Будда (тэнгэрт заларч буй)

Итгэлийн хүч

Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
 
 
Түвдэд Марва ламын тухай нэгэн домог хүүрнэдэг. Тэрээр нэг багшийг гэгээн хутагт хэмээн сонсоод зорин очжээ. Багшид сүслэн мөргөж, юу хийх ёстойгоо асуув.
– Нэгэнт надад шавь орсон бол өөр юунд ч сэтгэл бүү алгасар. Чи итгэлээ л сахиж яв. Миний нэр чиний хувьд арвис тарни болог. Юу ч тохиолдсон нэрийг минь сүслэн дурдах юм бол бүх зүйл зөнгөөрөө бүтнэ гэж багш лүндэн буулгажээ.
Багшийн лүндэнг Марва тэр дор нь биелүүлэв. Тийм л чин үнэнч хүн байж. Голын уснаа алхан, дуулан бүжих түүнийг хараад бусад шавь нар нүдэндээ итгэж ядан, багшид дуулгав.
– Сая танд шавь орсон хүн жирийн хүн биш, шидтэн байж гэхэд багш өөрийн биеэр очиж үзье гэжээ.
Усан дээгүүр алхсаар эрэг дээр ирсэн Марваас багш:
– Ямар нууцаар энэ шидийг бүтээв? гэж асуухад
– Таны соёрхсон увдис шүү дээ. Алдрыг тань дуудаад, усан дээгүүр алхахыг зөвшөөрнө үү гэж залбирахад ийм зүйл боллоо гэжээ. Нэр нь ийм хүчтэйд багш итгэж ядав. Өөрөө усан дээгүүр алхахыг оролдож яваагүй. Үзээд алдвал яах бол? Гэвч наана нь дахиад сайн шалгаж нотлох хэрэгтэй гэж багш бодоод:
– Чи тэр өндөр хаднаас үсэрч чадах уу? гэхэд Марва:
– Таныг тушаавал юуг ч хийнэ гээд өндөр хаданд авирч гараад үсэрч гэнэ. Доорх газраас Марвын бутарч яйрсан цогцсыг олохоор очсон хүмүүс лянхуа суудлаар залбиран, инээмсэглэн суухыг нь харав. Өчүүхэн төдий ч шарх сорви алга.
– Үсрэхдээ миний нэрийг дуудсан уу? гэж багшийг асуухад
– Тэгэлгүй яах вэ гэж Марва хариулав.
– Одоо хангалттай. Би өөрөө туршаад үзье гэж багш голын ус уруу ороод эхний алхамдаа хөл алджээ. Бөглөрч үхэхийн даваанд шавь нар нь түүнийг их уснаас татаж гаргав.
– Юу болов оо? гэж Марвыг гайхахад багш:
– Миний нэр надад үйлчилсэнгүй. Зүгээр чиний итгэлийн хүч байж. Хэнд зорьсноос үл хамааран итгэл сүсэг чинь бүрэн дүүрэн байсан тул ид шид биелжээ. Харин би өөртөө ч итгэдэггүй, өрөөлд ч итгэдэггүй юмсанж. Бусдыг мэхлэгч хүн өөрөө бусдад мэхлэгдэх вий гэж үргэлж сэрдэж сэжиглэж явдаг. Миний хувьд итгэл сүсэг боломжгүй. Чи харин цагаан цайлган, хиргүй ариун сэтгэлтэн ажээ хэмээн наманчилсан гэдэг.
Энэ явдал үнэхээр болсон, эсэх нь сонин биш. Нэг л зүйл тодорхой: Хар хороос зовлон бүхэн ургадаг. Хайр, итгэлээс зол буян дэлгэрдэг.