Долоон чакра - Аура

Аураны долоон хүрд

Ошо гүрүгийн “Агнистын гэгээ” номонд:

Нэг дэх хүрд – Муладхар 

Би Тантрын физиологи буюу долоон хүрдний талаар өмнө ярьсан шүү дээ. Эрэгтэй хүний хувьд Муладхар нь эр, Свадистан нь эм болдог. Эмэгтэй хүний хувьд Муладхар нь эм, Свадистан нь эр. Энэ мэтчилэн зургаадахь хүрд хүртэл үргэлжилнэ. Харин долдугаарх нь эр, эмийн хоёрдмолоос ангид нон-дуал хүрд юм. Чиний дотор гурван хос байна: Муладхар-Свадистан, Манипура-Анахата, Вишүдха-Ажна хоёр тус тус ураг барилддаг. Энерги гадагшаа чиглэх үед чамд гадна талын бүсгүй хэрэгтэй. Гэвч гадна талын харилцаанаас хүртдэг таашаал түр зуурын. Оргилд хүрч амжаагүй байхдаа ойчихын харуусал мэдэрнэ. Төгс учрал болж амжаагүй байтал хагацлын сүүдэр дайрна. Тийм учраас дурласан зүрх бүхэн гомдол гонсойлтын шархтай үлддэг. Хэчнээн бүтэлгүйтэвч хүний горьдлого үргэлжилсээр. Энэ чинь мугуйд муйхар зан. Байгалийн хуулийг чи өөрчилж чадахгүй, зөвхөн түүнийг таньж ухаарах учиртай. Гадаад учрал бүхэн түр зуурын бол дотоод учрал үүрд мөнх үргэлжлэх боломжтой. Хэдий чинээ өндөрт асна, төдий чинээ энэ боломж нээгдэнэ. Эхлээд Муладхар хүрд байна. Энэ бол эрэгтэй хүний хувьд эр тал. Гадна талын бүсгүйтэй янаглаж байхдаа дотоод талаа санаж байхыг Тантар зөвлөдөг. Ухамсраа дотогш чиглүүлж, гадна талын эмэгтэйг март. Нүдээ анин, бясалгалд умба. Энерги чинь хөөрөн дэврэх боломж завшааныг бүү алд. Дотоод аялал хийх хамгийн таатай мөч энэ билээ. Ердийн үед дотогшоо чиглэх хэцүү. Харин янаглалд умбах агшинд чөлөө учрал үүсдэг. Чи ердийн биш болж, оргил хэмэндээ ордог. Дур тавилтын үед бүх биеийн энерги хуйлран найрсаж, эд эс бүхэн хөөрөн бүждэг. Энэ яруу сайхан найрлыг дотоод чанад уруугаа орох хөсөг болгон ашигла. Янаглал амраглалаа бясалгал болгож хувирга. Оргазмын агшинд үүд хаалга нээгддэг. Агшин зуурын энэ чөлөөгөөр дотоод чанадын гялбаа нэвтэрдэг. Ийм учраас л чи таашаал хүртэнэ. Энэ таашаал гадна талын эмэгтэйгээс ирээгүй. Чиний дотоод цөмөөс ирж буй. Гадна тал бол шалтаг далим төдий. Гадна талын амраглалыг Тантарт нүгэл хилэнц гэж буруушаадаггүй. Зүгээр л түүний үнэн чанарыг хэлдэг. Гадагш чиглэсэн аяллаар хүн алс чанадад хүрч чадахгүй. Гагцхүү амраг хайрын долгионыг хөлөглөж, дотоод уруугаа орвоос чанадын чанад уруу аялах боломж бий. Амраг хайрын онгодоор жигүүрлэх агшинд чи энэ дэлхийд байхаа больж, хөөрөн нисдэг. Нумын хөвчнөөс дүүлсэн сум – Сараха болдог. Амраглал дундаа анир чимээгүй болж, нүдээ анин дотогшоо харж, гадна талыг огоорч бясалгаж гэмээ нь ийм зүйл болно. Чиний дотоод эр төв – Муладхар чинь эм төв Свадистанд ойртоно. Уг учрыг нь мэдэхгүй ч ийм явдал хааяа тохиолддог. Олон санъяасин энэ тухай захиа бичиж байсан ч би хариулж байсангүй. Хариулах боломж бүрдээгүй байсан юм. Харин одоо цаг нь болжээ. Ойлгох бүл тэнхээ та нарт суусан байна. Нэг санъяасин надад ахин дахин бичдэг. Хариу өгөхгүй байсанд гайхаж байгаа нь лавтай. Тантрын хөрөг зураг урьд хаалттай байсан. Цаг нь болсон тул одоо нээж харуулъя. Намайг сонсож суухдаа тэр санъяасин яг л оргазмд орж байгаа юм шиг мэдрэмж авдаг ажээ. Бүх бие нь лугшин долгилж, гадаад орчноос тасарч, яг л дур тавьж байгаа юм шиг хачин сонин байдалд ордог юмсанж. Өөрт нь юу тохиолдоод байна вэ? гэж түүний санаа зовнижээ. Энэ бол чиний эр, эм төв буюу Муладхар, Свадистан хоёрын учрал юм. Бясалгал хийгээд залбирал дунд ер бусын таашаалд умбадаг нь дотоод хурим найртай холбоотой. Амраг хүүхэнтэйгээ хурьцан цэнгэх шиг Свадистан, Муладхар хоёрын учралаас дотоод тавирал үүсч, энерги сулардаг. Энэ суларсан энерги дээд төв Манипураг өдөөж өгдөг. Манипура эр, Анахата эм төв. Дотоод эр, эмийн анхны учралд ижил дасал болсон хойно нэг л өдөр гэв гэнэтхэн удаах учрал болно. Удаах учралаас суларсан энерги гуравдахь учралын шалтгаан болдог. Гуравдахь учрал Вишүдха, Ажна хоёрын дунд өрнөнө. Эндээс суларсан энерги дөрөвдэхийг өдөөнө. Дөрөвдэх нь эр, эмийн учрал биш, угаас нэгдмэл оршихуй. Адам, Ева хоёр үзэгдэхгүй, аливаа эсрэгцэх туйл байхгүй нэгэн бүхэл ажаам. Өнө мөнхийн, үнэмлэхүй дээд энэ учралыг хиндүчүүд сатчитананд гэж нэрлэдэг. Есүс түүнийг “бурхны хаант” улс гэж нэрийджээ. Долоогийн тоог шашин бүхэнд онцгойлж үздэг нь учиртай. Долоо хоног бол бэлгэдэл юм. Зургаан өдөр нь ажлын, долоодахь нь амралтын өдөр. Бурхан зургаан өдөр ажиллаад, долоодахь өдөр амарчээ гэдэг. Зургаан хүрдэн дотор үйл бүтээл өрнөдөг бол, долоодахь хүрд нь үнэмлэхүй амралтын орон. Чи энд гэртээ ирсэн хэрэг. Энд бүх хоёрдмол байдлаас ангижирна. Өдөр өдөр биш, шөнө шөнө биш болно. Өвөл өвөл биш, зун зун биш болно. Матери матери биш, сэтгэл сэтгэл биш болно. Тэр бүх ялгаат байдлын чанадад чи халина. Чанадад халихыг Будда нирваан гэж дууддаг. Гурван учрал, тэгээд дөрөвдэх хэмжээс. Би та нарт дөрвөн төлвийн тухай олон удаа ярьж байсан: унтах, зүүдлэх, алхах, тэгээд түрияа гэж. Түрияа бол дөрөвдэх буюу чанадад хүрэх гэсэн үг. Долоон хүрдний сүлжээсэнд энэ дөрвөн төлөв багтаж буй. Эхний Муладхар, Свадистан хоёрын учрал нойр лугаа адил. Гүн нойрон дундаа чи амарч тавирах боловч чухам юу болж буйг сэхээрдэггүй. Түүн шиг энэ учралыг эдлэх атлаа хэрхэн болж буйг нь мэдэхгүй. Чиний дотор эр, эм хоёр хурьцаж байгаа нь үл үзэгдэнэ. Шөнийн харанхуйд болж байгаа шиг ухамсаргүй харанхуйд энэ учрал болно. Нэг л өвөрмөц энерги, өөр таашаалд умбаж байгааг чинь бусад хүн анзаарч магад. Гэвч яагаад ийм юм болж буйг чи өөрөө ч мэдэхгүй. Хоёрдахь буюу Манипура, Анахата хоёрын учрал зүүд лүгээ адил. Өглөө босоод чи урд шөнийн зүүдээ санадаг шүү дээ. Бүрэн тодорхой биш ч ой санамжинд чинь ул мөр үлддэг. Түүнчлэн удаах учралын үед чиний ухамсар сэрж эхэлдэг. Өөрийнхөө хэрхэн өөрчлөгдөж, урьдынх шигээ байхаа больж буйг мэдэрнэ. Гадна талын учралын хойноос үхэн хатан хөөцөлдөхөө болино. Энэ өөрчлөлт эхний шатанд ч болдог. Гэвч тэр үед чи унтаа байдалд байсан болохоор уг учрыг нь ойлгохгүй. Гадагш чиглэсэн сонирхол буурч байгаагийн шалтгааныг дэргэдийн хүндээ тохож ойлгох вий. Тэр бүсгүй, тэр залуугаас болж байгаа юм биш, оронд нь хэн ч байсан ялгаагүйг удаах учралын үед сэхээрч эхэлнэ. Сонирхлын чиг чинь гадагшаа байсан бол одоо дотогшоо эргэнэ.

Хоёр дахь хүрд – Свадистан

Гурав дахь учралаар чи бүрэн сэргэг болно. Гэрэл гэгээн дунд алхаж явахтай адил бүх юм тодорхой байна. Эхний учрал шөнийн түнэр харанхуйд болж байсан бол удаах учрал үүр шөнийн зааг сүүмэн бүрэнхийд байх шиг. Харин гуравдахь учрал тэргэл сарны саруул гэгээнд орчин тойрон илхэн үзэгдэх мэт. Дотоод үнэнийг нэгэнт ухаарсан тул гадна талын хэн нэгэнд уягдах шижим үгүй болно. Энэ нь эхнэр юм уу, нөхрөө орхиж явахын нэр биш шүү. Хүсэл тачаал чинь нигүүлсэл, талархал болж хувирна гэсэн үг. Та хоёр бие биедээ гүн талархалтай хандах болно. Жинхэнэ анд нөхөд болно. Ухаарлаас талархал бий болдог. Ухаарлаас нигүүлсэл ундардаг. Хэрэв чи хань ижлээ орхиж, ой уруу зугтаж байгаа бол ухаарал мөхөс байгаагийн шинж. Ухаарсан цагт нигүүлсэл аяндаа төрнө.

Будда гэгээрэлд хүрснийхээ дараа шавь нартаа хандан: – Би Яшодхара уруу эргэн очмоор байна. Түүнтэй ярилцах хэрэг байна гэж хэлжээ. Яшодхара бол арван хоёр жилийн өмнө түүний орхин одсон эхнэр. Одоо хүртэл тэр эхнэртээ уягдсаар байгаа хэрэг үү? Ананд шавь нь гайхширчээ.

Нөхдөө явсны дараа Ананд: – Энэ алхам тань зөв гэж үү? Таны талаар бусад хүмүүс юу гэж бодох бол? гэж хэлэхэд

Будда: – Ананд минь. Би тэр бүсгүйд чин зүрхний талархлаа илэрхийлэх учиртай. Надад зориулсан бүхнийх нь төлөө нандин зүйлээ хуваалцах ёстой гэжээ. Тэгээд Будда ордны зүг явж, хань ижил явсан бүсгүй дээрээ ирлээ. Мэдээж хэрэг Яшодхара уур, гомдолдоо шатаж байв. Нэг ч үг хэлэлгүй харанхуй шөнөөр хаяж явсан нөхөр шүү дээ. Хайр сэтгэлээ байг гэхэд хүн ёсны жудаг мөн үү?

– Чи надад жаахан ч гэсэн итгэж болоогүй юм уу? Явах учраа хэлсэн бол би чөдөр тушаа болж, чамайг саатуулж зүрхэлнэ гэж үү? Гутамшиг бүхнийг өөртөө хүлээж, сайн сайхан бүхнийг чамд ерөөж үлдэх зүрх сэтгэл надад бий шүү дээ гэж уйлан хайлжээ. Будда түүний арван хоёр жил багтарсан хилэнг зайлж булзалгүй тосон авч, уучлал эрэн:

– Тийм ээ, би тэр үед мунхаг байж. Мунхаг байсан учраас тийм үйлдэл хийсэн. Харин одоо би сэрж сэхээрсэн. Сэхээрсэн тулдаа эргэн ирлээ. Надад харамгүй хайраа зориулсныг чинь мэднэ. Асгарсан сүүний хойноос харамсаад яах вэ. Өнгөрсөн бүхнийг мартаж, намайг одоо байгаагаар минь хүлээн аваач. Надад юу тохиолдсоныг хар. Би чамтай хуваалцах гэж яаран ирлээ шүү дээ гэж хэлжээ. Түүний хуурмаггүй үгэнд Яшодхарагийн гомдол хорслын гал намжиж, нулимсаа арчин халиав. Өмнө нь үнэхээр өөр хүн, өөр хүндээ бүр үлэмжийн гэрэл гэгээ туяарсан сүр жавхлант нэгэн зогсож байлаа. Тэр Буддагийн гэрлэн хүрээ аураг харж чаджээ. Будда тэрхүү гэрэл гэгээндээ уусан хайлж, бодгаль биеэр оршихоо бараг больсон харагджээ. Яшодхара энэ сүр жавхланд уярч, өөрийн эрхгүй Буддагийн өлмийд сөгдөн, авшиг хүртээхийг гуйсан гэдэг. Ухаарсан цагт хүн хайрлаж нигүүлсэхээс биш, хаяж зугтахгүй. Тийм ч учраас би шавь нартаа гэр бүлээ орхи гэж хэлдэггүй. Рабиндранат Таагүр Буддагийн эргэн ирсэн тухай яруу найраг туурвисан буй. Яшодхарагийн асуулт тэнд гардаг: “Надад нэг зүйлд хариулж өгөөч. Чухам юу гэдгийг нь би хэлж мэдэхгүй ч ямар нэг зүйлд хүрснийг чинь харж байна. Тэр зүйлд хүрэхийн тулд заавал орон гэрээ орхих ёстой юм уу?” гэж асуужээ. Будда энэ асуултанд хариулж ядсан юм. Орон гэртээ байж байгаад хүрч болно гэдгийг нэгэнт мэдсэн байлаа. Учир нь, тэр зүйл бол аглаг уул, хот сууринтай холбоогүй. Сүм хийдэд байна уу, гэр бүлтэйгээ байна уу гэдгээс үл хамаарна. Тэр бол гадна талын аяллаар биш, дотоод аяллаар хүрч очих эрдэнэсийн сан. Хаа ч байсан түүнийг нээж болно. Эхний учралаар гадна талын сонирхол буурах боловч учир утга нь балархай байна. Өтгөн манан дунд тэмчихтэй адил. Хоёрдахь учралын үед манан сэмэрч, нөхцөл байдал илүү тодорно. Гуравдахь учралаар чиний нүдийг хааж халхлах юм үгүй болно. Сэрүүн тунгалаг мэлмийгээр харж байгаа хүн аливаа хийрхэл, туйлшралаас ангижирдаг. Ийм л хүнийг хувь хүн гэнэ. Үүнээс өмнө чи хувь хүн биш, эрээвэр хураавар олны загвар явна. Өмнө нь би Мэргэн ардын тухай эртний түүх ярьсан шүү дээ. Ийм түүхүүд бэлгэдлийн гүн нууцыг агуулдаг юм. Тэр хүн гурван өдөр нам гүмхэн суусан. Яагаад гурван өдөр вэ? Энэ бол гурван төлвийн аяллыг бэлгэдсэн хэрэг. Унтах, зүүдлэх, алхахуйн үе шатаар тэр өөрөө өөрийгөө эмхэлж цэгцэлжээ. Өөрийгөө эмхэлж чадвал ертөнц эмхэндээ ордог. Чи хувь хүн болж, хугас эрэмдэг байдлаас ангижирах юм бол бүх ертөнц чиний өмнө нэгэн бүхэл оршихуй болж нээгдэнэ. Энэ үзэгдэл парадокслог харагдаж магадгүй. Гэвч үнэнийг хэлэх ёстой: Хувь чанар бол даяар чанар юм. Чи хувь хүн болмогцоо даяар оршихуй болдог. Өмнө нь өөрийгөө тусгаар нэгэн шиг бодож явсан бол одоо тэгж бодохын аргагүй. Адам, Ева хоёр бие биедээ ууссан байна. Энэ бол хүн бүхний ямар нэг аргаар хүрэх гэж тэмүүлдэг цэг. Тантар бол түүнд хүрэх арга замыг төгс судалж нээсэн шинжлэх ухаан юм. Бага сага тодруулга хийвэл: Анх Муладхар суларч байж энерги дээшээ чиглэх буюу дотогшоо урсана гэж би хэлсэн. “Дээшээ”, “дотогшоо” гэсэн үг ижил утгатай. “Доошоо”, “гадагшаа” гэсэн үг ч ижил утга илэрхийлж байгаа юм шүү. Муладхарыг чөлөөлөх нь эхний алхам. Сексийн хүрдээ та нар хэтэрхий хааж боож ирсэн. Нийгэм үргэлж хавчиж хяхдаг учраас түүнийг суллахаасаа хүн айж эмээж явдаг. Айдастай хүн улам чангарч чивчрэхээс биш, суларч тавирахгүй. Битгий ай. Секс бол хилэнц нүгэл биш, гоо сайхан, эрхэмсэг ариун үйл. Түүнийг эрхэмсэг ариун үйл гэж ухаарвал чи Муладхараа чөлөөлж чадна. Хайран энергиэ алдахгүй гээд л хав дараад байх хиндү маягийн туйлшрал бий. Энергийг ашиглах тусам төлжиж байдаг. Яг биеийн тамиртай адил. Хэдий чинээ алхаж гүйнэ, төдий чинээ хөлийн булчин хөгжинө шүү дээ. Хөлөө гамнаад алхдаг ч үгүй хүн гэнэт гүйх гэвэл сөхөрч ойчно. Нөгөө талаар энергиэ утга учиргүй, ухаан сэхээгүй цацах Америк маягийн туйлшрал бий. Наян настай буурай ч нялхсын замаар гүйж явдаг. Секс гоо сайхан боловч эхлэл болохоос төгсгөл биш. Түүнийг ухамсартайгаар таашаан эдлэх учиртай. Свадистаны хувьд мөн адил. Энэ бол үхлийн хүрд. Үхлээс айх айдас, сексээс айх айдас хоёр хүн төрөлхтнийг дарангуйлжээ. Энэ хоёр айдас хүний хөгжил цэцэглэлийг боомилдог. Айдсын хар нөмрөгийг хуу татаж хаягтун. Сараха хүүрийн газар, амраг бүсгүйтэйгээ цэнгэн амьдарч байсан нь эл хоёр айдсыг ялах бэлгэ тэмдэг байв. Амраглаж байхдаа бясалга гэж Тантар хэлдэг. Үхлийг ч бас ажиглан бясалга. Нөгчиж буй хүний дэргэд суугаад гүн мэдэрч бясалгах аваас үхлийн амтыг амтлах боломжтой. Хүн нас нөгчих агшинд Свадистан хүрдэнд байсан энерги сулардаг юм. Гэв гэнэт хавь орчныг бүрхэх энергийн их тэсрэлтийг мэдэрч, үхлийг амталснаар чи ер бусын тайвшрал хүртэнэ. Чухамдаа үхэл бол зуурхан тохиол агаад амьдрал мөнхөд үргэлжилнэ гэдгийг ойлгоно.

Гуравдахь хүрд – Манипура

Гуравдахь төв Манипура бол чиний бүх уярал, догдлолыг эрхшээдэг. Манипура нь алмааз эрдэнэ гэсэн утгатай. Уярал, догдлол, инээд, нулимс цугаараа амьдралын гоо үзэмж, гэрэл цацрал учраас энэ хүрдийг өнгө өнгөөр гэрэлтэх очир алмаазтай зүйрлэжээ. Инээд бол яруу найраг. Нулимс бол яруу найраг. Зөвхөн хүнд заяасан гоо үзэсгэлэн. Хүнээс бусад амьтан инээж чаддаггүй, бас уйлж чаддаггүй. Бусад амьтад зөвхөн доод хоёр хүрдээрээ амьдардаг. Тэд төрдөг, үхдэг. Төрөх, үхэхийн дунд цулгай хоосон. Харамсалтай нь, сая сая хүмүүс адгуус аятай хоёр хүрднийхээ төвшинд л амьдарч байна. Түүнээс цааш ахиж дэвшсэн юмгүй. Бидэнд уярал догдлолоо яаж дарахыг зааснаас биш, яаж нээхийг заагаагүй. “Уян зөөлөн байж болохгүй, хатуу чанга бай! Эс бөгөөс хүмүүс чамайг дээрэлхэнэ. Ядахдаа гаднаа ширүүн бай! Инээж болохгүй. Инээгээд байвал хүмүүс чамаас айхгүй. Уйлж болохгүй. Уйлах юм бол сул дорой харагдана” гээд л… Амьд хүн биш, төмөр хүн шиг хүйтэн гөлгөр болох зүгт л сургаж ирсэн. Гуравдахь төвийг суллахын тулд Тантарт ихийг хийдэг. Сэтгэл хөдлөл, эмоц бүрээ суллаж илчилж бай. Орилмоор байвал орил, уйлмаар байвал уйл, дуулмаар байвал дуул, инээмээр байвал инээгтүн! Нууж дарах арга мэхээ орхиж, илэрхийлэх урлагт суралц. Илэрхийлэх урлаг бол Оршихуйтай харилцах урлаг. Анзаарч байсан уу? Хэчнээн ч үгээр хэлж баршгүй зүйлийг хацар дээгүүр чимээгүй урсах нулимс илэрхийлж чаддаг. Тоо томшгүй үгэнд багтаагүйг дусал нулимс өөртөө багтаадаг. “Би жаргалтай байна, ийм болоод, тийм учраас…” энэ тэр гэж ярих тусам худлаа оргино. Зүгээр л нүүрэнд тодрох инээд, нүдэнд гэрэлтэх оч бүхнийг илэрхийлж чадна. Гуравдахь төвөө суллах тусам бодлын хүлээснээс ангижрахад дөхөм болно. Учир нь, энэ бол сэтгэн бодохуйн эсрэг төв. Илүү зөнгөөрөө, илүү мэдрэмхий, илүү уйламхай, илүү дууламхай, илүү инээмхий бол. Хэтэрчих вий гэж эмээж, өөрийгөө цагдах хэрэггүй. Зөнгөөрөө байх юм бол юу ч хэтрэхгүй. Хэрэгцээнээс илүү нэг ч дусал нулимс, нэг ч эгшиг инээд чамаас гарахгүй учир санаа бүү зов. Тантар амьдралын бүх эмоцыг хүлээн зөвшөөрдөг. Гуравдахь хүрд Манипураг сөрөг сэтгэл хөдлөл дарсан байдаг. Сэтгэл чинь хямрангуут ходоод гэдэс чинь хямардгийг анзаарсан уу? I cannot stomach it гэсэн маягийн үг хэллэг бүх хэлэнд бий. Ой гутам зүйлтэй учирвал хүний бөөлжис хүрдэг. Шингүүргүй идээ ундааг бөөлжиж гаргавал дотор уужирдаг шүү дээ. Энэ холбоост дулдуйдсан иогийн аргууд бий. Жишээ нь, иогчид өглөө давстай бүлээн ус их хэмжээгээр ууж байгаад, эргүүлж бөөлждөг. Манипура хүрдийг суллахад тус болдог аж. Сөрөг сэтгэл хөдлөл гэдэг нь уур бухимдал, атаа жөтөө, гомдол хорсол, жигшил зэвүүцэл юм. Энэ бүхнээ суллахгүй дарснаас болж, Манипура хүрдний суваг бөглөрч, энерги дээшээ өгсөх замгүй болдог. Нийгэм чамайг сөрөг эмоцоо дарангуйлж, эерэг дүр гаргаж явах дадалд сургаж ирсэн. Номхотгол, жүжиглэл хоёулаа чиний системийг хорлон сүйтгэж буйг ойлго. Эерэг сөрөг ямар ч бай сэтгэл хөдлөлөө илэрхийлж байхыг Тантар сануулдаг. Уур хилэн, жигшил зэвүүцлээ суллаж сур. Тэглээ гээд хүн алж, хүрээ тална гэсэн үг биш. Сэтгэл хөдлөлөө суллах түмэн янзын арга бий. Уур чинь хүрвэл мод хагалж болно шүү дээ. Түлээчдийг анзаарч байсан уу? Маш тайван налгар хүмүүс харагддаг. Анчдыг бас хараарай. Нүгэлт хар гөрөөчин гэгдэх боловч үнэхээр сайн хүмүүс байдаг. Тэдний дэргэд цэвэр гартнууд л аюумшигтай. Нууж дарж явсан бухимдал нь тэсрэхээрээ жинхэнэ хорлон сүйтгэгч болдог. Дураараа орилж хашгирах энэ, тэр гээд л орчин үеийн сэтгэл заслын олон аргууд Манипураг суллахад тус нэмэр болно. Би та нарт иог, тантар, дао, сүфи, жайн, буддист, хиндү, психодрама, энкаунтер, ролфинг… гээд л эрт, эдүгээгийн есөн шидийн арга заслыг нээлттэй байлгадгийн учир энэ. Дорно дахинд ийм олон арга засал хэрэглэдэг ашрам хийд өөр байхгүй. Хүний гэмтэл согог дэндүү болсон учраас тус нэмэр болох бүхнийг хэрэглэхээс аргагүй байна.

Гуравдахь хүрд - Манипура

Дөрөв дэх хүрд – Анахата

Дөрөвдэх төв буюу зүрхний хүрдийг Анахата гэж нэрлэдэг. Анахата – цохилтгүй анир гэсэн утгатай. Зэнгийн багш нар “Нэг алганы дууг сонсов уу?” гэж асуудаг шиг. Зүрхний хүрд яг төв дунд оршдог. Түүнээс доош гурван хүрд, дээш гурван хүрд бий. Зүрх бол дээрээс доошоо буух, доороос дээшээ өгсөх үүд хаалга буюу замын уулзвар юм. Чавхдасгүй аялгуу, цохилтгүй анир эндээс төрдөг. Үг хэл бол цохилтот авиа. Бидний хоолойн хөвчнөөс бий болдог. Хоёр гарын алга таших дуу шиг. Харин зүрх бол нэг алганы дуу. Үггүй үг, аниргүй анир. Бид зүрхээ ор тас мартчихсан. Заяанаасаа байхгүй юм шиг замарч явдаг. Махан бие, цусан зүрхийг энд хэлээгүй. Сүнслэг зүрхийг хэлж байна. Энэ бол хайр ундардаг эх булаг. Хайрыг сэтгэл хөдлөлтэй андуурах хэрэггүй. Сэтгэл хөдлөл гурав дахь хүрдэнд хамаардаг. Хайр түүнээс илүү гүн, илүү нандин. Сэтгэл хөдлөл түр зуурын байдаг. Нэг өдөр ирээд, нөгөө өдөр буцдаг зуурдын шохоорхол хайр биш ээ. Энэ чинь зайрмаг идэхтэй ижил. Хараад шүлс гоожлоо, ханатлаа идлээ, тэгээд гүйцээ. “Чамд таалагдсан биз дээ? Ахиад ид л дээ” гэж шахах юм бол бөөлжис чинь цутгах байх. Шохоорхол бол хайр биш. Шохоорхлыг хайр гэж эндүүрвэл чи насан туршдаа нэгээс нөгөө үрүү хамхуул шиг дэгдэгнэж яваад дуусна. Үндэсгүй амьдралд хайр яаж цэцэглэх вэ? Анахата хүрд гойд ач холбогдолтой. Энэ хүрдэн дотор л анх удаа чи ээжтэйгээ харьцаж байсан. Гүн хайр, гүн оргазм дунд эргээд чи эх булагтаа умбаж чадна. Бясалгал хийгээд залбирал дунд түүнтэй ижил зүйл тохиолддог. Оршихуй лугаа зүрхээрээ дамжуулж харьцдаг. Энэ бол тархинаас тархинд биш, зүрхнээс зүрхэнд хөврөх үггүй диалоги. Зүрхний төвөөс аниргүйн дуу дуурьсдаг. Зүрх үрүүгээ нэвтэрсэн хүмүүс Ум хэмээх эгшиглэн үргэлж дуурьсан буйг анирлажээ. Хэн ч бүтээгээгүй, өөрөө гарах дуун! Би тарни уншлагад шүтдэггүйн учир энэ. Хэрэв Ум, Ум гээд л давтаад байвал хуурамч авиа бүтээх болно. Олон сар жил ийнхүү давтсаны эцэст яг л зүрх чинь дуугарч байгаа юм шигээр илбэ урлана. Жинхэнэ зүрхний анирыг танихын тулд чи өөрөө нам гүм байх ёстой. Ямар ч тарни уншлага хэрэггүй. Нам гүмд уусахуй нэг л өдөр зүрхэн тольтоос чинь тэр өөрөө ургах болно. Хавар аяндаа болж, өвс өөрөө ургадаг шиг. Чи тарнийг бүтээхгүй, сонсох учиртай гэдгийг битгий мартаарай. Куран судрыг Мухаммэд сонссон гэж лалын шашинд өгүүлдэгтэй адил хэрэг. Чи өөрөө юу ч хэлэхгүй, зөвхөн чанадын дуу хоолойг сонсох болно. Мухаммэд Кураныг тэгж л сонссон. Үл мэдэгдэх далд чанадын дуу хоолойнд тэр үнэхээр цочирджээ. Үүнээс болж өвчин туссан гэж цадиг түүхэнд өгүүлдэг. Аргагүй ээ. Анир чимээгүй өрөөндөө сууж байтал чинь нэг л өдөр чамд Ум ч юм уу, ямар нэг дуу хоолой сонсогдож магад. Чи юу ч дуугараагүй, дэргэд чинь хэн ч байхгүй атал тэр анир сонсогдоно. “Би галзуурч байна уу даа” гэж айж цочих нь лавтай. Мухаммэд тэр үед буйдхан довцгийн оройд сууж байжээ. Гэртээ эргэн ирэхдээ дагжин чичирч, хар хөлс нь цутгаж байсан гэдэг. Эхнэртээ хандан: “Би өвдчихлөө. Ингэж халуурч, даарч үзээгүй юм байна. Намайг хучаад өгөөч” гэж амь тэмцэн хэлжээ. Эхнэр нь түүнийг хараад, нүүрэнд нь ер бусын гэрэл гэгээ татаж, нүдэнд нь гал дөл бадарч байсанд гайхширчээ. Түүнтэй цуг үлэмжийн их амар амгалан, гэрэл гэгээ гэрт нь цуг орж ирсэн юмсанж. Эхнэр нь хүртэл мансуурах мэт болж, тэр нууцлаг дуу эгшгийг сонсож эхэлжээ. “Би чамайг харж байна. Чи өвдөөгүй. Харин гэрэлтэн туяарч байна. Энэ гэрэл чинь эргэн тойрныг гийгүүлж байна. Ямар нэг гайхамшиг тохиожээ. Бурхан чамайг адисласан юм уу? Чухам юу болсныг надад хэлээч” гэж Мухаммэдээс тэр хүсчээ. Мухаммэдын эхнэр Хадижа анхны лал сүсэгтэн юм. Тэнгэрлэг бошгыг хамгийн түрүүнд хүлээн авсан шавь. Мухаммэд түүнд үнэнийг яривал итгэхгүй байх вий гэж айж байжээ. Гэтэл тэр шууд л итгэсэн юм. Ийм явдал хүний түүхэнд үргэлж тохиолддог. Хиндүчүүд Вэд судрыг Бурхан өөрөө дуудсан гэлцдэг. Энэтхэгт ариун судруудад Шрүти-шрүти гэсэн үгийг хэрэглэдэг. Энэ бол “ингэж сонсогдсон” гэсэн утгатай үг. Зүрхний төв Анахата уруу нэвтрэх юм бол чи амьдралын эх булаг урсан буй чимээг сонсоно. Хүмүүс зүрхнээсээ дайжин зугтдаг учир эх булгаас цангаа тайлж чаддаггүй. Энэ бол чин сүсэг, гүн итгэл мэндлэх орон. Оюун ухаан түүнээс ороолж зугтах нь аргагүй. Оюун ухаан итгэлээр бус, эргэлзээгээр амьдардаг. Зүрхний төвөө итгэл хайрын увдисаар л танин мэднэ гэж Тантар хэлнэм. Дөрөв дэх хүрд Анахата. Энэ хүрдний хаалт боолт нь эргэлзээ. Итгэл сүсгээр л зүрхний хүрд нээгддэг. Эргэлзээ сэжигт автах тусам зүрхний хүрд тагларч битүүрнэ. Элдэв философи, спектизм (үл итгэгч үзэл) Анахатаг сүйтгэдэг. Зүрхэнд философиос илүү яруу найраг ивээлтэй, логик ухаанаас илүү зөн совин ивээлтэй, сэтгэн бодохоос илүү сэрэл мэдрэмж ивээлтэй. Эргэлзээнд бус, итгэлд шүтэн амьдрах мөчөөс чиний Анахата нээгдэж, Манипураас ирэх энергийг хүлээн авах боломжтой болно. Анахата бол эм хүрд. Эргэлзээ түүнийг хатааж агшаадаг. Итгэл сүсгээр чийглэж дэвтээж гэмээ нь эр энерги түүн үрүү нэвтэрч чадна.

Дөрөв дэх хүрд - Анахата

Тав дахь хүрд – Вишүдха

Тав дахь төв Вишүдха. Энэ үг цэвэр ариун гэсэн утгатай. Хайрын ариусгалыг туулсан хүн цэвэр ариун болдог. Түүнээс нааш цэвэр ариун байх боломжгүй. Хамгийн муухай хүн ч хайран дунд төгөлдөр гоо болдог. Хайр бол шидэт рашаан. Хор бүхнийг тунгааж чадна. Цэвэр ариун чанарын төв Вишүдха бол хоолойн хүрд юм. Зүрхний хүрдээр дамжин ариуссан цагтаа л яригтун гэж Тантар сануулдаг. Зөвхөн энэрэл хайраар ярьж бай. Энэрэлгүй бол ярихын хэрэг юун? Зүрхэн чанадаас дуулдах бурхны дуу хоолойг сонссон бол, нэг алганы чимээг таньсан бол чи ярих эрхтэй. Хоолойн хүрдээ нээсэн хүн цэвэр ариун мөн чанарыг үг авианд юүлэх чадалтай болдог. Ийм хүн дэндүү ховор. Дөрөв дэх төвдөө дөхөө ч үгүй хүмүүс яаж тав дахь төвд хүрэх вэ? Христ, Будда, Сараха шиг хааяа л нэг тохиодог. Тэдний үг зүйрлэшгүй хүч чадалтай. Тэд өгүүлшгүйг өгүүлдэг. Тэд ярьж байгаа мөртлөө ярихгүй байдаг. Тэдний үг бүр анир чимээгүйг агуулдаг юм. Та нар хоолойгоо ашигладаг. Гэвч энэ чинь Вишүдха биш. Та нарын Вишүдха бүрэн унтаа, үхмэл байдалд байна. Хэзээ нэг өдөр хоолойн хүрд чинь сэрэх аваас үг бүр чинь яруу найраг, авиа бүр чинь гэрэл гэгээ болно. Тэгээд тавдахь хүрд Вишүдха. Тоть шиг давтагч, сармагчин шиг дуурайгч аяг занд энэ хүрд гацаж зэвэрдэг. Давтан дуурайгч байх хэрэггүй. Буддаг давтах гэж бүү оролд. Есүсийг давтах гэж бүү оролд. Хортой цаасаар зураг барлагчийг уран зураач гэх үү? Зураг барлаж суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Гагцхүү өөрийнхөөрөө хийх эр зориг, амьдралын шинэ өнгө төрхийг бүтээх чин эрмэлзэл, уран бүтээлч сэдлэг Вишүдхаг нээх түлхүүр юм. Дуу, хөгжим, бүжиг, урлаг, зохион бүтээхүйн амт шимт бүхэн түүнд нэмэр болно. Юу ч хийсэн түүндээ хувь хүний давтагдашгүй мөн чанараа юүл. Шал угаахдаа ч өөрийнхөөрөө угаа. Хоол хийхдээ ч өөрийнхөөрөө хий. Бусдын бэлэн жорыг хуулалгүй, өөрийн шинэ жорыг бүтээ. Хэдий чинээ бүтээлч болно, төдий хэрээр Вишүдха нээгдэнэ.

Тав дахь хүрд - Вишүдха

Зургаа дахь хүрд – Ажна.

Зургаа дахь төв Ажна чакра. Ажна бол зарлиг гэсэн үг. Зургаа дахь төвөө нээсэн хүн захирч тушаах эрхтэй. Түүнээс өмнө чи боол байсан, харин одоо эзэн болно. Хэлсэн бүхэн чинь ёсоор биелж, хүссэн бүхэн чинь тааллаар бүтнэ. Гэхдээ энд парадокс бий. Дөрөвдэх төвөөр эго замхардаг. Тавдахь төвөөр бүх буртаг ариусдаг. Энэ бүхний эцэст чамд хувийн эрх ашиг, бэртэгчин хүсэл нэгээхэн ч үлдэхгүй. Гагцхүү бурхны таалал чиний хүсэл болно. Ажна хүрд бол энэ ертөнцөд орших сүүлчийн шат. Цаашаа нэг л алхвал ертөнцийн хязгаараас давна. Хилийн шалган өнгөрүүлэх пост гэсэн үг. Би Тантрын физиологи буюу долоон хүрдний талаар өмнө ярьсан шүү дээ. Эрэгтэй хүний хувьд Муладхар нь эр, Свадистан нь эм болдог. Эмэгтэй хүний хувьд Муладхар нь эм, Свадистан нь эр. Энэ мэтчилэн зургаа дахь хүрд хүртэл үргэлжилнэ. Харин долдугаарх нь эр, эмийн хоёрдмолоос ангид нон-дуал хүрд юм. Чиний дотор гурван хос байна: – Муладхар-Свадистан, – Манипура-Анахата, – Вишүдха-Ажна хоёр тус тус ураг барилддаг.

6 Зургаа дахь хүрд - Ажна

Долоо дахь хүрд – Сахашрар

Долдугаар төв нь Сахашрар юм. Мянга нэгэн дэлбээт лянхуа цэцэг гэсэн утгатай. Энд хүрэх агшинд чи бадамлянхуа болж хувирна. Өмнө нь чи цэцгээс бал цуглуулдаг зөгий байсан бол одоо өөрөө балын эх булаг болно. Энэ дэлхийн төдийгүй өөр гараг ертөнцийн зөгийнүүд чам уруу тэмүүлэх болно. Чиний лянхуа бүрэн төгс нээгдсэн нь нирваан билээ. Хамгийн доод Муладхар хүрднээс бие болоод мэдрэхүйн амьдрал төрдөг бол хамгийн дээд Сахашрар хүрднээс бие болон мэдрэхүйн хүрээнээс хэтийдсэн мөнхийн амь мэндэлдэг. Энэ бол Тантрын ёсны физиологи. Анагаах ухааны сурах бичигт байдаг физиологи биш шүү. Бодисын шинжлэх ухаантай хольж хутгах хэрэггүй. Тантрын хэл түүнээс тэс ондоо, ёгт зүйрлэл. Энэ бол үнэний ухааралд хүрэх замын зураг. Энэ эрэмбээр явах юм бол чи бодлын мананд төөрөхгүй. Зүрхний төвөөсөө зугтаад байвал төөрсөн амьдрал чинь үргэлжлээд л байна. Зөвхөн сэтгэн бодож амьдарна гэвэл хайр үгүй, итгэл үгүй, харах хараагүй амьдарна гэсэн үг. Долоогийн тоог шашин бүхэнд онцгойлж үздэг нь учиртай. Долоо хоног бол бэлгэдэл юм. Зургаан өдөр нь ажлын, долоо дахь нь амралтын өдөр. Бурхан зургаан өдөр ажиллаад, долоо дахь өдөр амарчээ гэдэг. Зургаан хүрдэн дотор үйл бүтээл өрнөдөг бол, долоо дахь хүрд нь үнэмлэхүй амралтын орон. Чи энд гэртээ ирсэн хэрэг. Энд бүх хоёрдмол байдлаас ангижирна. Өдөр өдөр биш, шөнө шөнө биш болно. Өвөл өвөл биш, зун зун биш болно. Матери матери биш, сэтгэл сэтгэл биш болно. Тэр бүх ялгаат байдлын чанадад чи халина. Чанадад халихыг Будда нирваан гэж дууддаг. Гурван учрал, тэгээд дөрөвдэх хэмжээс. Би та нарт дөрвөн төлвийн тухай олон удаа ярьж байсан: унтах, зүүдлэх, алхах, тэгээд түрияа гэж. Түрияа бол дөрөвдэх буюу чанадад хүрэх гэсэн үг. Долоон хүрдний сүлжээсэнд энэ дөрвөн төлөв багтаж буй. Вишүдха нээгдсэнээр гуравдахь мэлмийн хүрд буюу Ажна уруу энерги урсах боломж бүрддэг. Ийнхүү эрэмбэ дараалан хүрдний хаалт бөглөө арилж, энергийн харгуй чөлөөлөгдсөнөөр чанад хязгаарт хүрч чадна. Чанадын хүрд бол Сахашрар юм. Энд хүрснээр чи бүрэн төгс цэцэглэнэ. Хүнийг модтой зүйрлэвэл үндэс нь Муладхар, цэцэг нь Сахашрар юм. Цэцгийн анхилга аясын салхиар зүг бүхнээ түгнэ. Энэ бол бурхны өлмийд өргөх жинхэнэ тахил. Бусдын модноос хулгуусан цэцэг тахил биш. Бусдыг дуурайсан хиймэл цэцэг өргөл биш. Гагцхүү өөрөө цэцэглэж, өөрийн цэцгээр бурхныг баясгах учиртай.

7 Долоо дахь хүрд - Сахашрар

 

Орчуулсан П. Бадрал

Хүрдийг гэмтээгч хар сүнсний нөлөөлөл:

Оройн хүрдэнд хар сүнс сууваас бодоогүй үгээ хэлж, сэтгээгүй үйлдлээ бүтээхээр түүндээ ороогдож шаналдаг. Сэтгэл нь ухаантайгаа тэрсэлдэж, ухаан нь хүнийг гомдоох үг хэлэх зэргээр зөрчилддөг.

Мэлмийн хүрдэнд хар сүнс суух аваас мэдрэл суларч, анхаарал сарниж, таван мэдрэхүйн хүч суларч, ажих чадамж, сонордох сонор цуцна, хүртэхүй, амтлахуй, үнэрлэхүй бүгд багасна. Бузрыг харахыг хичээж, хэрүүл сонсохыг хүсэмжлэх, аливаа муу мэдээллийг эрэлхийлдэг болно. Муу үнэр, муухай мэдрэмж, зодуур зовлон, гашуун нясуун амт гэх мэтэд дурлана.

Хоолойн хүрдэнд хар сүнс сууваас бүх төрлийн ааш авир нэмэгдэнэ. Хүний бүх ааш авир бодит түвшнээсээ хэд дахин өсөх, эсвэл буурдаг. Инээгээд л өнгөрөх зүйл дээр элгээ хөштөл инээх, хөөрүү зүрхний хийтэй мэт болох, гуниг шаналалд хэт хүчтэй автах, хэт дэврүүн хүлээн авах, эсвэл хэт сул үхээнц болно.

Зүрхэн хүрдэнд хар сүнс сууваас дотоод дуу алга болно. Ямарваа зүйлийг дэнслэх, өөрийгөө ч дэнслэх чадваргүй болж буруу зөвөө ялгахаа байна. Үүнийг зөн нойрсоно гэнэ. Мөн өөрөө өөрийгөө хянах чадваргүй болж өөрийнхөө алдааг ухамсарлаж дийлэхээ байна. Бусдын зүрх сэтгэлд юу хурахыг санахаа байдаг.

Наран сүлжээ хүрдэнд хар сүнс сууваас дутагдах хүчин арвидах тул дутагдлаа нөхөхын тулд ижлээ барина. Дутагдах хүчин буюу бүх төрлийн эрчмийн дутагдалд ордог тул яг тэр хэмээ олж авахын тулд маш их махасдаг. Юунд ч сэтгэл нь ханахаа байдаг. Иймээс энэ дур нь арилахгүй байсаар.

Үржихүйн хүрдэнд хар сүнс сууваас сэтгэлийн бусгаа гарч дуршилууд арвидна. Биеийн хэрэгцээнээс арвидсан дуршил үүсч саваа халин эвдэнэ. Өөрийн дааж, боловсруулж чадахаас илүүтэй идэх уух хэрэглэх гэх мэт дуршил арвидна. Өөрийнхөө ядарч байгааг мэдрэхгүйгээр суралцахад шунах, архи сархдад шунах, мансуурч донтох, чалхандаа нийцэхгүй хурьцах гэх мэт олон байдлаар илэрнэ.

Үндэс хүрдэнд хар сүнс сууваас үйлс хазайн, бүтэлгүйтэл арвидна. Яс хэврэгшиж, тамир алдрана.

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/48