж хэд хэдэн газарт хортон үүсчээ.
-Тэр ч яахав ойлгомжтой. Би харин яах ёстой юм бэ? Залбирах юм уу? Хувцсаа бэлдэх юм уу?
Үхэл инээж
– Би таны араас ирээгүй шүү дээ. Би хадуураа л засуулах гэсэн юм. Та засч чадах уу?
– Би тэгээд үхэхгүй хэрэг үү?
– Үгүй байлгүй дээ. Таны бие ямархуу байна?
– Зүгээр л юм шиг байна.
-Толгой эргэж дотор муухайрч байна уу?
– Үгүй
– Тэгвэл та юундаа санаа зовсон юм бэ? гэж хэлээд хадуураа сарвайв. Хадуурыг аваад эргүүлж тойруулж сайн харав. Хагас цагийн л ажил байлаа. Гэвч ард нь хэн зогсож байгааг санах тусам ажил нь удааширч байв. Алх авахаар эргэхдээ дархан
– Та. . .суугаач. Зогсоод байхгүй юм байгаа биз дээ гэж хэлэхдээ эелдэг байхыг хичээв. Үхэл толгой дохиод сандал дээр суун түшлэгийг налав. Ажил дуусах дөхөж, ирлэж суухдаа дархан тэсэлгүй асуув.
– Та намайг ийм зүйл хэлж байгаад өршөөгөөрэй. Гэхдээ өчнөөн хүний амийг авсан багажийг гартаа барьж байгаадаа итгэж чадахгүй байна. Хорвоо дээр өөр ямар ч зэвсгийг үүнтэй зүйрлүүлэх юм биш. Үнэхээр итгэмээргүй юм гэв. Сандал дээр суугаад дархны өрөөг ажиглан суусан Үхэл илт дургүйлхэв.
– Юу гэнэ ээ?
– Би энэ зэвсгийг гартаа барьж байгаадаа итгэж өгөхгүй байна гэж. . . .
– Зэвсэг? Та сая зэвсэг гэв үү?
– Би буруу хэлсэн ч байж магадгүй, гэхдээ. . .
Үхэл суудлаасаа үсрэн босч хормын төдийд дархны нүдний өмнө тулж ирэв. Юүдэнгийнх нь зах үл ялиг чичрэх ажээ.
– Чи намайг хэдэн хүн алсан гэж бодож байна?
– Би. . . би мэдэхгүй.
– Хариулаач
– -М. . . мэдэхгүй
– Хэд гэнэ ээ?
– Би хэд байсныг нь яаж мэдэх юм бэ?
Үхэл хэдэн мөч чимээгүй болов. Бөгтийсөөр сандал уруугаа буцаж очоод санаа алдангаа суулаа.
– Тэгэхээр чи хэд гэдгийг нь мэдэхгүй юм байна гэж аяархан хэлээд хариултаа ч хүлээлгүй
– Хэрэв би чамд хэзээ ч хүн алаагүй гэж хэлбэл яахав? Сонсож байна уу? Би хэзээ ч, ганц ч хүн алаагүй. Юу гэмээр байна даа? Яагаад гэж үү? Та нар өөрсдөө хангалттай нэгнийгээ алж байхад би оролцох ямар хэрэгтэй юм бэ? Та нар, зүгээр л цаасны төлөө, уур уцаарын улмаас, үзэн ядалтаас, эсвэл бүр зүгээр л зугаацахын тулд хүртэл нэгнийгээ алдаг. Энэ нь бүр багадаад дайн өдөөж хэдэн зуу, хэдэн мянгаар нь хүмүүсийг алдаг. Та нарт энэ бүхэн зүгээр л таалагддаг. Хүн бол бусдын цусанд донтсон. Хамгийн дургүй хүрмээр нь юу гээч? Та нар үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Та нарын хувьд над уруу буруугаа чихэх нь илүү амар байдаг. Чи намайг өмнө нь ямар байсныг мэдэх үү? Би маш сайхан бүсгүй байсан бөгөөд хүмүүсийг сэтгэл гарган, цэцэг барин угтан авч хувь тавилангаар хуваарилагдсан газар уруу нь хүргэж өгдөг байсан. Би инээмсэглэн, хүмүүсд тохиолдсон бүхнийг нь мартахад тусалдаг байсан. Энэ их эртний явдал л даа. Одоо намайг хар.
Энэ үгийг хэлэхдээ үсрэн босч, юүдэнгээ тайлав. Дархны өмнө үрчлээтсэн нүүртэй хөгшин эмгэний царай харагдав. Буурал үс нь нүүрийг нь даган унжиж, уруул нь үрчийжээ. Хамгийн аймшигтай нь нүд нь байлаа. Ямар ч өнгөгүй, ямар ч сэтгэлийн хөдлөлгүй харц харагдана.
– Намайг хэн болж хувирсныг хар. Яагаад гээч? Чи мэдээж мэдэхгүй л дээ. Та нар намайг ийм болгосон. Би үрээ алж байгаа эхийг харсан, ах нь дүүгээ хөнөөхийг харсан. Нэг хүн нэг өдөрт хэдэн зуугаар нь хүн алахыг харсан. Би цурхиран уйлж, ойлгомжгүй, боломжгүй бүхнийг хараад орилж чарлаж байсан. Би үдэж өгсөн тэр олон хүний цусыг нуухын тулд бүх өнгөлөг даашинзуудаа ийм хар хувцаснууд болгосон. Хүмүүст нулимсаа үзүүлэхгүйн тулд би юүдэн өмссөн. Би хүмүүст цэцэг бэлэглэхээ больсон. Тэд намайг аймшигтай болгосон. Дараа нь бүх нүглийнхээ буруутнаар намайг нэрлэсэн. Би та нарыг зүгээр л үдэж өгдөг, замыг нь зааж өгдөг, би хүн алдаггүй. Алив хадуурыг минь өгөөтөх тэнэг ээ.
Гарнаас нь хадуураа булааж авснаа хаалга чиглэн алхав. Энэ үед ард нь үлдсэн дархан асуув.
– Нэг зүйл асууж болох уу?
– Чи надаас хадуур юунд хэрэгтэй юм бэ гэж асуух гэж байна уу?
– Тийм ээ
– Диваажинд хүрэх зам. Тэнд зэрлэг ургаад удаж байна…