Будда

Одоо цагтаа бай!

Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
Жирийн сэтгэл бол бодь сэтгэл гэж Зэнд өгүүлдэг. Хоол идэж байхдаа ч, унтаж амарч байхдаа ч, худгаас ус зөөж байхдаа ч чи Будда. Үүлэнд авталгүй, тунгалаг хоосон огторгуй хэвээрээ үйл үйлдэх аваас чиний бодь чанар өөрөө тодорно. Гэтэл бид хоол идэхдээ мянган бодолд автдаг. Бие робот шиг үйлдэл хийж, сэтгэл хаа сайгүй алдуурч явдаг.
Хэдэн өдрийн өмнө нэг оюутан энд ирсэн. Шалгалт нь дөхсөн учраас надтай уулзахаар шийджээ. “Надад үнэхээр хэцүү байна. Би нэг охинд сэтгэлтэй болсон юм. Найз охинтойгоо байх үедээ би шалгалтандаа санаа зовж, харин хичээлээ давтах үед найз охин минь бодогдоод болохгүй юм. Юу ч хийсэн надад зовиур шаналал болоод байна” гэж билээ.
Ийм зовлон ганц тэр залууд биш, хүн бүхэнд нүүрлэжээ. Ажил дээрээ байхдаа гэртээ байж, гэртээ байхдаа ажил дээрээ байдаг. Энэ бол сэтгэцийн эмгэг. Хүн бүхэн ийм эмгэгтэй болчихжээ. Зэн ёсоор бол гэртээ байгаа бол гэртээ л бай. Худгаас ус зөөж байгаа бол усаа л зөө. Тэгээд гүйцээ. Энгүүн үйл чинь Буддагийн зам. Зэн багш нараас “Та ямар бясалгал хийдэг вэ? Ямар садхана (бүтээлийн арга) үйлддэг вэ?” гэж асуувал, “Бид ядрахаараа унтдаг, өлсөхөөрөө хоол иддэг. Үүнээс өөр садхана байхгүй” гэж хариулна. Хоол идэж байхдаа хоолоо идэж, зүгээр сууж байхдаа зүгээр сууж, өнгөрсөн болоод ирээдүй үрүү үсчилгүй, энэ агшиндаа байх юм бол Будда болно. Сэтгэл чинь хэсэн тэнүүчлэх аваас зогсоох гэж битгий оролд. “Аялмаар байвал аялж л байг. Би өөрөө үүл биш, тэнгэр шүү дээ” гэж өөртөө хэл. Тэнгэр гэдгээ мэдрээд байх юм бол манан будан аяс аясаар сэмэрч, үүлэн чөлөө улам бүр тэлнэ. Эрт, орой нэг өдөр, нэг агшинд чиг тусгал дотогшоо эргэж, мөнх дагшин тэнгэр болсноо харна. Дагшин чанараа нэгэнт танисан хойно будант хорвоод эргэн орохдоо эрхт эзний ёсоор орно. Тэр үед ертөнцийн гоо сайхан ч бас чиний өмнө нээгдэнэ.