Ричард Гир гараа хавсарч буй нь

Ричард Гир

Өнөөдөр бидний мэдэх Ричард Гир бол хэзээний л Ричард Гир билээ. Түүнийг хамгийн анх 1975 онд буюу 44 жилийн өмнө “Report to the Commissioner” гэдэг кинонд анх туслах дүр бүтээж тухайн үеийн кино найруулагчдын нүдэнд өртөж байсан гэдгийг нь олон хүмүүс мэдэхгүй болов уу. Аль тэртээ 44 жилийн өмнөөс тэрээр кино урлагт амжилттай хөл тавьсан ч өнөө хүртэл “Hollywood”-ын хамгийн үнэ цэнэтэй жүжигчдийн нэг хэвээр л байна. Тэрээр хамгийн сүүлд 2017 онд “Hollywood”-ын “Three Christs” гэдэг кинонд тоглосон бол энэ жил “BBC”-гийн телевизийн “MotherFatherSon” гэдэг цуврал кинонд тогложээ.

45 жил гэдэг нэг талаасаа богино хугацаа байж болох ч урлагийн хүний хувьд асар их урт хугацаа. Ялангуяа нэр алдрын оргилд хүрсэн жүжигчний хувьд карьераа хадгалахад дэндүү урт хугацаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэр бүү хэл өнөөдөр үүнийг бичиглэж байгаа би хүртэл төрөөгүй байсан цаг үе.

Тэрээр 2010 онд Гандантэгчэнлин хийдэд айлчлах үеэр өөрийнхөө энэ амжилтын нууцыг дэлгэсэн бөгөөд тэр нь буддизмын шүтэн барилдлагын онол байлаа. <<“Hollywood”-ын кино урлагийн ертөнцөд алдрын оргилд хүрэх их хэцүү. Гэхдээ алдрын оргилд хүрсэний дараа түүнийгээ хадгалах бүр ч их хэцүү. Зарим хүмүүс гэрлийн хурдаар алдрын оргилд гардаг ч төдий удалгүй нэр хүндээ гээж, олны дургуйцлыг төрүүлж, тэр бүү хэл өндөр өртөгтэй амжиргааныхаа хөлсийг төлж чадахгүй дампуурч бас л гэрлийн хурдаар уналтанд ордог тохиолдол их гардаг. Харин зарим жүжигчид олон арван жилийн өмнө жүжигчний карьераа эхэлсэн ч өнөө хүртэл нэр хүндтэй байж, олон кинонд уригдсаар байгаа. Эдгээрийн ард ер бусын нууц, эсвэл сонгогдсон хувь тавилан гэх зүйл огт байхгүй. Харин шүтэн барилдлагын ёсыг ухаарсан, ухаараагүйн асуудал л бий. Шүтэн барилдлагыг ухаараагүй нь өөрсдийгөө “Эзэн тэнгэрт ивээгдсэн”, “сонгогдсон”, “бусдаас илүү”, “тусгай” гэж эндүүрч омог төрүүлэн найруулгач болон бусад жүжигчид, түүнчлэн шүтэн бишрэгчиддээ их зан гаргаж, дорд үздэг. Үндсэндээ энэ сөрөг хандлага нь тэдгээрийг элдэв гаж хандлага уруу хөтөлдөг бөгөөд удалгүй найруулагчдаас аваад шүтэн бишрэгч нь хүртэл тоохоо байдаг. Энэ үед тэд бүх талын хүнд нөхцөл байдалд ордог.

Харин шүтэн барилдлагыг ухаарсан над мэтийн жүжигчид алдар хүндийн оргилд хүргэсэн найруулагчид, хамтран тоглосон жүжигчид, киноны хамт олныг хүндэтгэн, бидний бүтээлийг таалан үздэг шүтэн бишрэгчдээ хайрладаг. Хэрэв тэд байгаагүй бол бид өдий зэрэгт хэзээ ч хүрэхгүй байсан болохоор тэдэнд үргэлж талархаж явдаг. Бидний алдар нэр, баялгийг ямар нэг далдын хүчин эсвэл эзэн тэнгэр бүтээгээгүй. Ердөө л биднийг гэсэн биднийг таних, танихгүй маш олон хүний хүрээлэл бүтээсэн. Тиймээс үргэлж тэднийг гэсэн эерэг хандлага маань бидний амжилт, амжилтаа өнөө хүртэл хадгалж ирсэний нууц юм>> гэж энгийн даруухнаар ярьж байсан юм.

Бид аз жаргал, сайн сайхан амьдралын нууцыг учир битүүлэг, далдын хүчин зүйлсээс хайхаа больж, хүсээд байдаг эдгээр нандин гайхамшиг чинь бид бүгдийн эерэг хандалгуудын л огтлолцол гэдгийг ухаарсан цагт жинхэнэ гайхамшиг бий болно. Үнэндээ хамгийн гайхамшигтай зүйл хамгийн энгийн зүйлд оршиж байдаг гэдэг. Тэрнээс биш гайхмшиг гайхамшигийг төрүүлдэггүй бололтой.

Чухамдаа олон хүний итгэл, дэмжлэгийг нэг хүн амжилт гэж өөртөө өмчлөх нь эндүүрэл бол өөрийн амжилтыг олон хүний итгэл, дэмжлэг гэж харах нь шүтэн барилдлага буюу харилцан хамааралтай орших ёсыг ухаарч буйн шинж мөнөөсөө мөн.

Холливудын од жүжигчин Ричард Гир Нью-Иорк хотод орон гэргүй хүний дүрд хувирч нэг өдрийг өнгөрүүлсэн байна. Тэрээр энэ тухайгаа дараа нь “Гэр оронгүй хүн ямар байдаг гэдгийг би сэтгэл зүрхээрээ мэдэрлээ. Хажуугаар зөрсөн бүх хүн намайг нүднийхээ үзүүрээр их л сэжиглэж, жигшсэн янзтай харж байлаа. Харин ганцхан эмэгтэй л надад сайхан сэтгэлээр гар сунгаж надад хоол өгсөн. Энэ явдал миний амьдралд мартагдашгүй сургамжтай үйл явдал боллоо. Бид хичнээн азтай гэдгээ ихэнхдээ мартах юм. Өөрт байгаа бүхнээ бүү үл ойшоогоорой. Ядарсан нэгэндээ чадлынхаа хэрээр туслаарай. Ийм ч учраас би ядуу гуйлгачны амьдралаар амьдарсан нэг өдрийнхөө төгсгөлд замд таарсан орон гэргүй хүн болгонд 100 доллар, хоолтой өгөхөд тэд баярласандаа нулимс дуслуулж байсан. Та орчлон ертөнцөд ямар л өөрчлөлт авчирмаар байна тэрхүү өөрчлөлтдөө хувь нэмрээ оруулаарай” гэж ярьжээ.