Базарсад буюу Доржсэмбэ

Гэмшил наманчилгаа үйлдэх ёсон

Сэтгэлд эш, онолын эрдэм, буяны санаа төрдөггүй, төрсөн ч амархан доройтдог нь нүгэл хилэнц их байгаагийн шинж юм. Бас өдөр тутам үйлдэж байгаа үйлээс ихэнх нь нүглийн үйлүүд бөгөөд нүглээ гүйцэд хүчтэй үйлддэг ажээ. Иймд үхэж егүүтээд хойдын ертөнцөд гурван муу заяанд төрж хүнд хэцүү зовлон эдэлдэг. Эдүгээ ч гэсэн үйлдсэн нүглийн үрээ амсана.
Нүглийг өөрөө үйлдэх, бусдаар үйлдүүлэх, бусдын үйлдсэнд даган баясах байдлаар хураадаг болно. Ер нь нүглийн үйлийг эдэлж бардаг, эс аваас наманчилж бардаг учиртай.
Орчлонд тэргүүлшгүйгээр нүглийн үйлийг тоо томшгүйгээр үйлдэн хураасан учир үр бүгдийг эдэлж дуусгана гэдэг хэцүү зүйл. Харин нүгэл хилэнцээ үнэн сэтгэлээсээ гэмшин наманчлан арилган барах нь хялбар ажгуу. Нүглийг эс наманчилваас улам зузаарч хүндэрдэг. Жишээ нь: Жижигхэн хорхой алчихаад нүглээ үл наманчилваас хэд хоногийн дараа хүн алсантай дүйх хэмжээний нүгэл болж үрждэг байна. Иймээс нүгэл хилэнцийг дөрвөн хүчийг бүрдүүлж наманчилан арилгадаг учиртай.
Тийн сөгөөхийн хүч: Энэ хүчийг төрүүлэх нь чухал бөгөөд энэ төрвөөс бусад хүчүүд нь аяараа төрдөг байна. Өөрөө үйлдсэн нүгэл, өрөөл бусдыг үйлдүүлсэн нүгэл, бусдад даган баяссан нүгэл, энэ насанд үйлдсэн нүгэл, урьдын төрлүүдэд үйлдсэн нүглүүд гээд зузаан байгаа. Энэ бүгдээ сайтар санан, нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшил төрүүлэхийг тийн сөгөөхийн хүч гэдэг. Хор идсэн гурван хүний нэг нь үхчихсэн, нэг нь үхлийн ирмэгт очсон, нөгөө нэг нь хор идсэндээ гэмшиж ерөндөг бөөлжүүлэгч эм ууж байгаа мэт хилэнц нүгэлтэнгүүдийн зарим нь муу заяанд төрсөн, зарим нь муу заяанд төрөх дөхчихсөн байгааг үзээд нүгэл хилэнцийн ерөндөг наманчилгааг яаравчлан үйлдэх хэрэгтэй.
Шүтээний хүч: Юунд шүтэн нүгэл үйлдсэн байна түүнд шүтэж буян хураахыг хэлнэ. Гурван эрдэнэд шүтэж нүгэл хураасан бол гурван эрдэнэд үнэн сэтгэлээсээ авралыг одуулж, сургаалуудыг чандлан биелүүлвэл тэрхүү нүгэл арилна. Амьтдад шүтэн нүгэл хилэнц хураасан аваас бодь сэтгэлийг бясалгаваас тэрхүү нүгэл арилна. Өөрөөр хэлбэл газарт унасан хүн газрыг тулж босож байгаатай адил юм.
Ерөндгөөр дарахын хүч: Бурхны алдрыг өгүүлэх, гүн судар номыг унших, тогтоол тарни урих, лагшин, зарлиг, тааллын шүтээнийг босгох, тахилыг ёсчлон өргөх, хоосон чанарыг бясалгах гэх мэт.
Гэмээс жич буцахын хүч: Урьдын хийсэн нүгэлдээ гэмшиж, хойшид давтан хийхгүй хэмээн боомтолж үйлдэхийг хэлнэ.
Дөрвөн хүчийг бүрдүүлж наманчилна гэдэг нь урьд үйлдсэн гэм нүглээ санан гэмшээд, дахин хэзээд үл үйлдэнэ хэмээн боомтолж, юуг шүтэж нүгэл хилэнц үйлдсэн түүнээ шүтэж буянаа хурааж, ерөндгийн аргуудыг үйлдэхийг хэлнэ. Нүгэл хилэнцийг бага гэж басаж болохгүй агаад дор дор нь түргэн наманчилж бай. Монголчууд гол төлөв Дүншаг (Уналын наминчилгаа) хэмээх номыг уншиж нүгэл хилэнцээ наманчилдаг. Бурхад, бодьсадва, багш нарын өмнө үйлдсэн гэм нүглээ нуулгүй илчлээд дараах “Ерөөлийн хаан судар”-аас айлдсан наманчилгааны товч уншлагыг олонтаа өгүүлээд гэмшиж наманчилан үйлдэнэ. Үүнд:
Тачаангуй урин мунхаг гурван хорын эрхээр
Бие, хэл түүнчлэн сэтгэлээр
Хилэнцийг үйлдсэн хэдий тэдгээр бүгдийг
Би бээр сайтар наманчлан өчмүй.