Хүн өөрөө өөрчлөгдөх тухай

Ошогийн “Агнистын гэгээ” цувралын “Нил цэцгийн хүрээлэн” номноос:

Миний нэг танил байлаа. Гурван удаа гэрлэж, тэр бүртээ зовлон нажидаа эдэлсэн. Анх нэг тамладаг хүүхэнтэй суучихаад, яаж тамаа эдэлж байгаагаа надад ирж ярьдагсан. Шарх сорвио үзүүлээд л зовлонгоо тоочиж суухдаа нүд нь гялалзаад түүндээ нэг л таашаалтай. Хааяа нөгөө хүүхэн нь төрхөмдөө харьчихлаар мань эр чухам гансардаг байв. Хамт байхдаа ч жаргалгүй, эзгүйд нь ч жаргалгүй. Гэхдээ нэг ялгаа бий. Эхнэртэйгээ байхдаа тэр жаргалгүйдээ жаргадаг байсан. Эцсийн эцэст хоёр яс салсан даа.

– Одоо жаахан сэрэмж сэхээтэй байгаарай. Ахиад тийм хүүхэнтэй орооцолдож мэднэ шүү гэж намайг сануулахад
– Дахиж тийм хүүхний салхин доогуур ч гарахгүй гэж билээ.
Гэвч гурван сарын дараа бас нэг айхтар амьтантай гэрлээд бүх түүхээ давтсан.
– Хэлээ биздээ. Чи л өөрөө тийм хүн сонгодог. Мазохист, садист хоёрын учрал болоод байна. Чи өөрийгөө хайрладаггүй, үнэлж хүндэлдэггүй, тамлах дуртай болохоор бусдын гараар түүнийгээ хийх гэдэг. Наад зангаа анзаар гэж би хэлсэн. Хоёр дахь удаагаа салчихаад:
– Одоо болсон. Намайг тийм тэнэг гэж бодоо юу? Энэ хичээлийг би хэзээ ч мартахгүй гэж билээ.
– Хожим би түүнээс захиа авсан. Дахиж гэрлэсэн ч улиг болсон зовлон нь үргэлжилсээр юмсанж.
Сонгогдсон хүндээ биш сонгогчид өөрт нь учир бий. Өөрөө өөрчлөгдөхгүй бол асуудал хэвээрээ. Зовлон гасланд унасан бол алдааг өөрөөсөө олж залруул. Эс бөгөөс энэ байтугай олон төрөлдөө гаслангийн тойрогт эргэлдсээр байна.
Ошогийн “Агнистын гэгээ” цувралд:
Өөрөө өөрчлөгдөх хэрэг байхгүй, хорвоо ертөнцийг өөрчлөх хэрэгтэй гэж боддог хүмүүс дэлхийгээр дүүрэн. Тэд хэчнээн ч хувьсгал хийсэн бахь байдаг бараан ертөнц хэвээрээ. Хэргийн учир нь өөрсдөө өөрчлөгдөхгүйд бий. “Бусдыг яаж өөрчлөх вэ?” гэдэг нь улс төрч асуулт. “Өөрийгөө яаж өөрчлөх вэ?” гэдэг нь шашинлаг асуулт. Бусдаас олж харж байгаа бүхнийг өөрөөсөө илрүүлэх нь шашинлаг хүний зан суртахуун. Ертөнцөд хүчирхийлэл байгаа бол чиний дотор ч байгаа. Хар хор, харам шунал байгаа бол чиний дотор ч байгаа. Ижил жишиг баримталсан цагаас аяндаа өөрчлөгдөнө.
Бусдыг битгий буруутга. Энэ нь өөрийгөө ялла гэсэн үг биш. Зүгээр бусдыг буруутгах хэрэггүй. Ижил бэрхшээл байгааг харснаар бусдыг яллахын оронд нигүүлсэх болно. Хэн нэгэн нүгэл үйлдсэн бол нийгэм шууд л буруутгадаг. Өөрсдөө тийм нүглийн үрийг сэтгэлдээ өвөрлөж яваагаа боддог ч үгүй. Алуурчныг зүхэж суухдаа чи өөрийгөө хүн алж, хүрээ талаагүй ариухан амьтан гэж санадаг. Ам хэл, бодол санаагаараа аллага үйлдсэн удаагүй юу? Дотор чинь буй үр хөврөл хожим ямар ч нүгэл болж задрахыг таашгүй. Бусдад учирсан үйлийн үрийг өөрөө өвөрлөж яваагаа хүлээн зөвшөөрөх юм бол бардам зан чинь нигүүлслээр солигдох буйза. Ертөнц бол өөрийн тусгал гэдгийг ойлгож, царай бүхнээс өөрийгөө олж харна. Царай бүхэн чиний хувьд толь болно. Тийм л ухамсар сэхээ жинхэнэ ариусал юм.