Бурхан багш хуврагийн гараас атгаж буй нь

Нүглээ наманчлахуй

Үзтэл нүгэл хийе гэж эс санавч
Үнэхээр нүгэлтэй бодол толгойд орж ирэх тул
Тоймгүй нүглээ гаслан гаслан наманчлавч
Тоост хорвоод нүглийн мананд төөрсөн минь хөөрхий…,
Хязгааргүй оддын тоогоор нүглээ наманчилъя
Харанхуй хилэнцээс аварч хайрла, бурхан минь
Тоолшгүй шорооны ширхэгээр нүглээ наманчилъя
Тортогт бузраас аварч хайрла, бурхан минь…,
Далайн усны дуслаар гэм буруугаа наманчилъя
Давагдашгүй хилэнцээс зайлуулж хайрла, бурхан минь
Амьтны амийг тэвчье гэвч, алах сэтгэл хаанаас төрнө вэ?
Аяа, юутай үйлийн үр вэ? аварч хайрла, шүтээн минь…,
Шударга сайн явъя гэвч, шунаг муу сэтгэл юунд үүднэ вэ?
Шулмын энэ бодлоос аварч хайрла, бурхан минь
Авилгач энэ хорвоод номхон хүлцэнгүй явъя гэтэл
Атгаг муу санаанд урьдын үйлээр орооцолдоно…,
Оргил нь тэнгэрт тулсан их уулсыг ч
Он жил алгуур номхотгосоор толгод болгох шиг
Овоож оцойсон нүгэл бүхнийг нимгэлсээр
Оргүй болгож авар, шүтээн минь!
Гэм нүглээ наманчлах хувь хүртээсэнд тань
Гэгээн гэрэлт Очирдар бурхан минь гялайлаа!
Үг эс хэлэвч та үнэхээр нэгийг өгүүлнэм бусуу ,
Үзэх нүдэнд эс харагдавч, үнэхээр намайг сахина бус уу ?
Ичингүйрэн, ичингүйрэн дотогш сөгдөн мөргөе, тандаа
Илтэд оносон бурхан тандаа тоолшгүй мөргөе.
Төрөл төрөлдөө үйлдсэн нүглийг минь замхраах нь
Төгөлдөр наран харанхуйг сарниах адил аа!
Урьдын үйлийн лайгаар дахин нүгэл хийхээс аварч
Улмаар авралын замд эргэлт буцалтгүй оруулж,
Тоост хорвоогийн гутамшиг бүхнээс үүрд зайлан
Тонилохын мөр хайрлана уу, бурхан минь!
Аугаа их Очирдар бурхандаа сөгдөн мөргөе ,
Ахин дахин гэм нүглээ наманчилъя !
Дорой мунхгийг минь даран сүйтгээд
Дотор гэрлийг минь бадраан хайрлана уу?
Үнэхээрийн тодорсон бурхан таны өлмийд
Үе үедээ, төрөл төрөлдөө мөргөсөөр
Үлэмж увдис, нууц тарнийг эзэмдэн эзэмдээд
Үзтэл ялан дийлж үнэнд хүрэх болтугай!