Будда (тэнгэрт заларч буй)

Бодисадва

Бодьсадва гэдэг нь ямар хүнийг хэлэх вэ? гэдгийг улам нарийсган тодруулвал, амьтны тусыг хязгааргүй бүтээхээр энэ ертөнцөд залагдсан

Бурхны (орлох) хувилгаан гэж юуны өмнө тодорхойлж болох юм.

Эгэл жирийн хүмүүн төрөлхтнөөс бодьсадва хүн юугаараа ялгаатай вэ? хэмээвээс юуны өмнө оюуны чадамжийн түвшингээрээ онцгой ялгаатай байдаг.

Оюуны түвшнийг нь юугаар хэмжиж болох вэ? гэвэл түүний амьтанд туслахдаа арга мэргэн эрдэм чадлын цар хүрээгээр нь хэмжиж байгаа хэрэг юм.

Бурхны шашинд арван газрын бодьсадва гэсэн нэр томьёо буй.

Өөрөөр хэлвэл, анхдугаар газрын бодьсадва, хоёрдугаар газрын бодьсадва… гэх мэтчилэн аравдугаар газрын бодьсадва хүртэл байна гэсэн үг.

Энд “газар” гэдэг үгийг газар шороо гэсэн утгаар бус оюуны орон, сэтгэлийн замнал гэсэн утгаар хэлж байгаа учир тэгж л ойлгох ёстой.

Аливаа бодгаль бодь сэтгэлийг үүсгэхээс эхлэн энэ замналаар төрөл төрөлдөө амьтны тусыг хязгааргүй бүтээгч бодьсадва нарын хүч чадал нь энгийн бодьгалтай дүйцүүлвэл хязгааргүй бөгөөд тэд эрдэм мэдлэгээрээ ч тэр, рид хувилгаанаараа ч тэр, нэр алдраараа ч тэр, эд баялаг эрх мэдлийн сүр хүчээрээ ч тэр, ер нь бүх зүйлээрээ эгэл биднээс асар ялгамжаатай ажгуу.

Бодьсадва нарын энэхүү эрдэм, хүч чадал нь бодь сэтгэл үүсгэснээс эхлээд агуу их оюуны боловсрол хийгээд сайн үйлсэд өөрийнхөө амийг ч үл хайхран чинхүү ариун сэтгэлээр тусыг бүтээсний үр дагавар билээ.

Түүнчлэн, ийм эрдмийн оргил болсон ламын үйлс явдалд даган баяссан хэний ч болов энэ ба хойтын үйлс явдал давхар бүтэх учир тавилантай.

Бодьсадва хүний үүрэг зорилго хоёулаа амьтай болгоныг эх нь хүүгээ хайрлах мэт агуу хайраар хайрлан энхрийлэн буртагт хорвоогоос бадмын тоорцгоос мэндлэх бурхны ариун оронд төрүүлж гэгээрлийн замын хөтөч болох нь хамгийн гол зоригдол нь юм.

Эгэл хүмүүн бид бодьсадва нарыг гаднаас нь хараад онол түвшинг мэдэх аргагүй ч явдал мөрийг нь шинжиж үзээд тодорхойлж болох боловч энэ нь дутмаг юм.

Ингээд арван газрын их хөлгөний мөрөөр замнаж Хутагтын хэмжээнд хүрсэн бодьсадва тус бүрийн эрдэм чадлыг нэрийн утга гаралтай нь холбон товч тайлбарлаж болох юм.
Энд хутагтын хэмжээнд хүрээгүй бодьсадваг энэхэн ялдамд түрхэн орхиё.

1. Маш баясгалант хэмээх нэгдүгээр газрын бодьсадвагийн түвшинд хүрэх аваас “зуун” амьтны зовлонг ганц хараад мэдэх ба мөн агшин зуурт зуун амьтанд туслан үйлдэж чаддаг.
Энэхүү “Маш баясгалант” орны бодьсадва нь бодийн хутагт их ойртсон бөгөөд өөрийнх нь буянаар олон амьтны тус бүтэж буйг үзээд гайхамшигт баяр баясгаланг мэдэрч чаддаг юм.
Ийм их баяр баясгаланг үнэн сэтгэлийн угаас мэдэрч чадах тул энэ орны бодьсадва нарыг “Маш баясгалант” орны бодьсадва гэнэ.

Тэгэхээр энэхүү Маш баясгалант орны бодьсадва нар дээд тэнгэрийн ямар нэгэн оронд амьдарч байхаасаа илүүтэй энэ бидний ертөнцөд амьдрах боловч эрдмийн орон нь Маш баясгалант гэж нэрлэж байгаа юм. Энэ утгаар авч үзвэл анхдугаар газрын бодьсадва гэж энэ бидний дунд амьдарч байх боловч хамаг амьтны тусын төлөө зүтгээд түүнийхээ үр шимийг амсаад баясагч нэгэн болой гэж ойлгож болох ч бүхий л бодьсадва нар амьтны тусыг бүтээгээд агуу баясал төрдөг нь эргэлзээгүй бөгөөд анхдугаар газрын бодьсадвад ийн нэрийтсэн нь онцгой ялгамжаатай хэрэг.

2. Хиргүй хэмээх хоёрдугаар газрын бодьсадва нар “мянган” амьтны зовлонг ганц хараад мэдрэх ба агшин зуурт мянган амьтанд туслах ажгуу.

Энэ “Хиргүй” орны бодьсадва нар нь шагшаавад цалхайрсан нугуудын уналаас дээшихийг ч арилгасан тул нисванисын хиргүй гэдгээс энэ орны “Хиргүй” гэсэн нэршил үүссэн байна.
Тэгэхээр энэ газрын бодьсадва нар ертөнцийн гэмийн зарим хэсгээс эгнэгт хагацсан тул “хиргүй” гэсэн нэршлийг авчээ.

3. Гэрэлт хэмээх гуравдугаар газрын бодьсадва нар “түмэн” амьтны зовлонг ганц хараад мэдэх ба тэднийг хараад агуу их нинж сэтгэл төрж номын гэгээгээр цэнгүүлэн үйлдэх ажгуу.
Энэ орны бодьсадва нар нь шравака ба брадигабуда нарын газраас дээш гарсан дияаны цогц огоот арилсан билэг билгүүний их гэрэл гэгээний орноо орших тул орныхоо байдлаар “Гэрэлт” хэмээх нэршил олжээ.

4. Гэрэл цацрах хэмээх дөрөвдүгээр газрын бодьсадва нар “буман” амьтны тусыг нэг агшинд мэдэрч тэдэнд тусална.
Энэ орны бодьсадва нар бие, амиа үл харгалзан өөрөө ч эшийн номд бүх хүчээрээ шамдах бөгөөд бусад шавь нугуудыг номын гэгээгээр ариусган цэнгэлдэж үйлдэх учир шалтгаанаар тус бодьсадва нарын орон нь “Гэрэл цацрах” гэсэн нэрийг олжээ. Энэ орон нь хаа нэг ертөнцийн мухарт бус бодьсадвагийн сэтгэлд оршино.
Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр газар нь бодьсадва нар нь бодьсадвагийн номыг үзүүлэхийн үүднээс өөрийн хувийн нисваанисын түйтгэр ба мэдэгдхүүний түйтгэр хоёрыг шатааж үйлдэгч билгүүний гэрэл цацарсан бодь хутгийг эрхшээсэн байх ажгуу.

5. Маш судлахад бэрх хэмээх тавдугаар газрын бодьсадва нар эгшин зуур “сая” амьтны тусыг бүтээнэ.
Энэ орны бодьсадва нар нь шравака ба брадигабудда нарын газраас дээш гарсан хутагтын дөрвөн үнэнг бясалгаж, орчлон хийгээд энэ ертөнцийн зовлонгоос гарч нөгчсөн хоёуланд үл оршсон билгийг огоот арилган үйлдэхийг судлан бясалгах ажгуу. Энэ нь судлахад маш бэрх тул тэр газарт бодьсадвагийн бясалгал маш бэрх ажгуу. Ийм ч учраас энэ бэрхшээлтэйгээс нь үүдэн тус орны нэрийг “Маш судлахад бэрх” хэмээн нэршжээ.

6. Илтэд үзэгч хэмээх зургаадугаар газрын газрын бодьсадва нар “живаа” амьтанд агшин зуур тусална.
Энэ нь билгийн чанад хүрсэнд шүтэж, орчлон ба нирваан хоёуланд нь үл орших бөгөөд билэг үгүйд өөрөө аяндаа орхуй билэг билэгт олонтой орших бөгөөд бүхнийг илтэд болгоосон тул “Илтэд үзэгч” буюу “тодорхой үзэгч” хэмээн нэрлэгджээ.

7. Холд одогч хэмээх долоодугаар газрын бодьсадва нар “дүнчүүр” амьтны зовлонг мэдэж агшин зуурт төдийчинээ амьтанд тусалж чадах ажээ.
Энэ нь Билэг үгүйд зорчих нэгэнд болсон зам лугаа ойртсон бөгөөд шравака, брадигабудда нарын газраас холд хүрсэн тул “Холд одогч” хэмээн нэрлэгджээ. Холд одохуй орны бодьсадва нар мөрийг өнө удаан бясалгасанд шүтэж, билэг, хичээхүй сэлтийн мөрийн туйл лугаа нэгэн зорчилт мөр хоёрыг барилдуулсны учир шалтгаанаар тийн өгүүлсэн болой.

8. Үл хөдлөх хэмээх наймдугаар газар нь билэг, хуран мэдэл хийгээд билэг үгүйд хичээхүй хуран мэдэл хоёулангаар нь хөдөлгөж үл чадах тул Үл хөдөлхүй гэнэ.

9. Сайн оюут хэмээх есдүгээр газар нь энэхүү орны эрдэмд тус тус үнэхээр гүн утгыг ухаж танин мэдэхүйг сайтар олсны тул оюун ухааны чадвараар бусдаас үлэмж хэтэрсэн тул Сайн оюунт гэнэ.

10. Номын үүл хэмээх аравдугаар, дээрх гурван газрын бодьсадва нар нь “хэмжээ хязгааргүй” олон амьтанд тусалж, цаглашгүй олон хувилж, хаа хамаагүй хүссэн газартаа агшин зуурт хүрч чаддаг. Мөн үүнд Аравдугаар газар нь тогтоол ба дияан бүхэнд ч үүл лүгээ адил үйлчлэн түгсэн бөгөөд сонсохуй ном огторгуй лугаа адилд үйлчлэн түгсэн тул Номын үүл гэнэ. Үлгэрлэвээс: Огторгуйд хурын үүл хуралдаж аадар бороо асгаран орсноос өвс ургамал, ургац ногоо, зүйл бүрийн цэцэг дэлгэрэхтэй адил аравдугаар газрын бодьсадвагийн үйлс бүтээл, энэрэхүй сайхан хайр, дотоод сэтгэлийн үзэсгэлэн гоо нь хамаг амьтны тусыг хязгааргүй бүтээх агуу увдистай ажгуу. Аравдугаар газрын бодьсадва нарын хувьд амьтанд туслах талаар хамгийн дээд чадвартайд тооцогдох ба хүссэн бүхэнд шууд өглөгөөр болон аливаа амьтан бүхэнд номын өглөгөөр тусыг бүтээнэ. Мөн энэ насны хэрэгцээг төдийгүй хойд насны аз жаргалыг давхар бүтээнэ.

Ийм ч учраас сүүлчийн гурван газрыг Арилсан (Нүгэл хилэнцээс арилсан) гурван орон буюу “Бурхны газар” гэж хэлэх явдал ч бий. Харин эхний долоог нь Арилаагүй долоон орон гэдэг. Бурхан бүхний мэлмийн хараа Арилсан орны зүгт хандсан байдаг нь нүглээс ангижирсан ариун дагшин оронд тэд асар их хүсэл эрмэлзлэлээр тэмүүлж байгаагаас тэр бүлгээ. Бурхдын хүсэл тэмүүлэл гэдэг бол ертөнцийн шуналын буртгаас хагацсан жинхэнэ төгс төгөлдөр оюунлаг билгүүнийг эзэмшихийг зорьсон тэмүүлэл буюу.

Мөн бодьсадва нар арван зүйлийн эрх мэдлийг эрхшээсэн байдаг тухай өгүүлье. Үүнд,

1. Насны эрхтэй. Үүний тулд бодьсадва нар хүссэнээрээ урт насалж чадна. Өөрөөр хэлбэл энэ төрөлдөө амьтны тусыг бүтээх үйлсээ дуусгаагүй байна гэж үзвэл насаа уртасгаж чаддаг явдал юм.

2. Сэтгэлийн эрхтэй. Бодь сэтгэлийг эрхшээж хамаг амьтнаа тусалж чаддаг.

3. Эдийн эрхтэй. Эд хөрөнгө санасан хүслээр нь заяадаг.

4. Үйлэнд эрхтэй. Үйлс явдлыг гайхамшигтай бүтээдэг.

5. Төрөлд эрхтэй. Хувилгаанаар дахин дахин төрөл авдаг.

6. Номонд эрхтэй. Бурхны сургаалыг эзэмшээд улмаар амьдралын явдал мөр болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, сонсох, санах, бясалгах гурван эрдэмд төгөлдөржсөн байдаг.

7. Ерөөлд эрхтэй. Хамаг амьтны тусын тулд судар, тарнийн уншлага номонд хамаг амьтанд зориулга ерөөл тавих ба түүний бүхий л зориулга ерөөл нь биелдэг.

8. Рид хувилгаанд эрхтэй. Ид шид, рид хувилгааныг үзүүлж чаддаг. Ид шид хэмээгч нь нүдэнд үзэгдэх илт байхаасаа ихэнх нь эглийн нүдэнд үзэгдэхгүй хирнээ бусдад гайхамшигт тусыг бүтээх явдал ч байж болохыг энд тодруулж болох юм.

9. Бишрэлд эрхтэй. Гүн сүсэг бишрэлтэй байх ба гүн сүсгийн хүчээр амьтны тусыг төдий чинээ бүтээдэг. Агуу гүн бишрэл, сүсэг дээр бурхны шашин оршин тогтнох ба энэ хүчийг эрхшээх нь бодьсадва нарын гол эрдмийн нэг болох нь ойлгомжтой.

10. Билэг билэг буюу бурхны билгүүн ухааныг бүрэн төгс эзэмшиж гэгээрэлд хүрсэн байна. Энэ бол хамгийн гол зүйл бөгөөд бурхны билгүүн ухааныг эзэмшинэ гэдэг нь гэгэээрэлд хүрсний нэг баталгаа билээ.