Ш.Гончиг – Дурсамж

Миний бие Эдийн засгийн дээд сургуулийг 1966 онд төгсөөд Аж үйлдвэрийн комбинатын Засвар угсралтын үйлдвэрт эдийн засагчаар ажиллаж байгаад 1970 оны сүүлчээс Улаанбаатар хотын намын хорооны даалгавраар  Октябрийн районы намын хороонд ОНХШК-ын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1972 оны 3 дугаар сараас Улаанбаатар хотын намын хорооны боловсон хүчин, намын байгууллага, ерөнхий хэлтсүүдэд зааварлагч, зохион байгуулагч, хэлтсийн орлогч эрхлэгч, нууцын эрхлэгч, 1987 оны 7-р сараас Найрамдлын районы намын хороонд НХШК-ын дарга, 1990 оноос хотын намын хороонд улс төрийн ажилтнаар 1993 оны 6 дугаар сарыг дуустал тус тус хотын намын хорооны мэдлийн ажилд 20 гаруй жил ажиллаж нийслэл хотын ажил амьдралыг бага боловч мэдэх болсон билээ.

Энэ хугацаанд хот, районы намын хороод маш цомхон бүтэц зохион байгуулалттай, зөвхөн хотын намын хорооны аппарат гэхэд л нийтдээ 70 орчим ажиллагсадтайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж нийслэлд байгаа нам захиргаа, олон нийтийн анхан шатны байгууллагууд, үйлдвэр барилга, хөдөө аж ахуй, тээвэр холбоо, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, эрүүлийг хамгаалах, сургууль цэцэрлэг зэрэг соёл боловсролын бүхий л газруудад нэг бүрчлэн хүрч ажиллаж чаддаг байлаа.

Мэдээжийн хэрэг одоогийнхийг бодвол тэр үеийн нийслэлийн айл өрх, хүн ам, худалдаа үйлчилгээ, аж ахуйн салбар нэгжийн тоо арай цөөвтөр байсан нь тодорхой.

Тухайн үед ажиллаж байсан нийслэлийн нам, захиргаа, олон нийтийн байгууллагын удирдлага, удирдах бусад ажилтнууд, албан хаагчид үнэхээр хариуцсан ажлынхаа төлөө ухамсартайгаар санаа тавьж хариуцлага, сахилга батыг ягштал хэрэгжүүлж чаддаг нийслэл хотоо хөгжүүлж үлгэр жишээ хот болгох, нийслэлчүүдийнхээ нийгмийн асуудлыг бүхий л талаар шийдвэрлэхийн төлөө мэдлэг чадвар, туршлага, өөртөө байгаа нөөц бололцоогоо дайчлан хүчин зүтгэж байсныг дурьдахад бахархалтай байна.

Тухайлбал, <<Хороо сайхан бол хот сайхан>>, <<Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө>>, <<Хөршийн холбоо>>, <<Нийтийн эзэмшлийн эд аж ахуйгаа хайрлан хамгаалъя>>, <<Ус чандмань эрдэнэ>>, <<Хоцрогчгүй хамт олон болохын төлөө>>, <<Чанар бидний зорилт>> зэрэг олон сайхан дайчин уриа, уриалга байгууллага, хамт олны дотроос төрөн гарч түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө нийслэлийн нам, төр, олон нийтийн байгууллагын удирдлагууд, аж ахуй, соёлын бүхий л газар, иргэд ихээхэн эрчимтэй ажиллаж үр дүнд хүрч байсан сайхан үлгэр дууриалал, жишээ, дурсамж их байсныг тоочиж баршгүй.

Нийслэл Улаанбаатар хот 1970-1990 оныг хүртэлх хугацаанд хамгийн хурдан хөгжин цэцэглэсэн асар их бүтээн байгуулалтын он жилүүд байлаа.

Тухайлбал, Улаанбаатар хотын Монгол Ардын намын байгууллага, АДХ-ын гүйцэтгэх захиргааны харилцан уялдаа, алсын хараатай хамтын ажиллагааны үр дүнд нийслэл хотын хаяа өдрөөс өдөрт өргөжин тэлж тодруулбал Аж үйлдвэрийн комбинатын Арьс ширний анхан шатны үйлдвэр Савхин гутал, Савхин эдлэлийн болон Арьс ширний, үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн засвар угсралтын үйлдвэр, Хром юфт, Хивс, Ээрмэлийн үйлдвэр, Говь комбинат, Авто засварын завод, Барилгын машин механизмын засварын завод, Улсын нэгдсэн I, III эмнэлэг, Барилгын трестүүд, Хүүхэд залуучуудын парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн ордон, Олон улсын хүүхдийн зуслан, Ерөнхий боловсролын болон мэргэжилтэй ажилчид бэлтгэх техник мэргэжлийн сургуулиуд хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, ясли зэрэг үй олон барилга байгууламжууд нийслэл хотын хэтийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн зохион байгуулалт, дэс дараалалтайгаар ЗХУ, ах дүү социалист орнуудын сэтгэл харамгүй тусламж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдан төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж хөгжлийн хөтөч болсоор ирсэн билээ.

Энэхүү аугаа их бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн гол хүч нь тухайн үеийн нийгмийн тогтолцоо, хууль эрх зүйн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын МАХН-ын хороо, дүүргийн намын байгууллагууд болж байсан гэхэд хилсдэхгүй. Улаанбаатар хотын дээрх он жилүүдэд ингэж хөгжил дэвшилд хүрсэн бүтээн байгуулалтын ажилтай хамгийн их нэр нь холбогдож түүхэнд үлдэх хүмүүсийн дотор нийслэлийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Бат-Очирын Алтангэрэл мөнөөс мөн төдийгүй зөвхөн энэ албан тушаалын ажлыг 20 гаруй жил дагнан завсарлагагүйгээр хийж гүйцэтгэсэн хүн билээ. Мөн энэ үед хотын намын хороонд намын ажлын баялаг туршлагатай, удирдаж зохион байгуулах, боловсон хүчнийг судлаж сонгох, сургаж хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан олон арван ахмад ажилтан удирдагчид байсан бөгөөд эдгээрийн дотор нарийн бичгийн даргаар олон арван жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан Нямжавын Баасанжав, Дэлгэрийн Бямба, Лугаагийн Жамбалдорж, боловсон хүчний хэлтсийн эрхлэгч Жаргалын Галсан гуай нарыг зүй ёсоор нэрлэж болох билээ. Социалист бүтээн байгуулалтын тухайн он жилүүдэд МАХН улс орныг удирдан чиглүүлэх онцгой үүргийг хүлээж, нам, төр, олон нийтийн анхан шатны бүх байгууллага, аж ахуй, соёл боловсрол, эрүүлийг хамгаалах зэрэг нийслэлийн харьяа нийт газар, нэгжүүдийг удирдаж зохион байгуулах, бүтээж бий болгох, хөгжүүлж бэхжүүлэх ажлыг нийслэлийн намын хороо намын бүх байгууллага өөрийн мэргэжил боловсрол, дадлага туршлага, сахилга хариуцлага өндөртэй хамгийн шилдэг гишүүд, мэргэжлийн боловсон хүчнүүдээ хариуцуулан МАХН, МХЗЭ, Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчин олон түмнийхээ бүтээн байгуулагч ариун хөдөлмөрийн ач үрээр гүйцэтгэж ирснийг манай өнөөгийн 30-аас дээш насны нийт ард иргэд андуурч, эндүүрэхгүйгээр тодорхой мэднэ. Түүгээр ч үл барам нийслэлийн насанд хүрсэн иргэн бүр чадлын хирээр хөдөлмөрлөж, хийснийхээ хэрээр цалин хөлсөө авдаг байсан учраас өнөөгийхтэй адил ажил хөдөлмөр эрхлээгүй, орох гэр оронгүй, идэх хоолгүй айл өрх, хүн байгаагүйгээс гадна эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ төрсөн эхчүүд, сургууль завсардсан хүүхэд байдаггүй байлаа шүү дээ. Тухайн нийгмийн үед Нийслэлийн намын хороо, бүтэц, орон тооны хувьд дээр дурьдсанчлан багахан байсан боловч тав, таван жилээр хөгжил дэвшлийнхээ алсын зорилтыг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан, бодитойгоор төлөвлөн тодорхойлж, энэхүү зорилтоо хэрэгжүүлэх ажлыг намын гишүүд, улс, олон нийтийн байгууллага, мэргэжлийн хүмүүс, мэргэжилтнүүд, хөдөлмөрийн хамт олонд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл, лекц, хурал зөвлөгөөн, ухуулга сурталчилгааны чиглэлээр иргэн бүртээ нэг бүрчлэн хүргэн сурталчилж сахилга хариуцлагыг дээд түвшинд тавьж ажилласнаар амжилт бүтээл дүүрэн байсан гэж боддог юм. Үүний үр дүнд ч бүтээлч тэргүүний байгууллага, хөдөлмөрийн хамт олон, хувь хүмүүс ил тодоор тодрон гарч БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат ажилтан, ажилчид таван жилийн гавшгайчид, социалист уралдааны манлайлагч хамт олон бригад, байгууллагын эгнээ өргөжин дэлгэрч байсан энэхүү түүхэн цаг үеийг манай ахмад үеийнхэн өнөөдөр мартаагүй байх. Нийслэлийн МАН-ын хороо, намын байгууллагууд бүтээн байгуулагч нийслэлчүүддээ нэг бүрчлэн хүрч, идэвхжүүлж ажилласнаар хөдөлмөр бүтээл, улс төрийн идэвх санаачлага, сахилгаа хариуцлага, ажил хариуцах чадвар, олон түмнийг зохион байгуулах арга барил, авьяас мэдлэгээрээ хамт олон нийслэлчүүддээ хүндлэгдсэн олон арван хүн нам, төр, олон нийтийн байгууллагын дээд удирдлагад дэвшиж ажиллах, АИХ, хот, районы депутатад сонгогдох, нам ХЗЭ, ҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр нэр дэвшиж оролцох зэргээр нийслэлийнхээ бүтээн байгуулалтыг манлайлж ирсэн олон хүмүүс нийслэл хот болон эх орон даяар нэр төрөө цуурайтуулж ирсэнийг бид бүхэн андахгүй мэднэ.

Энэ бүхэн бол нийслэл Улаанбаатар хотын МАН-ын байгууллагын 90 жилийн түүхт алдар гавьяаг харуулсан өнөөгийн Улаанбаатар хотын хөгжлийн дүр зураг мөн билээ.

Бичсэн Шарав овогтой Гончиг

2014-10-11