Будда

Энд-одоо цагтаа бүрэн орших

Ошогийн “Агнистын гэгээ” цувралд:

“Бинвад идээ хүртсэнийхээ дараа эргэн ирж, бадар аяга хийгээд номт дээлээ талбин, хөлөө угаагаад зассан тавцанд очир суудлаар биеэ цэхэлж, анхаарлаа урагш төвлөрүүлэн суулаа.”

Буддын судрыг өрнөдийнхөн анх орчуулж байхдаа гайхаж байжээ. Ямар хэрэгтэй гэж ийм яль шальгүй зүйлс тоочиж, элдэв долоон юм нуршина вэ? Тэд ойлгохгүй байсан юм. Будда өчүүхэн зүйлсэд ч агуу ихэд ханддаг шигээ анхаарал сэрэмж төгөлдөр байсныг Ананд ийм хүүрнэлээрээ илэрхийлжээ. Чухамдаа будда болсон нэгний хувьд агуу хийгээд өчүүхэн, чухал хийгээд чухал биш гэсэн ялгаа арилж, гагц мөн чанарт оршдог. Тэрээр аягаа авахдаа ч бурханд хандаж байгаа шиг хандана. Хувцсаа өмсөхдөө ч оршихуйн утгыг сэрж мэднэ. Будда бүхий л үйлдлээ ухамсарлагаар үйлддэг бол та нар ухамсаргүй зуршлаар үйлддэг. Хувцсаа өмсөхөө хар. Зүгээр механик үйлдэл. Будда, та нар адилхан усанд орж, хоол иддэг. Гэхдээ та нар усанд орохдоо ч талархал үгүй хайш яйш, хоол идэхдээ ч хүндэтгэл үгүй хам хум. Сэтгэл санаа чинь мянган зүгт хийсээстэй. Тэгвэл Будда юу ч хийж байсан түүндээ уусан нэгдэж, энд-одоо цагтаа бүрэн оршдог юм.

Эл эгэл үйлүүд бодь чанарын гэгээ цацрааж байгаа учир эгэлгүй үнэ цэнтэй. Агшин бүрт тэрээр сэрүүн тунгалаг оршиж, үйлдэл бүр нь шүтэн барилдлага дунд өрнөнө. Бүх үйлдэл нь түүний бүрэн төгс илэрхийлэл байна. Хуруугаа дохилоо гэхэд тэр бүрэн төгс дохио болно. Инээмсэглэлээ гэхэд тэр бүрэн төгс инээмсэглэл болно. Ярилаа гэхэд тэр бүрэн төгс үгс болно. Чимээгүй байлаа гэхэд тэр бүрэн төгс чимээгүй болно. Гэгээрсэн нэгнийг ажиглах нь өөрөө адистид юм. Тэрээр хэрхэн алхаж, хэрхэн сууж, хэрхэн дохиж, хэрхэн чамайг харж байна вэ? Агшин хором бүр нь сэргэг ухамсрын гялбаа тул Ананд нэг бүрчлэн тоочжээ.