Эго буюу би гэх үзлийн тухай

Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
Эго бол хуурмаг зүйл. Хуурмаг учраас замхрах боломжтой. Хуурмаг биш бол яаж замхрах вэ? Үнэн бодит ахуй хэзээ ч үл замхарна. “Эго”-г чи хорин дөрвөн цагийн турш тээж чадахгүй. Тухайлбал, нойрсох үед эго алга болдог. Тийм учраас өглөө сэрэхдээ амарч, цэвэршсэн байдлыг мэдэрдэг. Бодит ахуйтай холбогдсоноор шим тэжээл авсан хэрэг. Гүн нойрон дунд чиний нэр, дүрс бүхий ижилсэл алдардаг. Өөрийгөө баян, ядуу, нүгэлтэн, буянтан, боловсролтой, боловсролгүйг үл мэднэ. Хэрвээ их зүүд зүүдэлсэн бол өглөө ядрангуй сэрнэ. Зүүдэнд эго шургаж, оршихуйн эх сурвалж уруу уусахад чинь садаа болсноос тэр.
Гүн хайран дунд эго мөн замхардаг. Анир чимээгүй, амар амгалан дунд алдардаг. Аялгуу хөгжим сонсох зэргээр аливаа зүйлд бүрэн ууссан мөчид өөрийгөө мартдаг тул эго үл оршино. Амар тайвныг хөгжим хүртээж байгаа юм биш. Гагцхүү “эго”-г умартсан болохоор амарлиж байгаа юм. Хөгжим бол арга хэрэгсэл төдий. Наран мандах буюу жаргах зэрэг гоо сайхан үзэгдлийг харах үедээ чи мөн “эго”-г мартдаг. Нэгэн ер бусын зүйл чамайг эзэмдэх шиг болно. Есүс, Мухаммэд тэрхүү үлэмжийн чанарыг Эзэн Бурхан гэж дууддаг байсан. Энэ бол зүгээр бэлгэдлийн үг. “Бурхан” бол чамаас агуу, цаглашгүй хүч гэсэн утга. Чи өөрөө арилж байж цаглашгүйтэй учирна.
Чиний эзгүйрэл бол Бурхны байхуй.
Чиний байхуй бол Бурхны эзгүйрэл.
Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
Хичээхгүй бол юунд ч хүрэхгүй. Бас хэт хүчилбэл алдах болно. Зохих тунгыг нь тааруулж төв дунд орших тун хэцүү.
Эго үргэлж туйлширдаг зантай. Жишээ нь: Хүмүүс идэш уушаа тааруулж чаддаггүй. Биеэ хогийн сав шиг элдэв юмаар дүүргэх эсвэл амиа хорлох аятай мацагт донтдог. Аль аль нь биеэ хүчирхийлж буй хэлбэр. Аль нэг тийшээ туйлшрахгүй байх л зөв зүйтэй.
Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
Будда, Христ, Кришна гээд бүх шашин, бүх гэгээрэгсэд нэг зүйл дээр санал нэгддэг: Үнэмлэхүй үрүү ороход бидэнд эго буюу “би” үзэл садаа болдог. Тэгвэл эго гэж юу юм бэ? Хаанаас, хэрхэн үүсдэг вэ? Ямар учраас дөнгө тушаа болно вэ? Эл учрыг онол чойроор биш, бодит туршлагаар ойлгох хэрэгтэй. Түүний тулд сэтгэлээ ажигла. Сэтгэлээ ажиглан судалснаар чи гүн ухааралд хүрнэ. Үнэхээр ухаарсан бол “эго”-г таягдахад хэцүү биш. Үнэндээ таягдах хэрэг байхгүй. Гүн ухаарал чинь өөрөө таягдалт болно. Ухаан сэхээгүй унтаа байдал чинь “эго”-г бүтээдэг юм. Гэрэл асаасан даруй гэрт харанхуй арилдаг шиг ухамсрын гэрэл тусмагц эго замхарна. Эго бол ухамсар сэхээгүйн сүүдэр.
Эгогүй хормыг мэдэрч байсан уу? Сэтгэлийн шуугиан арилж, нам гүм болсон үед эго байх газаргүй болдог. Яг одоо аниргүй нам жимд оршин байгаа бол эго хаа байна? “Би” гэсэн мэдрэмж байна уу? Бодит байдал дээр ойлгохыг хичээ! Үнэхээр нам гүм, сэрүүн тунгалаг байгаа бол “би” гэсэн явцуу мэдрэмж төрөхгүй. Үймэрсэн үед чиний дотор ’би’ гэсэн төв мэдрэгдэнэ. Уурлаж, тачаадаж, түрэмгийлэх үед эго хэлбэрждэг. Уярч, хайрлаж, нигүүлсэх үед эго замхардаг. Бид хайрын тухай өчнөөн ихийг ярьдаг ч хайрлаж чаддаггүйн учир энэ. Эго, хайр хоёр цуг орших боломжгүй. Хайр, бясалгал, бурхан цөмөөрөө “эго-үгүйд” нэгддэг. Тиймээс “Бурхан бол хайр” гэж Есүс хэлдэг юм. Хэрэв чи хайрыг танивал бурхныг таних шаардлагагүй. Хайрыг танивал бясалгал хийх хэрэггүй. Хайрлаж мэдэхгүй болохоор ийм олон бясалгалын арга, бясалгалын багш, дацан сургууль хэрэг болдог. Энэ бүхэн “эго-үгүйд” чиглэдэг юм.
Эхний ойлгох зүйл: Чи өөрөө л нам гүм болбол эго арилна. Би ямар нэг онол яриагүй, бодит баримтыг ярьж байна. Миний үгээр баталгаа хийх хэрэггүй. Өөрийн туршлагаар батал. Цаг хугацааг хойшлуулах юун? Яг одоо, энд батлах боломжтой. Чимээгүй болох агшинд чамд тулах цэг, торох хязгаар байна уу? Зүгээр оршихуй – сэрэхүй байх боловч “би”гэж хэлэх хэн нэгэн алга. Сэтгэл шуугиад эхэлмэгц эго үүснэ. Эго бүх өвчнийг дагуулдаг. Эгогоос салбал бүх өвчин нисванисаас сална.

Ошогийн “Агнистын гэгээ” номонд:

Амьсгалаа давалгаан хэмээн мэдэр. Давалгаан үүсч, замхрах шиг амьсгал авах, гаргахын хооронд чи хэн бэ? Хоосон чанар–шунъяа юм. Хоосон чанарыг мэдэрвээс бүхий л гуниг зовлон сарних болно. Хуурмаг тулгуур “би”–д л шүтэж зовлон оршдог. “Би-үгүй” хоосонд зовлон яаж байх вэ? Гагцхүү амар амгалан байна. Гэхдээ чи амар амгаланг эдэлж байгаа юм биш, зүгээр л буй чанар өөрөө амар амгалан болно.

Ошогийн “Агнистын гэгээ” номонд:

Та нар эгогийн хүчийг мэддэгээс, хоосон чанарын хүчийг мэддэггүй. Үнэн хэрэгтээ эго чамд хүчирхэг биш, сул доройг л мэдрүүлдэг. Анзаарч хараарай. Дутуу мөхөс учраас л цаг үргэлж илүүг хүсдэг биш үү? “Дахиад жаахан нэмээд өг. Тэгвэл хүчтэй болох гээд байна”. Даанч түүнд нь эцэс төгсгөл үгүй. Саятан болж байж л хүчирхэг болно гэсээр саятан болсон хойноо яадаг билээ? “Ганц сая хангалтгүй ээ. Арван сая хэрэгтэй байна” гээд үргэлжилнэ шүү дээ. Тэр бүхэн чиний сул доройг баталдаг. Баяжих тусмаа сүнсний үгүйрлээ мэдэрнэ. Өнгөжих тусмаа дотоод сайхан үгүйдээ бухимдана. Эрүүл чийрэг тусмаа өтлөх, үхэхийн айдаст базагдана. Энэ ертөнцийн эрх мэдэл хүртэх тусмаа алдахын айдас, унахын аюулыг мэдэрч бачимдана.
Эго хэзээ ч эрх хүчтэн байж чадахгүй. Эрх хүчний тухай өдрийн бодол, шөнийн зүүд болж давчдахаас цаашгүй. Тэр зүүд нь сул доройгоо халхлах оролдлого. Бодит ахуйг зүүдээр хэр удаан халхлах вэ. Хэзээ нэг сэдэрч зүүдийг чинь нураах болно. Эго энэ хорвоогийн хамгийн сул дорой нь. Даанч түүнийг ойлгох сөхөө, харах завдал өгөлгүй “Үргэлжлүүлээд бай” гэж ташуурддаг. Тэнгэрийн хаяа шиг зорилгодоо удахгүй хүрчих болов уу гээд зүтгээд байна. Яаж ч зүтгэсэн зай хэвээрээ. Эгогийн зорилго бүхэн илбэ жилбэ. Хоосон найдлагаар чамайг хуурдаг. Зүүд мөрөөдөл дотроо л хаан заан болж явдаг. Хэзээ нэгтээ сэхээрч, зүүд зэрэглээ хөөцөлдөхөө больсон цагт хүн заяагдмал хүчээ мэдэрч эхэлнэ. Гаднаас хайхаа болимогц дотроос ундрах ер бусын эрх хүч, бурхан тэнгэрийг өвөрлөж төрснөө ойлгоно.

Ошогийн “Агнистын гэгээ” цувралын “Өвс өөрөө ургана” номонд:

Хүнийг цовдлох олон арга бий. Тэлүүр модонд хадах нь нэг л арга. Алдрын тавцан дээр гаргаж, амьд шүтээн болгох нь өөр нарийн арга. Хүндлэлийн хариуг чи төлөх ёстой. Тэдний таалалд нийцэх “гэгээн дүртэн” байж, амыг нь харж аясыг нь дагаж хөдлөх ёстой. Юу хийж болох болохгүйг чинь тэд мэднэ. Нэр төр хөөцөлдөх хэрэггүй. Эго л нэр төрд санааширдаг. Бусдаас горилох хүндлэл чинь алтан гинж, алмаазан тор гэсэн үг. Илэн далангүй, энгийн амьдар. Өөрөөрөө бай. Чиний амьдралд өөрөөс чинь өөр хэн ч хариуцлага хүлээхгүй.
Ошогийн “Агнистын гэгээ” цувралын “Өөрөө өөртөө гэрэл бол” номонд:
“Эрх мэдэл хүнийг эвддэг” гэж ярьдаг. Энэ бол худлаа. Эвдэрсэн хүмүүс л эрх мэдэлд шунадаг юм. Эгэл даруу гэж үнэлж, саналаа өгсөн хүн чинь эрх мэдэлд хүрмэгцээ өөр хүн болж хувирахаар та нар гайхаж, “Эрх мэдэл хүнийг эвддэг юм байна.” гэж боддог. Угтаа түүний даруу төлөв зан нь баг өмсгөл байсан хэрэг. Эрх хүчгүй, сул дорой байсан учраас л тэр даруу дүр эсгэжээ. Хүчтэй хүмүүст бяц гишгүүлэхээсээ эмээж байсан юмсанж. Түүний даруу зан улс төрч заль. Эрх мэдэлд хүрсэн хойно түүнд айх хэрэг байхгүй учраас дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ. Энэ нь эрх мэдэл хүнийг эвдэж байгаа юм шиг харагдуулдаг.
Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
– Та бидэнд өөрийгөө хайрлахыг олонтаа сануулдаг. Өөрийгөө хайрлана гэж юуг хэлэх вэ?
Өөрийгөө хайрлах нь өөрөөсөө гэтлэхийн нэр. Үнэхээр өөртөө хайртай бол, амар амгалан, зол жаргалыг хүсч байгаа бол өөрөөсөө ангижир. Парадокс сонсогдох байх. Гэхдээ ойлгохыг хичээ. “Өөрөө” буюу эго чинь бүх зовлон, бүх тамыг бүтээдэг. Эгогоос болж л эцэс төгсгөлгүй энэлж шаналж байгаагаа анзаар. Эго бол өчүүхэн сэвшээнд хөндүүрлэж байдаг хэзээ ч анидаггүй шарх лугаа адил. Бусдын хандлага, хорвоогийн тохиол бүр нь эго эмзэглэх шалтаг болно.
Мулла Насрэдин царайгаа минчийлгэн:
– Намайг доромжлохоо боль. Би тэсэхгүй нь байна шүү гэж хашгичив.
– Би дуугай л юмаа хийгээд сууж байна гэж эхнэр нь хэлэхэд
– Тийм болоод л би тэвчиж чадахгүй нь. Бурхныг бодож ганц үг дуугараач гэжээ.
Эго эмзэглэхдээ үргэлж бэлэн явдаг. Эмзэглэх шалтгаан хаанаас ч олно. Тийм учир эготой ижилсдэг хүн үргэлж зовлон дунд амьдардаг. Өөрийгөө тамлан зовоогчийг мунхаг гэхээс өөр юу гэх вэ? Өөртөө хайртай бол мунхрахаа больж үз. Би чамд зам мөрийг зааж байна. Эгогоос ангижир. Эгогийн тухай бүхнийг март. Хэн нэгэн биш, хоосон чанар мэтээр оршоод үз. Үй түмэн гайхамшигт учралын үүд нээгдэнэ. Бүх зүйлээс чи гүн ханамж таашаал хүртэж эхэлнэ. Тохиол бүхэн адислал, учрал бүхэн ивээл болно. Эгойст биш хүн хаанаас ч ханамж таашаал хүртдэг. Өчүүхэн өвс цэцгээс ч тэр гайхамшгийг харна. Хөх тэнгэрийг халиах төдийдөө л хязгааргүйд халина. Шувуудын жиргээ түүний зүрхэн тольтод аялгуу тансаг хөгжим болж нэвтэрнэ. Эго цаг үргэлж гуйланчлах атлаа юу ч эс хүртдэг. Горьдлогыг үргэлж гонсойлт дагадаг юм.
Нэг Сүфийн үлгэр ярья:
Нэгэн бадарчин эзэн хаан дээр иржээ.
– Хэрвээ надад хишиг хайрлах гэж байгаа бол нэг болзол бий гэж тэрээр хэлжээ. Эзэн хаан олон гуйлгачин харж байсан, гэхдээ болзол тавьдаг гуйлгачинтай анх учрав. Тэр гуйлгачин нэг л ер бусын агаад эзэн хаан ч атаархмаар цог заль гэрэлтсэн нэгэн байж.
– Юун болзол вэ? гэж хаантныг лавлахад бадарчин:
– Миний бадар аягыг бүрэн дүүргэнэ гэвэл л би танаас юм авна. Энэ миний болзол гэжээ.
Түүний бадар аяга алганд багтах жаахан аяга байв.
– Чи намайг юу гэж бодоо вэ? Би энэ муу тагшийг дүүргэж чадахгүй гуйлгачин харагдаад байна уу? гэж хаантныг хилэгнэхэд бадарчин:
– Гэхдээ та ам гарахаасаа өмнө бодож үзээрэй. Үнэхээр чадна гэж байгаа бол дүүргэ, дүүргэ гэлээ.
Хаантан зарц түшмэдээ дуудаж, түүний аягыг очир алмааз, маргад, бадмаараг тэргүүтэн есөн эрдэнээр дүүргэхийг зарлигдав. Хэнтэй ярьснаа ноорхой бадарчин мэдэж аваг!
Гэтэл нүдний өмнө жигтэй явдал боллоо. Аягыг дүүргэхийн алдад бүх эрдэнэс хаашаа ч юм алга болоод байв. Олон удаа оролдсон ч ор мөргүй замхарсаар. Хаантан бүр улангас ч орхив:
– Гүрний бүх сан хөмрөг хоосорсон ч хамаагүй, цутгаад бай. Энэ муу бадарчинд яасан ч ялагдахгүй шүү гэжээ.
Зарлигийг дагаж хамаг эрдэнэсийн санг цутгаж дууслаа.
Энэ явдал сарын турш үргэлжилжээ. Хаантан хийгээд бадарчин, бас тэр хачин жигтэй явдлыг гайхаж сонирхсон түмэн олон тэнд байв. Аяга уруу орсон бүхэн алга болсоор.
Эцэст нь хаантан бадарчны хөлд сөхөрч:
– Бардам загнасан намайг уучилж үз. Гэхдээ явахаасаа өмнө та энэ аяганы нууцыг тайлж хайрла. Яагаад орсон бүхэн алга болно вэ? гэхэд нь бадарчин инээд алдаад:
– Энэ аягыг би хүний эгогоор хийсэн юм. Тийм болохоор орсон бүхэн алга болж байгаа юм. Хэзээ ч үүнийг дүүргэж чадахгүй гэжээ.
Энэ бол үнэн хэрэгтээ үлгэр биш, та нарын бодит амьдрал. Гуйланчлалын бадар аягандаа та нар харш хаус, машин тэрэг, мөнгө банк юу ч хийсэн ханаж цадахгүй, хоосон оргино. Тийм учраас гуйранч амьдрал ганц төрлөөр зогсохгүй, үеийн үед, төрлөөс төрөл дамжин үргэлжилдэг. Энэ бол хүн бүхний түүх. Бидний бадар аяга ёрооолгүй. Юүлсэн бүхэн алга болно. Эго хэзээ ч ханадаггүй. Энэ парадоксыг санаж яв. “Би”-г баримтлагч (эгойст) хүн бол өөртөө хайргүй хүн. “Би”-г үл баримтлагч бол өөрийгөө жинхэнэ утгаар хайрлагч юм. Учир нь тэрээр ханамж тааашаал, амар амгаланг эдлэгч билээ.

 

https://www.facebook.com/agnista17/posts/11

https://www.facebook.com/Sergelen77/posts/29