Бурхан багш

Аврал одуулах

Бурхны шашинтан хүний зайлшгүй мэдвэл зохистой авралыг одуулах шалтгааныг эхлээд таниж мэдэх хэрэгтэй. Хүн бүр төрөх, өвдөх, өтлөх, үхэх, ойр дотны хүмүүсээс хагацах, дайсантай болох, хүссэнээ эрээд олохгүй, хүсээгүй нөхцөл байдалтай учрах зэрэг төрөл бүрийн зовлонг их бага янз бүрийн хэмжээгээр эдэлсээр байдаг. Мөн урьдийн үйлдсэн муу нүгэл, хилэнц хир их болохыг барагцаалж хэлэхийн аргагүй одоо ч арван хар нүглийг төрөл бүрээр үйлдсээр байдаг тул дараа төрөлдөө муу заяанд төрөхгүй гэсэн баталгаа үгүй юм. Нүгэлийн үйлээ бараад төрөл дээшлэн энэ мэтчилэн зургаан зүйлийн амьтны төрлийг ээлж дараалан авсаар ертөнцөд эргэлдсээр байдаг билээ. Ертөнцийн жаргал ч бай зовлон ч бай аль алин нь зовлонд хамаарагддаг тул энэ зовлонт ертөнцөөс гэтэлж ашдын амар амгаланд хүрье гэсэн сэтгэлийг үүсгэх нь Бурханы шашинтан хүний нэн тэргүүний зорилго байдаг.

Авралыг одуулахад ертөнцийн лус, савдаг, тэнгэр төрөлхийтөн нь ертөнцийн зовлонгоосоо гэтэлж чадаагүй амьтан байдаг тул авралын орон болж чадахгүй юм. Жишээлвэл: адилхан шаварт унасан нэгэн нөгөөгөө аварч яахан чадах билээ. Тиймээс энэ бүхнээс ангижируулж аварч чадах зүйл бол гэмийн язгуур бүхэн лугаа хагацсан хийгээд эрдмийн язгуур бүхнийг төгссөн ялж төгс нөгчсөн Бурханд авралыг одуулахад зохистой тул Бурханы айлдсан ном сургааль ч авралд зохистой. Тиймээс ном чухаг дээд авралд зохистой тул номыг анхааран авагч Хуврага, Бодьсадва, Хутагт нугууд ч авралд зохистой.
Бурхан гэдгийг мэдэхийн тулд түүний айлдсан сургаал номлолыг судлан шинжлээд, амьдрал ахуйд үнэхээр үр өгөөжтэй байна уу, түүгээр замнасан хүмүүс үр дүнд үнэхээр хүрч гэтэлж чадсан уу гэх мэт олон талаас судлан шинжилвээс гарцаагүй хэрэгтэй юм байна Бурхан гэж байдаг юм байна энэ номоор явбал Бурхан буюу энэ хорвоогийн зовлонгоос эгнэгт гэтлэх боломжтой юм байна гэсэн итгэл төрнө. Энэ цагаас эхлэн та энэ замаас хэзээ ч хагацалгүй авралыг одуулж эхэлдэг.

Өөрөөр хэлбэл аврал одуулах гэдэг нь Бурхан багшийн айлдсан ёс замаар явж, үүнээсээ хагацалгүй эгнэгт замнан, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэн дадуулж, энэ үйл хэрэг минь энэ болоод дараа төрөлд хэзээ ч бүү тасрахтун гэсэн санаагаар хийж байгаа үйл юм.
Зарим хүн судлан шинжлэлгүйгээр өөрөөр хэлбэл мухар сүсэгээр авралыг одуулан сүжиглэж болох юм. Гэтэл яг Бурхан болоход мухар сүсэг хэрэг болохгүй бөгөөд харин Бурханы шашинаас хагацахгүй байх, ерөөл барилдлагатай болоход тустай бөгөөд үүний үрээр хожим Бурханы шашинтай учрах, учирсан бол номыг амархан ойлгох, ингээд гэгээрэх үндэс шалтгаан болдог юм.
Ер нь шашинд орох, эс орох нь чухаг дээд гуравт аврал одуулсан үгүйгээр ялгагдана. Богд лам бээр Бурхны шашинд орох хаалга нь аврал одуулах хэмээн айлдсан байдаг. Ганжуур, Данжуурыг цээжээр мэддэг байсан ч тэрээр авралыг одуулахгүй бол Бурхны шашинтан болохгүй юм. Тиймээс өндөр түвшинд хүрсэн Бодьсадва нар хүртэл авралыг одуулдаг бөгөөд энэ нь энгийн боловч цаагуураа хэрхэн хүчтэй утга учиртай үйл болох нь харагдаж байна.

Аврал одуулахын тус эрдэм нь:

1. Авралыг одуулсанаар дотоодын Бурхны шашинтан болно.
2. Сахил санваар төрөхийн үндэс нь болж өгдөг.
3. Муу үйлийн хилэнц түйтгэр барагдах болно.
4. Буян хэмжээлшгүйг хураана.
5. Муу заяанд төрөхгүй
6. Хүн болон хүмүүн бусын амьтад ад зэтгэр зэрэгт хорлогдохгүй.
7. Юу санасан хэрэг бүхэн номын ёсны дагуу бүтнэ.
8. Түргэнээ Бурхны хутгийг олох болно.

Авралыг одуулж буй хүн тэвчвээс зохистой зургаан сургааль буй:

1. Чухаг дээд гуравт аврал одуулж буй хүн Лус, Савдаг, Эсрүн, Хурмаст, гэх мэт ертөнцийн шүтээнүүдэд аврал одуулахгүй байх хэрэгтэй. Ашдын амгаланд хүргэж чадахгүй учир нь урдын үйлийн хүчээр ертөнцөд хүч ихтэй төрөл авсан боловч орчлонгийн хүлээснээс үл гэтэлсэн, орчлонгийн балчигт шигдээстэй байгаа юм урьдын үйл нь барагдваас үхээд хүний боолын ч боол хийгээд түүнээс ч дор адгуус хийгээд бирд, тамд нугуудад төрж болохыг судар номонд зарлигласан байдаг.
2. Хүн хийгээд адгуус тэргүүтнийг зодох хийгээд хөнөөх тэргүүтнийг санаа болон үйлдлээр тэвчих.
3. Тэрсүү үзэлтэн болон хилэнцэт найз нөхөдтэй нөхөрлөхийг тэвчих хэрэгтэй.
4. Бурхны лагшин дүрс, зураг хөргийн урлалд гэм өгөх, хазгай газар тавих, барьцаанд тавих, наймаалцах, үл бишрэх, муушаахыг тэвчих.
5. Номын үг нэгээс дээшхэд алхаж гишгэх, барьцаанд тавих, наймаалцах, хазгай далий газар тавихыг тэвчих.
6. Хуврагын тэмдэг төдийг барьсанаас дээшхийг хараах хийгээд басамжлах, дайсанд үзэх тэргүүтэн үл бишрэхийг тэвчих.

Бас аврал одуулахын хэрэг хийгээд тус эрдмийг үл мэдвээс дуршил хүчтэй үл төрнө.
Авралын орны эрдмийг үл мэдвээс сүжиг бишрэл үл төгнө.
Аврал одуулахын учир шалтгааныг үл санаваас авралыг одуулж үйлдэвч аврал одуулсаны тус их гарахгүй юм.
Аврал одуулхын санаа үл төрвөөс авралыг одуулах үг төдийгөөр аврал одуулахын мөн чанар үл гарна.
Аврал одуулахын сургаалд эс суралцваас Үлгэрлэвэл: Дайсанд хөнөөгдөх хийгээд гэмтэхээр болсон нэгэн хүн түүнээс аварч чадах нэгэн хүнээс аврал эрсэнд аврагдах аргыг сурган үйлдсэнд үйл үйлдэлийг ёс зохилдуулан эс үйлдвээс аврагдаж үл чадах лугаа адил хэмээн зарлигласан байдаг.

Тиймээс аврал одуулах сургаалыг урьд магадтай суралцаж үйлд.