Будда - Модонд дунд буй хөшөө

Ирсэн бүхэн буцдаг

Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
 
 
Киса Готами гэдэг баян эзэгтэй байлаа. Амьдралын нар нь болсон ганц хүүтэй юмсанж. Дэгдэж дэрвэж явсан жаал хүү зуурдын өвчинд нэрвэгдэж, удалгүй амьсгал хураажээ. Уй гашуудаа ухаан самуурсан хөөрхий эмэгтэй хүүгийнхээ хөрсөн цогцсыг элгэндээ тэвэрч, уулзаж учирсан хүн бүхнээс сэхээж өгөхийг гуйн явав.
Замд таарсан нэг өвгөн түүнд Будда л тусалж магадгүй гээд хаа байгааг нь зааж өгчээ. Киса гэгээрсэн багш дээр ирээд, үхсэн хүүгээ амилуулж өгөхийг өвдөг сөхрөн гуйж, уйлан хайлан зүүгдэв. Будда түүнийг өргөн босгоод, нулимс юугий нь арчиж:
– Би танд тусалъя аа. Хүүг чинь сэхээхийн тулд надад атга цагаан гичний үр хэрэгтэй байна. Хамгийн гол нь та түүнийг ах дүү, амраг саднаасаа нэгийг ч алдаж үзээгүй элэг бүтэн өрх гэрээс авах ёстой юм шүү гэж хэлэв.
Үүнийг сонсоод итгэл найдвар төрсөн Киса даруйхан Буддагийн захисан зүйлийг олж ирэхээр явлаа. Атга үр хаанаас ч олдох боловч аав ээж, хань ижил, үр хүүхэд, ах дүүгээсээ хагацахын зовлон үзээгүй айл гэр нэгээхэн ч олдсонгүй. Өчнөөн айлын үүд тогшиж, төчнөөн хүний ам асуусаар яваад Киса хэнийг ч үл ялгах энэ хорвоогийн мөнх бус жамыг ухаарчээ. Ганц өөрийг нь бус, газар дэлхий дээрх зүрх бүхнийг хагацлын сүүдэр дайрдгийг сэхээрчээ.
Төрсөн бүхэн үхдэг, ирсэн бүхэн буцдаг юм байна. Энэ ухаарал түүний сэтгэлийг дэмий шаналал, хоосон горьдлогын хүлээснээс чөлөөлж өгөв. Киса эргэн ирж хүүгийнхээ цогцсыг уд модны дор оршуулаад, Буддад шавь оржээ. Бодь мөрийн сургаал сонсож, ариун бясалгалд умбасан тэр эмэгтэй удалгүй билгийн мэлмий нээсэн гэдэг.