Бумба

Бумба түүний тахилгын талаар

Гандантэгчэнлин хийд 2020 оны 9-р сарын 5, 6-нд Намсрай, Гонгор, Лусын бумба тахих гэж байна. 2020.08.31.

Төгс гэгээрсэн бурхад нь дагинас болон номыг тэтгэгч сахиуснуудын дүрээр дөрвөн их үйлс буюу
♡ Өвчин хорлолыг арилгах амирлангуй
♡ Нас буяныг арвижуулах дэлгэрэнгүй
♡ Гурван орчлонг эрхэндээ хураах
♡ Дайсан хорлолыг арилгах хатуу үйлээр эх болсон хамаг амьтад болон бурхны шашныг сахин хамгаалж тусалдаг тангарагтай.

Гонгор, Намсрай, Замбал, Лус, Дарь эхийн бумба тахих зан үйл.
Буян хишгийн бумба бүтээх тахих зан үйл.
Самъяа хийдээс сүсэгтэн олонд зориулан бэлтгэв.

Дарь эхийн бумба тахиулсны тус эрдэм.

Дарь эхийн бумбыг 21 Дарь эхийн үүднээс бүтээх бөгөөд ерөнхий зориулга нь нас уртасгах, бататгах, насны буян хишгийг дэлгэрүүлэх, нялх балчир үрсийн өвчин эмгэгийн шалтгаан, ад зэтгэрийг хаах, үр хүүхдийн буян заяаг тэгшитгэх, хүмүүний бие эрүүл, сэтгэл амгалан жаргаланд оршин байхын тухайд залдаг учиртай.
Дарь эхийн бумбыг залсан газар оронд санасан ажил үйлс саадгүй бүтэж, буян хишиг дэлгэрэхийн их ерөөлтэй.

Гонгорын бумбыг тахиулсны тус эрдэм.

Богд Зонхов болон Өндөр Гэгээн тэргүүтэн шарын шашны дээд лам нарын нийтийн бус сахиус болох Гонгор буюу Цагаан Махагал нь бурхан бүгдийн нигүүлсэхүй сэтгэлийн мөн чанартай Жанрайсэг бурхны хувилгаан догшин дүр бөгөөд дөрвөн их үйлс дотроос нас буяныг арвижуулан сахихдаа бусад сахиус лугаа ханьцашгүй тул эд буяныг арвижуулагч их сахиус хэмээдэг. Эгэл хүмүүн бид нар тангараг ёсыг нь сахихад амар дөхөм тул үйлсээр дэмжиж туслах нь машид хурдан юм. Гонгор сахиус нь ядуу хоосны зовлон бүгдийг арилгаж, есөн хүслийн горьдлогыг хур мэт хангаж өршөөхийн тулд оршдог бөгөөд шашныг сахин хамгаалах тангаргатай арван хангал догшдын нэг бөгөөд аливаа саад тотгорыг арилган, эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Гонгор сахиусыг урин залж хүндэтгэл үзүүлэхдээ түүний нөхөр сэлтэд адилхан хүндэтгэл үзүүлэх учиртай ажээ.
Гонгор сахиусын үүднээс нас, эд буяныг арвижуулах гүн увдис болох бумбыг судар, чогын дагуу бүтээхдээ гадна бумба нь сахиусны орд харш тул алт, мөнгө, зэс тэргүүтэн эрдэнэ болон болор шил, шаазан тэргүүтэн үнэт зүйлээр бүтээж, олон нандин зай, үнэртэн, үрэл, эрдэнэ, өлзийт тахилууд Гонгор сахиусны хөрөг, тарни, ерөөл тэргүүтнийг хийж, тахил балинг сайтар дэлгэр бэлдэж, чоr уншлагыг хурж зүрхэн тарнийг аль олонтаа урин тоолж бүтээдэг учиртай юм.
Энэхүү нандин шүтээнийг өөрийн гэр болон орон хийдэд шүтэхдээ дээр хүндлэлтэй газар гадны хүмүүнд үзүүлэхгүйн тулд хайрцагт хийж залан, тахил балинг сайтар өргөж, бурхан шашинтны аврал шүтээн болох чухаг дээд гурав буюу бурхан, ном, хуврагийг эрхэмлэн шүтэж, амьтны амь таслах зэрэг арван хар нүглийг цээрлэж, ямагт буяны үйл, үйлийн үрийг эрхэмлэж, Богд лам болон Гонгор сахиусны зүрхэн тарнийг уншиж, сүсэглэн залбирч, эд буян арвижихын уг шалтгаан болох өглөгийг эрхэмлэн өгөх учиртай болой.
Ингэж тангараг ёсыг сайтар эрхэмлэж сахиваас номын сахиуснууд тангаргаа сахигч хүмүүн таныг сүүдэр мэт сахин хамгаалж, таны насны хутаг уртасч, өвчин, хорлол арилж, саруул ухаан, цог хийморь, сүр хүч дэлгэрч, тэнгэр хүмүүний төгс эд эдлэл бүхэн хуран ирж, буян хэмжээлшгүй арвижиж, санасан бүхэн сэтгэгчилэн бүтэж, даруй түргэн төгс гэгээрсэн бурхны хутгийг олох тэргүүтэн ач тус хэмжээлшгүй.
Гонгорын бумбыг тахин залсан хүмүүн нь ядарсныг тэтгэх сэтгэлтэй, өглөг буянд харамгүй нэгэн байваас сахиусны таалалд нэн сайн нийцдэг. Энэхүү бумбыг тахиулснаар хүслийг хангагч зэндмэнэ эрдэнэ мэт эд баялаг, идээ ундаа, материаллаг баялаг тэргүүтэн юу хүссэн бүхнийг гүйцээж түүний үр дүнд буян цаглашгүй хураах тус эрдэмтэй. Гонгорын бумбыг хэдийгээр “Баяжуулагч бумба” хэмээн тахин шүтдэг боловч дан ганц амин хувиа бодолгүй нутаг ус, хүн зон нийтээрээ буян хишиг нь дэлгэрч, эд хөрөнгө нь элбэг дэлбэг болохыг ерөөн тахиулвал зохистой. Бумбаа тахиулаад ашиг орлого олвоос хурал ном хуруулах, сүм хийдэд өргөл хандив өргөх зэрэг үйлнээ сэтгэл харамгүй зориулах ёстой. Гонгорын бумбыг бүтээлгэн залж тахисны ач тус нь буян хишиг, эд эдлэлийг хурайлан дуудаж, элдэв өлзий бусыг арилган ертөнцийн түмэн зовлон, мянган хоосролоос гэтэлгэн эдлэх эд, идээ умдаанаар цаг үргэлжид тэтгэгдэн, нас буян тань арвижих учиртай.

Намсрайн бумба тахиулсны тус эрдэм.

Намсрайн бумбыг тахин залснаар буян хишиг, олз омог нь машид арвидан дэлгэрч, хотол төгс гүйцэлдэх агаад түүнийг залсан орон гэр, албан газар, хийд орон тэргүүтэн бумба хаана залагдан буй тэр зүгээс сайн буяны үр 10 зүгтээ дэлгэрэн улмаар эд эдлэл арвижин, сүлд хийморь бадарч, сүр жавхлан тэгшрэх агаад үгүйрэн хоосрохын зовлонг өчүүхэн ч үзэхгүй байхын тангарагтай.

Замбалын бумба тахиулсны тус эрдэм.

Замбалын бумбыг буяны зүг хандсан эрхэм хүмүүний эд, эдлэл, сан хөмрөгийг дэлгэрүүлэн бүтээхийн тухайд зориулан залдаг учиртай. Бусдын тусын тулд ариунаар хөдөлмөрлөн, хомхой сэтгэлээ даран ажиллаж буй хэн бүхний олсон мөнгө нь хуран тогтохоос гадна эд мөнгөний гарз гарлагагүйд зохион эрдэнийн сан хөмрөг нь үржих ерөөлтэй.

Гонгор, Намсрай, Лусын бумбаны тахилга

Замбал бурханы бумбаны тахилга

Дорж Шүгдэн сахиусны бумбаны тахилга