Будда шавь нартайгаа

Будда – Хаадын хаан олон ангит уран сайхны кино

Буддын шашинт улсын хувьд иргэд нь, тэр тусмаа сүсэгтнүүд нь шашныг үүсгэн бий болгосон эрхэм хүнийхээ түүх намтрыг мэдэхгүй байх нь ичгэвтэр хэрэг билээ. 2013 онд B. K. Modi продюсерлэж бүтээгдэн Энэтхэгийн Zee, Doodarshan тв-үүдээр анх гарч эхэлсэн “Будда – Хаадын хаан” 55 ангит түүхэн киног монгол хадмал орчуулгатайгаар хүргэж байна.
Есүс, Мохаммед, Күнзийн намтрыг барагцаалж, хэлсэн үгийг нь цээжилсэн, гэртээ бурхан залчихсан, гандан орж заслаа хийлгэдэг, даллага авхуулдаг, эрхи барьж, тарни уншдаг мөртөө шашныхаа тэргүүний намтрыг мэддэггүй “буддистууд” зөвхөн Монголд л байна.
Эхнэр нөхрийн хайр дурлал, эцэг эх, ах дүүгийн халамж, анд нөхдийн андгай тангараг ямар байх ёстой, утга төгөлдөр амьдрал, утга төгөлдөр үхэл гэж юу болохыг энэ киноноос харж болно.

Будда кинон дээр гарах түүхэн хүмүүс, газар ус, холбоотой нэрс

Абитодана – Шуддодана хааны дүү, Вибаваригийн нөхөр, Ананд, Маханаам, Анирудда нарын аав

Ажатшатру – Магада улсын Бимбисара хааны хүү

Алара Калам – Бурхан багшийн веда бясалгалын багш

Аллакаппа – Баллиа улсын хаан

Аматья – Капилавастугийн сайд

Амита – Шуддодана хааны нутгийн дүү, Колиагийн Дандапани хааны хатан, Яшодарагийн ээж

Амра – Амрапалигийн энхрий нэр

Амраван – Амрапалигийн ордон буй газрын нэр

Амрапали – Магадагийн хаан Бимбисарагийн бүжигчин

Анатпиндика – Буддад бясалгал хийхэд зориулж бүхэл ойг худалдан авч өгч бэлэглэсэн өглөгийн эзэн

Ангулимала – Алуурчин байгаад ухаарч Ахинсак нэртэй Буддагийн хувраг болсон

Андрадомук – хувраг

Анирудд – Шуддодана хааны дүү Абитодана ханы хүү, Сиддхартын үеэл дүү

Анирудд – Бурхан багшийн анхны таван шавийн нэг, Бурхан багшийн үеэлтэй амьдаа

Анома – голын нэр

Аряак – Шуддодана хааны туршуул

Асит – Арш

Астаги – Санжай багшийн шавь

Ахинсак – Ангулималагийн сахилын нэр (хүч үл хэрэглэх гэсэн утгатай үгээс гаралтай)

Ашвамед – Морь гүйлгэн дайн зарлах зан үйл

Ашвапал – Сиддхартын зэвсгийн эрдмийн багш

Бадрика – Бурхан багшийн анхны таван шавийн нэг

Балдев – Урмилагийн сүйт залуу, Кошал улсын албат

Баллиа – Улсын нэр

Бандул – Кошал улсын жанжин

Бхарата – Эртний Энэтхэгийн нэр

Баргава – Даяанч

Бимбисара – Магада улсын хаан

Бупендра Кумар Моди – Киноны продюсерийн нэр

Бурхан багш – “Будда” гэдэг үгийн монгол дуудлага

Вайдэхи – Бимбисара хааны хатан, Прасаннажит хааны эгч

Валлаб – Ажатшатру хааны олзлогдсон үеийн нууц нэр

Валмики – Эртний мэргэн

Вачаспати – Ордны тайлгач, төлгөч

Веда – Буддаг сургаал айлдах үед Энэтхэгт ноёлж байсан шашны ерөнхий нэр

Велуван – ойт цэцэрлэгийн нэр

Ветадипа – улсын нэр

Виба – Вибавари хатны энхрий нэр

Вибавари – Абитодана ханы хатан, Ананд, Маханаам, Анирудда нарын ээж, Пражапатийн хүү Нандыг өсгөсөн өрлөг эх

Вижи – Кошалын хилийн тосгон

Вопа, Асажи – Бурхан багшийн анхны таван шавийн хоёр

Гандхар – Энэтхэгийн баруун хойд нутаг, одоогийн Кашмир, Афганистаны ойролцоо

Гаумух – хувраг

Гаури – Худалдаачин

Гауринандан – Гауригийн бүтэн нэр

Гаутам – Сиддхартын овог, ургийн нэр

Гаяасис – Гаяа ой

Гопа – Яшодарагийн хоч нэр

Гопал – Зарц Лаушикагийн сүйт залуу

Дангашри – уулын нэр

Дандапани – Колиагийн хаан, Яшодарагийн аав, Амитагийн нөхөр

Даруун – ядуу хүү

Дев – Девадатын энхрий нэр

Девадат – Шуддодана хааны дүү Дроноданагийн хүү, Сиддхартын үеэл ах, Буддад хорлол хийн тамд унасан ч түүнийг хожим гэгээрнэ гэж зөгнөсөн

Девдаха – Махамаяа, Пражапати хатдын төрхөм

Дрона – бярман

Дронодана – Шуддодана хааны дүү, Мангалагийн нөхөр, Девадатын аав

Жамбудвип – Замбуутив, Энэтхэгийн хойг

Жаталека, Балагупта, Пурна – Бодьгаяа хавийн хүүхдүүд

Жета – ойт цэцэрлэгийн нэр

Жетавана – Жета ойн бүтэн нэр

Живак – эмч, Бимбисара хаан, Амрапали нарын хүү

Ида Нади, Сурьяа нади, Пингала Нади, Чандра Нади – биеийн судлын нэрс

Иравати – голын нэр

Камука – Дронадан, Мангала нарын зарц

Канна – Чаннаг зарим газар ингэж дуудсан байна

Кантак – Сиддхартын хөлөг морь

Канчани – Дууч эм, зарим газар Канчини гэж дуудсан байгаа

Капилавасту – Шуддодана хааны захирдаг хот улс

Карник – цэрэг

Каст – Энэтхэгийн язгуурт хуваах уламжлал

Каукалик – хувраг

Каундиня – Сиддхартын бичгийн эрдмийн багш Каундиняагийн нэг нэр

Каушамби – Хотын нэр

Каши – Хотын нэр

Кедар – Хувраг

Кичака – Шакьяа нарын нэг хан

Колиа – Дандапани хааны овог, улсын нэр

Кондил – Сиддхартын бичгийн эрдмийн багш Каундиняагийн нэг нэр

Кошал – Махакошал, түүний хүү Прасаннажит хаадын улс

Кошамби – Бурхан багшийн аглаг хийдийн нэр

Кунд – Бимбисара хааны түшмэл

Кунж – Яшодарагийн зааны нэр

Кушал – Ядуу тариачин

Кушинара – Бурхан багшийн нирваан дүр үзүүлсэн газар

Лаушика – Сиддхартын асрагч, ордны зарц

Личчави – Вайшали улсын хаан

Лүмбини – Сиддхартын төрсөн газрын нэр

Магада – Бимбисара хааны эзэмшлийн улс

Мангала – Шуддодана хааны дүү Дроноданагийн эхнэр, Девадатын ээж

Манжарика – Ордны шивэгчин

Махавира – Даяанч, Жайны шашныг үндэслэгч

Махакашяп – Даяанч байгаад Буддагийн шавь болсон

Махакошал – Кошал улсын хаан, Прасаннажитын эцэг

Махамаяа – Шуддодана хааны их хатан, Сиддхартын төрсөн ээж

Маханаам – Абитодана ханы хүү, хожим Капилавастугийн хаан болсон

Махи – 1. Ордонд нэвтэрсэн албат. 2. Голын нэр

Маяа – Махамаяа их хатны энхрий нэр

Моглаана – Бурхан багшийн шадар шавь

Мохини – Ордны цэнгэлийн ордны ахлагч

Нанд – Пражапати хатны хүү, Сиддхартын үеэл дүү, Вибавари хатан өсгөсөн, Буддагийн шавь болсон

Нардат – Асита аршийн шавь

Неру – Яшодарагийн шивэгчин

Нягрода – ойт цэцэрлэгийн нэр

Пактан – Арш

Питора – Шакьягийн холбооны улсын нэг

Пража – Пражапати хатны энхрий нэр

Пражапати – Шуддодана хааны бага хатан, Махамая хатны дүү, Сиддхартын өрлөг эх

Пракрити – Анандад дурласан охин

Прасаннажит – Кошал улсын хаан, Маахакоошал хааны хүү

Праяаттапутта – хувраг

Ражгрих – Магадагийн хот

Рамаграма – Хотын нэр

Раху – Сар

Рахули – Сиддхарт, Яшодара нарын хүү

Рохини – 1. голын нэр. 2. Мангалагийн ах Таподана хааны гүнж

Сандипани – Эртний мэргэн

Санжай – Даяанч

Санхя – гүн ухааны урсгал

Сараюу – голын нэр

Свасти – Буддаг гэгээрэхийн өмнө түүнд гүш өвсөөр суудал зассан үхэрчин хүү

Сиддхарт – Бурхан багшийн багын нэр

Сонаданда – Буддатай мэтгэлцээн хийсэн бярманы багш

Субадра – Бурхан багшийн хамгийн сүүлд шавиа болгосон бярман

Суда – хувраг эмэгтэй

Судат – Бурхан багшийн дагалдагч

Сужата – Бурхан багшийг сувилсан охин

Суряа – Шуддодана хааны тэргэч, хөтөч

Сушант – Ордны оточ

Сүнийт – цэвэрлэгч зарц байгаад хувраг болсон

Такшашила – Баруун хойд Энэтхэгт орших их сургуулийн нэр

Таподана – Шакьягийн холбооны улсын нэг Питора улсын хаан, Мангалагийн ах

Трияа – бэлгэдлийн мод

Уддака Рамапутра – Бурхан багшийн веда бясалгалын багш

Упали – Ордны зарц байгаад Буддагийн шадар шавь болсон

Урмила – Дууч эм, Балдевийн сүйт бүсгүй

Урувела – ойн нэр

Хенна – арилдаг шивээс

Чандрапад – хувраг

Чанна – Суряа хөтчийн хүү, Сиддхартын хөтөч, тэргэч, найз

Чаузар – Тоглоомын нэр

Шакья – Сиддхартын омгийн нэр, Шагжаа ч гэдэг

Шакьямүни – Шакьягийн чадагч гэсэн утга бүхий Бурхан багшийн алдар

Шаля – цэрэг

Шарипутра – Бурхан багшийн шадар шавь

Шравасти – Кошал улсын нийслэл

Шуддодана – Сиддхартын эцэг

Шудра – доод каст (бузартсан гэсэн утгатай)

Яаду – Амрапалигийн зарц

Ямуна – мөрний нэр

Яш – Амиа хорлох гэж яваад аврагдаж хувраг болсон баяны хүү

Яшо – Яшодарагийн энхрий нэр

Яшодара – Сиддхартын эхнэр, Гопагийн албан ёсны нэр

“Бурхан багш” уран сайхны кино MNB телевизийн дэлгэцнээ. 1-р хэсэг.

“Бурхан багш” уран сайхны кино MNB телевизийн дэлгэцнээ. 2-р хэсэг.

1, 2-р анги

3, 4-р анги

5, 6-р анги

7, 8-р анги

https://fb.watch/41NShC5K0n/

9, 10-р анги

11, 12-р анги

13, 14-р анги

https://fb.watch/41NHJcvFS1/

15, 16-р анги

17, 18-р анги

19, 20-р анги

https://fb.watch/41NAPWJ5-e/

21, 22-р анги

https://fb.watch/41NxybUjOC/

23, 24-р анги

Кинонд гарч байгаа энэтхэгийн хаадын улс төрийн зорилгоор гүнжээ бусад улсын хаад, ханхүүтэй гэрлүүлдэг нь Хүннү болон Чингисийн эзэнт гүрний үеийнхтэй төстэй юм. Энд гарч байгаа шинэ хүүхдийн угаалгын баяр (бүр яг угаах гэсэн үгээрээ байгаа) гэдэг зүйл өөр ямар ямар үндэстэнд байдаг бол? Дээр дурдаж байсан хүүхдийн нүүрийг хөөдөх, 3 насанд нь даахь үргээх (дахи гэдэг үгээрээ одоо ч энэтхэгт байгаа), эхний ангиудад гарсан сорилго дээр манай эрийн 3 наадам утгаараа явж байсан, бас морины соёл, (буддизмын судруудад бол Будда эмнэг морь сургаж номхруулдаг) гэх мэт нь тохиолдол, давхцал уу, эсвэл …? Энэтхэгийн орчин үеийн зарим эрдэмтэд Төв Азийн тэгш өндөрлөгөөс Төвөдөөр дамжин, Балбын нутгаар (Одоо ч Балбад монгол угсаатнууд амьдардаг бөгөөд Будда Энэтхэг, Балбын хил орчимд төрсөн) Энэтхэгийн хойг руу нүүдэллэн ирсэн үндэстний тухай бичдэг. Үнэн худлыг бүү мэд. Та нарын санаа бодол ямар байна?

23, 24-р анги

https://fb.watch/41NukSCvpU/

25, 26-р анги

Энэ кино цуврал эхлэх бүрд “Suno, suno Siddhant katha” буюу “Сиддхартын түүхийг сонс, сонс” гэж дууны үгэнд нь гардаг. Хинди хэлээр “katha” гэдэг үг бол монгол хэлний “цадиг” гэсэн үг юм. Энэтхэгийн номын санскрит хэлний “чатака” гэдэг үг эрт үед монгол хэлэнд ороод “цадиг түүх” болсон нь хинди хэлнээ өдгөө ингэж дуудагддаг болж. Индо-евро язгуурын айд багтах хинди хэл, алтай язгуурын монгол хэл адилхан байх ёсгүй биш билээ. Учир нь бүх хэл угт нь тултал судлах юм бол нэг л хэлнээс үүсэж, салбарлан хөгжсөөр дэлхийн олон хэлүүд үүсжээ, учир нь хүн төрөлхтөн нэг л газар үүсэж, дэлхий даяар тарсан. Бидний мэддэг хэдэн хэлэнд жишээ авахад:

Англи “My” “me” “mine”

Орос “Мы” “мне” “мой” “ты” “твой”

Монгол “Миний” “маниус” “минь”, “чинь”

“Аав”, “ээж” гэдэг үгийг бол бараг бүх хэл төстэй хэлнэ.

Энэтхэг-европын хэлнүүдэд “father”, “mother” “mom”, “папа”, “мама”, хятад, төвөд хэлэнд “ма”, “па”, монгол хэлэнд “аав”, “ээж” (“мээм” гэдэг үгээс хувьссаар ийм болсон)

Сонирхолтой нь энэ анги дээр хинди хэлээр “Аав” гэдэг үгийг монгол хүн дуудаж байгаа юм шиг санагдтал адилхан хэлнэ. Одоогийн араб хэлэнд аавыг “алабу”, “абу” гэж дууддаг. Монгол бичгээр “аав” гэдэг үгийг “абу” гэж галиглан бичнэ. Ярианы хэл дээр тулгуурлаж бичгийн хэлийг анх боловсруулдаг учир монгол бичгийг анх хэрэглэж эхэлж байх үед бид “абу” гэж аавыгаа дууддаг байсан гэсэн үг.

Киноныхоо дууны үг рүү дахиад оръё. “Suno” нь (англи хэлний sound, song язгуур нэг) “сонс” гэж монгол үгтэй төстэй утгатай, дээр нь дуудлага төсөөтэй байгаа нь зүгээр тохиолдол байж магадгүй л дээ. Гэхдээ бүх хэл эрт үед нэг л хэлнээс үүссэнийг бид мэднэ. Монгол бичгээр “сонс” гэдэг үгийг “сонус” гэж бичдэг. “Сонор” гэдэг үг мөн “сону” язгууртай. Төрөл бус хэлнүүд төлөөний үг болон үйл үгийг бие биенээсээ зээлддэггүйг бодвол “сонс” гэдэг үйл үг “suno” гэдэг хинди үгтэй хэрхэн холбогдохыг судалж үзэх нь сонирхолтой байж болно.

Эдгээр нь Жавхлан, Бат-Отгоны “монгол суу ухаан”-аас бол арай өөр шүү хаха. Тэрнийг чинь “false etymology” гэдэг. Жишээ нь: Бурхан = БУРдаг ХАаН, Чинээлэг = ЧИН ЭЛЭГ, Улс төр = УуЛ уС Түмний Үр Сад, Авгай = ав + гай, Маргааш = Марга-Ааш, Ардчилал = АРД ЧИЛээж АЛ гэх мэт.

Үгийн гарлыг хэл шинжлэлийн үүднээс бус зүгээр л харагдах байдал, төсөөлснөөрөө ингэж тайлбарлаж болохгүй л дээ.

25, 26-р анги

27, 28-р анги

Одоо л нэг юм Сиддхарт гэрээс гарав.

27, 28-р анги

https://fb.watch/41NpsXGhRP/

29, 30-р анги

Бүхнийгээ золиосолсон хүн л бүхнийг олж авна.
Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ. ~ Далай лам
Бурхан багш Шагжа овгийн хааны гэрт ханхүүгийн дүрийг олон мэндэлж, хожим нь ордноо орхин явж, өөрийн биеийг хатамжлан зовоож, дараа нь гэгээрч, ард түмэнд сургаалаа номлож, эцэст нь амьсгал хурааж, ингэснээр үхлийн мөн чанарыг хүмүүст үзүүлсэн юм. Хүмүүсийн төөрөгдөл зах хязгааргүй, Бурхан багшийн ариун үйл хэрэг ч эцэс төгсгөлгүй бүлгээ. Хүмүүсийн нүгэл хилэнцэд хил хязгаар үгүй бол, Бурхан багшийн нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэлд бас хил хязгаар үгүй. Учир иймээс гэгээрэх зам мөрд орохдоо Бурхан багш дөрвөн их тангараг өргөжээ. Нэгдүгээрт, бүх хүнийг аварна, хоёрдугаарт, бүх төөрөгдлийг устгана, гуравдугаарт, бүх ном сургаалыг үзэж судална, дөрөвдүгээрт, заавал гэгээрнэ. Энэхүү дөрвөн их тангаргийг өргөж Бурхан багш Өөрийн гэгээрэх замыг эхэлжээ. Замын эхэнд энэ дөрвөн тангаргийг өргөсний учир нь Бурхан багшийн сэтгэл бол дээд зэргийн нигүүлсэнгүй, энэрэнгүй, хүмүүсийг өрөвдөн хайрлаж, аврахын элгэн халуун хүслэн гэдэгт л оршино.

29, 30-р анги

31, 32-р анги

3000 жилийн өмнө Энэтхэгт Самкяа гүн ухаан гарч ирсэн. Үүний хүрээнд нэг нь Бүтээгч тэнгэрт итгэдэг, нөгөө нь Бүтээгч тэнгэр байхгүй гэж үздэг хоёр урсгал бий болсон. Сүүлийн урсгал нь харин бүтээгч тэнгэрийн оронд анхдагч матери, пракрти, болон танин мэдэж болох хорин таван төрлийн үзэгдлийн тухай ярьж байсан. Тэд анхдагч материйг хувиршгүй ба үүсгэгч мөн гэж үзэж байсан. Тэгэхээр Бурхан багшаас өмнө, бүтээгч Эзэн тэнгэр байхгүй гэсэн үзлүүд аль хэдий нь байсан байна.
Ингээд бараг 2600 жилийн өмнө Будда (Бурхан багш) болон Жайнизмийг үндэслэгч Махавира нар гарч ирсэн. Тэд хоёулаа Эзэн тэнгэр гэж дурдаагүй, харин түүний оронд энгийн шалтгаан ба үр дагаварыг онцолж байсан. Самкяагийн хоёр хэлбэрийн нэг болон Жайнизм, Бурханы шашин нь бүтээгч байхгүй гэж үздэг шашны хэлбэрүүд юм.
Бүтээгч байхгүй гэж үздэг шашнуудын дотроос Бурханы шашин нь бүх зүйл өөрийн шалтгаан, нөхцлөөс үүсдэг. Иймд шалтгаан, үр дагаварын шинж чанаруудын нэг нь өөрчлөгдөж хувирах байдал гэж үздэг. Юмс хэзээ ч хувиршгүй, нэг хэвээрээ байдаггүй. Тийм учраас “Би” гэдгийн суурь бие, сэтгэл нь илэрхий цаг үргэлж өөрчлөгдөж байдаг ба “Би” нь тэр сууриасаа хамааралтай учраас тэдэнтэй адил шинж чанартай байх ёстой. Өөрчлөгддөггүй, тогтмол байх боломжгүй. Хэрэв суурь нь өөрчлөгддөг бол түүнээс хамааралтай зүйл бас өөрчлөгддөг байх ёстой. Тийм учраас өөрчлөгддөггүй, тогтмол сүнс – “анатман” гэж байхгүй. Энэ бол Бурханы шашны бүх зүйл харилцан хамааралтай, холбоотой байдаг гэдэг онцгой ойлголт юм. Бүтээгч байхгүй гэж үздэг эдгээр гурван шашны дотроос хоёр нь шалтгаант чанарыг хүлээн зөвшөөрдөг боловч мөнх, хувиршгүй би – сүнс байна гэж үздэг.
31, 32-р анги

Будда 33-р анги

Сэтгэл санаагаа ариусгах

Хүн нь төөрөгдөл, зовлон зүдүүрийн эх булаг болсон хорвоогийн шунал тачаалын эрхшээлд оршмуй. Тэдгээрийн эрхшээлээс ангижрах таван арга буй. Нэгдүгээрт, эд юмсыг үнэн зөв харах, учир шалтгааны хуулийг ухааран мэдэх явдал болой. Бүх зовлон зүдүүрийн эх булаг нь сэтгэлийг эзэмдэх хорвоогийн шунал тачаал мөнийг мэдэж, түүнийг устгаж арилгавал зовлон зүдүүрээс сая ангижирна.
Хүн эд юмсыг буруу үзэж харах тул, өөрийнхөө “Би”-г оршдог хэмээн бодож, учир шалтгааны хуулийг үл хэрэгсэнэ. Ийм буруу ташаа ухаарал, шунал тачаалын шалтгаан болж, хүн төөрөлдөж, зовж зүдэрнэ. Хоёрдугаарт, хүслээ хазаарласнаар хорвоогийн шунал тачаалыг номхотгоно. Нүд, чих, хамар, хэл, бие хийгээд бодол санааны нөлөөгөөр үүсдэг хүслийг эрүүл ухаанаар дарж шунал тачаалын үндсийг тас цавчих хэрэгтэй.
Гуравдугаарт, эд юмсыг хэрэглэхдээ “тэдгээрийг хэрхэн ашиглах тухай зөв ойлгож төсөөлөх учиртай. Өөрийнхөө зугаа цэнгэлийг л бодож хувцас хунар өмсөж, хоол унд идэж ууж болохгүй. Хувцас хунар бол нүцгэн биеийг бусдын нүднээс далдлах, халуун, хүйтнээс хамгаалах зориулалттай. Хоол хүнс нь Бурхан багшийн сургаалыг дагаж буй хүний бие махбодыг тэжээхэд зориулагдана. Эд юмст хүн ингэж зөв хандвал шунал тачаал санаа сэтгэлд нь буй болохгүй. Дөрөвдүгээрт, бүх юманд тэвчээр хэрэгтэй. Халах хөрөх, өлсөх цангахыг тэвчиж, доромжлол, гүтгэлгийг хүлцэж чадвал хүнийг шатаадаг шунал тачаалын гал үл асна.
Тавдугаарт, аюулт дур сонирхлоос холхон байвал зохино. Ухаантай хүн эмнэг морь, эсвэл галзуу нохойд үл ойртох адил, осолтой газраас холхон байж, муу нөхдөөс зайлсхийх ёстой. Тэгвэл шунал тачаалын дөл бөхнө.
Ертөнцөд таван хүсэл буй. Тэдгээр нь, хүний нүд аятайхан хэлбэр галбирыг олж харах, чих аятайхан ая дууг сонсох, хамар аятайхан анхилууныг үнэрлэх, аятайхан амтнаас арааны шүлс асгарах, гар аятайхан юмыг мэдрэхэд буй болно. Олон хүн биеийн эдгээр хүсэлд автаж, хожмын үр дагаврыг үл бодон зугаа цэнгэлд умбадаг. Тэд ойн буга гөрөөчний зангуунд өртөх лүгээ адил шуламсын эрхэнд орох бүлгээ. Үнэхээр эдгээр таван хүсэл нь хавх, зангуу лугаа адил юм. Хүн тэдгээрт баригдмагц сэтгэлд нь шунал тачаал төрж, зовж зүдэрч эхэлнэ. Эдгээр хүслээс болж гай гамшигтай тулгарвал, хавхнаасаа мултрах аргыг эрэх хэрэгтэй.
Хавхнаас гарах нэг бус арга буй. Тухайлбал, могой, матар, шувуу, нохой, үнэг, сармагчин буюу зан авираараа эвлэрэх аргагүй зургаан амьтныг барьж, бат бэх уяагаар холбон, хоёр үзүүрийг нь зангидаж тавья. Зургаан амьтан өөр өөрийн төрөлх чанартай хөтлөгдөн үүр үүр рүүгээ зүтгэнэ. Могой уул толгод руу, матар ус уруу, шувуу тэнгэр үрүү, нохой тосгон уруу, үнэг эзгүй тал уруу, сармагчин ой мод уруу тэмүүлнэ. Амьтан бүр өөрийн зүг рүү зүтгэж, тэднээс хамгийн чадалтай нь дийлж, бусдыгаа үүр рүүгээ чирэн одно. Үүнтэй адил хүн нүд харж, чих сонсож, хамар үнэрлэж, хэл амталж, арьс мэдэрч, сэтгэл хүсэж буй юмныхаа эрхшээлд орно. Эдгээрээс хамгийн хүчтэй нь дийлж, хүн тэр хүслийн эрхшээлд бүрэн автана. Хэрэв нөгөө зургаан амьтныг тус тусад нь газар лав суулгасан баганаас чанга уявал эхлээд амьтан бүхэн өөрийн үүр үрүү тэмүүлнэ. Удалгүй ядран сульдаж тус тусын баганын дэргэд хэвтэнэ. Үүнтэй адил санаа сэтгэлээ барьж, удирдаж чадвал, бусад таван хүсэл нь хүний сэтгэлийг уруу татаж дийлэхгүй. Сэтгэлээ захирч чадсан хүн өнөөдөр, маргаашийн алинд ч зол жаргалтай амьдарна.
Хүмүүс хүслийн галд шатаж, алдар нэрийн хойноос хөөцөлдөнө. Тэд, асаахад уугин шатсаар алга болдог хүж лүгээ адил бүлгээ. Хэрэв Бурхан багшийн сургаалыг мартан нэр алдар, гавьяа шагналын хойноос хөөцөлдвөл хүний бие махбод үхэх мөхөхийн аюулд унаж, санаа сэтгэл гэмшин зовж шанална.
Нэр алдар, эд баялаг, гоё чамин юмны хойноос хөөцөлдөж буй хүн зөгийн бал түрхсэн хурц иртэй илдийг долоож буй хүүхэдтэй адил юм. Амтат балыг долоож байгаад хэлээ зүсэж болзошгүй. Хүсэлдээ автаж, ханахыг үл мэдэх хүн нь асаасан бамбарыг салхины эсрэг барьж яваа этгээдтэй адил юм. Тэрбээр өөрийн гар, бие юүгээн түлж шатаана. Шунаж хүсэх, үзэн ядах, мунхаг харанхуйн гурван хоронд идэгдсэн өөрийн сэтгэлд итгэж үл болно. Мөн сэтгэлээ дур зоргоор нь сул тавьж үл болно. Санаа сэтгэлээ хазаарлан барьж, хүсэл шуналдаа автахгүй байхыг хичээвээс зохино.
Гэгээрэхийг хүсэж буй хүн хүслийн галаас зайлсхийх ёстой. Хуурай өвс үүрч яваа хүн талын түймрээс зугтахтай адил, гэгээрэхийг тэмүүлж буй хүн хүслийн галаас хол байх учиртай. Хурц гоё өнгийн юм харчихаад санаа сэтгэл нь шохоорхохоос сэрэмжилж нүдээ ухан авч хаяхыг хүсэх хүн тэнэг. Энд хамгийн гол нь сэтгэл юм. Сэтгэлээ засаж чадвал түүнд захирагддаг нүдний гэм арилна. Бурхан багшийн сургаалыг дагахад хэцүү. Гэвч гэгээрэхийг хүсэх сэтгэлгүй амьдрах бүр ч хэцүү. Гэгээрлийг хүсдэггүй хүн энэ ертөнцөд төрөөд өтлөх, өвдөх, үхэхийн эцэс төгсгөлгүй зовлонд унана. Бурхан багшийн сургаалыг дагагч хүн гүн гүнзгий шавар шавхай дундуур зоон дээрээ хүнд ачаа үүрээд гэлдэрч буй үхрээс үлгэр авах хэрэгтэй. Тэр үхэр зогсохыг мэдэхгүй урагшаа зүтгэнэ. Гагцхүү шавар шавхай өнгөрсний дараа саатаж амардаг. Хүслийн шавар шавхай бүр хэцүү ч, гэгээрэх зам мөрийг зөв сэтгэлтэй дагавал түүнийг туулсны дараа зовлон зүдүүр дуусаж, хөнгөрч амарна.
Энэ анги дээр:
Хүсэл, тачаал, шунал
Та гурав ердөө л
Хүлэгдсэн биеийн цуурай төдий.
Биеэ энхрийлэхээ больчихвол
Хад мөргөж замхран одно.
Үлгэрлэвээс мэдлэгтэй болмогц мунхаг арилах лугаа адилаар
Хүн мэдлэгийг эрхшээх цагт
Хүсэл, шунал, тачаал
Хөсөр хаягдан алга болох болно хэмээн Бурхан багш төгс гэгээрсэн бурхны хутгыг олох арга замыг бидэнд харууллаа.

Будда 34-р анги

БУДДА ГЭГЭЭРЭВ
Бодисатва бээр шинийн 1-нээс шинийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Няранзана голын эрэг дэх модны сүүдэрт гүн бясалгалд оржээ. Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв. Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодисатва бие цогцсоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрээр модны доор хажуулан, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут Бодисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув.
  1. Эхний зүүд: Бодисатва бээр өөрийн агуу том биеийг харжээ. Тэрээр Энэтхэг орныг бүхэлд нь бүрхэн хэвтэж, нарнаас хамгаалах шүхэр мэт харагдана. Хималайн уулсыг дэр болгон дэрлэж, бойв нь өмнөд Энэтхэгийн Ганнякумарид хүрч, Энэтхэгийн далайд угаагдаж байлаа. Баруун мутар нь Арабын тэнгист, зүүн мутар нь Бенгалийн далайд хүрч, түүний гар хурууг угаах ажгуу. Энэ зүүд нь тооцоолшгүй олон галавын өмнө Дивангар бурхан бээр даяанч Сумедад “Чи заавал Бурхан болон гэгээрнэ” гэсэн лүндэн биеллээ олох цаг болсныг зөгнөжээ. Түүний олон амьтанд аз жаргалыг хайрлагч сургаал, номлолын нөлөө бүх л Энэтхэг орноор түгж, өмнөд, дорнод далай хийгээд Хималайн уулын замаар ертөнц даяар түгэн дэлгэрэх болно гэсэн утгыг энэ зүүд агуулжээ.
  2. Хоёр дахь зүүд: Бодисатва бээр түүний хүйснээс өчүүхэн үр соёолж, харсаар байтал удаж тздэлгүй нэг тохой, нэг алд, нэг бээр болон маш хурдан мянга мянган бээр өндөрт ургаж, хязгааргүй огторгуйг бүрхэхийг зүүдэлжээ. Энэ зүүд нь Бурханы сургаал зөвхөн хүний ертөнц төдийгүй Тэнгэр, Брахма нарт хүрж, тэднийг гэгээрэл ариуслын замд хөтөлнө гэдгийг зөгнөсөн байлаа. Өөрөөр хэлбэл Бодисатва бээр хүн хийгээд Тэнгэр нарын их багш болно гэсэн үг юм.
  3. Гурав дахь зүүд: Бодисатва бээр дөрвөн зүгээс өчүүхэн жижиг тооцоолшгүй олон амьтад ирж, түүний өлмийд сөгдөн унаж буйг харжээ. Тэд цагаан өнгийн хувцастай, хар үстэй ажээ. Удаж түдэлгүй тэдний тоо маш олон болж хөлнөөс дээш бүчин явсаар өвдөгт хүрчээ. Энэ зүүд нь цагаан хувцастай хар үстэй олон тооны гэрийн эзэд Бурханы сургаалыг дагаж ач тусыг хүртэх болно гэдгийг зөгнөжээ. Цагаан хувцастай, хар үстэй гэдэг нь хар хүнийг илэрхийлсэн тэмдэг билээ. Тэдний хувцас шар биш цагаан, тэд үсээ мулзлуулаагүй хар үстэй байгаа нь тэд хувраг биш гэрийн эзэн хар хүн гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, Бурханы хувраг шавь нараас гэрийн эзэн хар хүмүүсийн тоо хавьгүй олон болохыг энэ зүүд зөгнөжээ.
  4. Дөрөв дэх зүүд: Бодисатва бээр дөрвөн зүгээс дөрвөн өөр өнгийн шувууд нисэн ирж түүний өвөрт унахыг харжээ. Тэд унангуутаа өнгө нь өөрчлөгдөн бүгдээрээ цэвэр цагаан өнгөтэй болцгооно. Энэ зүүд нь дөрвөн өөр төрлийн язгууртай /Брахман, Шадрия, Вайшя, Шудра/ хүмүүс түүний дэргэд ирж, лам хувраг болж, Архдын хутгийг олж ариудан гэгээрэхийг зөгнөсөн зүүд байлаа. Ариудан гэгээрснээр тэд язгуур угсааны өнгөө алдаж, бүгдээрээ нэгэн ижил болох ажгуу. Ганга мөрөн тэргүүтэй олон гол мөрөн далайд цутгасаар өөр өөрсдийн ялгаатай байдлаа алдан нэгэн ижил далайн ус болдог шиг, янз бүрийн язгуур угсааны хүмүүс хувраг болж, бүгд ариун номд нэгдэж, нэгэн ижил болох болно.
  5. Тав дахь зүүд: Бодисатва бээр хир буртаг, баас дүүрсэн толгод дээгүүр алхаж яваагаа харжээ. Хэдий хир буртгаар дүүрэн ч өөрт нь өчүүхэн ч хир буртаг халдахгүй байгааг харжээ. Энэ зүүд нь туйлын дээд үнэнийг олохын тулд Бодисатва бээр нийгмээс холдож, ой шугуйд даяан бясалгал хийж байсан хийгээд, харин одоо Бурханы хутгийг олон гэгээрснийхээ дараа энэрэхүй сэтгэлд автан хир буртаг бүхнээр дүүрэн нийгмийн дунд орж амьдрах хэрэгтэй болно гэдгийг зөгнөсөн зүүд байлаа. Тэдэнд ариусал гэгээрлийн замыг зааж өгөх хэрэгтэй байлаа. Урьдын эхнэр, хүү, эх , ах дүү зэрэг гэр бүлийн хүмүүс төдийгүй хамаг амьтны төлөө энэрэл хайрын хурыг буулгах болно. Тэдэнд ариуслын замыг заах боловч өөрөө юунд ч үл шунана. Маш олон тооны хувраг хувцас, эм тариа, хоол унд, идээ будаа, байр сууц, сүм хийд өглөгт ирэх боловч өөрийн хэрэгцээнээс илүү өчүүхэн ч үл хэрэглэнэ. Муу муухайгаар дүүрэн нийгэмд амьдрах боловч түүнд огтхон ч үл автан, цэвэр ариун номын амьдралаар амьдрах болно.
Энэ явдлаас хойш 24 цаг өнгөрөх буюу дараа шөнийн тэргэл сар баруунаа хэлбийх үед Бодисатва бээр Бурханы хутгийг олон гэгээрнэ. Тэрээр огоот туулсан Бурхан болж, Бодисатва байх үедээ зүүдэлсэн зүүд нь дэс дараалан биеллээ олохыг харжээ. Үнэхээр их гайхамшигт өлзий хутаг болох нь энэ билээ.
33, 34-р анги
Будда 35-р анги

ЮМ БҮХЭН ХУВИРЧ ӨӨРЧЛӨГДӨХ ТУЛ БАЙНГЫН МӨН ЧАНАРГҮЙ

1. Цаг болж, нөхцөл бүрэлдсэний улмаас санаа сэтгэл, махбодын аль аль нь үүсэх учир бие нь өөрийн мөн чанаргүй билээ. Бие бээр нөхцөл нь бүрэлдэхэд буй болсон тул мөнхийн чанартай бус юм. Хэрэв бие махбод өөрийн мөн чанартай байсан бол өөрөө ямар байхыг хүснэ, яг тийм болж чадна. Эзэн хаан, хаант улсдаа хүссэн бүхнээ хийж чадна. Тэрбээр хүссэн цагтаа залхааж, эсвэл шагнана. Гэвч тэрбээр өөрийн махан биеийг эзэгнэн захирч чаддаггүй. Хэдийгээр эс хүссэн ч бие нь өвдөж зовооно. Хэдийгээр эс хүссэн ч бие нь өтөлж өвгөрнө.
Үүнтэй нэгэн адил санаа сэтгэл өөрийн мөн чанаргүй. Цаг нь ирж, нөхцөл бүрэлдэхэд, санаа сэтгэл буй болох тул хувирамтгай чанартай. Хэрэв санаа сэтгэл мөн чанартай бол хүссэнээ хийж, хүсээгүйгээ үл хийх сэн. Гэтэл үнэн хэрэгтээ өөрөө эс хүссэн ч атгаг муу санаа бодлыг төрүүлж, хэдийгээр үл хүссэн ч буянаас холдоно.
2. Бие махбод байнга орших чанартай юу, эсвэл үргэлж хувирах чанартай юу хэмээвээс хэн ч гэсэн үргэлж хувирдаг гэж хариулах нь дамжиггүй. Хувирамтгай чанар зовлон зүдүүр үү, эсвэл баяр баясгалан уу хэмээвээс, энэ хорвоод төрсөн л бол заавал өтөлж, өвдөж, үхдэг гэдгийг ухаарсан хэн бүхэн зовлон зүдүүр гэж л хариулах болов уу. Тийм болохоор эдгээр байнгын бус цаг хугацаа улирахад хувиран өөрчлөгдөх юм зовлон зүдүүр мөн бөгөөд тэдгээр нь мөн чанартай хэмээн үзэх нь алдаа юм. Санаа сэтгэл ч гэсэн хувирамтгай билээ. Санаа сэтгэл бол зовлон зүдүүр бөгөөд өөрийн мөн чанаргүй юм. Тийм учраас бидний бие махбод болон санаа сэтгэлийг тойрч буй юм бүхэн “Би”, “Миний” хэмээх ухагдахуунтай өчүүхэн бээр ч холбоогүй юм. Гагцхүү мунхаг сэтгэл энэ бүхнийг “Өөрийн” хэмээн тооцож, хагацахгүйг бодно. Цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бие болон түүнийг хүрээлэгч бүхэн буй болдог учраас тэр нь хувирч өөрчлөгдөн, хэзээ ч байнга, тогтонги байдаггүй. Санаа сэтгэл урсаж буй ус, дүрэлзэж буй дөл лүгээ адил үргэлж хувирч өөрчлөгдөнө. Тэрбээр байрандаа тогтож эс чадах сармагчин лугаа адил байнгын хөдөлгөөн дунд оршдог билээ. Тэрбээр өчүүхэн төдий ч амар тайван байж үл чадна. Ухаант хүн үүнийг таньж мэдээд бие махбод санаа сэтгэлдээ дасаж дадахаас татгалзах хэрэгтэй. Аливаа хүн бие, сэтгэлдээ дасаж баригдахаа боливол гэгээрнэ.
3. Энэ ертөнцөд хэн ч өөрчилж үл чадах таван зүйл буй. Үүнд: нэгдүгээрт, өтлөх хууль байхад үл өтлөх, хоёрдугаарт, өвдөх жам байхад үл өвдөх, гуравдугаарт, үхэх жам байхад үл үхэх, дөрөвдүгээрт, эвдэрч өмхрөх жам байхад үл мөхөх, тавдугаарт, шавхагдаж дуусах жам байхад үл шавхагдах эдгээр болно. Энгийн хүмүүс эдгээр зайлшгүй жамтай тулгармагцаа зовж шаналж эхэлдэг. Харин Бурхан багшийн сургаалыг ухаарсан хүн тохиолдох ёстой жамаас зайлах аргагүйг мэдэж иймэрхүү тэнэг зовлон зүдүүрээс чөлөөтэй байдаг.
Энэ ертөнцөд өөр дөрвөн үнэн буй. Нэгдүгээрт, амьд бүхэн мунхгийн харанхуйгаас төрж буй болдог. Хоёрдугаарт, хүссэн бүхэн хувирамтгай чанартай тул зовлон зүдүүр авчирч, үргэлж өөрчлөгдөн хувирна. Гуравдугаарт, оршиж буй юм бүхэн байнгын чанаргүй, бүгд зовлон зүдүүр мөн бөгөөд үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг. Дөрөвдүгээрт, “Би” бээр, “миний” бээр аль аль нь үгүй. Бүх юм хувирч өөрчлөгдөнө, аливаа юм өөрийн “Би”-гүй гэдэг нь энэ ертөнцөд Бурхан багш мэндэлсэн эсэхээс үл шалтгаалах хөдөлшгүй үнэн мөн. Бурхан багш энэ үнэнийг танин ухаарч, хүмүүст түүнийг номлож эхэлсэн байна.

СЭТГЭЛ САНАА

1. Төөрөгдөх, гэгээрэхийн аль аль нь санаа сэтгэлээс ургаж аливаа юм санаа сэтгэлийн үйлдлээс үүднэ. Ид шид бүхий илбэчний ханцуйнаас янз янзын юм гарч ирэхтэй адил санаа сэтгэлээс бүх юм урган гарна. Санаа сэтгэл хувирч хөдлөх нь эцэс төгсгөлгүй, нөөц бололцоо нь зах хязгааргүй. Тухайлбал, бузартсан сэтгэл эргэн тойрондоо бузартсан ертөнцийг бий болгож, ариун сэтгэл, ариун ертөнцийг бий болгоно. Гадаад ертөнц санаа сэтгэлээс шалтгаалан зүйл бүрээр хувиран өөрчлөгдөж болно. Зураач хүн зураг бүтээдэг шиг санаа сэтгэл гадаад ертөнцийг бүтээдэг. Бурхан багшийн буй болгосон ертөнц ариухан бөгөөд элдэв шунал тачаалаас чөлөөтэй буюу. Харин хүний буй болгосон ертөнц бузартсан байх агаад шунал тачаалаар дүүрэн бүлгээ. Сайн зураач лугаа адил санаа сэтгэл янз бүрийн ертөнцийг бүтээдэг. Энэ ертөнцөд санаа сэтгэлийн буй болгож чадахгүй тийм юм үгүй. Бурхан багш ч гэсэн мөн адил ийм чадвартай. Тиймээс ч хорвоо ертөнцийг бүтээхийн тухайд бол санаа сэтгэл, Бурхан багш, хүмүүсийн хооронд өчүүхэн бээр ялгал үгүй. Бурхан багш, энэ ертөнцөд санаа сэтгэл, юм бүхнийг буй болгосныг зөв ухаардаг. Үүнийг зөв ойлгосон хүн жинхэнэ Бурхан багшийг олж харна.
2. Гэвч санаа сэтгэл цаг үргэлж айн эмээж, гунин гашуудаж, догдолж байдаг. Болоод өнгөрснөөс айна, болох гэж байгаагаас айна. Учир нь санаа сэтгэлд мунхгийн харанхуй, ертөнцөд дасал дадал болсон сэтгэлийн хүлээс оршино. Чухамхүү ийм мунхаг болоод шунахай санаа сэтгэлээс төөрөгдлийн ертөнц үүднэ. Ертөнцийн төөрөгдлийн бүхий л учир шалтгаан эцсийн эцэст санаа сэтгэлд л оршино. Төрөх, үхэхийн аль нь ч санаа сэтгэлээс үүдэх тул амьдрал, үхлийн тухай буруу ташаа төсөөлөл буй болгодог санаа сэтгэл мөхвөл түүнтэй хамт буруу ташаа төсөөлөл ч замхарна. Төөрөгдлийн ертөнц санаа сэтгэлээс ургана. Төөрөлдсөн сэтгэлийн нүдээр орчлонг харах учир энэ хорвоо төөрөгдөл, буруу ташаа ойлголтоор дүүрэн байдаг. Төөрөгдлийн ертөнц санаа сэтгэлээс эс хамааран бие дааж тогтнож чадахгүйг ухаарвал бузраас салж, гэгээрнэ. Улмаар санаа сэтгэл энэ ертөнцийг удирдаж, дагуулан чиглүүлнэ. Хэрэв санаа сэтгэл төөрөлдөж байвал хорвоо ертөнц адилхан төөрөлддөг.
3. Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож, удирдана. Ертөнцийн бүх юм санаа сэтгэл л юм. Муу юм хэлдэг, хийдэг, сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр салахгүй дагаж байдгийг зүйрлэвэл шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адил бүлгээ. Хүн сайн санаа өвөрлөж, сайныг үйлдэж, хэлж явбал түүнийг баяр баясгалан дагах бөгөөд үлгэрлэвээс сүүдэр нь эзнээ дагахтай адил юм. Энэ ертөнцөд муу үйл хийж буй хүн түүнээсээ болон зовж зүдэрч, хойд төрөлдөө шийтгэл хүлээж, бүр ч их тарчилж зовно. Сайныг үйлдэж буй хүн энэ ертөнцөд түүнийхээ ачаар баярлан баясаж, хойд төрөлдөө үр шимийг нь хүртэж улам их цэнгэж жаргана. Санаа сэтгэл будагнавал, зам мөр тэгш хийгээд дардан бус болж хүмүүс бүдчин бүдэрнэ. Санаа сэтгэл ариун байвал зам мөр үргэлж тэгш дардан байна. Ариун тунгалаг бие, сэтгэлтэй хүн шулмын тавьсан хавх зангууг тас татаж, Бурхан багшийн оронд очно. Сэтгэл санаа тайван хүн амар амгаланг олж, өдөр, шөнөгүй санаа сэтгэлээ төгс төгөлдөр болгодог.

ЭД ЮМСЫН ҮНЭН БАЙДАЛ

1. Энэ ертөнцөд юм бүхэн цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүтэх учир эд юмсын хооронд өчүүхэн бээр ялгал үгүй. Гэвч хүмүүс тэдгээрийг хоорондоо ялгаатай хэмээнэ. Үүнд тэдний ухвар мөчид бодол санаа оршино. Тэнгэрт баруун хязгаар, зүүн хязгаар аль нь ч байхгүй бүлгээ. Гэвч хүмүүс түүнийг баруун, зүүн хэмээн хувааж тийм байх ёстой юм шиг бодно. Тоо нэгээс эхлэн хязгааргүйд хүрдэг. Эдгээр нь цөм бүхэл тоонууд юм. Тоонд ялгаа үгүй, их тоо, бага тоо гэж байхгүй. Харин хүмүүс л өөрсдийн амрыг бодож ялгаж, салгаж байхын тулд тоог их, бага хэмээн хувааж ангилдаг. Ер нь амьдрах, үхэх үйл явцын аль нь ч байхгүй бүлгээ. Гэвч хүмүүс өөрсдөө амьдрах, үхэхийг ялган үздэг. Үүнтэй адил аливаа үйл хэргийг сайн гэж хэлж болохгүй, муу ч гэж хэлж болохгүй. Гэвч хүмүүс үйл хэргийг сайн, муу хэмээн ялгана. Энэ бол хүний ухвар мөчид бодол. Бурхан багш юмс хоорондоо ялгаатай гэж үздэггүй. Тэрбээр энэ ертөнцийг тэнгэрт хөвж буй үүл, зүүд зэрэглээ мэтээр үзэж, санаа сэтгэлийн хүсэж буй, үл хүсэж буй юм бүхэн хоосон буюу мөн чанаргүй болохыг сайн мэддэг билээ. Тэрбээр санаа сэтгэлийн аливаа хүсэл шуналаас чөлөөтэй юм.
2. Санаа сэтгэл тав тухтай, сайн сайхан амьдрахыг хүсэх тул хүмүүс хорвоогийн бүх юманд дасаж дотно болдог. Тэд эд баялаг, өмч хөрөнгө, алдар гавьяа, амьдрал юунд дасаж дотносдог. Хүмүүс байгаа хийгээд байхгүй юманд, буян, нүгэл, зөв, буруу, ер нь бүх юманд дасдаг учраас төөрөлдөн зовж зүдэрдэг. Эрт урьд цагт нэг хүн амьдарч байжээ. Нэгэнтээ тэрбээр холын аянд гарч том гол мөрөнд тулж иржээ. Тэрбээр бодсон нь: “Энэ талын эрэг дээр аюултай, цаад талын эрэг дээр аюулгүй юм байна”. Тэрбээр сал хийж мөрнийг эсэн мэнд гаталж, цаад талын эрэг дээр гарчээ. Аюулгүй эрэгт гарсныхаа дараа тэрбээр эргэцүүлсэн нь: “Энэ сал намайг эрэг дээр эсэн мэнд гаргаж их тус боллоо. Тиймээс би энэ салыг хаялгүй цааш үүрээд авч явна”. Энэ хүн салыг үүрч авч явсан нь зөв үү? Үгүй ээ, буруу. Энэ сургаал домог юуг өгүүлнэ вэ гэвэл, “Зөв зүйтэй юманд хүртэл дасаж болохгүй, харин түүнээс татгалзах хэрэгтэй. Буруу ташаа юмны тухайд бол ярих ч хэрэггүй. Шууд л татгалзвал таарна”.
3. Энэ орчлонд бидний тойрон хүрээлж буй юм бүхэн хаанаас ч урган гарч ирэхгүй, хаашаа ч шингэж алга болохгүй, төрөхгүй, эвдэрч үхэхгүй, тийм учраас юуг ч олж, баттай эзэмшиж болдоггүй, юуг ч алдаж болдоггүй юм. Бурхан багш сургасан нь: “Энэ ертөнцөд бүх юм “бий” “байхгүй” хэмээх ойлголтоос чөлөөтэй юм. Тийм учраас эд юмс байна, байхгүй гэж алиныг нь ч хэлж үл болно. Тэдгээр юмс үл төрж, үл мөхдөг”. Энэ нь ертөнцөд бүх юм цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүтэж, өөрийн гэсэн мөн чанаргүй тул тэдгээрийг оршиж буй хэмээн нотолж болохгүй. Тэдгээр нь цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүтэж, үнэхээр оршиж буй тул бас огт байхгүй гэж хэлж болохгүй. Хэрэв эд юмсыг олж харчхаад тэдгээрт ээнэгшиж дасвал энэ нь санаа сэтгэлийн төөрөгдөл болно. Хэрэв эд юмсыг олж харчхаад тэдгээрт дотносон дасахгүй бол санаа сэтгэлд хүсэл шунал үл төрнө. Гэгээрэх нь энэхүү үнэнийг ухан ойлгож, сэтгэл санааны хүсэл шуналаас ангижирна гэсэн үг юм. Орчлон хорвоо үнэхээр зүүд зэрэглээ мэт, үнэт эрдэнэ мөн адил хий үзэгдэл шиг юм. Бүх юм зурмал зураг дээр байгаатай адил. Хэдийгээр бид зураг дээр дээд, доод хэсэгт нь зурсан байхыг харах боловч, үнэн хэрэг дээрээ тэр бүхнийг нэг л хавтгай дэвсгэр дээр зурсан шүү дээ. Орчлон хорвоогийн бүх юм халуунд халсан агаар лугаа адил зэрэглээ болой.
4. Хэмжиж тодорхойлшгүй, нөхцөл нь бүрдэхэд бүтэж буй болсон бүхнийг мөнх оршино гэж итгэх нь буруу үзэл бөгөөд түүнийг “Мөнх оршихын онол” гэнэ. Нөгөө талаар, энэ бүхэн замхарч алга болно хэмээх нь мөн буруу үзэл бөгөөд түүнийг “Үл оршихын онол” хэмээнэ. Энэ бүх мөнхийн амьдрал ба үхэл, орших ба үл оршихын томьёолол нь эд юмсын үнэн зөв байдал бус юм. Хүн тэдгээрт дасаж ээнэгшсэн учир түүнд ингэж санагдаж буй билээ. Хэрэг дээрээ хорвоо ертөнцийн юм бүхэн нь дасаж дотноссон эсэхээс үл шалтгаалан оршиж байдаг. Энэ ертөнцөд юм бүхэн цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд буй болох тул бүгд хувирч өөрчлөгдөнө. Эд юмс мөн чанаргүй учир мөнхийн хийгээд байнгын орших чанартай байж чадахгүй. Эд юмс үргэлж хувирах тул хий үзэгдэл, халуунд халсан агаар зэрэглээтэн үзэгдэх мэт билээ. Үүний хажуугаар тэдгээр нь үнэн чанартай. Тэдгээр нь мөнхийн хувирамтгай чанартай юм. Гол мөрөн хүнд гол мөрөн гэж л харагдана. Гэтэл усыг гал хэмээн үздэг өлсгөлөн сүнс буюу бирдийн нүдэнд гол мөрөн хэмээн харагдахгүй. Тиймээс бирдийн хувьд гол ус “байхгүй байна”, хүний тухайд “байна” гэж нотолж болохгүй.
Үүнтэй адил юуны ч тухай “Байна”, “Байхгүй” хэмээж болохгүй. Учир нь бүх юм хий үзэгдэл билээ. Түүгээр ч зогсохгүй энэхүү хий үзэгдэл бүхий ертөнцөөс өөр бодит ертөнц, мөнхийн ертөнц аль аль нь үгүй учир энэ орчлонг харьцангуй, цаг зуурын холбоо хэмээж бас болохгүй. Мөн энэ ертөнц бодит чанартай хэмээж үл болно. Хүмүүс, алдаа дутагдлын учир шалтгаан энэ ертөнцөд оршино хэмээн боддог. Гэтэл энэ ертөнц хий үзэгдэл юм бол хүний сэтгэлд хүслийг төрүүлж чадахгүй, түүнээс болж хүн алдаа мадаг гаргах ёсгүй. Хүмүүс энэ үнэнийг эс мэдэж, эл ертөнцийг харьцангуй, эсвэл цаг зуурын, үгүй бол бодит хэмээн үздэгээс тэнэг алдаа гаргана. Ухаантан хүн энэ үнэнийг ойлгож, хий үзэгдлийг хий үзэгдэл хэмээн үзэж, эл алдааг гаргадаггүй.

Будда 36-р анги

АРИУН НАНДИН СЭТГЭЛ

1. Орчлон хорвоод янз янзын хүмүүс байдаг. Санаа сэтгэл нь манантаж эхэлсэн, санаа сэтгэл нь бүр манантчихсан хүмүүс аль аль нь буй. Ухаантай хүмүүс буй, тэнэг хүмүүс ч буй. Сайхан сэтгэлтэй хүмүүс, атгаг санаатай хүмүүс ч буй. Нэг хэсгийг нь зааж сургахад амархан, нөгөөг нь хэцүү байдаг. Хүмүүсийг өнгө өнгийн лянхуа цэцэгтэй үлгэрлэж болно. Тэднийг тогтмол усанд ургадаг цэнхэр, улаан, шар, цагаан олон өнгийн лянхуатай зүйрлэж болно. Тэдгээр нь цугаараа усанд ургадаг хэдий ч нэг хэсэг нь усан доор, нөгөө нь усны гадаргуу дээр, гурав дахь нь уснаас дээш, усанд хүрэлгүй ургадаг билээ. Түүнээс гадна хүмүүс хүйсээрээ ялгагдана. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс буй. Гэвч бүх хүмүүсийн мөн чанар адилхан юм. Бурхан багшийн сургаалыг дагасан эрэгтэй хүн гэгээрч болохтой адил, сэтгэл юугаа ариусган төгс төгөлдөр болгож буй эмэгтэй хүн ч гэгээрнэ. Зааныг унаж сурахад итгэл, эрүүл мэнд, хичээл зүтгэл, шулуун шударга зан, саруул ухаан хэрэгтэй. Бурхан багшийг дагаж гэгээрэхийн тулд эдгээр таван чанар мөн шаардагдана. Дээрх таван чанар буй болж бурхан багшийн сургаалыг эзэмшихэд цаг хугацаа их шаардагдахгүй. Учир нь бүх хүн гэгээрэх мөн чанартай төрсөн билээ.
2. Гэгээрэх явцдаа Бурхан багшийг хүн нүдээрээ харж, түүнд зүрх сэтгэлээрээ сүсэглэн итгэнэ. Гэвч Бурханыг олж харах өнөө нүд, түүнд сүсэглэн итгэх өнөө зүрх сэтгэл эдүгээ хүнийг амьдрал, үхлийн ертөнцөд хөтлөн явж байна. Дээрэмчдийг бут цохихын тулд эзэн хаан юуны түрүүнд тэдний үүр хаа байгааг олж мэдэх ёстой. Үүнтэй адил төөрөгдлийг устгахын тулд түүний нүд, зүрх сэтгэл нь хаана буйг олж мэдэх хэрэгтэй. Хүн тасалгаанд нүдээ нээхдээ юуны өмнө тэнд буй эд юмсыг олж хардаг. Дараа нь цонхоор харж, цонхны цаана буй юмыг үздэг. Тасалгаанд буйг олж хараагүй мөртөө цонхны цаадхыг олж харна гэж үгүй. Хэрэв бие махбод дотор санаа сэтгэл оршдог сон бол тэрбээр эхлээд бие доторхыг сайн харах байсан билээ. Гэтэл хэрэг дээрээ хүн бие махбодынхоо гаднахыг л сайн мэддэг бөгөөд бие махбод дотроо юу байдгийг бараг мэдэхгүй. Хэрэв санаа сэтгэл бие махбодынхоо гадна байсан бол тэдгээр нь тусдаа орших байсан агаад санаа сэтгэлийнхээ мэддэгийг мэдэхгүй байх сан. Үнэн хэрэгтээ санаа сэтгэлийнхээ мэддэгийг бие махбод мэдэрч, бие махбодынхоо мэдэрдгийг санаа сэтгэл нь мэддэг. Тиймээс санаа сэтгэл нь бие махбодын гадна байдаг хэмээж үл болно. Тийн аваас санаа сэтгэлийн мөн чанар хаана оршдог вэ?
3. Тэргүүлшгүй цагийн чанадаас эхлээд бүх хүн өөрсдийнхөө үйлийн үрээр холбогдож, хоёр зүйлийг мэддэггүй учраас төөрөлдөж байдаг. Нэгдүгээрт, хүмүүс төрөх, үхэхийг үзэж хардаг төөрөлдсөн сэтгэлээ өөрсдийн мөн чанар гэж үздэг. Хоёрдугаарт, гэгээрэхийн мөн чанар болсон ариун цагаан сэтгэл нь төөрөлдсөн сэтгэлийнхээ сүүдэрт нуугдаж, өөрсдийнх нь дотор оршдогийг үл мэднэ. Хүн гараа зангидаж нударгаа дээш өргөхөд түүнийг нүд харж, сэтгэл мэдэж авдаг. Гэвч энэ бол сэтгэл бол жинхэнэ сэтгэл биш. Элдвийг санаархаж буй санаа сэтгэл хүслээс ургана. Энэ сэтгэл нь өөрийнхөө ашиг хонжоог л урьтал болгоно. Энэхүү санаа сэтгэл цаг нь болж, нөхцөл бүрэлдсэний улмаас хөөрөн дэвэрч үргэлж хувирч байдаг, жинхэнэ мөн чанаргүй билээ. Хүн өөрөө санаа сэтгэлээ мөн чанартай гэж итгэснээс төөрөгдөл үүснэ. Хүн гараа атгахаа больж, хуруугаа тэнийлгэхэд санаа сэтгэл нь хуруунууд тэнийснийг мэднэ. Ингэхэд юу хөдөлгөөнд орно вэ? Гар уу? Санаа сэтгэл үү? Эсвэл аль нь ч биш үү? Гар хөдөлж байвал санаа сэтгэл мөн хөдөлж байгаа билээ. Эсвэл санаа сэтгэлийн хөдөлгөөн гарт шилжиж байгаа юм. Гэвч хөдөлж буй санаа сэтгэл нь гүн гүнзгий оршдог бус, гүехэн өнгөц оршдог сэтгэл юм.
4. Бүх хүн ариун тунгалаг жинхэнэ санаа сэтгэлтэй билээ. Тэр сэтгэл нь гадаад нөхцөлөөс шалтгаалан буй болдог төөрөгдлийн тоосонд хучаастай байдаг. Гэвч төөрөгдөж буй санаа сэтгэл гол бус, хоёрдогч чанартай юм. Хэдийгээр үүлс сарыг хэсэг зуур хаадаг ч, түүнийг бохиртуулж хиртүүлэхгүй, байрнаас нь ч хөдөлгөхгүй. Тиймээс хүн мөн чанараа салхинд боссон бөөн тоосон үүл лүгээ адил төөрөлдсөн санаа сэтгэл мөн хэмээн бодож болохгүй. Хүн үл хөдлөгч, үл бузартсан, жинхэнэ санаа сэтгэлээ түргэн олж, өөрийнхөө мөн чанарт эргэн орох ёстой. Хүн хувиран өөрчлөгдөх, төөрөлдсөн сэтгэлийнхээ эрхэнд байдаг тул, эд юмыг буруугаар үзэж, тиймээс ч төөрөгдлийн далайд зүг чигээ олохгүй самуурдаг. Үргэлж хувиран өөрчлөгдөгч гадаад шалтгаан, хүсэл шуналын улмаас хүний санаа сэтгэл төөрөлдөн бузартдаг билээ. Мөнхийн үл хөдлөх, үл эвдрэх, гадаад шалтгаанд үл автах санаа сэтгэл бол хүний мөн чанар, гол санаа сэтгэл нь юм. Буудалласан хүн буцахад дэн буудал нь алга болохгүйтэй адил, гадаад нөхцөл шалтгааны улмаас буй болж, алга болж, элдвийг санаархаж байдаг сэтгэл үгүй боллоо гээд хүн алга болохгүй. Гадаад нөхцөл байдлаас болж өөрчлөгдөх санаа бол хүний сэтгэлийн мөн чанар бус юм.
5. Уужим танхим байна гэж бодъё. Нар мандах үед танхим гэрэлтэж, нар жаргахад харанхуй болно. Гэрэл гэгээг нартай, харанхуйг шөнөтэй холбож болно. Гэвч бид гэрэл, харанхуйг танин мэдэхэд тус болдог хүчийг юутай ч холбож үл чадна. Гагцхүү санаа сэтгэлийн мөн чанартай холбохоос өөр аргагүй юм. Нар мандаж, бид гэрэл гэгээг олж харах нь санаа сэтгэл хоромхон зуур илэрч байгаа хэрэг. Нар жаргаж, харанхуйг олж харах нь бас санаа сэтгэл хоромхон зуур илэрч байгаа хэрэг. Гэтэл харанхуй мэтийн гадаад нөхцөл шалтгаан нь гэрэл, харанхуйг ялгадаг бидний сэтгэлийг дуудан гаргаж ирдэг. Гэвч энэ нь санаа сэтгэлийн түр зуурын илрэл бөгөөд санаа сэтгэл өөрөө бус, түүний мөн чанар бус билээ. Гэрэл, харанхуйг ялгагч хүчний эх булаг бол санаа сэтгэлийн мөн чанар юм. Гадаад нөхцөл шалтгааны улмаас буй болж, бас алга болох буян нүглийн ойлголт хийгээд хайрлах, үзэн ядах сэтгэл нь хүний сэтгэлд хуримтлагдсан хир бузраас үүдэн буй санаа сэтгэлийн түр зуурын илрэл юм. Хэдийгээр хорвоогийн хүсэл шуналын тоосонд дарагдсан ч хиртэж, бузартаагүй үнэхээр ариун тунгалаг санаа сэтгэл байдаг. Бөөрөнхий саванд буй ус бөөрөнхий, дөрвөлжин саванд буй ус дөрвөлжин санагдана. Гэвч ус мөн чанартаа бөөрөнхий ч бус, дөрвөлжин ч бус. Хүмүүс үүнийг мартаж усыг гагцхүү хэлбэрээр нь дүгнэдэг. Хүмүүс буян, нүгэл, хайрлах, үл хайрлах, орших, үл орших зэрэг ухагдахууны хүлээсэнд баригдаж гадаад хэлбэрийг хөөцөлдөн зовж зүдэрдэг. Хэрэв гадаад нөхцөл шалтгаанаас ангижран салж, өөрийн жинхэнэ чөлөөт мөн чанарыг олбол бие махбод, санаа сэтгэл ямар ч хүлээсэнд авталгүй, бүрэн эрх чөлөөгөө олно.
35, 36-р анги

Будда 37-р анги

АРИУН ШУДАРГА ҮГ

1. Өөрийг нь хараалаа, доромжиллоо, зодож занчлаа хэмээн бодож буй хүний гомдол тайлагддаггүй. Гомдсон тухайгаа цаг үргэлж бодвол гомдол үл тайлагдана. Гомдлоо мартсанаар тайлж болно. Муу дээвэрлэсэн байшинд дусаал гоождогтой адил өөрийгөө үл хянах хүний сэтгэлд хүсэл шунал дүүрнэ. Залхуу хойрго зан бол үхэлд хүргэх хамгийн дөт зам, хөдөлмөрч зан бол амьдралын зам мөн билээ. Мунхаг хүн залхуурч, ухаантай хүн хөдөлмөрлөнө.
Нум сум хийж буй уран хүн сумаа харуулдан засаж, тэгш болгохтой адил ухаант хүн сэтгэлээ засаж тэгш шулуун болгоно.
Хөдөлж хөөрөх нь амархан, тайвширч номхрох нь амаргүй, сэтгэлээ барих хэцүү. Түүнийг тайвшруулснаар хүн амарлингуй болно. Хүнд өс хонзонт этгээд, эсвэл дайснаас нь илүү хор хөнөөлийг сэтгэл нь хүргэдэг. Хүсэл, шунал, уур хилэн, муу юмнаас сэтгэлээ хол байлгаж чадсан хүн л жинхэнэ амарлингуйг хүртэнэ.
2. Ажил үйлсээрээ батлахгүй сайхан үг урсгах нь үнэр танаргүй гоё цэцэг лүгээ адил бүлгээ. Цэцэгсийн үнэр салхины эсрэг үл анхилна. Сайн хүний тухай цуу салхины эсрэг ч даян дэлхийгээр тарж түгнэ. Нойр үл хүрэх хүнд шөнө урт, ядарч цуцсан аянчинд зам урт, зөв сургаал үл мэдэх хүнд төөрөгдөл удаан санагдана. Аян замд гарахдаа өөртэйгөө эн тэнцүү, эсвэл илүү хүнтэй цуг яваарай. Мунхаг хүнд дагуулснаас ганцаар явах нь дээр. Зэрлэг араатнаас бүү ай, муу нөхрөөс ай. Зэрлэг араатан зөвхөн биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг гэмтээж шархлуулна. Үр хүүхэд, эд баялгийнхаа төлөө сэтгэл зовсоор хүн шаналж гүйцдэг. Хүн өөрөө өөртөө ч үл харьяалагдах атлаа, үр хүүхэд, эд баялгаа яагаад өөрийн хэмээн тооцно вэ? Тэнэгээ мэддэг тэнэг хүн өөрийгөө ухаантай гэж бодох тэнэгээс дээр бүлгээ. Хоолны амтыг халбага мэддэггүйтэй адил, тэнэг хүн ухаантай хүнтэй ярилцаж суухдаа сургаалыг нь ойлгодоггүй.
Шинэ сүү үл гашлахтай адил муу үйлийн хариу тэр дороо үл ирнэ. Гэвч тэр нь үнсэн доор унтралгүй уугих гал адил эцэстээ дүрэлзэн асаж түймэр гарна. Ухаан муутай хүн нэр алдар, ашиг хонжооны хойноос хөөцөлдөж цаг үргэлж зовж зүдэрнэ. Тэрбээр үргэлж албан тушаал ахих, илүү эрх дархтай болох, илүү ашиг хонжоо олохыг хүсэх тул байнга зовж шаналдаг. Алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн хүнийг нуучихсан эрдэнийг олж өгсөн хүнтэй адил үзэж, хүндэтгэх хэрэгтэй.
3. Бурхан багшийн сургаалд баярлагч хүн цэвэр ариун сэтгэлтэй, тэр нь сургаалаар ариусаж байдаг тул шөнө нойр бөхтэй байдаг. Мужаан мод харуулдах, гарын зүйтэй хүн сумаа тэгшлэх, газар малтагч суваг ухаж ус урсгахтай адил ухаант хүн сэтгэлээ засаж янзалж байдаг. Салхи үлээхэд хад асга үл доргих лугаа адил, ухаант хүнийг яаж ч загнаж зандачсан, яаж ч магтаж өргөмжилсөн сэтгэл нь үл донсолж, амгалан байдлаа үл алдана. Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж ялалт байгуулснаас илүү юм. Зөв сургаалыг мэдэлгүй зуун жил амьдарснаас, мэдээд ганцхан хоног амьдарсан нь дээр. Аливаа хүн үнэхээр өөртөө хайртай юм бол өөрийгөө нүглээс ангид байлгах ёстой. Залуу зандан нас, эр бие гүйцэх цаг, өтөлж хөгшрөх үеийнхээ аль нэгэнд хүн, амьдралдаа нэг удаа ч болов сэрж сэхээрэх ёстой. Энэ ертөнц мөнхийн гал дунд орших бүлгээ. Энэ ертөнцөд хүсэл шунал, уур хилэн, мунхгийн гал дүрэлзэн амой. Эл шатаж буй байшингаас шалавхан зайлах хэрэгтэй. Энэхүү ертөнц, үнэхээр хөөс, аалзны шүлс, хир буртаг дүүрэн сав лугаа адил бүлгээ. Тиймээс хүн бүр ариун сэтгэлээ ариг гамтай хадгалах хэрэгтэй.
4. Бурхан багшийн сургаал нүгэл үл үйлдэж, сайн үйлс бүтээн сэтгэлээ ариусгахыг заадаг юм. Хатуужил тэвчээртэй байхыг сурах хэцүү ч, эцсийн эцэст алдрын титмийг тэвчээртэй хүн л хүртдэг.
Хүн цэвэр ариун амьдрах ёстой. Гомдооход гомдох хэрэггүй. Уйтгар гунигийн цаг ирэхэд уйдаж гуних хэрэггүй. Ховдог хомхой сэтгэлтний дунд байхдаа ховдог хомхой сэтгэлтэй бүү бол. Аливаа юмны тухай бол миний юм гэж бүү бод. Эрүүл мэнд бол хамгийн сайн давуу тал. Сэтгэл хангалуун байх нь хамгийн их баялаг, итгэл найдвар бол хамгийн ойр дотнын байдал, гэгээрэх нь хамгийн аятай таатай байдал юм.
Нүглээс холдсондоо баярлаж, анир чимээгүйд баясаж, Бурхан багшийн сургаалд хөөрч буй хүн юунаас ч үл айна. Сайн, мууг ялгахдаа сайнд нь дасаж дадаж үл болно. Сайн, мууг хооронд нь ялгаснаар уйтгар гуниг, айх эмээх сэтгэл буй болж, бачимдах давчдах эхэлнэ.
5. Зэв төмрөөс үүсэж эргээд төмрөө иддэгтэй адил, нүгэл нь хүнээс буй болж, эргээд хүнээ иддэг. Уншлага залбирал байсаар байтал тэдгээрийг уншихгүй нь уншлага залбирлын бузар юм. Байшин барилга буй атал, түүнийгээ засаж янзлахгүй нь байшингийн бузар юм. Бие махбод байсаар байтал түүнийгээ хэрэгсэхгүй нь биеийн бузар болой. Буян эс үйлдэх нь хүний бузар мөн. Мөнгө харамлах нь өглөгийн бузар. Нүгэл бол энэ хийгээд хойт ертөнцийн бузар юм. Гэвч хамгийн адгийнх нь мунхгийн бузар бүлгээ. Үүнийг эс арилгаваас хүн ариусаж үл чадна. Өөрийнхөө шившгээс ичдэггүй хүн болох амархан, хэрээ лүгээ адил эрээ цээргүй болох ч амархан, цэвдэг сэтгэлтэй, бусдыг гомдоодог, түүнийгээ анзаарахгүй байх амархан. Төлөв даруу зантай, бусдыг хүндэтгэх, дасаж дадсанаасаа салж ангижрах сэтгэлтэй хийгээд буян үйлдэж, ухаантай болох хэцүү. Бусдын алдаа мадаг нүдэнд шууд тусдаг, харин өөрийнхийг олж харах хэцүү. Бусдын нүглийн тухай цууг дэвэн дэлхийгээр дорхноо тараачихдаг мөртөө, бид өөрсдийнхөө нүглийг гартаа буй даалууг нуух мэт хав дардаг. Тэнгэрт шувууд, утаа санан, салхи шуурганы мөр үгүйтэй адил, буруу номд гэгээрэх нь ер үгүй. Юунд ч байнгын тогтсон чанар үгүй бүлгээ. Харин гэгээрсэн хүнд хямрах бачимдах сэтгэл үгүй.
6. Цайзыг дотроос нь ч, гаднаас нь ч найдвартай хамгаалах адил биеийг тэгж хамгаалах хэрэгтэй. Үүний тулд сонор сэрэмжээ нэг ч хором алдаж болохгүй. Хүн болгон өөртөө эзэн болж, өөртөө найдна. Тиймээс юуны түрүүн өөрийгөө хянан удирдах хэрэгтэй. Өөрийгөө удирдаж, хоосон чалчихыг цээрлэж, гүн гүнзгий бодож бясалгавал энэ нь аливаа бачимдлаас ангижрахын эхлэл болно. Нар өдөр мандаж, сар шөнө гийдэг. Цэрэг эр хувцас дуулгаараа гялалзаж байдаг бол зөв замыг хөөж буй хүн бясалгалаар гялалзаж байдаг. Нүд, чих, хамар, хэл, бие зэрэг таван мэдрэхүйнхээ үүд хаалгыг хамгаалж үл чадах, гадаад ертөнцийн өнгөнд уруу татагдах хүн бол зөв замаар явж буй бусаа. Таван мэдрэхүйнхээ үүд хаалгыг баттай хамгаалж чаддаг, амгалан тайван хүн бол зөв замаар явж буй юм.
7. Ямар нэг юманд дасаж дадсан бол, тэдгээрийн нөлөөн дор хүн эд юмсыг үнэн мөнөөр нь харж чадахгүй. Хэрэв хүн дадаж дассаныхаа хүлээснээс ангижирч чадвал, эд юмсын мөн чанарыг зөв харж чадна. Тиймээс эл хүлээснээс чөлөөтэй болсон сэтгэлд эд юмс шинэ утга чанартай болмуй. Уйтгар гуниг байвал, баяр баясгалан байна. Баяр баясгалан буй цагт уйтгар гуниг ч буй. Тэдгээрээс болон нүгэл, буяны дээр нь байвал дадаж дасахын хүлээс алдарна. Ирээдүйг мөрөөдөж цаг нь болоогүй юмны төлөө зовж шаналбал, эсвэл зөвхөн өнгөрсний хойноос харамсваас хүн тайрсан хулс лугаа адил хатна. Хэрэв улирч өнгөрсний хойноос харамсаж гашуудалгүй, ирээдүйн тухай мөрөөдөлгүй, хараахан болж өнгөрөөгүй юмны төлөө санаа зоволгүй, одоо буйг үнэлж сурвал хүний бие сэтгэлийн аль аль нь эрүүл саруул байна. Өнгөрснийг харамсан гашуудах, ирээдүйг тэсгэлгүй хүлээх хэрэггүй, харин одоогийн хормыг үнэлэн амьдрах хэрэгтэй. Өнөөдөр хийх юмыг маргааш болъё хэмээн хойшлуулах хэрэггүй. Өнөөдөр бүтээж болохыгоо найдвартай сайн хийснээр тэр өдрийг үр ашигтай өнгөрүүлнэ. Итгэл бишрэл нь хүний эрхэм нөхөр, оюун ухаан нь хамгийн сайн газарч бүлгээ. Гэгээрэхийн гэрлийг эрж хайхдаа зовлонгийн харанхуйг тойрч явах хэрэгтэй. Итгэл бишрэл бол дээд баялаг, чин сэтгэл бол хамгийн сайн мэдрэхүй бүлгээ. Буян үйлдэх нь энэ ертөнцийн хамгийн ариун ажил юм. Бурхан багшийн сургаалын дагуу бие сэтгэлээ засан залж, амар амгаланг олох хэрэгтэй.
Итгэл бишрэл бол энэ хорвоогийн аян замын хоол хүнс юм. Буян бол хүний ариун сайхан орон гэр юм. Оюун ухаан бол энэ ертөнцийн гэрэл гэгээ юм. Зөв санаа бодол нь шөнийн харуул хамгаалалт гэсэн үг. Цэвэр ариун хүн мөнх амьдарна. Хүн ховдог шунахай сэтгэлээ дарснаар эрх чөлөөтэй болно. Гэр орныхоо төлөө бие юугаан, хот тосгоныхоо төлөө гэр орноо, эх орныхоо төлөө хот тосгоноо мартаарай. Гэгээрэхийн төлөө бол бүгдийг мартаарай. Бүх юмс хувиран өөрчлөгдөж, буй болж, алга болдог. Хүн төрөх, үхэхийн тухай санаа зовж, шаналахаа болимогц нам гүм, энх амгалан байдлыг олдог.

Будда 38-р анги

ДУНДАД ЗАМ МӨР

1. Бурхан багшийн сургаалыг дагаж буй хэн бүхэн амьдралын хоёр туйлаас зайлсхийх ёстой. Нэгдүгээрт, бузар булай хүсэлдээ автаж түүнийгээ хангах гэж хөөцөлдөхөөс сэргийл. Хоёрдугаарт, бие махбод, санаа сэтгэлээ элдвээр сорьж, тарчлаан зовоож, хэт хатуу амьдралыг дээдлэхээс болгоомжил. Амьдралын энэ хоёр туйлаас зайлж, билгийн нүдээ нээж, оюун ухааныг хөгжүүлж, гэгээрүүлдэг амьдралын дундад замыг баримтлах хэрэгтэй. Дундад зам гэж юун буй. Энэ бол зөв зүйтэй найман мөрийн нэр юм. Үүнд: зөв үзэл, зөв бодол, зөв үгс, зөв үйлс, зөв амьдрах, зөв эрмэлзэл, зөв дурсахуй, зөв төвлөрөхүй эдгээр болно. Энэ хорвоод цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм бүтэж эвдэрдэг бөгөөд эд юмс оршиж байна, үл оршиж байна хэмээн алиныг нь ч нотолж үл болно. Нэг хэсэг тэнэг хүн эд юмс оршиж байна гэдэг, нөгөө хэсэг нь үл оршиж байна гэдэг. Харин зөв ухаарсан хүмүүс энэ бүхэн оршиж буй бус, үл оршиж буй бус хэмээдэг. Энэ нь чухамхүү эд юмсыг үнэн зөвөөр үзэх дундад үзэл юм.
2. Томоохон гуалин мод их мөрөнд хөвж явна хэмээн бодогтун. Хэрэв энэ гуалин баруун, зүүн эргийн алинд ч эс ойртвол, их мөрний тэхий дунд эс живбэл, усны хаялга түүнийг эрэг дээр эс гаргаж хаявал, хүн түүнийг эс барьж тогтоовол, эргүүлэгт эс орвол, дотроосоо эс өмхөрвөл, хөвсөөр яваад эцэст нь далай тэнгист хүрнэ. Бурхан багшийн сургаалыг дагагч хэн ч гэсэн энэхүү гуалин лугаа адил дотоод, гадаад тал, орших, үл орших, зөв, буруугийн аль алинд эс дасаж, төөрөгдлөөс ангижран ухаан санаагаа гагцхүү гэгээрэхийн тухай бодолд эс автуулж, харин гол мөрний яг тэхий дунд нь хөвж явах ёстой. Энэ бол чухамхүү эд юмсыг үзэх дундад үзэл, амьдрах дундад арга юм. Бурхан багшийн сургаалыг дагаж буй хүн бүхэн амьдралдаа хоёр туйлаас зайлсхийж, дундыг баримталбал зохино. Аливаа юманд ижилдэн дасаж үл болно, орчлон хорвоод бүх юм үл эвдэрдэг, тодорхой шинж чанаргүй хэмээн мэдэх ёстой. Тэр ч байтугай өөрийнхөө сайн үйлд ч дасаж болохгүй. Эс ижилдэн дасах нь аливаа юмнаас эс чаргууцалдах, аливаа юманд эс ээнэгшин дасахын нэр юм. Бурхан багшийн сургаалыг баримтлагч хүн үхлээс үл айж, амьдрахыг эс гуйдаг. Тэрбээр янз бүрийн үзэл санааг эс дагадаг. Хүн аливаа юманд ижилдэн дасмагцаа төөрөлдөж эхэлдэг. Тиймээс гэгээрэхийн зам мөрийг баримтлан явж буй хүн юунд ч ижилдэн дасаж үл болно, аливаа юмнаас чаргууцалдаж үл болно, юуг ч хэт сониучирхан шохоорхож үл болно, юун дээр ч саатан зогсож үл болно.
3. Гэгээрэх нь илрэх тодорхой хэлбэргүй, өнгөгүй билээ. Тиймээс гэгээрэхэд гэгээрч буй юм үгүй. Төөрөгдөх нь буй учраас л гэгээрэх нь байдаг, хэрэв төөрөгдөл үгүй болбол, гэгээрэл мөн адил алга болно. Төөрөгдөл үгүй бол гэгээрэл байхгүй, гэгээрэл үгүй бол төөрөгдөл байхгүй. Тиймээс гэгээрэл буй нь нэг ёсны саад бэрхшээл юм. Харанхуй буй учраас гэрэл гэгээ гарах ёстой. Хэрэв харанхуй үгүй бол гэрэл гэгээ гарах ч хэрэггүй. Тэгсэн цагт гэрэл гэгээ ч үгүй, гэрэлтүүлэх зүйл ч үгүй болно.
Бурхан багшийн сургаалыг үнэхээр дагаж буй хэн ч гэсэн гэгээрчхээд түүндээ саатан зогсдоггүй. Учир нь гэгээрэл буй хэмээх нь төөрөгдөл билээ.
Тийм байдалд хүрвээс бүх юм төөрөгдөл мөн учраас гэгээрэл, бүгд харанхуй мөн учраас гэрэл гэгээ болно. Хорвоогийн хүсэл шунал бүхэн өөр юу ч бус, гагцхүү гэгээрэл болон хувиртал гэгээрэх хэрэгтэй юм.
4. Аливаа эд юмс хоорондоо ижил тэнцүү, тэдгээрийн хооронд ялгаа үгүй. Энэ ухагдахуун нь Шунъята буюу хоосон чанар юм. Аливаа эд юмс өөрийн мөн чанаргүй, тэд эс бүтэж, эс эвдэрдэг. Тэдгээрийг үгээр дүрслэн тодорхойлох аргагүй юм. Тиймээс тэдгээр нь хов хоосон билээ. Гэгээрэх нь илрэх тодорхой хэлбэргүй, өнгөгүй юм. Тиймээс гэгээрэхэд гэгээрч буй юм үгүй. Энэ хорвоод бүх юмс хоорондоо харилцан холбоотой, Нэг нэгнээсээ шалтгаалан оршдог. Тэдгээр нь бусдаас үл шалтгаалан өөрсдөө оршиж чадахгүй. Энэ нь гэрэл сүүдэр, урт богино, хар цагаан хоёр лугаа адил юм. Эд юмс өөрсдөө, бие даан оршиж үл чадна. Тэдгээр нь мөн чанаргүй юм. Түүгээр ч зогсохгүй, төөрөгдөл үгүй бол гэгээрэл үгүй, гэгээрэл үгүй бол төөрөгдөл үгүй билээ. Энэ хоёр нь нэг нэгтэйгээ үл зөрчилдөх тул, эд юмс эсрэг тэсрэг чанаргүй билээ.
5. Хүмүүн бид эд юмс бүтэж, эвдэрч байна хэмээн боддог. Үнэн хэрэг дээрээ эд юмс эс бүтнэ, тийм болохоор эс эвдэрнэ. Юмсын мөн чанарыг таних билгийн нүдтэй болсон хүн эд юмс үл бүтэж, үл эвдэрдгийг мэдээд үнэнийг сэхээрч, эдгээр нь тус тусдаа ялгаатай ойлголт бишийг ухаарна. Хүн “би” байдаг хэмээн итгэдэг тул “миний” гэдэгтэй зууралддаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ “би” бээр үгүй учраас “миний” бээр мөн адил үгүй юм. Хүн “би”, “миний” аль нь ч үгүйг мэдээд үнэнийг таньж, эдгээр нь өөр, өөр ялгаатай ойлголт биш болохыг мэддэг. Ариун, бузар хоёр буй гэж үздэгээс хүн бүх юмыг ариун, бузар хэмээн хуваана. Гэтэл хэрэг дээрээ ариун, бузрын аль нь ч үгүй, тэдгээр нь хүний сэтгэлээс үүдсэн буруу ташаа төсөөлөл юм.
Хүн нүгэл, буян буй хэмээн бодож, бүхнийг нүгэл, буян хэмээн хуваадаг. Гэтэл дан ганц буян, дан ганц нүгэл гэж байхгүй. Гэгээрэх замыг дагаж буй хүн үнэнийг ухаарч буян, нүгэл нь ялгаатай бус гэдгийг ойлгоно. Хүн гай зовлонгоос айж, зол жаргалыг хүснэ. Гэтэл гэгээрсэн оюунаар тунгаавал хүн гай зовлон бол чухамхүү зол жаргал мөнийг ухаарна. Хүн үнэнийг ухаарахдаа бие сэтгэлийг эзэмдэж, эрх чөлөөг боогдуулсан төөрөгдөл ч үгүй, мөн жинхэнэ эрх чөлөө гэдэг ч үгүй хэмээн ойлгоно. Тиймээс “Орших”, “Үл орших”, “Төөрөлдөх”, “Гэгээрэх”, “Чухал”, “Чухал бус”, “Зөв”, “Буруу” хэмээн ярьдаг ч хэрэг дээрээ хоёр эсрэг тэсрэг ойлголт буй бус. Тэдгээрийн үнэн байдлыг үгээр илэрхийлэн дүрслэх, үзүүлж харуулах, ухаарч мэдэх бололцоо байхгүй. Харин үгс болон санаа сэтгэлийнхээ төсөөллийн эрхшээлээс гарах хэрэгтэй. Хүмүүс үг хийгээд төсөөллийн эрхшээлээс ангижирсан цагтаа жинхэнэ хоосныг онож ухаарна.
6. Үлгэрлэвэл, лянхуа цэцэг цэмцгэр тал, өндөр ууланд бус, харин булингартсан намагт ургадаг билээ. Үүнтэй адил төөрөгдөл дунд хүн гэгээрч, буруу ташаа үзэл бодол, төөрөгдлөөс бурхан болохын үр үндэслэдэг бүлгээ. Элдвийн аюул саадыг давж, далайн ёроолд хүрч баймааж сая үнэт эрдэнэсийг түүхтэй адил төөрөгдлийн булингарт далайн ёроолд шумбаж баймааж гэгээрэхийн үнэт эрдэнэсийг олно. Хүний өөртөө дассан сэтгэл нь уул нуруу адил агуу том боловч, хэрэв Бурхан багшийн сургаалыг дагахаар сэтгэл шулуудвал ямар ч байсан гэгээрнэ. Эрт урьд цагт мэргэд шовх шовх үзүүртэй хадан дээр гараад эс шархтаж, дүрэлзэн асаж буй галд ороод эс түлэгдэж, эс үхэж үрэгддэг байсантай адил, харин ч үргэлж цовоо сэргэлэн байсны адил, Бурхан багшийн сургаалыг дагаж буй хүн нэр төр, алдар гавьяаны шовх шовх хад асган дээр гарсан ч, үзэн ядах сэтгэлийн галд орсон ч гэгээрлийн ариухан салхи сэвэлзэхийг мэдэрнэ.
7. Бурхан багшийн сургаалыг дагасан хүн үнэнийг ухаарч, эсрэг тэсрэг ухагдахуун нь өөр өөр бус, угтаа нэг л мөн чанартайг ойлгоно. Эсрэг тэсрэг ойлголтоос нэгийг нь салгаж, түүнийгээ эс тавин зууралдваас тэр ухагдахуун нь буян буюу зөв үзэл байсан ч алдаа болно.
Хорвоо ертөнцөд бүх юм өөрчлөгдөн хувирна гэсэн үзэл санааг хатуу баримталбал энэ нь мөн алдаа болно. Ертөнцөд юу ч хувиран өөрчлөгдөхгүй гэсэн үзлийг чанад дагавал энэ нь бүр ч том алдаа болно. Хэрэв “би” бээр буй хэмээн хатуу итгэвэл алдаа болж, хүн зовлонгоосоо салж чадахгүй. Хэрэв “би” бээр буй бус хэмээн чанга итгэвэл энэ нь бас алдаа болж, тийм хүн Бурхан багшийн сургаалыг дагах утга учиргүй болно. Энэ ертөнцөд бүх юм зовлон зүдүүр хэмээн хөдөлшгүй итгэвэл энэ нь алдаа болно. Энэ ертөнцөд бүх юм баяр баясгалан хэмээн хөдөлшгүй итгэвэл энэ нь бас алдаа болно. Бурхан багшийн сургаал дундад замыг зааж, аливаа туйлшралаас зайлсхийхэд сургадаг.
37, 38-р анги

Будда 39-р анги

ХҮНИЙ БОДИТ АМЬДРАЛ

1. Энэ дэлхийд амьдарч буй хүмүүс нэг нэгийгээ хайхардаггүй, нэг нэгийгээ хайрладаггүй билээ. Тэд өчүүхэн юмнаас хэрэлдэж, нүгэл хилэнц зовлон зүдүүр дунд амьдарч, амьдрал нь тэр чигээрээ гай гамшиг, зовлон зүдүүрийн битүү тойрог болном. Тэд байр суурь, эд баялгаасаа үл шалтгаалан зөвхөн мөнгөний тухай бодож зовж шанална. Нэг хэсэг нь мөнгөгүй болоод зовно. Нөгөө хэсэг нь мөнгөтэй болоод зовно. Тэд, гагцхүү хүслээ хангахыг л бодож, нэг хором ч амар тайван байж чаддаггүй. Баян хүмүүс тариалангийн талбайтай бол түүнийхээ төлөө, байшинтай бол бас түүнийхээ төлөө санаа зовно. Тэд өөрт нь буй, дасаж дадсан бүх юмныхаа төлөө санаа зовж байдаг. Гай тохиолдож, саад бэрхшээл учрах, эсвэл эд баялаг нь түймэрт шатахад зовон шаналж, түүгээр ч зогсохгүй амиа хорлох гэнэ. Тэр ч бүү хэл тэд үхлийн замд ганц ганцаараа одож, тэднийг хэн ч үл дагалдана. Ядуу нь юу ч үгүй хоосноосоо болж зовж зүдэрдэг. Тэд байшин сав, тариалангийн талбайтай болохыг хүснэ. Тэд хүслийн галд шатаж, бие сэтгэлээрээ ядарч сульдана. Үүнээс болж тэд олдсон амьдралаа бүрэн гүйцэд эдэлж чадалгүй цагаасаа өмнө амьсгал хураана. Тэдэнд энэ хорвоогийн бүх юм дайсагнах шиг санагддаг бүлгээ. Үхлийн урт замд тэд мөн л нэг нэгээрээ оддог.
2. Энэ ертөнцөд таван нүгэл буй. Нэгдүгээрт, хүн болоод газар дээр мөлхөгч амьтан хүртэл бие биедээ байнга дайсагнаж байдаг. Хүчтэй чадалтай нь сул доройгоо шахан хавчиж, сул дорой нь хүчтэй чадалтайгаа хууран мэхэлнэ. Тэд хоорондоо дайсагналцаж, нэг нэгийгээ үргэлж гомдоож, доромжилж байдаг. Хоёрдугаарт, эцэг эх, үр хүүхэд, ах дүү нар, эхнэр нөхөр, төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүс өөрийн гэсэн амьдралын зарчимгүй, хатуу чанд дүрэм журамгүй байдаг. Тэд гагцхүү амиа бодож, хүслээ хангахыг хичээнэ. Тэдэнд өөрийн үнэн үгүй. Тэд бие биеэ хууран мэхэлж, үг үйл хоёр нь үргэлж зөрнө. Гуравдугаарт, бүх амьтан атгаг муу санаа өвөрлөж, шунал тачаалд автдаг. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль нь ч ноогдсон үүргээ биелүүлдэггүй. Учир иймээс хоорондоо дайсагнаж, хэсэг бүлэг болон хуваагдаж, хорт үйл үйлддэг. Дөрөвдүгээрт, хэн ч сайн үйл бүтээхийг эрмэлздэггүй. Бие биеэ муу руу татаж, муу үйл үйлдэж, худал ярьж, дэмий чалчиж, бусдыг муучилж, хоёр нүүр гаргаж, нэг нэгийгээ доромжилно. Бие биесээ үл хүндлэх тул, хүн бүр өөрийгөө энэ хорвоогийн хамгийн чухал хүн хэмээн үзэж, ерөөлийг доромжилсондоо огтхон ч ичиж гэмшихгүй. Тавдугаарт, бүх хүн залхуу хойрго зантай, сайн үйл бүтээхийг үл мэднэ. Тэд баярлаж талархахыг мэдэхгүй, үүргээ ухамсарлахгүй. Гагцхүү өөрийн хүсэлд хөтлөгдөж, бусдад гай тарьж, эцсийн эцэст хүнд гэмт хэрэг үйлдэнэ.
3. Хүмүүс бие биеэ хүндэтгэж, нэг нэгэндээ тус болох ёстой. Гэтэл тэгэхийн оронд хувийн өчүүхэн ашиг сонирхлоо дээдэлж, биесийг үзэн ядна. Ингэхдээ бяцхан маргаан нь яваандаа томоохон хэрүүл дэгдээж, гүн их нуугдмал хонзон, гомдож өших сэтгэл төрүүлдгийг үл мэднэ. Хэдийгээр энэ ертөнцөд дайсагнах нь хоёр талдаа хоёуланд нь хор хүргэх боловч шууд сүйрэл авчирдаггүй. Гэвч тэр нь сэтгэлийг хордуулж, хүнийг уур уцаартай болгож, сэтгэл санааг нь хувирган өөрчилдөг. Иймээс хүмүүс дахин дахин төрж, бие биеэ доромжилж, гүжирдэн гүтгэж, өвөр зуураа дайсагналцсаар байгаа юм. Энэхүү ховдог хомхой сэтгэл, шунал тачаалын ертөнцөд хүн ганцаараа төрж, ганцаараа үхдэг. Үйлийн үрийг нь ирээдүйд өөр хэн ч бус, өөрөө л үүрэх ёстой болдог. Буян, нүглийн хариу өөр өөр буй. Буян үйлдсэн хүн зол жаргалыг олдог бол, нүглийн хариуд гай гамшиг ирдэг. Энэ бол хөдөлшгүй үнэн юм. Гэхдээ хүн бүр үйлдсэн үйлийнхээ хариуг заавал өөрөө амсана.
4. Хүсэл шунал, дадал заншил, зовлон зүдүүрээр бат бэх холбогдсон хүмүүс цаг хугацаа улиран өнгөрөхөд улам цөхөрч зовно. Тэд гүн гүнзгий цөхрөлд автаж, ховдог хомхой сэтгэлээ хангахыг хичээж, уур омогтой болж, эрүүл ухаанд багтамгүй юм үйлдэж, хэрэлдэж, зөв зам мөрийг үл олж, цагаасаа өмнө үхэж, байнга шаналж зовохоос өөр аргагүй болдог. Хүмүүсийн иймэрхүү амьдрал байгалийн хуульд ч тэр, газар, тэнгэрийн хуульд ч тэр үл нийцнэ. Ийм амьдрал гай гамшиг л авчирч, хүмүүс энэ ертөнц болон хойт насандаа ч заавал зовж зүдэрнэ. Үнэхээр энэ хорвоод бүх юм урсан улирч, түргэн өөрчлөгдөж, тогтвортой, найдлагатай юу ч байхгүй бүлгээ. Ийм нөхцөлд байгаа хэр нь бүгд л зугаа цэнгэл хөөцөлдөх нь ихэд гунигтай юм.
5. Энэ бол ертөнцийн үнэн дүр зураг юм. Энэ ертөнцөд хүмүүс зовлон дунд төрж, сайн үйлсийн тухай өчүүхэн бээр үл мэдэж, гагцхүү нүгэл үйлджээ. Тиймээс хорвоогийн жам ёсны дагуу улам их зовлон эдэлнэ. Хүмүүс гагцхүү хувиа хичээж бусдад үл тусална. Тэд хүслийнхээ хүлээсийг сул задгай тавьж, шунал тачаалын галыг бадрааж, зовж зүдэрч, хариуд нь улам их тарчлан шаналдаг.
6. Тиймээс хүн хорвоогийн явдлаас салж, эрүүл саруул байгаа дээрээ зөв замд орж, мөнхийн амьдралыг хүсэх хэрэгтэй. Зөв зам мөрөөс өөр илүү аятай, тааламжтай юм буй гэж үү? Гэвч хүмүүс сайн үйлийн ачаар буян хураадаг, зөв үйл хэрэг зөв зам мөрд хөтөлж авчирдагт үл итгэнэ. Тэд, хүн үхсэнийхээ дараа дахин төрөхийг ч үл мэднэ. Бусдад туслах бол жаргал гэдэгт тэд үл итгэнэ. Тэд буян, нүгэлтэй холбоотой юунд ч үл итгэнэ. Хүмүүс алдаж, зөв сургаал, сайн үйл юу болохыг үл мэднэ. Тэдний санаа сэтгэлд харанхуй ноёрхож, үйл хэрэг нь бүтэх, эс бүтэх болон зол жаргал тохиолдох, золгүй явдал учрахын хууль журмыг үл мэднэ. Тэд гагцхүү уйлж унжиж, энэ амьдралдаа гуньж гутарна. Ертөнцөд мөнхийн юм үгүй, бүх юм улиран урсаж, хувиран өөрчлөгдөж байдаг. Үүнээс болж хүмүүс уйтгарлан гуньж, зовж зүдрэхээс өөр юу ч мэдэхгүй. Зөв сургаалыг үл сонсож, гүн гүнзгий бодож бясалгадаггүй. Тэд амархан олддогоор нь гагцхүү зугаа цэнгэл эргүүлнэ. Тэдний эд баялагтай болох эрмэлзэл, шунал тачаалд нь эцэс төгсгөл, мөн хязгаар үгүй.
7. Аль дивангараас эхлэн хүмүүс төөрөгдлийн ертөнцөд амьдарч, мөнхийн түгшүүрт оршиж, хязгааргүй их зүдэрдэг. Энэ төөрөгдөл эдүгээ үргэлжилсэн хэвээрээ юм. Харин одоо тэд Бурхан багшийн сургаалыг мэдэх, түүнд итгэх боломжтой болсон нь юутай сайхан бэ. Тэд гүн гүнзгий бодлогоширч, нүглээс холдож, буяныг сонгож, Бурхан багшийн сургаалыг дагах ёстой. Аз болоход одоо цугаараа Бурхан багшийн сургаалыг танин мэдэх бололцоотой учир Түүнд сүсэглэж, Бурхан багшийн ертөнцөд мэндлэхийг хүсэж байх ёстой. Бурхан багшийн сургаалтай танилцсаны дараа бусдад уруу татагдаж, хорвоогийн шунал тачаалын эрхэнд орж, нүгэл үйлдэхийг тэвчих хэрэгтэй. Зөвхөн өөртөө авралыг хүсэж болохгүй, харин энэ сургаалыг түгээн дэлгэрүүлж, бусад хүмүүст авралыг ерөөх хэрэгтэй.

Будда 40-р анги

СЭТГЭЛИЙН БУЗАР

1. Хүний сэтгэлд буй Бурхан багшийн мөн чанарыг ухааны болон зүрх сэтгэлийн хэмээх хоёр шунал тачаал хучсан байдаг. Ертөнцийн бүх шунал тачаалыг энэхүү хоёр төрөлд хуваана. Үүсэх шалтгаан нь мунхаг харанхуй болон шунахай сэтгэл юм. Харанхуй болон ховдог хомхой сэтгэл бүх шунал тачаалыг өдөөнө. Эдгээр нь ямар ч шунал тачаалын эх ундарга болой. Харанхуй гэдэг нь мунхаг ухаан хийгээд үнэнийг үл ойлгох байдал юм. Ховдог хомхой сэтгэл бол хүсэл шунал, амьдралд дасал болохын эх ундарга юм. Энэ бол нүдээр харж, чихээр сонсож буй бүхнээ эзэгнэх хүслэн юм. Энэ бол үхлийн хүслэн болж өсөж ургадаг хүслэн билээ. Харанхуй хийгээд ховдог хомхой сэтгэлээс эгээрэл хүсэл, уур уцаар, мунхаг ухаан, буруу тайлбар, гомдол, атаархал, худал хуурмаг, бялдууч зан, ихэмсэг зан, бусдыг үл тоомсорлох, хөнгөн хийсвэр загнах зэрэг хорвоогийн шунал тачаал төрнө.
2. Хүн өөрт нь таалагдсан юмыг олж хараад хүслээ хангах буруу бодолд автахад шунал үүснэ. Хүн өөртөө үл таалагдах юмыг олж харахдаа эрхэндээ оруулах гэсэн буруу бодолд автахад уур хилэн үүснэ. Хүн харанхуйгаасаа болж юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ үл мэдэх нь мунхаг явдал юм. Буруу сургаалын нөлөөн дор буруу бодох нь буруу тайлбарлахад хүргэнэ. Хүсэл шунал, уур хилэн, мунхаг харанхуй гурвыг энэхүү ертөнцийн гурван гал хэмээдэг. Бүх хүслээ дураар нь тавьж ухаан бодлоо хазаарлах чадваргүй болсон хүнийг хүслийн гал нь шатаадаг. Амьд амьтныг хөнөөж, уурын мунхагт автсан хүнийг хилэнгийн гал нь шатаадаг. Бурхан багшийн сургаалыг мэдэхгүй, төөрөлдөж яваа хүнийг мунхгийн гал хуйхалдаг. Үнэхээр энэ орчлонд янз янзын гал асаж буй билээ. Хүсэл шунал, уур хилэн, мунхаг ухааны гал, амьдрах, өтлөх, өвдөх, үхэхийн гал, санаа сэтгэл шаналж, уйтгарлан гуних, зовж зүдрэх, тарчлахын олон гал асаж байна. Ертөнцийн шунал тачаалын хорт гал зөвхөн төөрч будилсан хүмүүсийг хуйхлаад зогсохгүй, бас бусдыг зовоож, бие, хэл, сэтгэлээр нүгэл үйлдэхэд хүргэдэг. Үүгээр ч зогсохгүй энэ галд түлэгдсэнээс үүдсэн идээ бээр нь бусад хүмүүст халдварлаж, тэднийг муу үйлийн замд хөтлөн оруулна.
3. Шунал хүсэл нь хангалуун байх гэсэн сэтгэлээс, уур хилэн нь сэтгэл хангалуун бишээс, мунхаг харанхуй нь муу муухай санаанаас үүднэ. Хэдийгээр шунал хүсэл нь сүйдтэй том нүгэл биш боловч, түүнээс ангижирна гэдэг амаргүй. Хэдийгээр уур хилэн нь их нүгэл боловч, түүнээс ангижрах нь хэцүү биш. Мунхаг харанхуй бол том нүгэл, түүнээс ангижрах нь амаргүй. Тиймээс хүмүүс өөртөө таалагдаж буй юмыг үзэх, сонсох үедээ зөв бодож сэтгэх, тааламжгүй зүйлийг үзвэл тэвчихийг дээдэлж ямагт зөв бодох, ингэснээрээ муу гурван галыг унтраах ёстой. Хүмүүс зөв, ариун тунгалаг, өгөөмөр сайхан сэтгэлтэй болбол хорвоогийн шунал тачаал тэдэнд үгүй болно.
4. Шунал хүсэл, уур хилэн, мунхаг харанхуй нь өвчтөн халуурах лугаа адил билээ. Ямар ч саруулхан, гоё тансаг өрөөнд хэнбугай ч хэвтэж байсан, халуунтай л бол дэмийрч, нойр муутай хононо. Хорвоогийн эдгээр шунал тачаалаас ангижирсан хүн хөхөө өвлийн хүйтэн шөнө, газар унаж дэрийн хөлдсөн навчсын дээр ч гэсэн тайван тухтай нойрсоно, зуны бүгчим шөнө, тав тух муутай, бачуухан өрөөнд ч сайхан унтана.
Ертөнцийн энэхүү гурван шунал тачаал эл хорвоогийн уй гуниг, зовлон зүдүүрийн гол шалтгаан билээ. Энэ уйтгар гуниг, зовлон зүдүүрийг гагцхүү сонор сэрэмж, сэтгэл санааны төвлөрөл, оюун ухаан л таслан зогсооно. Сонор сэрэмж нь шунал хүслийн, санаа сэтгэлийн зөв төвлөрөл нь уур уцаарын, оюун ухаан нь харанхуй мунхгийн бузрыг арилгана.
5. Хүний хүсэл аливаа хязгаарыг үл мэднэ. Зүйрлэвэл, энэ нь давстай ус уугаад, цангаа тайлж чадахгүй байгаа хүнтэй адил бүлгээ. Тэрбээр хэчнээн их ус уулаа ч, цангаагаа тайлж чадахгүй, улам ангана. Хүн хүслээ хангахаар тэмүүлэвч сэтгэл нь улам бүр үл ханаж, уурлаж уцаарлаж эхэлнэ. Хүн хүслээ хангаж чадахгүй. Тэрбээр хүслээ биелүүлж чаддаггүй учир зовж зүдэрдэг. Тэрбээр хүсэл нь биелэхгүй болохоор галзуурах шахдаг. Хүмүүс ховдог хомхой сэтгэлээсээ болж нэг нэгтэйгээ маргалдаж, хоорондоо дайтна. Ховдог хомхой сэтгэлдээ автаж урдхаа харахаа больсон хаад ноёд, сайд язгууртан, эцэг хөвүүд, ах дүү, анд нөхөд хоорондоо тэрсэлдэн дайтаж, нэгийгээ алж хяддаг. Шунаг сувдаг сэтгэлээсээ болж хүн зөв замаасаа урваж, хулгай хийж, худал хэлж, буруу хурьцаж эхэлдэг. Зарим үед гэмт хэрэг үйлдэж байгаад баригдан шийтгэгдэж, зовж тарчилдаг. Түүнээс гадна сувьдаг шунахай сэтгэлээсээ болж бие, хэл, сэтгэлээр нүгэл үйлдэнэ. Хүн энэ ертөнцөд зовж, үхсэнийхээ дараа нөгөө ертөнцөд очихдоо харанхуй тамын элдэв зовлонг эдэлдэг.
6. Сувьдаг шунахай сэтгэл бол ертөнцийн хамгийн хэцүү шунал тачаал бөгөөд бусад нь түүний эрхэнд байдаг. Хомхой сэтгэл нь хорвоогийн шунал тачаал соёолж ургадаг чийгтэй хөрс лүгээ адил юм. Энэхүү ховдог сэтгэл нь хорвоогийн элдэв шунал тачаалыг төрүүлнэ. Сувьдаг шунахай сэтгэл бол буяныг залгидаг шуламс юм. Хомхой сэтгэл ямар ч буяныг үгүй болгоно. Ховдог хомхой сэтгэл бол цэцгийн сүүдэрт нуугдаж буй хорт могой лугаа адил бөгөөд хүслийн цэцэгт хуруу хүрсэн болгоныг хөнөөх амой. Ховдог хомхой сэтгэл бол мод ороож ургадаг хорт ургамал бөгөөд хүний сэтгэлийг ороож, буяных нь шим шүүсийг сордог юм. Ховдог хомхой сэтгэл бол шуламсын шидсэн талх, түүнийг авсан хүн нүглийн замаар ордог.
Хэрэв өлсгөлөн нохойд цус түрхсэн хоосон булуу хаяж өгвөл шуналтай нь аргагүй түүнийг мэрэх боловч дэмий л цуцаж, зовж зүдэрнэ. Хэрчим махны төлөө зэрлэг амьтад нэг нэгэнтэйгээ уралцдаг. Асаасан бамбар бариад салхи сөрөн явж буй мунхаг хүн бамбарынхаа галд шатна. Зэрлэг амьтад, мунхаг хүмүүс сувьдаг шунахай сэтгэлээсээ болж өөрсдийгөө зовоож эсвэл шатаадаг.
7. Хорт сум гаднаас эрчлэн нисэж ирвэл түүнээс хамгаалж болно, хэрэв дотроос эрчлэн нисэж ирвэл хамгаалж үл болно. Шунал үүсэл, уур хилэн, харанхуй мунхаг, ихэмсэг зан энэ дөрвийг элдэв өвчин халдаадаг хорт дөрвөн сумтай зүйрлэж болно. Сэтгэлд шунал, хүсэл, уур уцаар, мунхаг ухаан нүүрлэсэн цагт хүн худал ярьж, илүү дутуу чалчиж, хараал хэлж, хоёр нүүр гаргаж, амьтан алж, хулгай хийж, буруу хурьцах бүлгээ. Сэтгэлээр үйлдэх гурав, хэл амаар үйлдэх дөрөв, биеэр үйлдэх гурван нүглийг арван хар нүгэл гэнэ. Хэрэв хүн санаатай худал хэлж эхэлбэл ямар ч муу үйл үйлдэнэ. Буруу хэрэг хийж буй учир худлаа ярихаас өөр аргагүй болдог. Худлаа ярьдаг учраас нүгэл үйлдэхдээ ичиж зовохыг мэдэхгүй. Ховдоглох, шунаж хүсэх, айж эмээх, уурлаж уцаарлах нь цугаараа мунхаг ухаанаас үүднэ. Мөн гай гамшиг, аюул зовлон ч мунхаг ухаанаас урган гардаг. Энэ ертөнцөд мунхаг ухаан элдэв халдварын эх булаг мөн.
8. Хүн хорвоогийн шунал тачаалд автаж муу үйл үйлдэнэ. Муу муухай үйлсээсээ зовж шаналдаг. Хорвоогийн шунал тачаал, муу үйл, зовлон зүдүүр нь эцэсгүй эргэлдэж байдаг гурван хүрд юм. Эдгээр хүрдний эргэлт нь эхлэл, төгсгөлгүй юм. Хүн энэ хүрээнээс гарч үл чадна. Энэ хүрээнд эргэлдэж, дахин дахин төрж, энэ ертөнцөөс өөр ертөнцөд шилжин очиж, тэндээсээ гурав дахь ертөнцөд шилжиж, ийнхүү дуусашгүй олон төрлийг олно. Энэхүү мөнхийн эргэлдэх хүрээнд хүний үхсэн болгоных нь дараа шатаасан ясыг нь цуглуулбал Сүмбэр уулнаас өндөр болно. Энэ цаг хугацаанд ээжээсээ хөхсөн сүүг цуглуулбал Сүн далайгаас илүү болно.
Тиймээс хэдийгээр хүн Бурхан багшийн мөн чанартай боловч, тэр нь хорвоогийн шунал тачаалын үнэхээр зузаан тоосонд хучаастай тул цаанаас нь нэвтлэн гарч ирж үл чадмуй. Хэдийгээр хүн бүхэнд Бурхан багшийн үл илрэх мөн чанар буй боловч, хүмүүс тэрхүү мөн чанарыг байхгүй хэмээн үздэг учраас тэдний төөрөгдөл эцэс төгсгөлгүй билээ.
39, 40-р анги

Будда 41-р анги

ГЭР БҮЛИЙН ЖАРГАЛ

1. Гай зовлон дотроос үүдэн гардгийг үл мэдэж, дорно зүг, эсвэл өрнө зүгээс ирдэг хэмээн бодох нь тэнэг явдал бүлгээ. Дотоод сэтгэлээ янзалж цэгцлээгүй байж, гадна талаа хамгаалах нь буруу. Хүмүүс өглөө эрт босоод шүдээ сойздож, гар нүүрээ угааж, баруун, зүүн, урд, хойд, дээд, доод зургаан зүгт мөргөж, аюул ирж болох замыг хааж, өлзийтэй сайхан өдөр болоосой хэмээн хүсдэг билээ. Гэвч Бурхан багшийн сургаалын дагуу бол өөр маягаар байвал зохино. Үнэний зургаан зүгийг хүндэлж, ухаантай байж, буян бүтээж, тэгснээр гай зовлонгоос өөрийгөө хамгаалж чадна. Үнэний эдгээр зургаан зүгийг мөрдөж баримтлахын тулд юуны өмнө дөрвөн үйлийн бузраас салж, сэтгэлийн дөрвөн муу илрэлийг тасалж, гэр орныг түйвээн сүйтгэх зургаан үүдийг хаах хэрэгтэй бүлгээ. Дөрвөн зүйлийн бузар нь амьтны амь таслах, хулгай хийх, буруу хурьцах, худал хэлэх эдгээр болой. Сэтгэлийн дөрвөн буруу илрэл нь ховдог шунахай сэтгэл, уур хилэн, мунхаг ухаан, айж эмээх болой.
Орон гэрийг түйвээх зургаан үүд нь ууж согтуурах, үдэш орой болтол найрлах, хөгжим, театр зэрэгт ухаанаа өгч хөөцөлдөх, мөрийтэй тоглох, муу хүнтэй нөхөрлөх, ажлаасаа зугтах эдгээр болой. Дөрвөн буруу үйлийн бузраас салж, сэтгэлийн дөрвөн муу илрэлийг таслан, орон гэрийг түйвээх зургаан үүдийг хаагаад үнэний зургаан зүгт мөргөх ёстой. Үнэний зургаан зүг нь эцэг эх, үр хүүхдийн зүүн зүгийн зам, багш, шавь нарын өмнө зүгийн зам, хань ижлийн баруун зүгийн зам, анд найзуудын хойд зүгийн зам, эзэн, зарцын доод зүгийн зам, Бурхан багшийн сургаалд итгэсэн хүний дээд зүгийн зам юм. Юуны түрүүн эцэг эх, үр хүүхдийн замыг дагаж мөрдөх хэрэгтэй. Энэ нь үр хүүхдийн таван үүрэг юм. Үүнд: эцэг, эхдээ зүтгэх, гэрийн ажилд туслах, удам угсаагаа хүндлэх, өв хөрөнгөө хамгаалах, нас барсных нь дараа хойтын буяныг зөв үйлдэх эдгээр багтана. Эцэг эх ч ялгаагүй, хүүхдийнхээ өмнө таван үүрэг хүлээн мөрдөх ёстой.
Үүнд: Эцэг эх, аливаа нүглийг таслан зогсоох, хүүхдэдээ буяныг зааж сургах, тэднийг сайн хүмүүжүүлэх, сайн хань олж өгөх, цаг нь болоход тэдэнд гэр орноо өвлүүлэн өгөх эдгээр болой. Хэрэв эцэг эх, үр хүүхэд өөрсдийн үүргээ дагаж мөрдвөл гэр бүл нь энх амгалан болж, эцэг эх, үр хүүхдийн хооронд эв үл эвдэрнэ. Багш, шавийн өмнө зүг хэмээх нь шавь нар багшаа угтан тосож мэндлэх, түүнд үнэнч зүтгэх, бүх зарлигийг нь дуулгавартай хүлээн авах, өглөг барьж өргөх, номлолыг нь анхааралтайяа сонсох эдгээр болой. Харин багш бол биеэ зөв авч явах, шавь нартаа үлгэр жишээ үзүүлэх, өөрийнхөө сурч мэдсэнийг шавь нартаа үнэн зөв заах, үнэн зөв номлох, тэднийгээ нэр хүндтэй болгохын төлөө санаа тавьж, цаг үргэлж хамгаалах ёстой. Тэр цагт багш, шавийн хооронд арван хуруу тэгш харьцаа тогтоно.
Хань ижлийн баруун зүг бол нөхөр нь эхнэрээ хүндэтгэх, эелдэг зөөлөн харьцах үнэнч байхыг хэлнэ. Тэрбээр эхнэртээ ар гэрийн бүх ажлаа даатгаж, хаяа түүндээ гоёл чимэглэл өгөх ёстой. Харин эхнэр нь нөхрийнхөө өмнө гэр орноо цэвэр цэгцтэй байлгах, зарц нартайгаа зөв харьцах, үнэнч байх, нөхрийнхөө олж ирсэн хөрөнгийг үрэн таран хийхгүй байх, ар гэрийнхээ ажлыг сайн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээнэ. Ингэвэл эхнэр, нөхөр хоёр эвтэй найртай, хэрүүл маргаангүй байна. Анд нөхдийн хойд зүгийн зам нь найз нар нэг нэгийгээ нөхөх, бие биедээ найрсаг дотно хандах, харилцан ашигтай байхыг хичээх, нэгэндээ ямагт анхаарал халамж тавихын нэр юм. Найз нь буруу замд орохоос сэргийлэх, хэрэв орчихвол түүний байдлыг хянуур ажиглан туслах, хүнд хэцүү байдалд орвол зөвлөгөө өгөх, гай гамшиг тохиолдвол гар сунган туслах, хэрэгцээ шаардлага гарвал эхнэр, үр хүүхдийг нь асарч туслахын нэр юм. Ингэвэл найз нөхдийн дунд сайн харилцаа тогтож, тэд жаргалтай байх бүлгээ. Эзэн, зарцын доошоо уруудах замд нь таван үүрэг хүлээнэ. Энэ бол зарцдаа хүч чадалд нь таарч тохирох ажил өгөх, сайн хөлс төлөх, өвдвөл асарч халамжлах, аливаа ховор нандин юмаа хуваалцах, үе үе түүнийг амраах зэрэг болой. Зарц мөн адил таван үүрэг хүлээнэ. Өглөө эзнээсээ эрт босож, орой эзнийхээ дараа унтаж, үнэнч шударга, ажлаа сайн мэддэг байх ёстой. Мөн эзнийхээ нэрийг хөөдөхгүйг цаг ямагт хичээх хэрэгтэй. Ингэвэл эзэн, зарцын хоорондын харьцаа элдвийн хүндрэлгүй энх амгалан найртай сайхан байх юм.
Ямар ч айлд Бурхан багшийн сургаалд итгэсэн сүсэгтний замд Бурхан багшийн сургаал байх ёстой. Ном заалган сурч буй хүний хувьд багшаа хүндлэн биширч, энэхүү бишрэл түүний бие, хэл, сэтгэлд шингэсэн байх ёстой. Тэрбээр багшаа хүндлэн угтаж, сургаалыг нь үнэнчээр даган мөрдөж, өргөл барьж өгч байх нь зүйтэй. Бурхан багшийн сургаалыг номлон дэлгэрүүлж буй багш нь номоо сайн ойлгож, нүглээс зайлсхийж, буяныг номлож, зөв замыг зааж, шавь нар нь сэтгэлийн амар амгаланг олтол тэднийг араасаа дагуулах үүрэгтэй. Ингэвэл гэр бүл тэр аяараа энэхүү замыг дагаж, сургаалыг нүдний цөцгий мэт хамгаална. Ийм гэр бүлд аз жаргал дэлгэрнэ. Зургаан зүгт мөргөх нь гай гамшгаас л зайлахыг хүсэж мөргөж залбирахыг хэлээгүй юм. Энэ нь үнэний зургаан зүгийг дагаж, гай гамшиг хүний дотор буй болохоос сэргийлнэ гэсэн үг юм.
2. Хүн нөхөрлөж болох хийгээд үл болох хүмүүсийг ялгаж сурах хэрэгтэй. Нялуун үгтэй, бялдууч зантай, шунахай хүн болон үрэлгэн этгээдтэй нөхөрлөж болохгүй. Хүнд хэцүү цагт чинь тусалж, баяр баясгалан, уй гунигийн алийг ч хуваалцахад бэлэн, зөв зүйтэй үгээ харамгүй хэлдэг, нигүүлсэнгүй сэтгэлтэй хүнтэй нөхөрлөж болно. Чамайг буяны замаас хазайлгахгүйн тулд нүд эс салгаж, сэтгэлдээ чиний төлөө зовж, гай зовлон тохиолдоход тайтгаруулдаг, хэрэгтэй үед чамд туслахын тулд өөрийгөө ч үл хайрлаж, нууцыг чинь хадгалж чадах, үргэлж зөв зүйтэй зөвлөгөө өгдөг тийм хүнтэй үерхэж, түүний төлөө зүтгэх ёстой. Ийм найзтай болох амаргүй тул, хүн өөрөө бусдад иймэрхүү анд болохыг хичээвэл зохино. Сайн хүн өөрийн зөв үйлийн ачаар бусдын хувьд наран болдог билээ.
3. Хүн эцэг эхдээ юугаар ч төлж баршгүй өртэй юм. Эцгээ баруун, эхээ зүүн мөрөн дээрээ зуун жилийн турш үүрч яваад ч төлж чадахгүй. Эцэг эхээ анхилуун сайхан үнэр бүхий усанд зуун жилийн турш өдөр шөнөгүй оруулсан ч энэ их өрийг төлж дийлэхгүй. Арван хуруу тэгш хүү болж, тэднийхээ төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэж, тэднийгээ хаан ширээнд суулган, хамгийн элбэг дэлбэг, баян тансаг амьдралд умбуулсан ч ачийг нь хариулж чадахгүй юм. Харин тэднийг Бурхан багшийн сургаалд итгүүлж чадвал, буруу замыг орхиж, зөв мөрийг хөөдөг болговол, шунахай сэтгэлээсээ татгалзаж өглөг барьж баясгалантайгаар өргөдөг болговол тэдний ачийг хариулж болно. Энэ нь тэр их ачийг хариулахаас ч илүү тус дэм болж магадгүй юм. Үр хүүхэд нь эцэг эхээ хайрлаж хүндэлдэг айлд Бурхан багш болоод бурхан амьдардаг юм.
4. Нэгэн гэр бүлд олон сэтгэлийн харилцаа байдаг тул, хэрэв гэр орноороо эвтэй бол цэцэглэж буй цэцэрлэг лүгээ адил үзэсгэлэн төгс бүлгээ. Хэрэв сэтгэл санааны найрсал эвдэрвэл хэрүүл маргаан дэгдэж, гэр бүл салж сарнина. Ийм тохиолдолд бусдыг бус, өөрийнхөө сэтгэлийг буруушаан гэмшиж, зөв мөрийг хөөх нь зүйтэй.
5. Эрт урьд цагт үлэмж сүсэг бишрэлтэй нэгэн залуу эр байжээ. Эцэг нь талийгаач болоход тэрбээр эхтэйгээ хамт хоёулхнаа үлдэв. Ээж, хүү хоёр бие биеэ хайрлан халамжилж, сайхан амьдарч байлаа. Удалгүй хүү нь гэрлэж, гурвуулаа амьдрах болов. Эхлээд юм бүхэн сайн сайхан, цугаараа жаргалтай байлаа. Нэгэнтээ шалихгүй юмнаас болж хадам эх, бэр хоёрын хооронд зөрчил үүдэн, хэрүүл маргаан тасрахгүй болов. Хөгшин эх тэвчиж ядаад, сүүлдээ хос залууг орхиж, гэрээсээ явав. Эхийгээ явсны дараа бэр нь хүү төрүүлжээ. Хадам эх нь цуг амьдарч байхдаа бэрээ үргэлж гомдоодог байсан тул хүүхэд төрүүлж чадаагүй, харин түүнийг явсны дараа бурхан үр хүүхэд хайрласан тухай цуу яриа орь ганцаар амьдарч буй хөгшний чих дэлсжээ. Хадам эх уурлан хилэгнэж дуу алдсан нь: “Энэ хорвоод шударга үнэн юм алга. Эхийгээ хөөсөн бэрд бурхан хүүхэд хайрлах нь хөлөөрөө толгой хийсэн шударга үйл юм” гэв. Тэрбээр элий балай болж: “Ийм шударга явдлыг болиулах хэрэгтэй” хэмээн хашхирсаар оршуулгын газар руу гүйжээ.
Бурхан энэ бүхнийг мэдэж, хадам эхийн зам дээр гарч ирэв. Тэрбээр түүнийг асуун шалгааж, ятган сэнхрүүлэхэд хөгшин эх үл сонсов. Чингээд Бурхан хэлсэн нь: “За, тэгвэл би чиний үзэн яддаг бэр, ачийг чинь амьдаар нь шатаачихъя. Тэгвэл чи баярлах уу?” Бурханаас үүнийг сонссон хадам эх сая ухаан орж, буруугаа ойлгон, нүглээ наманчилж, бэр, ач хоёроо өршөөхийг учирлан гуйжээ. Хүү, бэр хоёр нь ч эдүгээ хүртэл төөрөлдөж байснаа ухаарав. Тэд ээж рүүгээ очих гэж яваад оршуулгын газраас буцаж байхад нь замд нь таарчээ. Бурхан, хадам эхийг бэртэй нь эвлэрүүлж, тэдний гэр бүлд эв найр эргэж ирэв. Шударга ёсыг үл гээх аваас сургаал номлол хэзээ ч үл мөхнө. Сургаал нь өөрөө оршин тогтнохоо больдог бус, харин хүн шударга ёсыг мартдагаас л болдог юм. Сэтгэл сэтгэлтэйгээ зөрөлдөхөд үнэхээр аймшигт гай гамшиг ниргэнэ. Яльгүй үл ойлголцол ч их аюулыг авчирна. Гэр бүлийн амьдралд үүнээс л хамгийн их айж эмээвэл зохино.
6. Хүн гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд шоргоолж юм уу, эсвэл зөгий лүгээ адил ажиллах ёстой. Тэрбээр бусдад найдах, өргөл барьж өгөхийг хүлээх ёсгүй. Хөлсөө асгаруулж олсон баялгаа гагцхүү өөрийн хэмээн үзэж, зөвхөн өөртөө зарцуулж болохгүй. Нэг хэсгийг нь хүмүүст өгч, нөгөө хэсгийг нь хожим хэрэг болно хэмээн хадгалах ёстой. Хэрэв хөрөнгө нь улс орон, нийгэм, эсвэл Бурхан багшийн сургаалын тусад үйлчилбээс баярлан баясах ёстой. Энэ хорвоод “өөрийн” гэсэн юу ч байхгүй. Бүх юм цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд хүнд олдож, хүн түүнийг түр хугацаагаар л хэрэглэнэ. Тиймээс аливаад дээд зэргийн ариг гамтай хандах ёстой.
7. Удаяна хааны хатан Сямавати, Анандад 500 хувцсаар өргөл барихад цаадах нь дуртайяа хүлээн авчээ. Хаан үүнийг мэдмэгцээ Ананда шунахай сэтгэлд хөтлөгдөн тэр их өргөлийг авсан гэж бодоод түүнээс очиж асуусан нь: “Ариунаас ариун анд минь, чи нэгэн зэрэг бүхэл бүтэн 500 хувцас аваад яах гэсэн юм бэ?”
Ананда хариулсан нь: “Хаан минь, олон лам хувраг ноорхой цоорхой хувцастай явдаг. Би тэдэнд шинийг өгөх гэсэн юм”. “Тэгвэл чи хуучин хувцсыг нь яах вэ?”, “Бид хуучин хувцсаар орны даавуу хийнэ”. “Хуучин дэрний уутыг яах вэ?” “Шалан дээр дэвсэх олбог хийнэ”. “Хуучин олбогоо яах вэ?” “Хөлийн арчуур хийнэ”. “Хөлийн арчуураар яах вэ?” “Хаан минь, хуучин хөлсний арчуураар шалны арчуур хийнэ”. “Хуучин шалны арчуурыг яах вэ?” “Хуучин шалны арчуурыг тууз туузаар нь урж, зуурч буй шавартай холиод, зуурсан шавраараа байшин барихдаа ханыг нь шавж өрнө”. Эд юмст ариг гамтай хандаж, зөв хэрэглэх хэрэгтэй. Ийнхүү “Өөрсдийн” бус, харин бидэнд түр олдсон юмсыг ашиглаж хэрэглэх ёстой.

ЭХНЭР ХҮНИЙ АМЬДРАЛ

1. Дөрвөн янзын эмэгтэйчүүд буй. Нэгдэх нь жижиг сажиг юмнаас болж уурладаг, олон ааштай, ховдог шунахай, бусдын аз жаргалд атаархаж, өглөг барьцыг үл дээдэлдэг бүлгээ. Хоёр дахь нь үе үе уурлаж уцаарладаг, олон ааштай, ховдог шунахай боловч бусдад атаархдаггүй, өглөг барьцад гар татдаггүй бүлгээ. Гурав дахь нь уужим сэтгэлтэй, уурлаж уцаарлах нь бага, олон зангүй, хүслээ номхотгож чаддаг ч бусдад атаархах бөгөөд өглөг барьц үл барина. Дөрөв дэх нь уужим сэтгэлтэй, хэзээ ч уурладаггүй, хүслээ номхотгож чаддаг, үргэлж амгалан тайван, бусдад атаархдаггүй, өглөг барьж өргөдөг билээ.
2. Залуухан бүсгүй хадамд гарахдаа дараах зүйлийг мартаж үл болно. Эр нөхрийнхөө эцэг, эхийг хүндэлж, тэдний төлөө зүтгэх хэрэгтэй. Эр нөхрийнх нь эцэг эх залуу хосын сайн сайхны төлөө сэтгэл тавьдаг, тэдний ухаантай өмгөөлөгч болох тул талархаж, тэдэнд баярласан сэтгэлээр үйлчилж, хэзээд туслахыг хичээх хэрэгтэй.
Эр нөхрийн чинь багш түүнд ариун сургаалыг заадаг тул, авгай нь мөн адил нөхрийнхөө багшийг хүндлэн бишрэх ёстой. Учир нь хүн оюун ухааны багшгүй амьдарч чадахгүй. Нөхрийнхөө ажлыг ойлгож, түүнд туслахын тулд эхнэр нь өөрөө сурч боловсорч, мэдлэгээ дээшлүүлэх ёстой. Нөхрийнхөө үйл хэрэгт харийн хүний хандаж буй мэт хайхрамжгүй байж үл болно. Эр нөхрийн чинь удирдлагад ажилладаг болон ажил төрлөөр уулзахаар ирсэн хүмүүсийн зан ааш, авьяас чадвар, таашаалыг мэдэхийг хичээж, тэдэнд сайн хандах хэрэгтэй. Нөхрийнхөө олсон орлогыг ариг гамтай зарцуул, өөртөө илүү мөнгө үрэх хэрэггүй.
3. Нөхөр, эхнэрийн харилцааг тав тухыг бодож тогтоогоогүй, мөн нэг гэрт амьдарч буй учраас ч тэгсэн юм бус. Ариун сургаалын дагуу тэд сэтгэлээ төгс төгөлдөр болгохыг хичээвэл зохино.
Цагтаа эвтэй найртай гэр бүлийн үлгэр жишээ болж байсан амраг хоёр нэгэнтээ Эрхэм дээд ариун явдалт багш дээр очиж, Түүнд хандаж хэлсэн нь “Эрхэм дээд ариун явдалт багш аа, бид багаасаа бие биеэ мэддэг байсан юм. Дараа нь насанд хүрээд гэр бүл болсон. Одоо болтол бид хоёрын толгойд нэгийгээ хуурах бодол ганц ч удаа орж ирээгүй юм. Бид, энэ ертөнцөд амьдарч буй шигээ хойт насандаа ч биесээ хайрлан халамжилж амьдармаар байна. Бидний энэхүү хүсэл биелж бүтэхэд юу хийх хэрэгтэйг хэлж өгнө үү?”. Эрхэм дээд ариун явдалт багш хариулсан нь: “Тийм бол та хоёр нэг шашинд сүсэглэх хэрэгтэй. Сургаалыг хоёулаа дагаж, хамтдаа сэтгэлээ төгс төгөлдөр болгож, хамтдаа өргөл барьж өргөж, хамтдаа оюун ухааныг олбол, та хоёр хойт насандаа ч нэгэн сэтгэлээр амьдарч чадна”.
4. Анатхапиндада хэмээх баян худалдаачны том хүүтэй суусан Сужата гэдэг ихэмсэг зантай эмэгтэй байлаа. Тэрбээр хэнийг ч үл хүндлэх бөгөөд эцэг эх, эр нөхрийнхөө хэлснийг ч үл сонсох учир орон гэр нь үргэлж хэрүүл маргаантай байсан аж.
Нэгэнтээ Эрхэм дээд ариун явдалт багш, баян худалдаачныд очоод гэр орон нь ямаршуухан байгааг харжээ. Тэрбээр залуухан эхнэр Сужатаг дуудаж хэлсэн нь:
“Сужата минь, энэ ертөнцөд долоон янзын эхнэрүүд байдаг. Нэгдэх нь алуурчин, дээрэмчин лүгээ адил эхнэрүүд юм. Тэд муухай сэтгэлтэй байдаг бөгөөд эр нөхрөө хүндэлж хайрладаггүй, хууран мэхэлж, эцэст нь өөр хар хүн дээр очдог. Хоёр дахь нь хулгайч лугаа адил эхнэрүүд. Тэд нөхрийнхөө ажил төрлийг ойлгодоггүй, нэр алдар хүссэн хүслээ хангаж, эрхлэхийг л боддог, өөрсдийгөө цатгахын тулд эр нөхрийнхөө орлогыг үрэн таран хийж эр нөхрөөсөө хулгай хийдэг юм.
Гурав дахь нь эзэд лүгээ адил эхнэрүүд юм. Тэд гэрийн ажил хийхгүй, залхуу хойрго зантай, өөрсдийн хэрэгцээг хангахыг л бодож, хүн амьтантай бүдүүлэг харьцаж, нөхрөө үргэлж аашилж загнах бүлгээ. Дөрөв дэх нь эхчүүд лүгээ адил эхнэрүүд. Тэд нөхөртөө хайр халамжтай, хүүхэд шигээ халамжлан хамгаалж, олсон хураасанд нь ариг гамтай хандана. Тав дахь нь охин дүү нар лугаа адил эхнэрүүд. Тэд төлөв даруу зантай, сэтгэлээ барьж чаддаг, нөхөртөө үнэнч зүтгэж, эгч нартаа гаргадаг хайр халамжийг үзүүлж асарна. Зургаа дахь нь анд найз нар лугаа адил эхнэрүүд. Тэд олон жилийн дараа эртний найзтайгаа таарсан юм шиг эр нөхөртөө үргэлж баярлан баясдаг. Тэд биеэ зөв авч явдаг, намуун зөөлөн ааштай, эр нөхрөө хүндэлнэ. Долоо дахь нь зарц лугаа адил эхнэрүүд. Тэд нөхөртөө үнэнч зүтгэж, түүнийг хүндэлдэг, хэлсэн бүхнийг нь үг дуугүй биелүүлж, уурлаж уцаарладаггүй, гомддоггүй бөгөөд эр нөхрөө жаргалтай байлгахын тулд бүхнийг хийдэг. “Сужата минь, чи эдгээр долоон төрлийн эхнэрийн алинтай адил болмоор байна?”. Үүнийг сонсоод Сужата ичиж, нүглээ наманчлан, зарц эмэгтэй лүгээ адил эхнэр болж, нөхөртөө бүх талаар туслан түүнтэй хамт Бурхан багшийн сургаалыг дагаж мөрдөхөө амласан аж.
5. Вайсали балгаст үүлэн борооны явдалд мэргэшсэн баян чинээлэг Амрапали хэмээх цуутай хүүхэн байжээ. Тэрбээр залуухан, үзэсгэлэнтэй янхан хүүхнүүдтэй байв. Нэг удаа тэрбээр сайн ном сургаал сонсохоор Бурхан багш дээр очжээ. Сайваар ажирсан багш түүнд хэлсэн нь: “Амрапали минь, эмэгтэй хүний сэтгэл амгалан тайвнаа амархан алдаж, буруутах нь хялбар буй. Эмэгтэй хүн ховдог шунахай тул бусдад атаархаж, бусдаас харамлаж байдаг. Эрэгтэй хүнийг бодвол гэгээрэх замд нь саад бэрхшээл их учирна.
Тиймээс энэ замаар явах нь эмэгтэй хүнд бүр хэцүү бүлгээ. Тэгээд ч нас залуу, өнгө зүсээр гоо сайхан бол улам хэцүү. Тэрбээр эд баялаг, хайр дурлалын уруу татахыг ялан дийлж энэ замаар явах ёстой юм.
Амрапали минь, эмэгтэйчүүдийг уруу татан шуналыг нь бадрааж байдаг эд баялаг, хайр дурлал нь үүрдийн үнэт эрдэнэс бус аа. Мөнхийн эрдэнэ бол зөвхөн гэгээрэх зам мөр билээ. Хүчтэй чадалтай хүн өвчинд автаж сул дорой болдог, залуу хүн ч өтөлж хөгширдөг, амьдралд ч үргэлж үхэл заналхийлж буй. Заримдаа хайртай хүнээсээ хагацаж, үзэн яддаг нэгэнтэйгээ найрын ширээний ард суух ч буй, хүний хүсэл тэр болгон үл биелэх ч буй. Ертөнцийн журам л ийм юм даа. Эл учир хорвоод гагцхүү гэгээрэх зам мөр хүнийг сайн хамгаалж чадна. Гэгээрэхийг л яарах хэрэгтэй”. Амрапали энэхүү сургаалыг сонсоод Бурхан багшийн шавь болж, лам хуврагуудад гоё сайхан цэцэрлэгээ өргөл болгожээ.
6. Гэгээрэх замд эрэгтэй, эмэгтэй хүний хооронд ялгаа үгүй. Эмэгтэй хүн гэгээрэхийг мөн адил хүсвэл тэрбээр гэгээрэх замыг дагаж мөрддөг болно. Прасенажит буюу Гэгээнээ ялгуугч хааны охин, Айодхи хааны хатан Маллика гэгээрэх замыг дагаж Чадагчийн эрхт багшийн сургаалд мөргөн залбирч, Түүний өмнө дараах арван тангараг өргөсөн юм.
“Бүхнийг айлдагч багш минь, өнөөдрөөс эхлээд гэгээртлээ би нэгдүгээрт, ариун сургаал зарлигийг зөрчихгүй. Хоёрдугаарт, би өөрөөсөө эх хүмүүст ихэмсэг зан гаргахгүй. Гуравдугаарт, хэнд ч уурлаж уцаарлахгүй. Дөрөвдүгээрт, бусдын зүс царай, эд юмст атаархахгүй. Тавдугаарт, би бээр өөрийн сэтгэл, эд юмсыг хайрлан харамсахгүй. Зургаадугаарт, би бээр өөртөө зориулж эд юмс хадгалахгүй, ядуу хүмүүсийг жаргалтай болгохын тулд юу байгаагаа тэдэнтэй хуваалцана. Долоодугаарт, би бээр өргөл барьж өргөж, бүх хүмүүстэй найрсаг харьцаж, бусдад тустай бүхнийг хийж, бусдын оронд өөрийгөө тавьж үзээд тэдний тухай бодох болно. Би бээр энэ бүхнийг өөрийн төлөө бус, харин бусдын төлөө, ямар ч ашиг хонжоо бодолгүй, далдын муу санааг агуулалгүй хийнэ. Наймдугаарт, хэрэв ганц бие хүн, шоронгийн хоригдол, өвчин эмгэгт нэрвэгдсэн, өөр өөр зовж зүдэрсэн хүмүүстэй учирвал тэдний зовлонг нимгэлэхийн тулд тэднийг аварна гэдэгтээ итгэн найдаж, үнэнийг хэлж сургана.
Есдүгээрт, хэрэв амьд амьтныг барьсан хийгээд хорьсон хүнтэй таарвал, хууль журмыг зөрчиж буй хүнтэй учирвал, тэдний муу үйлийг таслахын тулд бүх хүчээ дайчилж залхаах ёстойг нь залхааж, зааж сургах ёстойд нь зааж сургана. Аравдугаарт, зөв сургаалыг мартсан хүн аливаа юманд нуугдмал буй үнэн зөв сургаалаас холдон хөндийрч, гэгээрлийн эрэгт хүрэхгүйг мэдэх учраас би бээр зөв сургаалыг сонсохоо хэзээ ч үл мартана. Түүгээр ч барахгүй, эдгээр зовж зүдэрсэн хүмүүсийг аврахын тулд би гурван зүйлийг хүснэм. Нэгдүгээрт, бүх хүмүүс амар амгаланг олохыг би хүсэж байна. Энэхүү ариун хүслийн ачаар би, дараагийн төрөлдөө ямар ч маягаар амьдарсан, зөв сургаалын оюун ухаантай болно гэдэгт итгэнэ. Хоёрдугаарт, зөв сургаалын оюун ухаантай болмогц хүч чадлаа дайчлан бусад хүмүүст зааж сургана. Гуравдугаарт, зөв сургаалыг хамгаалахын тулд бие хийгээд амьдрал, бүх эд хөрөнгөө өгөхөд бэлэн байна”. Гэр бүлийн жинхэнэ утга учир нь хамтдаа гэгээрэх замд ороход оршино. Хэрэв эмэгтэй хүн энэхүү зам мөрийг дагаж, Малликатай адил их эрмэлзэлтэй байвал Бурхан багшийн агуу их шавь болж чадна.

Будда 42-р анги

БҮГДЭД ХЭРЭГТЭЙ ҮГС

1. Долоон сургаал нь улс орны хөгжил цэцэглэлтийг хангаж чадна. Нэгдүгээрт, ард түмэн улс төрийн асуудлыг хэлэлцэхийн тулд үе үе хуран цугларч, улс орноо найдвартай хамгаалах ёстой. Хоёрдугаарт, нийгмийн бүх давхаргын хүмүүс эв найртай амьдарч, улсын үйл хэргийг хамтран хэлэлцэх ёстой. Гуравдугаарт, эртний зан заншлаа хүндэтгэж, тэдгээрийг учир шалтгаангүй солихыг цээрлэж, найрсаг ёс хийгээд үүрэг хариуцлагыг дагаж мөрдөх ёстой. Дөрөвдүгээрт, хүйсийн ялгаа, ах захын ёсыг баримталж, гэр бүл, нийгмийн цэвэр ариун байдлыг сахих ёстой. Тавдугаарт, эцэг эх, багш нар, ахмад үеийнхнээ хүндэтгэх ёстой. Зургаадугаарт, элэнц, хуланц, өвөг дээдсээ хүндэлж бурхныхаа өмнө залбирч, жил бүр шарил дээр нь очиж буян үйлдвэл зохино. Долоодугаарт, нийгмийн ёс суртахууныг чанд сахин, буянт үйлийг үнэлж, ариун явдалт багшийн сургаалыг дагаж, түүнд өргөл барьц өргөх ёстой.
Хэрэв энэхүү долоон сургаалыг дагаж мөрдвөл ямар ч улс орон цэцэглэж, бусад улс гүрнээр хүндлүүлэх болно.
2. Эрт урьд цагт улс орноо сайн удирддаг хаан байжээ. Оюун ухааныг нь үнэлж түүнийг Агуу их гэрэл хэмээн алдаршуулжээ. Тэрбээр улс орноо удирдан жолоодох зарчмуудаа тайлбарласан нь:
“Улс орноо удирдахын өмнө өөрийн сэтгэлийг залж чаддаг болох ёстой. Ард түмэндээ энэрэнгүй хандаж, залж чиглүүлэн, хүмүүсийн сэтгэлийн бузрыг арилгаж ариусгах хэрэгтэй. Тэдний бие сэтгэлийг амарлингуй болгож, энэ хорвоод Бурхан багшийн сургаалаас илүү юм үгүйг ойлгуулахын тулд хүмүүст зөв сургаалыг номлох хэрэгтэй юм. Хэрэв ядуу хүн ирвэл, бүх агуулах, авдар саваа онгойлгож, дуртай юмыг нь өгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ тэрбээр бүх нүглээсээ ангижрах ёстойг ухуулан ойлгуулах нь зүйтэй.
Сэтгэл ямар буйгаасаа шалтгаалан хүн бүр эд юмсыг өөр өөрийнхөөрөө хардаг. Энэ нийслэлийн оршин суугчид хүртэл төрөлх хотоо өөр өөрийн нүдээр хардаг. Нэг хэсэг нь гоё сайхан хэмээхэд нөгөө хэсэг нь үгүй гэлцэнэ. Энэ бүхэн тэдний санаа сэтгэл болон орчин тойрны нөхцөл байдлаас шалтгаална. Сургаалыг хүндэлдэг, зөв сэтгэлтэй, шулуун шударга хүн бол номин чулууны сайхан гэрэл туяаг жирийн мод, чулуунаас ч олж харж чадна. Харин сэтгэлээ удирдахыг л үл хичээдэг шунахай хүнд хамгийн баян тансаг ордон ч тааруухан санагдана. Ард түмний өдөр тутмын амьдралд бүх юм үүнтэй адил болж байдаг. Хамгийн чухал нь сэтгэл санаа тул, би бээр ард түмэн сэтгэлээ төгс төгөлдөр болгох нь улс орныг удирдахад хамгийн чухал гэж үздэг юм”.
3. Агуу их гэрэл хааны хэлснээр ард түмэн сэтгэлээ төгс төгөлдөр болгох нь улс орныг удирдахын хамгийн чухал нь мөн бүлгээ. Сэтгэлээ төгс төгөлдөр болгох нь гэгээрэх зам мөрөөр замнахыг хэлнэ. Тиймээс улс орноо удирдаж буй хүн юуны түрүүн Бурхан багшийн сургаалд сүсэглэх ёстой.
Хэрэв улс орныг удирдаж байгаа хүн Бурхан багш, түүний сургаалд итгэж, энэрэнгүй сэтгэлтэй буянтай хүмүүсийг хүндэлж, тэдэнд өргөл барьц өргөдөг байвал, тэрбээр дайсангүй болох бөгөөд хэн ч түүнд муу санахгүйгээс гадна, улс гүрэн нь зайлшгүй цэцэглэн хөгжинө. Хэрэв улс гүрэн цэцэглэн дэгжвэл бусад улс орныг эзлэн түрэмгийлэх хэрэггүй болох бөгөөд тэдэнтэй дайтахад хэрэглэх зэвсэг хүртэл утгагүй болно. Улмаар ард түмэн зол жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч, бүх давхарга энх амгалан, эв найртай аж төрж, алив буян хийгээд буянт үйлс дэлгэрч, хүмүүс бие биеэ хайрлан хүндэлдэг болно. Хүмүүс өөдлөн бадарч, цаг агаар зөөлрөн сайхан болж, огцом хүйтрэх хийгээд тэсэшгүй халуун болох явдал зогсож, нар, сар, од мичид цугаараа тэнгэрт байнга гэрэлтэн мандаж, ус бороо цагтаа орж, салхи намуун тогтуун болж, байгалийн гай гамшиг арилна.
4. Хааны үүрэг нь ард түмнээ хамгаалахад оршино. Хаан ард түмнээ хууль зарлигаараа хамгаалах тул ард түмэндээ эцэг, эхийг нь орлодог. Тэрбээр эцэг эх, үр хүүхдэдээ ханддагтай адил ард түмэндээ хайр халамжтай хандах ёстой. Эцэг эх, нялх хүүхэд нь сануулаагүй байхад норчихсон даавууг нь сольж өгдөгтэй адил хаан ч гэсэн ард түмнийхээ зол жаргалын төлөө санаа тавьж, зовлон зүдүүрээс нь ангижруулах ёстой. Хааны хувьд ард түмэн бол улс гүрнийх нь жинхэнэ эрдэнэ юм. Учир нь ард түмэнгүй бол улс гүрэн байдаггүй. Ард түмэн сэтгэл хангалуун, элбэг дэлбэг амьдарч буй нөхцөлд улс гүрэн хүчтэй, бат бэх байдаг.
Хаан ард түмнийхээ төлөө байнга сэтгэл зовж, бүхий л зовлон жаргалыг нь олж харж, хөгжиж дээшлэхийнх нь төлөө санаа тавих ёстой. Үүний тулд тэрбээр ус, салхи, борооны тухай болон ургац арвин эсэхийг урьдаас хэлж чаддаг, ган зуд болохыг зөгнөж таадаг, ард түмнийхээ зовлон, жаргалыг мэддэг, гэмт хэрэг болон гавьяа зүтгэлийн тухай мэдээллийг сайтар авдаг байх, ер нь бүх юмыг мэдэх ёстой. Тэрбээр гэмт хэрэгтнийг үйлдсэн хэргийнх нь хүнд хөнгөнөөс шалтгаалан шийтгэж цээрлүүлж, гавьяа зүтгэлээрээ шалгарагсдыг шагнаж урамшуулах ёстой. Хаан ард түмнээ сайн мэдэх үүрэгтэй. Ард түмэндээ өгөхдөө цагт нь өгдөг, ард түмнээсээ авахдаа хэм хэмжээг нарийн барих ёстой. Ард түмнээ мөлжихгүйн тулд татварыг багахан авбал зохино. Тэгвэл ард түмэн сэтгэл хангалуун амьдарна. Хаан өөрийн хүч чадал, эрх дархаараа ард түмнээ хамгаалж байдаг юм. Өөрийнхөө төлөө зовохоос илүү ард түмнийхээ төлөө зовж буй хүнийг эзэн хаан хэмээн зүй ёсоор өргөмжилдөг.
5. Хаадын хаан нь Үнэний Хаан юм. Тэрбээр зөв шударга, эртний сурвалжит язгууртай хүн байдаг. Тэрбээр энэ ертөнцийн бүх улс орныг жолоодоод зогсохгүй бас ном сургаалыг хүндэлнэ. Энэ хаан хаана л хөл тавина, тэнд хэрүүл маргаан тасарч, гомдон өших явдал үл гарна. Тэрбээр үнэний хүчээр сайн үйлс бүтээж ард түмэндээ энх амгалан, сэтгэл хангалуун амьдрал авчирч, муу муухайг арилгана. Үнэний Хаан амь үл хороож, хулгай үл хийж, буруу үл хурьцаж, үл хуурч, муу үг үл хэлж, хоёр нүүр үл гаргаж, дэмий үл чалчиж, ховдог хомхой сэтгэлийг үл мэдэж, үл уурлаж уцаарлана. Тэрбээр оюун ухаантай хаан билээ. Хаан хүн эдгээр 10 сайн үйлээрээ, ард түмнийхээ 10 хар нүглийг арилгадаг. Тэрээр үнэний хүчээр жолоодох тул бүхнийг чадна. Түүний байгаа газар дайн дажин, гомдол үл гарах бөгөөд хүмүүс бие биетэйгээ үл хэрэлдэнэ. Улмаар ард түмэн амгалан тайван бол улс гүрэн нь бат бэх болдог. Ард түмэн амьдралын жаргал цэнгэлийг эдэлдэг. Тиймээс түүнийг Үнэний Хаан хэмээнэ. Үнэний Хаан бол хаадын хаан учраас бүх хаад түүний сайн үйлст баясаж, түүнээс үлгэр аван улс орноо удирдана. Ингэхлээр Үнэний Хаан бол Бурхан багшийн сургаалын дагуу, Түүний ачаар өөр өөрийн улс орныг сайн жолооддог бүх хаадын хамгаалагч юм.
6. Хаан гэмт хэргийг шүүхдээ энэрэнгүй, нигүүлсэнгүйг үзүүлэх хэрэгтэй. Бүхнийг саруул тунгалаг оюун ухаанаар тунгаахдаа таван зарчмыг баримтлах ёстой. Энэ бол дараах зарчмууд юм. Үүнд: Нэгдүгээрт, тэрбээр бодит байдалд тулгуурлах ёстой. Тэрбээр эд юмсын бодит байдлыг тогтоож, түүн дээрээ тулгуурлан шийдвэр гаргах хэрэгтэй.
Хоёрдугаарт, хаан хүч чадал, эрх дархтай байхдаа шийтгэл оноох хэрэгтэй. Тэгвэл шийтгэл нь шийтгэл болно. Хэрэв хааны хүч чадал, эрх дарх буурч суларсан байвал шийтгэл нь эмх замбараагүй байдлыг буй болгоно. Тиймээс дахин хүч чадал, эрх дархтай болтлоо хүлээх хэрэгтэй юм.
Гуравдугаарт, шүүх үедээ гэмт хэргийн үр дүнг бус, харин түүнийг өдүүлсэн санааг харгалзах хэрэгтэй. Гэмт этгээдийн сэтгэлийн гүн рүү харж хэргийг санаатай үйлдсэн эсэхийг тогтоох ёстой. Хэрэв санаандгүй үйлдсэн байвал түүнийг өршөөвөл зохино. Дөрөвдүгээрт, хэрэгтэн этгээдтэй зөөлөн харьц, хэрхэвч бүдүүлэг загнаж болохгүй. Энэ нь гэмт хэрэгтэн ямар хууль зөрчсөнийг үнэн зөв тогтоож, түүнийг хэтрүүлж хилсдүүлэхгүй байхад хэрэгтэй юм. Түүгээр ч зогсохгүй үйлдсэн хэрэгтээ гэмшиж, нүглээ наманчилтал нь түүний сэтгэлийг халамжтай сайхан үгээр уярааж зөөлрүүлэх хэрэгтэй. Тавдугаарт, гэмт хэрэгтэнд энэрэнгүй, нигүүлсэнгүй ханд, түүнийг үзэн ядаж хэрхэвч болохгүй. Гэмт хэргийг үзэн ядахдаа хүнийг нь үзэн ядаж болохгүй. Хэрэгтнийг гэмт явдал үйлдсэнд нь харамсан гэмшүүлэхийн тулд түүнд энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэл хэрэгтэй юм.
7. Хэрэв чухал сайд нь улс гүрнийхээ ашиг сонирхлыг мартаж, гагцхүү хувийн сонирхолд хөтлөгдөн, эрх дархаа буруу ашиглаж хээл хахууль авч, ингэснээрээ нийгмийн ёс суртахууныг эвдвэл, хүмүүс нэг нэгийгээ хууран мэхэлж, эрх дархтай нь сул доройгоо дээрэлхэн доромжилж, сурвалжит язгууртнууд доорд хүмүүсийг жигшин гоочилж, баян нь ядуугаа хууран мэхэлж, шударга ёс алга болно. Зовлон зүдүүр, гай гамшиг улам ихсэж, нэмэгдэнэ. Үнэнч сайдууд ажил төрлөөсөө хөндийрч, шударга хүмүүс амь насаа алдахаас эмээж дуугаа хураана. Гагцхүү хоёр нүүртнүүд чухал албан тушаалд тохоон томилогдож, эрх дархаа буруу ашиглан, хөрөнгө мөнгө хураан цуглуулж, ард түмэн улам ядууран доройтно. Ийм нөхцөлд хааны зарлигийг хэн ч хэрэгсэхгүй бөгөөд эрх дарх нь суларч доройтно.
Хорон санаатнууд ард түмнийг зол жаргалгүй болгодог учир тэд нар улс гүрний хамгийн хорт дайснууд бүлгээ. Тэд дээдсээ хууран мэхэлж, доордсыг уруу татан эвдэж, улс гүрний гай гамшиг, зовлон зүдүүрийн шалтгаан болдог. Иймэрхүү хорон санаатнуудыг эзэн хаан нь онцгой хатуу шийтгэх ёстой. Хаан эзэн нь ариун сургаалын дагуу, шударга хууль журмыг баримтлан удирдаж буй улс оронд эцэг эхээ хүндэлдэггүй, гагцхүү өөрсдийн гэр бүлийг боддог, хөгшдөө үл анхаардаг, эсвэл эцэг эхээсээ бүх юмыг нь салгаж авдаг, үгийг нь тоож сонсдоггүй хүмүүс байвал тэдгээрийг хамгийн хортойд тооцвол зохино. Учир нь эцэг эхийн өмнө хүлээсэн үүрэг асар их тул хүүхдүүд ачийг нь юугаар ч бүрэн хариулж чадахгүй. Эзэндээ үнэнч бус, эцэг эхээ хүндэлдэггүй гэмтнийг хамгийн хатуу шийтгэх хэрэгтэй юм. Хаан нь ариун сургаалын дагуу шударга хуулийг баримтлан удирдаж буй улсад Бурхан багш, Түүний сургаал, лам хувраг буюу гурван эрдэнэд итгэж сүсэглэдэггүй, сүм хийдийг эвдэн нураадаг, ном судар шатаадаг, лам хуврагуудыг барьж баривчилдаг, тэднийг хөөж цөлдөг, мөн Бурхан багшийн сургаалыг сав л хийвэл зөрчдөг хүмүүс байвал, тэд хамгийн хүнд хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд юм. Учир нь ийм хэрэг явдал сайн сайхан үйл бүхний үндэс болдог ард түмний итгэл сүсгийг алдагдуулна. Тийм хүмүүс бүх ариун нандин санаа бодлыг устгаж, өөрсдийнхөө үхлийн нүхийг ухаж байгаа юм. Энэ гурав бол хамгийн хүнд хэргүүд тул, хамгийн хатуу аргаар шийтгэж, залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Энэ гурвын дэргэд бусад гэмт хэрэг хүнд гэж тооцогдохгүй.
8. Хаан нь ариун сургаалын дагуу удирдаж буй улс оронд хуйвалдаан гарах, эсвэл энэ улс орон руу гадаадын дайсан халдан довтолбол гурван итгэлтэй байх хэрэгтэй. Нэгдүгээрт, хуйвалдагчид буюу гадаадын дайсны аль нь ч хүмүүсийг гагцхүү алж талж, ард түмнийг дарлаж боолчлохыг хүсдэг тул түүнийг мэдэх хаан бээр гартаа зэвсэг барьж ард түмнээ аврах ёстой. Хоёрдугаарт, хэрэв бололцоо байвал, хүч үл хэрэглэн хуйвалдагчдыг дарж, гадаадын дайсныг номхотгох хэрэгтэй юм. Гуравдугаарт, бололцоо байвал дайснаа олзолж, зэвсгийг нь хурааж, харин алахгүй байх хэрэгтэй.
Хаан энэ гурван итгэлд тулгуурлан цэрэгтээ зохих зарлиг буулгаж, байлдааны байрлалыг нь эзлүүлж, тулалдаанд бэлэн болгох хэрэгтэй. Ийм нөхцөлд цэргүүд хааныхаа сайн үйл, шийдэмгий зан чанар, агуу их сүр жавхланг биширнэ. Тэд ямар утгатай дайн дажин явуулж буйгаа ойлгож, эзэн хаанаа дэмжинэ. Тэд хааныхаа энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлд итгэж, амь насаа эс хайрлан тулалдана. Иймээс ч хаан нь ямагт ялан дийлнэ. Түүний ялалт бүр буяныг нь нэмнэ.
41, 42-р анги

Будда 43-р анги

ХҮНИЙ АМЬДРАЛ

1. Нэгэн хүний амьдралын тухай сургаал домогт өгүүлснээр, тэрбээр завинд сууж голын урсгал даган хөвж явахад эрэг дээр буй өөр хүн түүнд хандан хашхирсан нь: “Урсгал дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий, матар, догшин шулмууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана” гэжээ. Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө. “Урсгал дагаж баяр баясгалантай” уруудах гэдэг нь өөртөө дасахын нэр юм. “Өндөр өндөр давалгаа” нь уур уцаар, зовлон зүдүүр, “Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. “Матар, догшин шулмууд бүхий ерөөлгүй ус” нь нүгэл үйлдэж доройтохыг төлөөлнө. “Эрэг дээр буй хүн” нь Бурхан багш юм. Өөр нэг домог үлгэр сонсоно уу. Нэг хүн гэмт хэрэг үйлдчихээд зугтжээ. Араас нь хүмүүс нэхэн эдэлж, гүйцэж очоод тал талаас нь бүсэлж, ухран зугтах замгүй олгов. Хавханд орсон лугаа адил болсон тэр хүн дэргэд нь ашиглахаа больсон худаг буйг гэнэт олж харжээ. Худгийн хашлагаас ороонго мод доошоо унжиж байлаа. Тэрбээр ороонго модоо доошоо бууж эхлэв. Тэгтэл худгийн ёроолд хорт могой өөрийг нь бууж ирэхийг хүлээж буйг харсан аж. Тэрбээр доошоо буухаа больж ороонго модны тэг дунд гацчихав. Удалгүй гар нь чилжээ. Хажуугаар нь тас хар, цав цагаан хоёр хулгана ороонго модыг мэрж эхлэв.
Хулгана ороонго модыг мэрж дуусмагц тэр хүн доошоо унаж, могойн идэш болно. Тэрбээр толгойгоо дээш өргөтөл зөгийний үүрнээс ам руу нь амтат балын хэдэн дусал унав. Тэрбээр балыг амталж аюулд орсноо ч умартав. Энэхүү домог үлгэрт “Нэг” гэдэг нь эл ертөнцөд эхлээд төрдөг, дараа нь үхдэг хүний ганцаардлыг илэрхийлж байгаа юм. “Араас нь хүмүүс нэхэн элдэх”, “Хорт могой” хэмээх нь янз янзын хүслийн эх булаг болсон бие юм. “Ашиглахаа больсон худагт ургасан ороонго” нь хүний амьдрал гэсэн үг билээ. “Хар цагаан хоёр хулгана” хэмээх нь цаг хугацаа юм. “Амтат зөгийн балын дусал” бол зугаа цэнгэл юм.
2. Дахин нэг домог үлгэрийг сонсмуу. Хаан хайрцагт дөрвөн хорт могой хийж, асарч байхыг нэг хүнд тушааж, сануулсан нь: “Хэрэв ганцхан ч болов могойны уурыг хүргэвэл толгойгүй болно гэж мэдээрэй”. Нөгөө хүн энэ тушаалаас үнхэлцгээ хагартал айж могойтой хайрцгийг хаяж зугтаав. Үүнийг мэдсэн хаан бариулахаар араас нь таван зарцаа явуулжээ. Тэд зугтсан хүнийг мэхлэн хаанд авчрахыг төлөвлөсөн ч, цаадах нь мэхэнд оролгүй улам цааш зугтааж, нэг тосгонд хүрээд тэнд орогнох байр хайж эхлэв. Гэтэл тэнгэрээс нэгэн дуу дуулдаж, энэ тосгонд хэн ч үл амьдрах бөгөөд өнөө шөнө зургаан дээрэмчин ирнэ гэв. Айж сандарсан хүн цааш зугтав. Замд нь хүчтэй урсгал бүхий гол тааралджээ. Гатлахад хэцүү байсан ч, энэ талын эрэг дээр үлдвэл аюултайг мэдэрсэн хүн сал зангидаж, арай чүү цаад эрэг дээр нь гарч анх удаа аюулгүй газар ирснээ мэдрэв. Энэ домог үлгэрт “Хорт дөрвөн могой хийсэн хайрцаг” нь газар, ус, гал, салхи хэмээх дөрвөн махбодоос бүрдсэн хүний биеийг төлөөлнө. Энэхүү бие хүслийн эх булаг, санаа сэтгэлийн дайсан мөн билээ. Тиймээс тэр хүн ийм биеэс зугтахаар шийдсэн аж. “Таван зарц зугтсан хүнийг мэхлэхээр шийдсэн” гэдэг нь хүний бие, түүний сэтгэлийг бүрдүүлсэн таван махбодын нэр юм. “Орогнох байр” нь хүний зургаан мэдрэхүй, “Зургаан дээрэмчин” бол зургаан мэдрэхүйн тусагдахуун билээ. Мэдрэхүйн эрхтнүүд аюул авчирдгийг ухаарсан хүн улам цаашаа зугтахад зам хаасан “Түргэн урсгалтай гол” бол хорвоогийн шунал тачаалд автсан амьдрал буюу. Бурхан багшийн сургаалын салыг зангидсан хүн хорвоогийн шунал тачаалын аймшигтай, гүн гүнзгий голыг гэтэлж, цаад эрэгт гарч амар тайван, энх амгалан байдлыг олсон аж.
3. Энэ хорвоод эх нь хүүхдээ, хүүхэд нь эхээ аварч чадахгүй гурван тохиолдол буй. Эдгээр нь их түймэр, их үер, их дээрэм болой. Гэвч ийм тохиолдолд хүртэл заримдаа эх, үрс бие биедээ тус болж чадна. Харин эх нь үрдээ, үр нь эхдээ яагаад ч тусалж чадахгүй өөр гурван тохиолдол байдаг. Үүнд өтлөх, өвдөх, үхэхээс айх энэ гурван тохиолдол орно. Эх нь өтөлж буйг харсан хүүхэд өөрийн биеэр өтөлж буй эхээ орлож чадах уу? Өвдөж буй хүүхдийнхээ дэргэд уйлж суугаа эх нь өөрийн биеэр өвдсөн хүүхдээ орлож чадах уу? Хүүхэд нь, эсвэл эх нь үхэж байхад хэдийгээр энэ хоёр эх, үрийн холбоотой ч гэсэн хэрхэн өөрийн биеэр нэг нь нөгөөгөө орлон нөхөж чадах билээ. Эх үрс бие биедээ хязгааргүй хайртай ч эдгээр тохиолдолд нэгэндээ яагаад ч тус болж чадахгүй.
4. Энэ ертөнцөд олон муу үйл үйлдсэн хорон санаат хүн үхсэнийхээ дараа тамд унахад Тамын эзэн Эрлэг хаан түүнээс: “Чи хүний ертөнцөд байхдаа гурван сахиулсан тэнгэртэй учирсан уу?” гэхэд: “Үгүй ээ, би сахиулсан тэнгэртэй учраагүй” гэв. “Тэгвэл чи таяг тулж бөгтийсөн, арай ядан хөлөө зөөсөн хөгшчүүлтэй уулзаж байсан уу? хэмээв. “Тийм ээ, би тийм олон өвгөнтэй учирч байсан” гэв. “Чи тэдгээр сахиулсан тэнгэртэй учирсан ч тэдэнтэй адил өтлөхөө эс ойлгож, сайн үйл яаран бүтээхийг бодсонгүй. Тиймээс одоо ийм шийтгэлийг хүлээж байгаа юм” гэв. “Чи хэвтэрт орсон, харахад нүд дальдармаар турж сульдсан өвчтэй хүмүүстэй учирч явсан уу?” “Би тийм өвчтөнтэй олон удаа таарч байсан”, “Чи өвдөж буй сахиулсан тэнгэртэй учрахдаа өөрийг чинь бас өвчин ороохыг ойлгосонгүй. Тиймээс тамд унасан байна”. “Чи дэргэдээ үхэж буй хүмүүсийг харсан уу?” “Би үхэж буй хүмүүстэй олонтоо таарсан”, “Амьд бүхэнд үхлийг сануулагч сахиулсан тэнгэртэй учирсан боловч чи, хэзээ нэгэн цагт өөрөө үхэхээ эс ухаарч, сайн үйл бүтээхийг бодсонгүй. Тиймээс ч ийм шийтгэл амсаж байгаа юм. Хийсэн үйлийнхээ үрийг өөрийн биеэр амсах ёстой”.
5. Нэгэн баян хүний бэр Кисогатами ганц бяцхан хүүгээ алджээ. Зовлон гасланд нэрвэгдсэн залуухан эхийн ухаан санаа элий балай болжээ. Тэрбээр хүүгийнхээ хөрсөн цогцсыг элгэндээ нааж, хайртай хүүг нь эдгээж чадах хүнийг олохоор явжээ.
Тааралдсан хүмүүс зовлонг нь хуваалцах боловч нэг нь ч тусалж эс чадна. Ялж төгс нөгчсөн багшийн нэг шавь нь эмэгтэйг өрөвдөж Жетаванад буй багш дээрээ очихыг зөвлөсөн аж. Залуухан эх хүүгээ тэвэрсээр Бүхнийг айлдагч багш руу яарчээ.
Хамгийг мэдэгч багш, эмэгтэй рүү анхааралтайяа ширтэн хараад хэлсэн нь: “Эмэгтэй минь, хүүхдийг чинь эмчилж эдгээхийн тулд намуу цэцгийн үр хэрэгтэй. Хотод очоод хүнээс 4-5 ширхэг үр гуйгаад ир. Гэхдээ нэг ч хүн нь талийгаач болоогүй тийм айлаас авсан намуу цэцгийн үр байх ёстой” гэв. Уй гашууд автаж, ухаан санаа нь балартсан эх намуу цэцгийг амархан олсон боловч, нэг ч хүнээ алдаагүй айл өрхийг олсонгүй. Эмэгтэй өөрт нь хэрэгтэй намуу цэцгийн үрийг олж чадалгүй, Бурхан багш дээр буцаж очжээ. Амарлингуй оршигч багш амар амгалан байдалд, дуу чимээ үл гарган суухыг хараад эмэгтэй сая Түүний үгийн утгыг ойлгожээ. Тэрбээр нойроос сэрсэн юм шиг болж, ухаан санаа нь эрүүл саруул болов. Чингээд хүүхдийнхээ хүйтэн цогцсыг оршуулж, Чадагчийн эрхт багш дээр эргэж ирээд Түүнд шавь оржээ.

Будда 44-р анги

СҮСЭГ БИШРЭЛИЙН ЗАМ

1. Бурхан багш, Түүний ном болон лам хувраг хэмээх гурван эрдэнэд шүтсэн хүнийг Бурхан багшийн шавь гэж нэрлэнэ. Харин Бурхан багшийн шавь нь сахил хийгээд бишрэл, өгөөмөр сэтгэл, оюун ухааныг эрхэмлэн дагана. Шавь нь амьтны амь үл таслах, үл хулгайлах, буруу үл хурьцах, худал үл хэлэх, дарс үл уух зэрэг таван сахилыг мөрдлөг болгоно.
Бурхан багшийн оюун ухаанд сүсэглэн итгэх нь шавийн итгэл бишрэл юм. Ховдог хомхой, харамч сэтгэлээсээ салж, өргөл барьж өргөх нь шавийн өглөгч сэтгэл билээ. Учир шалтгааны шүтэн барилдах үнэнийг ухаараад хорвоо дээр бүх юм урсаж, хувиран өөрчлөгдөж буйг ухаарах нь шавийн оюун ухаан бүлгээ. Зүүн зүг рүү налж ургасан мод унахдаа зайлшгүй зүүн зүгтээ унадагтай адил Бурхан багшид гүнээ итгэж сургаалыг нь дагасан хүн Бурхан багшийн ертөнцөд заавал мэндэлнэ.
2. Бурхан багшийн шавь бол Бурхан багш, Түүний сургаал болон лам хуврагт итгэн биширдэг хүн юм. Бурхан багш бол өөрөө гэгээрч, хүмүүсийг аварч буй хүн юм. Бурхан багшийн заасныг Сургаал хэмээн нэрлэнэ. Лам хуврагууд нь сургаалыг дагаж, зөв замаар явж буй хүмүүсийн ах дүүгийн холбоо бүхий нийгэмлэг болно. Хэдийгээр Бурхан багш, сургаал, лам хувраг гурав тус тусдаа оршдог боловч нэгэн нэгдмэл цул чанарыг бүрдүүлдэг. Бурхан багш сургаалдаа биелж, сургаал нь лам хуврагуудад биеллээ олдог тул энэ гурав нэгдмэл болой. Сургаал болон лам хуврагт итгэж сүсэглэх нь Бурхан багшид итгэж сүсэглэнэ гэсэн үг. Бурхан багшид итгэх нь сургаал болон лам хуврагт итгэнэ гэсэн хэрэг. Тиймээс хүмүүс ганц Бурхан багшид итгэж сүсэглэснээр аврагдаж болно. Бурхан багш хүн бүрийг Өөрийн хүүхэд лүгээ адил хайрлах тул хүүхдүүд ээждээ итгэхтэй адил Бурхан багшид хүмүүс итгэж чадвал Бурхан багшийг ямар ч гэсэн амилуулан үзэж, цугаараа аврагдана. Бурхан багшид итгэдэг хүн ямагт Түүний гэгээн гэрлээр гийж, Түүний анхилуун үнэрт ариусна.
3. Энэ ертөнцөд Бурхан багшид итгэхээс илүү ариун сайхан юм байхгүй. Хэрэв хүн амьдралдаа ганц удаа ч болов Бурхан багшийн нэр алдрыг сонсож, Түүнд итгэж баясвал хамгийн их зол жаргалтай учирсан гэж хэлэх хэрэгтэй. Тиймээс Бурхан багшид итгэсний баяр баясгаланг амсахын тулд энэ ертөнцийг бүхлээр нь залгисан галд ч орох хэрэгтэй юм.
Үнэнийг хэлэхэд Бурхан багштай учрах нэн бэрх, сургаалыг нь түгээн сурталчилж байгаа хүнийг олох бэрх, энэ сургаалд итгэх нь бүр бэрх билээ. Та одоо уулзахад амаргүй номлогчтой учирч, тэр болгон аз тохиож сонсоход бэрх сургаал сонслоо. Амьдралын ийм ховорхон тохиолдлыг алдалгүй Бурхан багшид итгэж сүсэглэх хэрэгтэй.
4. Итгэл бишрэл бол хүний хамгийн сайн хань, энэ ертөнцийн аян замынх нь хүнс, хамгийн үнэтэй эрдэнэ нь юм. Итгэл бишрэл бол Бурханы шашныг, мөн буян бүхнийг хүлээн авч буй цагаан мутар юм. Итгэл бишрэл бол бузрыг шатаагч, хүний сэтгэлийг ариусгагч, зөв зам мөрт залагч, Бурхан багшийн зам мөрийг дагах хүслийг бадраагч гал бүлгээ. Итгэл бишрэл сэтгэлийг баян болгож, ховдог шунахай болон бардам занг үндсээр нь устгаж, төлөв даруу байхыг хүнд зааж сургана. Түүний ачаар хүний оюун ухаан гялалзаж, үйлс нь гэгээн болмуй. Итгэл бишрэл нь саад бэрхшээлээс үл шантарч, гадаад нөхцөл байдлын боол үл болох, элдвийн юманд уруу эс татагдах хүч өгдөг юм. Итгэл бишрэл нь урт удаан, уйтгартай замд хүний сэтгэлийг засаж, гэгээрэхэд хөтөлдөг. Итгэл бишрэлийн ачаар хүн өөрийгөө үргэлж Бурхан багшийн дэргэд Бурхан багшийн ивээлд буй хэмээн санадаг. Итгэл бишрэл хүний бүдүүн хадуун, амиа хичээсэн сэтгэлийг зөөлрүүлж, хүнийг найрсаг, нүдэнд дулаахан болгодог.
5. Сэтгэлдээ сүсэг итгэлийг агуулсан хүн сонорт нь хүрсэн аливаа дуу хоолойноос Бурхан багшийн сургаалыг ялгаж, түүнд баярлан баясах оюун ухаантай болно. Цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм үүсэж буй болохыг ойлгож, үүнийг ингэх л ёстой хэмээн хүлээн авах чадвартай оюун ухааныг түүнд хайрладаг. Тэрбээр энэ ертөнцийн хувирч буй бүх зүйлд нэгэн өөрчлөгдөшгүй үнэн буйг ойлгож, амьдрал өөдөлж доройтоход үл гайхаж, үл харамсах чадвар бүхий оюун ухаантай болмуй.
Итгэл бишрэл нь нүглээ наманчлах, уяран хайлах, мөргөж залбирах гурван хэлбэрээр илэрдэг.
Сэтгэлдээ итгэл бишрэлтэй хүн бол үйл ажлаа гүн гүнзгий задлан шинжилж, нүгэл, бузар булайг үйлдсэндээ харамсан гуньдаг, өөр хүн сайныг бүтээхийг хараад өөрөө үйлдсэнтэй адил баярлаж, түүнд сайн сайхан бүхнийг хүсэж ерөөдөг. Тэрбээр үргэлж бурхан багштай хамт байж, Бурхан багштай хамт үйлс бүтээж, Бурхан багштай хамт амьдрахыг хүсдэг. Сүсэгтэй сэтгэл нь Бурхан багш түүнийг Өөрийн ертөнцөд залан аваачиж буйд баярлан баяссан чин сэтгэл, гүн гүнзгий сэтгэл юм. Хаа сайгүй Бурхан багшийг өргөмжлөн дээдлэх магтаалд итгэн сүсэглэж, басагч хүнд Бурхан багш зүрх сэтгэлийнхээ хүчийг хайрлан, Өөрийн ертөнцөд аваачиж, дахин төөрөлдөхөөс хамгаална.
6. Бурхан багшид итгэн сүсэглэх нь хүн бүрийн сэтгэлийн гүнд буй Бурхан багшийн мөн чанарын илрэл юм. Учир нь Бурхан багшийг танин мэдсэн хүн бол өөрөө Бурхан багш юм. Бурхан багшид итгэсэн хүн бол өөрөө Бурхан багш бүлгээ. Хэдийгээр Бурхан багшийн мөн чанар хүн бүрд буй боловч, тэр нь хорвоогийн шунал тачаалын хир буртагт гүн гүнзгий нуугдмал учраас бүрэн илэрч хөгждөггүй. Ховдог хомхой сэтгэл, уур уцаарын эргүүлэгт Бурхан багш руу тэмүүлсэн цэвэр ариун сэтгэл буй болно гэж үү? Хорт мод ургадаг төгөлд анхилуун сайхан үнэрт мод ургадаггүй. Хэрэв хорт модны дунд анхилуун үнэрт мод ургавал гайхамшигт явдал болно. Түүнчлэн хүмүүсийн сэтгэлд Бурхан руу тэмүүлсэн, Бурханд итгэж сүсэглэсэн сэтгэл сэрвэл энэ нь гайхамшиг мөн билээ. Тиймээс Бурхан багшид итгэж сүсэглэсэн хүмүүсийн сэтгэлийг үндэсгүй итгэл хэмээнэ. Ингэхийн учир гэвэл итгэлийн үндэс нь хүмүүсийн сэтгэлд бус, Бурхан багшийн нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэлд оршдогт билээ.
7. Эл учир итгэл бишрэл нь ариун чанартай юм. Тэр нь зөв зам руу залан чиглүүлж, буянт үйлийн эх булаг болмуй. Гэвч энэхүү итгэл бишрэл нь зөв замыг эрж хайж буй хүмүүсийн сэтгэлд ч тийм амархан буй болохгүй. Учир юун гэвэл таван эргэлзэл саад болмуй.
Нэгдүгээрт, Бурхан багшийн оюун ухаанд эргэлзэх
Хоёрдугаарт, сургаал үнэн гэдэгт эргэлзэх
Гуравдугаарт, Бурхан багшийн сургаалыг номлогч хүнд эргэлзэх
Дөрөвдүгээрт, зөв зам мөрийг эрж хайхдаа төөрч будилах
Тавдугаарт, биеэ дэндүү тоож, Бурхан багшийн сургаалд итгэж сүсэглэн дагасан хүмүүст үл итгэснээс тэвчээр алдах эдгээр болно. Эргэлзэхээс илүү аймшигтай юм хорвоо дээр үгүй. Эргэлзэл хүмүүсийг бие биеэс нь хөндийрүүлж, найз нөхрийн холбоог тасалдаг хор билээ. Энэ бол хамтран зүтгэгчдийн амь насанд аюултай чинжаал хутга, найз нөхдийн сэтгэл рүү шигдэн орох өргөс билээ. Тиймээс итгэл бишрэлийг олсон хүмүүс аль дивангарт энэрэнгүй сэтгэлт Бурхан багш, итгэлийг сэтгэлд нь суулгасныг мэдэх ёстой. Бурхан багшийн мутар хүний сэтгэлд итгэлийн гэрлийг асааж, эргэлзлийн харанхуйг арилгасан бүлгээ. Аль дивангарт хүмүүсийн сэтгэлд итгэл бишрэлийг суулгасан Бурхан багшид баярлаж, Бурхан багшийн хэмжээлшгүй энэрэнгүй сэтгэлд баясан хөөрч, итгэл сүсгийг олсон хүн энэ хорвоод амьдарч байхдаа ч Бурхан багшийн ертөнцөд мэндэлж чадмуй. Энэхүү ертөнцөд хүн болж төрөх үнэхээр хэцүү. Бурхан багшийн сургаалыг олж сонсох ч хэцүү. Итгэл бишрэлийг олох бүр хэцүү. Тиймээс хэн хүн энэхүү сургаалыг олж сонсохын төлөө бололцоотой бүхнийг хийх хэрэгтэй.
43, 44-р анги
Будда 45-р анги

БУРХАН БАГШИЙН ЕРТӨНЦИЙН ҮНДЭС СУУРЬ

1. Удаяна хааны хатан Сямавати Бурхан багшид хязгааргүй итгэдэг байлаа. Тэрбээр хааны ордны арын өрөөнүүдэд амьдарч, ордноос хаашаа ч гардаггүй байжээ. Түүний зарц бөгтөр эмэгтэй ер бусын ойтой байсан бөгөөд Бурхан багш сургаалаа номлохыг үргэлж сонсож, дараа нь юу сонссоноо үг алдалгүй эзэгтэйдээ дамжуулдаг байв. Түүний ачаар хааны хатны сүсэг бишрэл улам бэхжиж байлаа. Эзэн хааны бага хатан атаа жөтөө ихтэй бүлгээ. Тэрбээр их хатныг энэ ертөнцөөс тонилгохыг хүсэж, Удаяна хаанд гүтгэн ховложээ. Уурлаж хилэгнэсэн хаан Сямаватийг хороохоор шийдэв. Сямавати, хааны өмнө үхэхэд бэлэн дуулгавартайяа зогсжээ. Гэвч хаан энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлтэй хатныг хараад нумаа өргөж, сум харваж чадсангүй. Түүний уур хилэн арилж, түүнээс ийнхүү бүдүүлэг загнасныг нь уучлахыг хүсжээ. Атаа жөтөөнд баригдсан бага хатан ууртаа дэлбэрэх шахаж хааны эзгүй хойгуур, хорон санаатныг илгээж, Сямаватигийн амьдардаг ордны арын өрөөнүүдийг шатаалгажээ. Зарц эмэгтэйчүүд сандран бужигналдсан ч их хатан тэднийг тайвшруулж Бурхан багшийн зааж номлосны дагуу үл гайхаж, үл айж, үхлийг тайван хүлцэнгүй угтав. Бөгтөр зарц эмэгтэй ч мөн адил галд өртөж амь насаа алджээ. Бурхан багшийн сургаалыг дагасан хорвоогийн эмэгтэйчүүдээс энэ хоёрт хамгийн дээд зэргийн сайшаал магтаал оногдсон юм. Сямавати хатныг хамгийн энэрэнгүй, бөгтөр зарц эмэгтэйг хамгийн дуулгавартай хэмээмүй.
2. Шагжа омгийн хаан Маханама, Бурхан багшийн үеэл дүү бөгөөд Түүний сургаалд гүнээ итгэсэн хамгийн үнэнч шавь нарын нэг байлаа. Косалагийн муу санаат хаан Вирудака Шагжа омгийнхон руу дайран довтолж, дайн өдөөж ялжээ. Маханама цайзаасаа гарч Вирудака хаанаас цайзад амьдарч буй ард түмнийг өршөөхийг гуйжээ. Муу санаат хаан татгалзахад тэрбээр ядаж өөрийг нь цөөрөмд орж, усан доор байх хугацаанд цайзын хаалгыг нээлттэй байлгахыг хүсжээ. Вирудака хаан, түүнийг усан дор удаж чадахгүй хэмээн бодож, зөвшөөрчээ. Маханама усан доор оров. Цайзын хаалга нээгдэхэд дотор нь байсан хүмүүс бөөн баяр хөөр болж эрх чөлөө рүү тэмүүлэн гүйлдэв. Харин Маханама усан доор үсээ задалж цөөрмийн ёроолд ургасан уд модны үндсэнд зангиджээ. Ийнхүү амь насаа золиосонд гаргаж, ард түмнээ аварчээ.
3. Гэлэнмаа нарын дундаас Утпалаварна хамгийн саруул ухаантай, ухаанаараа Модгальяанатай ч эн зэрэгцдэг байжээ. Тэрбээр олон гэлэнмааг дагуулан номлох бөгөөд тэдний хамгийн сайн удирдагчдын нэг байв. Дэватта хэмээх нэгэн хорон санаатай, харгис хэрцгий хүн Ажатасатра хааныг ятгаж, Бурхан багшийн сургаалыг эсэргүүцэхийг уриалжээ. Гэвч хаан удалгүй Бурхан багшийн шашинд сүсэглэж, Дэваттагийн ятгалгыг хэрэгсэхээ больжээ. Нэг удаа хааны ордонд очтол Дэваттаг оруулсангүй. Тэрбээр яахаа мэдэхгүй ордны гадаа зогстол дотроос нь Утпалаварна гарч ирэв. Тэрбээр Утпалаварнаг үзмэгцээ уурлан догширч гараа зангидан байдаг хүчээрээ толгой дундуур нь дэлсээд авчээ. Утпалаварна толгой тархи нь өвдөхийг тэвчиж, хийддээ буцаж очив. Тэрбээр гайхаж, гуньсан шавь гэлэнмаа нарыг тайвшруулж хэлсэн нь: “Эгч дүү нар минь ээ! Хүний амьдралыг урьдаас таахын аргагүй. Хорвоогийн бүх юм хувирч өөрчлөгдөх тул өөрийн мөн чанаргүй. Гагцхүү гэгээрэхийн ертөнц амгалан болоод нам гүм буй. Та нар сэтгэлээ төгс төгөлдөр болгож, гэгээрвээс зохино”. Ингэж хэлээд тэрбээр чимээгүй амьсгал хураажээ.
4. Урьд олон хүний амь насыг хөнөөсөн, харгис хэрцгий дээрэмчин Ангулималья хэмээх хүн Бурхан багшийн ачаар аврагдаж, түүний шавь болжээ. Тэрбээр гуйлга гуйхаар хот суурин газар очиход хүмүүс хөөн тууж, урьдын нүглийнх нь төлөө зодож занчдаг байжээ. Нэг удаа хотод гуйлга гуйж явахад нь урьд өмнө түүнд хорсож гомдсон хүмүүс сайтар занчжээ. Тэрбээр цус нөжөө урсгасаар арай чүү хийддээ хүрч, Бурхан багшийн өлмийд мөргөн, урьд өмнө хийсэн нүглийнх нь хариуд зовж зүдрэх боломж олгосон Бурхан багшид талархаж хэлсэн нь: “Бүхнийг айлдагч багш аа! Намайг төрөхөд “Гэмгүй” гэдэг нэр өгсөн ч би мунхгаасаа болж олон хүний амь хохироосон бүлгээ. Тэгээд хүн бүрийн аль нэг цустай хурууг тасдаж авдаг байсан учир хүмүүс намайг Ангулималья буюу хуруу цуглуулагч гэж нэрлэсэн юм. Харин одоо Таны нигүүлсэнгүй сэтгэлийн ачаар би гурван эрдэнийн төлөө зүтгэж, гэгээрэх оюун ухааныг оллоо. Морь юм уу, үхрийн зөв тийш залахын тулд ташуур, сур хэрэглэдэг атал ялж төгс нөгчсөн багш Та бээр ташуур, сур, дэгээний алийг ч хэрэглэлгүй миний сэтгэлийг зассан билээ. Өнөөдөр би үйлийнхээ үрийг л амслаа. Би бээр нас уртасгах, эсвэл түргэтгэхийн алийг ч үл гуйж, харин миний цаг хэзээ ирэхийг чимээгүй хүлээнэ”.
5. Модгальяана, Шарибудари нар Бурхан багшийн шилдэг хоёр шавь бүлгээ. Бурхан багшийн сургаал хүмүүсийн сэтгэлд гол ус лугаа адил урсан орж буйг хараад бурхангүй бөө нар атаархаж, элдвийн саад бэрхшээл учруулахыг оролдож байв. Тэд ямар ч хэцүү хориг тавьсан, зөв сургаал ямагт түгэн дэлгэрч байсан учраас бөө шүтэгчид Модгальяанаг алж, улмаар Бурхан багшийг гар хөлгүй болгохоор шийджээ. Модгальяана бээр, бөө нарын нэг, хоёр дайралтаас амь мултарсан ч тэд гуравдах удаа дайрахдаа түүнийг бүслэн барьж аваад хэрцгий зодож занчжээ. Гэгээрсэн Модгальяана өөрийг нь зодож цохиход амгалан тайван байлаа. Түүний ясыг хугалж, арьс махыг нь хуулан тасдаж, зэрлэгээр тамлан зовоосон боловч, тэрбээр амарлингуй номхон хэвээр амьсгал хураажээ.

Будда 46-р анги

БУЯН ҮЙЛДЭХ НЬ

1. Гэгээрэхэд тэмүүлсэн хүн бие, хэл, сэтгэлээр үйлдэж буй үйлээ ариун байлгахыг ямагт бодох хэрэгтэй. Биеэр үйлдэж буй үйлээ ариун байлгах нь амьтны амь үл таслах, хулгай үл хийх, буруу үл хурьцах гэсэн ёс юм. Хэлний үйлийг ариун байлгах нь худал үл хэлэх, үл хараах, хоёр нүүр үл гаргах, үл чалчих хэмээсэн хэрэг. Сэтгэлийн үйлийг ариун байлгах нь үл шунах, үл уурлах, эд юмсыг буруу үл харах хэрэг билээ. Хэрэв сэтгэлд хир суувал ажил үйлс бузартаж, зовж зүдрэхээс зайлах аргагүй болно. Тиймээс санаа сэтгэлээ ариусгаж, аливаа үйлд биеэ барих нь чухал.
2. Эрт урьд цагт нэгэн баян бэлэвсэн эхнэр байжээ. Тэрбээр сайхан сэтгэлтэй, зөөлөн зан ааштай, төлөв даруу эмэгтэй тул, нэр хүнд ч сайтай байжээ. Мөн өөртэй нь адил ухаалаг, хөдөлмөрч нэг эмэгтэй зарцтай байжээ. Нэгэнтээ зарц эмэгтэй бодсон нь: “Миний эзэгтэй бүгдийн хайр хүндэтгэл хүлээсэн билээ. Тэрбээр үнэхээр сайн хүн үү, эсхүл орчныхоо ачаар ийм болсон уу? Ямар ч гэсэн нэг сорьж үзье” хэмээв. Маргааш өглөө зарц эмэгтэй оройхон босож, үдийн хоолны үеэр үзэгдэв. Эзэгтэй уцаарлангуйхан “Өнөөдөр чи яагаад ийм орой босов” гэж асуув. Зарц эмэгтэй: “Ганц хоёр удаа орой бослоо гэж бүү уцаарла” хэмээсэн нь эзэгтэйг улам хилэгнүүлэв. Дараагийн өдөр зарц нь мөн хожуу босжээ. Уур нь дүрэлзсэн эзэгтэй мод шүүрч, зарц эмэгтэйг цохиод авчээ. Хүмүүс энэ тухай мэдмэгцээ эзэгтэйг хүндэтгэж хайрлахаа больжээ.
3. Бүх хүмүүс энэ эзэгтэйтэй адил бүлгээ. Хэрэв орчин тойрон нь сайн бол, хүн ариун сэтгэлтэй, төлөв даруу, амгалан тайван байж чаддаг. Гэвч орчин тойрон нь хувиран өөрчлөгдөж, өөрийнх нь эсрэг хандвал тийм хэвээр үлдэж чадах уу? Хүн өөрийнхөө тухай аяггүй үг сонсож, хүмүүс өөрт нь илэрхий дайсагнаж, олигтойхон хувцас хунар, олигтойхон хоол унд үл олдож, сайн, муу ч өөрийн орох оронтой болж чадаагүй байхдаа урьдын адил амгалан тайван сэтгэлтэй хэвээр буянт үйлээ тасралтгүй үргэлжлүүлж чадах уу? Орчин тойрон өөрт нь аятайхан байгаа нөхцөлд амгалан байдлаа хадгалж, сайн үйл бүтээж чаддаг бол тэрбээр сайн хүн биш ээ. Гагцхүү Бурхан багшийн сургаалд баярлан баясаж, бие махбод, санаа сэтгэлийн төгс төгөлдөр чанарыг олсон нэг нь сайн хүн байж чадна. Тэрбээр амгалан байдлаа ямагт хадгалж, төлөв даруу хэвээрээ үлддэг билээ.
4. Бүх үгийг эсрэг тэсрэг утга илэрхийлдгээр нь таван зүйлд хувааж болно. Үүнд: зохистой болон зохисгүй, бодит байдалд нийцэх ба үл нийцэх, зөөлөн болон хатуу, ашигтай ба хортой, мөн хайрлаж хэлэх болон үзэн ядаж хэлэх үгс ормуй. Танд хандаж эдгээр үгийн алийг нь ч хэлсэн, сэтгэлийн тэнцвэрээ хадгалж бүдүүлэг үг үл хэрэглэж, хүмүүст санаа тавьж халамжлан, энэрлийг үзүүлж, уур уцаар, үзэн ядах сэтгэлийг огт мэддэггүй болох хэрэгтэй. Хэн нэгэн нь хүрз зээтүү хоёроор ээлжлэн газар ухаж, шороогоо алга болгоно гэж эргэн тойрон тараан цацахдаа яаж ч хичээсэн, яаж ч хүссэн шороо алга болж устахгүй бүлгээ. Үүнтэй адил үгсийг устгаж, алга болгож болохгүй.
Иймээс танд хандаж ямар ч үг хэлсэн өөрийгөө төгс болгож, энэрэнгүй сэтгэлээ хөхүүлэн дэмжиж, хэчнээн хичээгээд будгаар тэнгэр дээр юм зурж болдоггүйн адил, үгс санаа сэтгэлд чинь ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүйн тулд сэтгэлийнхээ тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Хэчнээн ч хичээгээд хуурай өвсөн бамбар асаан их устай голыг хатааж ширгээж болохгүй билээ. Хэчнээн оролдоод сайн элдүүртэй арьсыг үрж шар шархийх чимээ гаргаж болохгүй билээ. Хүн сэтгэлээ дэлхий ертөнц лүгээ адил уужимхан, тэнгэр лүгээ адил зах хязгааргүй, далай тэнгис лүгээ адил гүн гүнзгий, сайн элдүүртэй арьс лүгээ адил зөөлөн байлгахыг эрмэлзэх хэрэгтэй. Дайсны гарт орж, зэрлэгээр тамлуулсан ч санаа сэтгэлээр унаж болохгүй. Хэрэв санаа сэтгэлээр унавал, Бурхан багшийн сургаалыг үнэн зөв дагахгүй байна гэсэн үг юм. Ямар ч тохиолдолд сэтгэлээ амгалан хэвээр хадгалж, үзэн ядсан уур хилэнд автсан үг хэлэхийг цээрлэж, хүнд нинжин сэтгэл, хайр халамжаар хандах хэрэгтэй.
5. Нэг хүн үдэш болоход утаа суунагладаг, өдөр нь галд автдаг шоргоолжны үүрийг олж харжээ. Тэрбээр энэ тухайгаа номч мэргэнд хэлсэн аж. Цаадах нь түүнд “Илд авч шоргоолжны үүрийг ухахыг” тушаав. Хүн тушаасан ёсоор нь болгов. Тэрбээр шоргоолжны үүрийг төнхөж эхлээд онь, дараа нь хөөс, сэрээ, хайрцаг, яст мэлхий, хутга, хэрчим мах ухаж гаргаж ирэв. Хамгийн сүүлд луу гаргаж ирэв. Хүн шоргоолжны үүрээс юу олсноо мэргэн хүнд хэлбэл цаадах нь: “Луунаас бусдыг хаях хэрэгтэй. Луунд саад болох хэрэггүй, орхи” хэмээв. Энэхүү домог үлгэрт “Шоргоолжны үүр” нь хүний биеийг төлөөлнө. “Үдэш болоход утаа суунагладаг” хэмээх нь хүн үдэш болоход өөрийн хэрэг явдлаа дурсаж, сайныг хийсэн байвал баярлан баясаж, мууг хийсэн бол харамсан гунихыг хэлж буй юм. “Өдөр галд автдаг” хэмээх нь хүн үдэш бодсоноо өдөр үг, үйлээрээ хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Энэхүү домог үлгэрийн “хүн” нь Бурхан багшийн сургаалыг дагаж байгаа юм. “Номч мэргэн хүн” нь Бурхан багш билээ. “Илд” нь ариун тунгалаг оюун ухаан, “Гүнзгий ухах” гэдэг нь төгс төгөлдөр болохыг хичээх гэсэн үг билээ. “Оньс” нь мунхгийн харанхуй, “Хөөс” нь уур уцаар болоод зовлон зүдүүр, “Сэрээ” нь эргэлзэх, түгших, “Хайрцаг” нь шунал хүсэл, үзэн ядах, залхуурах, санаа сэтгэл түгших, харамсах, тээнэгэлзэхийг тус тус хэлнэ. “Яст мэлхий” бол бие, сэтгэл юм. “Хутга” бол таван хүсэл билээ. “Хэрчим мах” нь зугаа цэнгэлд автахын хүслэн юм, эдгээр нь хүний биеийг хордуулах учир энэ бүхнээс ангижрах хэрэгтэй. Шоргоолжны үүрнээс хамгийн сүүлд гарч ирсэн “Луу” бол хорвоо ертөнцийн шунал тачаалаас салж чадсан санаа сэтгэл юм. Хэрэв хөл доорх газраа сайн ухвал эцсийн эцэст лууг гаргаж ирнэ гэсэн үг. “Луунд саад болох хэрэггүй, орхи” гэдэг нь хорвоогийн шунал тачаалаас ангижирсан сэтгэлийг амгалан байлгаж эхэлсэн хэргээ дуусгах бололцоо олгохыг хэлж байгаа юм.
6. Бүхнийг айлдагч багшийн шавь Пиндола гэгээрснийхээ дараа төрсөн балгас Каусабидаа эргэж очоод, халуун дотно хандсан оршин суугчдад талархсанаа илэрхийлэхийг хүсжээ. Тэрбээр Бурханы үрийг суулгах газар олохоор шийджээ.
Хотын захад цаад зах нь харагдахгүй, цувуулан тарьсан дал модны гудам бүхий цэцэрлэг байв. Хоёр эрэг дээгүүрээ халин урсаж буй Ганга мөрнөөс сэрүүн салхи сэвэлзэнэ. Нэг удаа зуны халуунд Пиндола шатаам хурц нарны туяанаас зайлсхийж, дал модны сүүдэрт бясалгал үйлджээ. Яг энэ өдөр Удаяна хаан хатадтайгаа хамт цэцэрлэгт цэнгэхээр ирэв. Тэрбээр хөгжмийн ая, наргиан наадмын шуугианаас цуцаж, модны сүүдэрт зүүрмэглэжээ. Хааныг унтаж байх хооронд хатад нь цэцэрлэгээр зугаалж байгаад дал модны сүүдэрт бясалгал үйлдэж байсан Пиндолаг олж харжээ. Пиндолаг харж гайхаж биширсэн эмэгтэйчүүд Бурхан багшийн сургаалыг сонирхож, түүнээс ном номлохыг хүсжээ. Хаан сэрээд гав ганцаар хоцорсноо мэдэв. Тэрбээр хатдаа хайж, дал модны сүүдэрт ариун явдалтай даяанч хатдынх нь дунд сууж буйг олж харав. Санаа сэтгэл нь мэдрэхийн зугаа цэнгэлд эвдэрсэн хааны зүрхэнд хардахын гал дүрэлзэн бадарч, уур уцаартаа шатаж, ариун явдалтай даяанч руу дайран давшилж хэлсэн нь: “Чи миний хатдыг уруу татаж байгаадаа ичихгүй байна уу?”. Пиндола нүдээ аньж, нэг хэсэг дуугүй суув. Тэрбээр хариуд нь юу ч хэлсэнгүй. Ариун явдалтны ийм амгалан тайван, хэнэггүй байдлыг харж галзууртлаа уурласан хаан илдээ хуйнаас нь суга татаж, Пиндолагийн нүүрэнд тулгахад цаадах нь үг эс дуугаран, чулуу лугаа адил үл хөдлөн суусаар байлаа. Уур уцаартаа үнэхээр галзуурсан хаан шоргоолжны үүрийг ухаж, үл хөдлөн сууж байсан хуврагийг улаан шоргоолжоор цацав. Гэвч Пиндола урьдын адил хөдлөлгүй суусан хэвээр. Тэгтэл гэнэт хаан гэмшин ичиж, ариун явдалт мэргэн хүнээс уучилж өршөөхийг хүсжээ. Тэр цагаас хойш Бурхан багшийн сургаал хааны ордонд түгэн дэлгэрч, удалгүй улс даяар таржээ.
7. Хэд хоногийн дараа Удаяна хаан ойд байсан Пиндолаг эргэн очиж өөрийнх нь амгалан тайван байдлыг алдуулсан олон асуултын хариуг сонсохыг хүсэв. “Ариун багштан минь, Бурхан багшийн шавь нар залуухан мөртөө яагаад уруу татагддаггүй цэвэр ариун хэвээр үлдэж чаддаг юм бэ?” гэв. Пиндола:
“Хаан минь, Бурхан багш бидэнд хүүхнүүдэд хэрхэн хандахыг зааж сургасан юм. Хижээл насны эмэгтэйчүүдийг ээжийгээ, дунд насныхыг дүү нараа, залуухныг нь охидоо хэмээн бодох хэрэгтэй. Бурхан багшийн энэхүү сургаалын ачаа Түүний шавь нар залуу ч гэсэн элдвээр уруу татагддаггүй, цэвэр ариун хэвээр үлддэг билээ” гэв. “Гэтэл хүмүүс эх шигээ хижээл насны, дүү нар шигээ дунд насны, охид шигээ залуухан эмэгтэйг харж дур хүсэлдээ автан уруу татагддаг шүү дээ. Ариун явдалтай багш минь, Бурхан багшийн шавь нар яаж ийм хүслээ дарж чаддагийг хэлээд өгөөч?” гэж Удаяна хүсэв.
“Хаан минь, Чадагчийн эрхт багш бидэнд хүний биеийг бузартуулдаг цус, идээ, хөлс, тос зэргийг олж харахыг зааж сургасан юм. Хүнд буй энэ бүхнийг олж харснаар бид залуу ч гэсэн сэтгэлээ цэвэр ариун хэвээр хадгалж чаддаг юм” гэж Пиндола өчив. “Ариун багштан минь. Бие бялдар, санаа сэтгэлийн зовлонг давж туулсан, ухаант шавь нарт энэ нь амархан буй заа. Харин Бурхан багшийн туршлага муутай шавь нарт энэ нь хэцүү биз ээ. Тэд бузартсаныг олж харахыг хүсэж тэмүүлэхдээ өөрсдөө мэдэлгүй цэвэр ариунд хэт дурлан шунадаг бий. Бузар булайг олж харахыг тэмүүлэхдээ өөрсдөө мэдэлгүй гоо сайханд дурлан шунах бий. Бурхан багшийн шавь нар гоо сайхан, цэвэр ариун үйл хэргээ үргэлжлүүлэн бүтээхийн бололцоогоо хадгалах өөр янз бүрийн нууц байдаг уу?” гэж Удаяна асуув. “Хаан минь, Бурхан багш бидэнд таван мэдрэхүйн үүд хаалгыг сайтар хамгаалахыг зааж сургадаг. Нүд өнгө, хэлбэрийг харж, чих хоолойноос гарах дуу авиаг сонсож, хамар анхилууныг үнэртэж, хэл бал бурмыг амталж, бие аятай таатайг мэдэрч байхад Бурхан багш ачтай таатайд уруу эс татагдаж, аягүй таагүй юманд эс уурлахыг зааж сургадаг. Таван мэдрэхүйн цонх хаалгыг сайтар харуулдаж хамгаалж байх хэрэгтэй. Бурхан багшийн энэхүү сургаалын ачаар залуухан шавь нар нь хүртэл санаа сэтгэлээ цэвэр ариун хадгалж чаддаг юм” гэж Пиндола мэргэн айлдав. “Ариун багштан минь, Бурхан багшийн сургаал номлол үнэн зөв билээ. Би үүнийг өөрийн туршлагаас мэднэ. Хэрэв таван мэдрэхүйн үүд хаалгыг эс хамгаалбал хүн дорхноо доод хүслийн эрхэнд орно. Бидний үйл хэрэг ариун нандин байхын тулд таван мэдрэхүйн үүд хаалгыг сайтар хамгаалах ёстой” гэж Удаяна өчив.
8. Хүн санаа бодлоо, үйл хэрэг болгож эхлэхэд зайлшгүй сөргөлдөөн буй болно. Хэрэв харааж загнавал хариуд мөн тэгэхийг эрмэлзэнэ. Хүн ийнхүү сөргөлдөхөөс бүхий л аргаар түдгэлзэх хэрэгтэй. Сөргөлдөх нь салхины өөдөөс нулимахтай адил. Энэ нь өрөөлд бус өөрт хор хүргэнэ. Энэ нь салхин эсрэг хог шүүрдэх лүгээ адил. Ингэснээр өөрийгөө л тоос шороогоор булна. Эсрэг үйлдэл зайлшгүй гай гамшиг авчирна.
9. Хүн ховдог харамч сэтгэлээсээ салж өглөгч болох нь тун сайн. Түүнээс гадна бас гэгээрэхийг эрмэлзэж, Бурхан багшийн сургаалыг хүндэтгэн биширвэл бүр сайн. Хүн хувийн ашиг сонирхлыг үл дээдлэн, бусдад эрвийх дэрвийхээрээ туслахыг хичээх ёстой. Хэрэв өрөөлд тусалбал бусад хүн энэ үлгэрийг дагах билээ. Ингэж зол жаргал бүтэж буй болно. Дүрэлзэж буй бамбарын галаас хэдэн мянган хүн бамбараа асаасан ч тэр нь үл дуусна. Зол жаргал үүнтэй адил билээ. Бусдад яаж ч харамгүй тараасан тэр нь ширгэж үл дуусна.
Гэгээрэх зам мөрийг дагасан хүн алхам бүртээ туйлын сонор соргог байх ёстой. Зорилго хэчнээн өндөр байлаа ч, түүнд алхам алхмаар л ойртоно. Энэ зам мөр өдөр тутмын амьдрал дундуур дайран өнгөрөхийг мартаж үл болно.
10. Гэгээрэх зам мөрийг дагасан хүнд биелүүлэхэд бэрх 20 зүйл буй. Үүнд:
  1. Ядуу хүн өглөгч болох бэрх.
  2. Бардам хүн гэгээрэхийн зам мөрийг хөөх бэрх.
  3. Өөрийгөө умартаж гэгээрэх бэрх.
  4. Бурхан багш энэ ертөнцөд байгаа цагт мэндлэх бэрх.
  5. Бурхан багшийн сургаалыг сонсох бэрх.
  6. Сэтгэлээ ариусгаж доорд хүсэл шуналаас салах бэрх.
  7. Гоё сайхан, аятай таатай юмыг үл хүсэх бэрх.
  8. Эрх дархтан хүсэл юугаа хангахын тулд эрх дархаа үл хэрэглэх бэрх.
  9. Доромжилж байхад тэвчиж, уурлахгүй байх бэрх.
  10. Юу ч болсон амар тайван байх бэрх.
  11. Аливаа юмыг өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий судлах бэрх.
  12. Ямар нэгэн юмыг шинээр эхэлж буй хүнийг дооглохгүй байх бэрх.
  13. Бардам зангаа барьж дийлэх бэрх.
  14. Сайн найзтай болох бэрх.
  15. Бурхан багшийн сургаалыг дагаж гэгээрэх бэрх.
  16. Гадаад нөхцөл байдлын нөлөөнд орохгүй байх бэрх.
  17. Бусдын авьяас чадварыг тааж зааж сургах бэрх.
  18. Санаа сэтгэлээ ямагт амгалан байлгах бэрх.
  19. Зөв, буруугийн тухай маргахгүй байх бэрх.
  20. Зөв арга барилыг сурах бэрх.
11. Муу, сайн хүмүүс зан чанараараа ялгарна. Муу хүн нүглийг эс ухаарч, түүнийг үйлдэхээ зогсоож эс чадна. Тэрбээр нүглийнх нь тухай хэлэхэд дургүйцнэ. Сайн хүн буян, нүглийн тухай ойлголттой болой. Тэрбээр нүглийг танимагц, үйлдэхээ зогсоож, нүдийг нь нээж өгсөн хүнд талархан баярладаг. Ийнхүү сайн хүн муугаасаа ялгарна. Найр тавьж тусалсан хүндээ талархаж эс чадах хүнийг мунхаг гэнэ. Ухаантай хүн ямагт баярлаж талархахдаа бэлэн байдаг. Тэрбээр өөрт нь найр тавьж тусалсанд төдийгүй, хүний төлөө халамж анхаарал тавьсан бусад хүмүүст ч ямагт талархан баярлахад бэлэн байдаг.
45, 46-р анги

Будда 47-р анги

ХУВРАГИЙН АМЬДРАЛ

1. Миний шавь болохыг хүсэж буй хүн орон гэр, нийгэм, эд хөрөнгөө орхих хэрэгтэй. Миний сургаалын төлөө энэ бүхнийг орхисон хүн бол Миний өв залгамжлагч юм. Ийм хүнийг л лам хувраг гэдэг.
Хүн хэдийгээр миний хувцаснаас зуурч, Миний мөрийг дагалаа ч гэсэн сэтгэл нь шуналд автсан байвал Надаас асар хол байна гэсэн үг. Хэдийгээр лам хувцас өмссөн ч Миний сургаалыг олж харахгүй байна гэсэн үг. Миний сургаалыг эс харсан хүн, Намайг олж үзэхгүй. Надаас зуу зуун мянган бээр хол байсан ч, сэтгэл нь зөв болоод амгалан тайван, ховдоглож шунахыг үл мэдэх хүн, Миний дэргэд байгаатай адил. Учир нь тэрбээр Миний сургаалыг харж буй юм. Сургаалыг минь олж харсан бол Намайг олж үзэх нь тэр ээ.
2. Миний шавь хуврагууд дараах дөрвөн болзлыг үргэлж дагаж мөрдөх ёстой.
Нэгдүгээрт, хувцас хунараа хуучин даавуугаар оёх, хоёрдугаарт, бусдын өглөгөөр амьдрах, гуравдугаарт, модон доор, эсвэл хад чулуун дээр амьдрах, дөрөвдүгээрт, хувраг хүн гагцхүү бусад лам нарын шингэнээр бэлдсэн эм тан уух ёстой. Бадар барьж айл айлын үүд тогшиж өглөг гуйх нь гуйланчлал мөн бөгөөд аюул заналхийллээс болоогүй, нэг ёсны хуурамч гуйланчлал юм. Энэ бол ертөнцийн бүх зовлон зүдүүрээс хэрхэн салж, төөрөгдлөөс ангижрах замыг хэрхэн олохыг өөрт нь зааж өгнө хэмээн итгэж найдсан хүний гуйланчлал юм. Хэрэв хүн сахил хүртчихээд ховдог шунахай сэтгэлээсээ салж чадахгүй, уур хилэнгээсээ болж амар амгалан байж чадахгүй, таван мэдрэхүйнхээ үүд хаалгыг хамгаалж чадахгүй бол сахил хүртэх эрх гавьяагүй бүлгээ.
3. Өөрийгөө лам гэдэгт итгэдэг, бусдын асуухад лам мөн хэмээн хариулдаг хүн өөрийнхөө тухай дараахыг итгэлтэй хэлж лав чадна. “Би хувраг хүний сахиж мөрдөх ёстой болгоныг чанд сахидаг. Хувраг хүний чин сэтгэлээр би бээр надад өглөг өгч буй бүгдэд аз жаргалыг хүсэн ерөөж, сахил хүртсэн зорилгодоо хүрэх ерөөлийг дэвшүүлж байна”. Ер нь хувраг хүн яах ёстой вэ? Тэрбээр өөрийн алдаа мадаг, шившигт явдлаас ичин зовж, бие, хэл, сэтгэлийн үйл хийгээд амьдралаа ариусгаж, таван мэдрэхүйнхээ үүд хаалгыг найдвартай сахин хамгаалж, зугаа цэнгэлд үл автах ёстой. Тэрбээр өөрийгөө магтаж, бусдыг муулах, залхуурах, их унтахыг цээрлэх ёстой. Үдэш тэрбээр бясалгал хийж, чимээ аниргүй сууж, унтахынхаа өмнө салхинд түр гарах хэрэгтэй. Шөнө болоход хоёр хөлөө давхарлан баруун талаараа хэвтэж, маргаашийг бодсоор аажимхан нойрсож, үүрээр чимээ шуугиан гаргалгүй дахин бясалгал хийж, эрүүл агаарт түр гарвал зохино. Өдөр тутмын амьдрал дунд хувраг хүний сэтгэл ямагт ариун байх ёстой. Чимээ аниргүй газрыг сонгоод бие сэтгэлээ цэх шулуун болгон сууж, шунахай сэтгэл, уур хилэн, мунхаг ухаан, нойр, сэтгэлийн тээнэгэлзэл, харамсаж, эргэлзлээс салан ангижирч, сэтгэлээ ариусгах ёстой. Ийнхүү сэтгэлээ төвлөрүүлснээр оюун ухаанаа нэмж, хорвоогийн шунал тачаалаас салж, гэгээрэхийн төлөө эрмэлзэн тэмүүлэх хэрэгтэй.
4. Хэрэв хүн сахил хүртсэн мөртөө ховдог шунахай сэтгэл, уур хилэнгээс салж чадахгүй, гомдож атаархах, биеэ тоох, хуурч мэхлэх зэрэг дутагдлаа нууж далдалбал энэ нь хоёр талдаа иртэй илдийг хувцсан дотроо нуусантай адил бүлгээ. Ийм хүн хэдийгээр орхимж нөмөрсөн ч лам биш, хэдийгээр бадар барьсан ч лам биш, хэдийгээр маань мэгзэм уншивч лам биш. Тэрбээр гагцхүү хуврагийн гадаад дүрийг үзүүлэгч мөн. Хуврагийн дүрийг үзүүлснээр хорвоогийн шунал тачаалаас салж үл болмуй. Нялх хүүхдийг орхимжид ороосон ч түүнийг лам гэж хэлэхгүй бүлгээ.
Сэтгэлээ зөв төвлөрүүлж, оюун ухаанаараа гэгээрч, хорвоогийн бүх шуналаас ангижирч, үнэний замаар урагшилсан хүнийг л жинхэнэ лам хэмээнэ. Хэрэв хүн цус нь хатаж, яс нь үйрсэн ч шаардагдах бүхнийг хийхээр шулуудвал, үүнийхээ тулд өөрийгөө үл хайрлавал, сахил хүртсэн зорилгодоо заавал хүрч, ариун үйлс бүтээнэ.
5. Хувраг хүн нь Бурхан багшийн сургаалыг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Тэрбээр хүмүүст зааж сургаж, нойрсож буйг нь сэрээж, хүмүүсийн буруутсан сэтгэлийг засаж, өөрийгөө үл хайрлан сургаалыг өргөн дэлгэр сурталчлах ёстой. Гэвч номлож сургах нь амаргүй бөгөөд номлохыг хүсэгч хэн бүхэн Бурхан багшийн хувцсыг өмсөж, Түүний суудал дээр заларч, Түүний өрөө тасалгаанд орох ёстой. Бурхан багшийн хувцсыг өмсөх нь намуун зөөлөн, хатуужил тэвчээртэй болно гэсэн үг. Бурхан багшийн суудал дээр заларна гэдэг нь бүх юмс мөн чанаргүй гэдгийг ойлгох, аливаад үл дасахын нэр юм. Бурхан багшийн өрөө тасалгаанд орох нь бүх хүнд үлэмж нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэлээр хандахын нэр юм.
6. Энэхүү сургаалыг номлохыг хүссэн бүхэн дараах дөрвөн зүйлд онцгой анхаарах ёстой. Үүнд: өөрийн бие, өөрийн үгс, өөрийн хүсэл, их нигүүлсэнгүй сэтгэл энэ дөрөв орно. Нэгдүгээрт, номлож буй хүн ер бусын хатуужил тэвчээрийн орчлонд амьдарч, ширүүн бүдүүлэг зан авиргүй, зөөлөн намуун байх ёстой. Тэрбээр юунд ч мөн чанар үгүй хэмээн ойлгож, муу, сайны алиныг ч бүтээхийг үл санаархаж, юунд ч үл дасаж занших ёстой. Эдгээрийг бодож тэрбээр өөрийнх нь бие, махбодын бүх үйл хэрэг хатуу бус зөөлөн байхын төлөө хичээвээс зохино.
Хоёрдугаарт, тэрбээр өөр рүү нь дөхөн ойртож буй хүн бүхэнд анхаарал халамжтай хандаж, эрхтэн дархтан хийгээд муу аргаар амьдарч буй хүмүүсийн алинтай нь ч дотносохоос болгоомжлох ёстой. Мөн хүйс өөр хүмүүсээс холхон явбал зохино. Анир чимээгүй газар сэтгэлээ төгс төгөлдөр болгож, энэ ертөнцөд бүх юм учир шалтгааны хуулийн дагуу болж, тохиолдож буйг ойлгож, бусдыг дооглон шоглох, үл тоомсорлохыг цээрлэж, тэдний алдаа дутагдлыг ярихгүй байвал зохино. Гуравдугаарт, тэрбээр сэтгэлийнхээ амгалан тайвныг хадгалахдаа Бурхан багшид, хайртай аавдаа хандаж буй шигээ хандаж, зөв замаар явж буй хүмүүст багшийн ёсоор туслах хэрэгтэй. Тэрбээр бүх хүнд асар нигүүлсэнгүй хандаж, бүгдэд ном сургаалыг ижил тэгш номлох хэрэгтэй. Дөрөвдүгээрт, Бурхан багш лугаа адил тэрбээр энэрэнгүй, нигүүлсэнгүйг үргэлж үзүүлж, Бурхан багшийн сургаалыг үл мэдэх хүмүүс, номлохыг нь заавал сонсоосой хэмээн хүсэж, энэхүү хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн тулд бүхнийг хийх ёстой.

47, 48-р анги

https://fb.watch/41MO-_LISd/

49, 50-р анги

51-р анги

51, 52-р анги

https://fb.watch/41MJfmuCSf/

53, төгсгөлийн 54-р анги
Төгсгөлийн 55-р анги
2013 онд B. K. Modi продюсерлэж бүтээгдэн Энэтхэгийн Zee, Doodarshan тв үүдээр анх гарч эхэлсэн “Будда – Хаадын хаан” 55 ангит түүхэн киноны дуу. Киног монгол хадмал орчуулгатайгаар энд оруулж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s