Зонхова Зонхов

Богд Зонхова

Зонхова Лувсандагва (1357-1419) улаагчин тахиа жил Хөх нуурын Зонхава гэдэг газар төрсөн тул уг газрын нэрээр нь Зонхава хэмээн алдаршжээ.
Түвдөөр Зонха, Монголын хэлээр Сонгинотын ам хэмээх газрын хүн гэсэн утгатай.
Харин жинхэнэ бага насныхан нэрийг Гунгаанямбуу, сахил өгсөн багш нь Лувсандагва (blo bzang grags pa) хэмээх нэр хайрлажээ. Эцгийн нэрийг Дархач (dara kha chi-Даргач гэсэн монгол үг), эхийг нь Шэнса-Ачуй гэдэг.
Богд Зонхава гэгээний эцэг эхийнхэн зүүднээ сонин гайхамшигийн талаар Монголын түүхэн сурвалж Жамбалдоржийн “Болор толь” өгүүлснээр “…цэцгийн эрих мэт хэлхэж номт дээлтэй, гучин гурван тэнгэрийн орны модон хэмээсэн шар торгоор хийсэн хувцастай, боть барьсан нэгэн лам хүн ирээд, Би Утайгаас ирвэй. Танаас гэр гуймуй хэмээгээд бурхан тахисан гэрт өөд болбой” хэмээн сэрж ийн сэтгэвэй.
Миний “Наму сангаяа” уншсаны ачаар Манзуширийн адистид болов уу? хэмээн санавай. Эх нь бас нэг шөнө зүүдэлсэн нь, “Олон цэцэг дэлгэрсэн талд мянган бүсгүй суудал барин суусны дотор, өөрөө ч суулцвай. Даруйд дорно зүгээс тогосны өд барьсан нэгэн цагаан хөвгүүн, умар зүгээс тогосын өд барьсан нэгэн улаан охин ирээд, хоёул зөвлөлдөн хэлэлцээд тэр олон бүсгүйчүүдийг хуруугаар нэг нэг заан, “Энэ болох буюу” хэмээн цагаан хөвгүүнийг асуухад, нөгөө улаан охин нь нэг нэг гэм зүүж, эс болон явсаар ирээд Ачойн биеийг зааж асуусанд, охин нь инээгээд “Энэ болном” хэмээснээ хөвгүүн бээр “Тийм бөгөөс угаал хийсүгэй” хэмээлдэн угаалын шүлэг сэлтсийг уншиж, угаал хийснээ хир нь арилан маш амарсныг зүүдлээд сэрж гайхан, ямар юмны тэмдэг болбой ? хэмээн санавай” гэжээ.
Мөнөөхөн Жамьяншадав гэгээнтний ботид, Хятад улсын хүний нэрсийн их толь бичгийн 590-р хуудсанд Зонхава гэгээнтнийг монгол хүн болно хэмээжээ.
Богд Зонхава гэгээн Түвдийн Лхас зууд морилж байх үед эх нь хүүгээ санаж ирж уулз гэж хэлүүлсэнд өөрийн зургийг зурж, а үсэг бичээд миний төрсөн газарт сувраг бүтээвэл олон түмэнд тустай хэмээснээр ээж нь сувраг бүтээснээр Гүнбүм хийд бий болох үндэс суурь нь болсныг “Гүнбүм жамбалингийн хийдийн гарчин” номд байна.
1990-ээд оны үед Гүнбүм хийдийн хамба байсан Ажаа гэгээн Богд Зонхава гэгээтний аавынхан хувилгаан дүр гэдэг. Бидний хэдэн хувраг тухайн үед хувь тохион энэ орон хийдийн Жүд дацанд суралцсан юм.
Багшаас шавьд дамждаг аман уламжлал тасарч нэгэн жарны мөчлөгт тарнийн сургалт хичээлүүлж шавиа номд боловсруулахаар Гүнбүм хийдийн Жүд дацан, Лүндэв бандида гэгээнээ Даваадорж, Дэлгэрсайхан, Даваасүрэн маань ном барилдагат ерөөн мөргөл үйлдэж байлаа.

“Монголын бурханы шашны аман түүх” номоос:

Богд Зонховын чуулганы орон.

Чанх дээш Бурхан багшийн нууц тарнийн увдисыг дамжуулагч багш нар. Түүний зүүнд асрал нигүүлсэл бодь сэтгэлийн увдисыг дамжуулагч багш нар. Баруунд Шүтэн барилдлага-Хоосон чанарын увдисыг дамжуулагч багш нар байна. Доор нь Нууц тарнийн Нууцыг хураагч, Очир аюулгагч, Хэрүка, Цагийн хүрд, Очирваань, Насны гурван бурхан тэргүүтэй ядам, бурхад, Шадар найман бодьсадва тэргүүтэй их хөлгөний хутагт бодьсадва нар, 12 Брадигабуд болон 16 бататгагч тэргүүтэй архдууд, ханд дагинас, Эрлэг номун хаан, Махагал, Цогт охин тэнгэр, Бясман тэнгэр, Жамсран, Цагаан махгал тэргүүтэй номын сахиусууд оршиж байна.
Авралын дээд нь багш бөгөөд багшаас улбаалан амьтад гэгээрэлд хүрч ядам бурхдын хутгийг олох бөгөөд бурхдын үзүүлсэн замаар архад хутагтууд мэндлэх бөгөөд ханд дагинас, номын сахиус нь тангараг санваар ариун, сайн явдалд, гэгээрлийг хүсэгч нугууд, тэдгээрийн зохилдлыг бүтээгч өглөгийн эзэд, тэдгээрийн авралд багтсан амьтан бүгдийн сахин хамгаалагчид юм.

Гогнямба.

Богд Зонхава ламыг Гандан хийдээ барих гээд газар ухаж байхад нэгэн бясалгал самадид суусан хүн олдсон гэдэг. Богд лам адислаад сэрээхэд «Одсүрэн бурхан хаана байна” гэж асуужээ. “Тэр бурхны шашин аль эрт өнгөрөөд одоо Бурхан багшийн шашин оршиж байна гэхэд “Надад сүү өгөөч” гэжээ. Сүү өгвөл ууж үзээд “Одсүрэн бурхны үеийн усны ч амтанд хүрэхгүй юм байна” гээд рид хувилгаанаар нисээд явсан гэдэг.

Срайдорж Номун Хан Сан: Бодь мөрийн зэрэг судрыг айлдсан Богд Зонхов Монгол хүн байсан гэж та мэдэх үү?
Зонхов богдын сүмээр орж, Зонховын сүрлэг мөнгөн дүрд нь бишрэн бишрэн залбирлаа. Сүртэй мөнгөн сэнтийд нь сүслэн сүслэн мөргөлөө. Сэнтийнх нь ар түшлэгийн хан гарьд хийгээд бусад хүчтэний сийлбэрийн урныг гайхан гайхан нүд хужирлалаа. энэ шуумалд 1139 лан цалин мөнгө, сэнтийд арав гаруй лан цалин мөнгө тус тус оржээ. Ордос, Хөх нуурын монголчууд л үүнд өглөгийн гол эзэн болсон байх юм. Яагаад? Бурхны шашны шарын урсгалын үндсийг тавьсан Зонхов богд Монгол хүн гэдгийг өвөрлөгч эрдэмтэд нэгэнт тогтоожээ.
Домог өгүүлэхүй. Юань улсын хааны зарлигаар Сонгинотод даргачаар тохоогдсон Лүбүнх гэгч буураад, олон хүүхэдтэй ядуу айл болжээ. Зонха буюу Сонгинот голын хөвөөг дагаж аж төрдөг байж. Цөөн хэдэн хонь, ганц алагч үнээтэй юмсанж. Гэтэл үнээ нь тугаллах гээд шилрэн алга болжээ. Эх нь бие давхар боловч алаг үнээнийхээ хойноос явж гэнэ. Үнээ нь харин Зонха голын эхэнд тугалласан байсныг олж, үнээгээ хөтлөн, тугалыг нь тэврэн, гэр үрүүгээ явж байтал өөрөө хөнгөрөхөөр өвдөж, Зонха голын ар хөвөөнд амаржиж нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Эх Шинжээ хүүгээ аваад явбал тугалаа авч чадахгүй, тугалаа тэвэрвэл хүүгээ авч явж чадахгүй гацаанд ороод бодсон нь: “Манайх олон хүүхэдтэй айл, хүүгээ орхиё, манай олон өлөн амыг үнээ маань тэжээдэг, тугалаа авч харих нь зөв” гээд нярайгаа хээр орхиод, тугалаа аваад харьжээ. Маргааш нь Лүбүнх өвгөн “Ямар ч байсан бидний үр, яасан бол?” гэж бодоод, үнээ тууж ирсэн мөрөөр яваад Сонгинот голын ар хөвөөнд хүртэл нэгэн том шувуу сууж байгаад ниссэнд “За энэ шувуу ч хүүг маань тоншчихсон байх даа” гэж бодон очвол хүүг нь тэр шувуу харин далавчаараа бүтээн хоносон байжээ. Үүнд аав нь баярлаж, ниссэн шувууны хойноос залбираад, “энэ онцгой хувь заяатай хүүхэд байна” гээд хөвүүнээ аваад харьжээ.
Бодот намтрыг өгүүлсү. Зонхов (Зонха гэдэг нь Сонгинтын ам гэсэн Түвд үг, Зонхова болохоор Сонгинтын амны хүн гэсэн утгатай болдог ажээ) билгийн улирлын зургадугаар жарны улаагчин тахиа жил буюу аргын нэгэн мянган гурван зуун тавин долоон онд Зонхад эхийн алтан хэвлийгээс унасан авай. Аав нь Бум Лхүмбэ гэж Юань улсын хаанаас томилсон даргач хүн байжээ. Даргачаар гагцхүү монгол хүнийг л тавьдаг байсан байна. Тэрхүү Бум лхүмбэ нэр хятадаар сунжирсаар Лүбүнхэ болсон байна гэж Чүлтэм авгай бичжээ. Зонхов богдын багын нэрийг Гунгаанямбуу гэдэг байжээ.
Домог хүүрнэсү. Торгуудын Хар сайрын Цагаан ван Жагарт хүрч, Жагарын Чагнаадорж бурхны хувилгаан Цэрэв хаанд таван зуун бүхэл(50 лан) алт өргөөд нэгэн сахиулсныг өгөхийг гуйжээ. Цэрэв Жагарын наян хуврагыг жагсаагаад, Цагаан ванд “Та энэ дөвчид дотроос нэгийг нь сонгож ав” гэсэнд бага хүүг зааж “Энэ хүүг авъя” гэсэнд Жагарын хаан “Энэ хүү бидэнд тун хэрэгтэй хүн байлаа. Нэгэнт танд ам алдсан болохоор өгье” гэжээ. Тэр хүү Хар сайрт ирээд, 21 насандаа гэгээн болж, Цүвчин гэгээн гэж алдаршчээ. Цүвчин гэгээн Цагаан ванд “Би Хөх нуур явахаар боллоо. Тэнд шашны эзэн тодорч байна” гэсэнд Цагаан ван дургүйцэж, гэгээнийг явуулахгүй хэмээн гэрт хорьж, өрхийг бүтээгээд хаалгыг цоожлон, гурван давхар цэргээр бүслүүлэн харгалзжээ. Маргааш өглөө нь үзвэл гэгээнтэн байсангүй, тоонон дээр л хөлнийх нь мөр гарсан байжээ. Цүвчин гэгээн найман дэлбээт лянхуа цэцгийн шинжит ууланд ирэхэд Зонхов гурван настай байлаа. Цүвчин гэгээн голын эрэг дээр чулуугаар тоглож байсан хүүг үзээд “Юу хийж байгаа юм бэ?” гэж асуусанд хөвгүүн: “Би суварга барьж байна” гэж хариулжээ. Тэгээд гэгээнтэн түүнийг “Шашны эзэн мөн байна” гээд ном зааж эхлэжээ. Гэтэл ном сурдаггүй гэнэ. Гэгээн эндүүрсэн юм болов уу гэж гайхаад, түүнийг чулуун дээгүүр дагуулж явбал чулуун дээр мөр нь гарчээ. Андуураагүйдээ дахин итгэн ном заавал бас л сурдаггүй гэнэ. Арванхоёр настай нь дахин дагуулж чулуун дээр гишгүүлбэл улны нь ором гарч байжээ. (Энэ мөртэй чулуу Алтан дээвэрт их дугананд буй гэнэ.) Тэгээд Цүвчин гэгээн түүнийг Шажун хийдэд аваачин, түүгээр дагуулан явж байтал хөвгүүн “Би энэ хадан дотор цамд сууна”, долоодох өдрийн өглөө нар уулын оройд тусахад намайг ирж аваарай” гэж хэлтэл хад гэнэт дуу гаран онгойход, хөвгүүн дотогш орж явчихжээ. Цүвчин гэгээнийг долоодох өдрийн өглөө хадны дэргэд ирээд хүлээж байтал нар тусахтай зэрэг хад бас дуу гаран нээгдэж, дотор нь олон хувилгаан “Ум ара базна ди” хэмээн Манзушри бурхны зүрхэн тарнийг урих дуун хадаж, хүү ч уг тарнийг уншсаар гарч иржээ. Үүнээс хойш Зонхов номондоо цоорсон гэнэ…
Бодот цадигийг хүүрнэсү. Долоон настайдаа Донровринчен хувилгаанаас гэцлийн санваар авчээ. Түүнчлэн Ямандаг, Дэмчиг, Чагдар зэрэг ядам бурхдын тарнийн авшиг хүртжээ. Донжиддорж гэсэн нууц нэртэй болсон байна. Энэ үед төв хэл бичиг сурч, бурхны олон зүйлийн судар тарнийн ном заалгаж, эрдмийнхээ суурийг тавьсан байна. Арван зургаатайдаа Түвд оржээ. Сарва Гүнтэнгээс анагаах ухаан, Ричинамжир гүүш ба Сажбад Банчинаас дуун ухаан, Нэхсамбу гүүшээс уянга шүлэг, утга зохиолыг сурчээ. Мөн Сахъя хийдийн Рэндаваа, Цонорүбжи багшаасаа “Төв үзэл”, “Винайн аймаг сав” “Шалгадагийн тайлбар” сэлтийг сурсан байна. Сүмбэ Дэчинчойживоос “Нууц тарнийн хүрдэн”-г сурсан байна. Хорин найман насандаа гэлэнгийн санваар хүртжээ.
Домог хүүрнэсү. Зонхов богдыг Түвдэд ном сурч ахуйд ээж нь санаад, “Ир” гэж хэлүүлжээ. Чингэхэд Зонхов хамрынхаа цусаар захиа бичээд, өөрийн зургийг зураад, “А” үсэг бичээд ирүүлсэнд “А” үсэг нь “Амаа”/ээж/ гэж дуугарсан гэнэ. Тэгэхэд миний хүү цусаараа захиа бичнэ гэдэг шашин номын төлөө алтан амиа өгөхөд бэлэн байгаа юм байна гэж ойлгоод, дахин “Ир барь” гэж хэлүүлэхийг больсон гэнэ.
Бодот цадигийг хүүрнэсү. Зонхов тийнхүү судар тарнийн хуврагуудыг хэнийг ч болов цөм сахил санваарыг чанад сахиж, гэргий авалгүй, шар малгай өмсөж, сүмд шавилан суухыг номлож, архи, тамхийг цээрлэх, ужид цэнгэлийг тэвчих, амьтны амь хороохгүй байхыг номложээ.
Шар луу жил буюу 1401 онд Зонхов богд “Бодь мөрийн зэрэг” бүтээлээ эхэлж, дараа жил нь дуусгажээ. 1406 онд “Тарнийн мөрийн зэрэг” гэдэг том бүтээлээ туурвисан байна. Энэ хоёр том бүтээлээрээ шарын шашин буюу Гэлүгвэгийн аймгийн онолын үндсийг тавьжээ. Их мэргэдийн оройн чимэг Их богд маань унасан газар, угаасан усныхаа нэрээр Зонхов гэж даян дэлхийд алдаршчээ.
Зонховын аав Юань улсын даргач цолтой монгол хүн байсныг өмнө дурдсан. Үүнийг батлах баримт гэвээс 1922 онд Шанхай хотод хэвлэгдэн “Дундад улсын алдарт хүмүүсийн нэрийн том толь”-д “Зонхов бол түүхэнд нэр алдартай монгол хүн” гэж (590 дэх талд) тэмдэглэсэн байна. Хятадууд энэ тал дээр алдахгүй байх аа. Мөн Лавран хийдийн Жамъяншадав гэгээний ботид ч тийн дурдсан байдаг гэнэ. Тэрчилэн Ойрдын Гүүш хаан Түвдийг эзэлж, шашин төрийг хослон барьж байсан тухайтад тэр үеийн улааны шашинтны ном зохиолд “Зонхов монгол хүн болохоор Гүүш хаан Зонховын шашныг дэмжснээс биш Түвдэд сайн үйл үйлдсэнгүй” гэж бичсэн байсныг Агваанчойдор багш(Гүмбумд шавилж байсан бөгөөд Баруун Хойт Үндэсний Их сургуульд багшлаж байсан) Төвийн Үндэсний Их Сургуулийн Дүнгэрлувсанцэнгэл профессорын номоос хуулан авч байжээ. “Баруун тэнгэрийн бурхны шавь, улсын их багш” гэж өргөмжлөгдсөн Зонхов богд монгол хүн, чингэхлээр шарын шашны онолын үндэс суурийг тавигч нь монгол хүн, энэ шашин Хөх нуурын Монголын Сонгинтын амнаас буюу Монгол газраас дөрвөн зүг, найман зовхист, тэр дундаа Түвдэд дэлгэрсний тул Шарын шашин бол Монголын шашин мөн гэж миний бие бардаагаар дүгнэж байна. Шарын шашин Монголын шашин гэж хэлснээ батлах зарим завсрын баримт дурдсу. Их бүтээлчин Гарма багшийг Монголын Юань гүрний их хаан Хубилай залж, оройн багшид өргөмжилсөн. Ингэж залах үедээ Гарма багш, номын хаан Пагва хоёрт Монголын их хаадын хүндэтгэлийн хувцас болох магнаг хэвнэгийг дээдсийн тэмдгийн ёсонд өргөснийг үлгэр болгон хожим нь их хийдийн ширээт ламт соёрхох ёс үүдэж, үүнээс ширээтийн нөмрөг буюу магнаг жанч(Хамба жанч) хэмээн алдаршсан байна. “Богд Зонховын намтар” болон Зава Дамдины “Алтан дэвтэр”-т “…Богд Зонховоос Түвдийн орон сэрүүн учир хантааз адил цээжний хувцсыг Дээд Монголын банди нарын хувцсаар үлгэрлэн цэмбэн захтай цээживч үйлдэж өмсөх болгосон” гэж бичсэн байна. Тэр ч байтугай Зонхов Түвдэд морилохдоо монгол бадарчдын үүргэвчийн жийрэг болгон хэрэглэж асан тэр хувцсыг өмсөж явсан, тэгээд додиг буюу цээживч лам нарын хувцас болон дэлгэрсэн гэсэн аман яриа буй ажээ. Олны үг ортой гэдэг билээ л. Зарим Далай ламыг багад нь Монголд сургаж байсан, олонхи нь монгол багштай байсныг ч хэлэх хэрэгтэй. Ялдар дурдахад, өдгөө нас сүүдэр 93 зооглосон эрдэмт Агваанчойдор абугай “Монголын түүхийг ярихгүйгээр шарын шашны түүхийг ярих аргагүй” (Д.Бат. “Агваанчойдор гуайн ярьсан монгол, түвд бурхан шашны аман түүх”) гэж омог төгөлдөр хэлжээ.
Гүмбумын түүхийг туурвисан Их гөрөөчин Лхүндэвийн Чүлтэм абугай “Түмдийн Алтан хаан байгаагүй бол өнөөдрийн Далай лам гэж байхгүй, Хошуудын Гүүш хаан байгаагүй бол өнөөдрийн Банчин эрдэнэ гэж байхгүй байсан” (“Монголчууд ба Гүмбум хийд”) гэж дуун алджээ. Үүнийг нотлох баримт гэвээс 1578 онд Түмдийн Алтан хаан Түвдийн Брайван хийдийн ширээт лам Содномжамцыг Хөх нуурын Цавчаал (Уг газрыг цав цай тавьснаар нь Цав цай нэрлэж байсан боловч яваандаа тэр нь сунжирч Цавчаал болжээ)-д түмэн цэрэг жагсаан угтаж, ном уншуулан их ёслолыг үйлдэж, “таванзуун лан цалин мөнгөөр бүтээсэн долоон эрдэнэ, найман тахил, гучин лангийн алтан аяганд дүүргэсэн эрднийн чулуу өргөж, Содномжамцад “Богд хамгийг мэдэгч Очирдар Далай балам” цол хайрлажээ. Түүнчлэн 4-р дүрийн Далай лам ч монгол хүн юм. Гуравдугаар Далай лам Гэндэнжамц жанч халахынхаа өмнөхөн “Алтан хааны ач Сүмбэр тайжийн малын суурины дээд цавыг дурдаж: “Энэ газраас бурхан төрнө” гэж айлдсан байна. 1588 онд Гуравдугаар Далай лам нирваан дүрийг үзүүлсний дараагаар Сүмбэр тайжийн Багаахан Зул хатан бие шалтгаантай болж, хүүхэд нь эхийнхээ хэвлийд үг ярьжээ. Лам нар “Бурхан мэндлэх нь” гэж баярласан байна. Ингээд 1589 онд Зул хатан нярайлж, Чингис хааны хорьдугаар үеийн хойч, Түмдийн Алтан хааны жич Ёндонжамц тийнхүү мэндэлжээ. Энэ нь дөрөвдүгээр дүрийн Далай лам Ёндонжамц билээ.
Өвөрлөгч тэр эрдэмтэд үндэсний үзэлтэйдээ ч юм уу, эсбөгөөс тийм байх гэж тааварласандаа ч юм уу, цээжний бангаар дуугарсангүй, Хөх нуурын Монголд хийгээд Өвөр Монголд шарын шашны дэлгэрсэн түүх, шарын шашныг үүсгэн дэлгэрүүлэхэд монголчуудын оруулсан нэмэр хандивыг улбируулан судалж, Монгол, Түвдийн түүх, шашны харилцааны улбааг мөшгин хөөсний үрээр тийм дүгнэлтийг баттай хийсэн байна. Тэрчлэн “Түвд үг чухамхүү Монголоос дэлхий даяар өргөн тархсан гэж С.Л. Кузьмин гэгч орос эрдэмтэн бичснийг (Лам нарын сэтгүүл,151 дэх талд) дурдахад илүүдэх юун. Бид “Хамаг цастын мэргэдийн оройн чимэг Зонховын өлмийд залбираму” гэж мэгзэм уншдаг. Тэгвэл одоо “Хамаг Нартын мэргэдийн оройн чимэг Зонховын өлмийд залбираму” хэмээн урих цаг болсон юм биш үү.
Богд Зонхав бээр Түвдийн зүүн хойд нутгийн Амдо мужид мэндлэн бурхны сургаалын олон эш дамжлагыг хүртэж, нэг хийд, дияаны газраас нөгөөд олон жил суралцсан алдарт багш билээ.
Тэрээр 1357 онд Сонгинын ам хэмээх нэртэй газар лагшин мэндэлсэн бөлгөө. Мэндлэх үед нь язгуурын гурван бурхны хувилгаан мөн болохыг нотлох олон шинж тэмдгүүд илэрсэн гэдэг. Зонхаваг гурван настай ахуйд энэ багш Зонхавагийн эцэгт мал бэлэглэж, Зонхавагийн эрдэм боловсролыг түүнд даатгахыг гуйсан байна. Долоон настай ахуйдаа Чойжи Дондүв Ринчений хамт суудаг болж, багшаасаа олон сургаал, тарнийн авшиг хүртэж байсан. Маш амархан уншиж, бичиж сураад балчир наснаасаа эхлэн бясалгалын талаар суралцаж өөрт дадуулж байлаа. Найман настай ахуйдаа гэцүл сахил хүртэж, Лувсан Дагва хэмээх сахилын нэрийг хүртсэн байна. Түүний Лувсан Дагва хэмээх нэр нь Оюун сайтын алдар гэсэн утгатай билээ. Түүний энэ дэлхий дээр шашин, амьтанд үлэмж их тус бүтээхийг Бурхан багш олон судар тарнийн номд лүндэглэсэн байхын сацуу Жову Балдан Адишагийн бүтээл, Саран хөхөөний намтар зэрэгт бошгийг үзүүлсэн нь буй.
Богд Зонхавагийн урьд дүрүүд нь Төв үзлийн сургаалийг илтэд болгоогч Нагаржуна гэгээн, Сажава ёсыг үндэслэгч Лозава Лодон Шарав, Гаржүдва ёсыг Үндэслэгч, Мил богдын багш Марав лам мөн Нинмавын ёсыг Үндэслэгч Ловон Бадамжунайн зэрэг дүрээр мэндэлж байсан бол Богд Зонхава Гэлүгба ёсыг үндэслэгч болжээ.
Бурхан багш энэ дэлхийд Богд Зонхава залрах тухай эш үзүүлэн айлдсан нь олонтаа. Урьд насандаа тэрээр нэгэн хөвүүн байхдаа Шагжмуни бурханд тунгалаг болор эрхи өргөж, түүний оронд цагаан лавай хүртсэн байна. Бурхан багш тэр хөвүүнийг Түвдэд мэндэлж агуу их Гандан хийдийг үндэслэн байгуулна, Лхас дахь бурхны шүтээнд үржин өргөнө, дээдийн номыг Түвдийн оронд дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй хүн болно хэмээн бошиглосон байна. Эдгээр бүхэн нь Бурхан багшийн айлдсан ёсоор бүтэн биелсэн юм.
Арванзургаа настай ахуйдаа багшийнхаа айлдвар ёсоор Түвдийн төв хэсэг үрүү явсан байна. Түвдийн төв ба баруун хэсэг нь тэр үедээ эрдэм мэдлэгийн төв болж байжээ. Тухайн үеийн олон дацангуудад суралцаж, олон үндэс ном болон Энэтхэгийн бурхны гүн ухааны уламжлалд суралцсан байна. 1374-1376 оны турш “Билгүүний чинад” хэмээх судар, Майдарын таван сургаал болон тэдгээрт зориулсан олон тайлбаруудыг судлахад төвлөрч байжээ. Энэ хугацаанд тэрээр судар болон тарнийн тодорхой оюуны суртал болон гүнзгий их мэдлэгтэй болсон байна. Зонхава судар болон тарнийг хослуулан судалж, дадуулахаар шийдсэн байсан бөгөөд олон үндэс дамжлагын алдартай багш нараас тарнийн авшиг хүртэж байсан юм.
Хорин хоёр наснаасаа эхлэн Дигнана болон Дармакиртигийн ноттой мэдлийн тухай бүтээлүүдийг судалж эхэлсэн бөгөөд Дармакиртигийн шалгадаг ухааны номлолыг гүнзгий биширч, шүтдэг байлаа,
1381 онд Зонхава гэлэн сахил хүртжээ. Энэ үед өөрийн язгуурын багшийн нэг болох Лама Умаватай учран золгосон бөгөөд тэр багш нь Манзушри бурхны бүтээлчин байсан бөгөөд Манзушри бурхан Лама Умавагаар дамжуулан Богд Зонхавын хоосон чанарын тухай сургаалын асуултанд хариулж байсан гэлцдэг. Эцэст нь Зонхава Манзушри бурхныг өөрөө үзсэн бөгөөд бурхан түүнд шууд авшиг хайрлаж, сургаал айлдаж байжээ.
1392-1393 оны өвөл Манзушри бурхны айлдал ёсоор Зонхава Ном айлдахаа түр зогсоогоод бусад нийтийн үйлд оролцохоо болин эрчимт бясалгалд төвлөрсөн байна. Онцгойлон сонгосон найман шавь нарын хамт нинбад суусан. Хатуу чинад дэглэм сахиж, ариусгалын үйлийг эхэлсэн бөгөөд ариусгалын тарни уншиж буян хурааж, мөргөл үйлдэж, олон зуун мянган удаа мандал өргөх зэрэг үйлийг үйлдэж байжээ. Түүний хажуугаар оршихуйн мөн чанарын талаар бүтээсэн гол номуудыг судалж байлаа.
Хэдийгээр гадна талдаа ихэнх хүмүүс түүнийг эгэл жирийн хуврагийн дүрээр мэдэж байсан ч дотор талдаа их бодьсадва нарын мөрийг баримталж, нууцын талдаа төгс чадалтай тарнийн багш, Очирын хөлгөний хүч чадал болон эрдэм бүгдийг эзэмшсэн их шидтэн байсан байна.
Түүний их шидтэний чанар Жооханд их гал түймэр болоход ганц амьсгалаар унтраасан байдлаар зураг бүтээлд дүрсэлсэн байдаг. Өөрийн бясалгаж байсан газруудын ойролцоо чулуу болон үхэр чулуун дээр биеийн олон хэсгийг гаргасан дардас үлдээснээс үзэж болно. Эдгээр нь их шидтэний зарим нэг талыг үзүүлсэн шинж тэмдгүүд юм.
Гуравдугаар Далай Лам Жалва Содном Жамц Амдо дахь Богд Зонхавын лагшин мэндэлсэн газар очиж үзэхийг таалсан айлдвар гаргажээ. 1357 онд эх нь Зонхавагийн лагшинг төрүүлсэний дараа аав нь уламжлал ёсоор ихэсийг нь авч шороонд булсан байна. Тун удалгүй энэ булсан газраас зандан мод ид шидээр ургасан байна. “Их буян чуулсан мод” хэмээн ард нийтэд нэршиж, зүүн Түвд дэх хамгийн ариун мөргөлийн орон болон хувирсан байна. Модны навчис болон холтсон дээр нууцлаг үсгүүд буй болсон бөгөөд цэцэгсээс нь хамгийн сайхан үнэр ханхалж байсан гэдэг. Гуравдугаар Далай Лам хүүхэд байхдаа энэ модны тухай сонссон ба өөрийн нүдээр харахыг таалж байжээ. Тэрээр модыг элдэв аюулаас хамгаалахын тулд хашаа тойруулан барьж, түүний сацуугаар Гүмбүм Жамбалин хийдийг барьсан байна. Удалгүй энэ хийд зүүн Түвдийн хамгийн том, хамгийн нөлөөтэй номын хүрээ болсон байна.
Богд Зонхавын намтар, тайлбар – 1  /2021.11.07/

Богд Зонхавын намтар, тайлбар – 2 /2021-11-08/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 3 /2021.11.09/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 4 /2021.11.10/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 5 /2021.11.11/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 6 /2021.11.12/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 7 /2021.11.13/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 8 /2021.11.14/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 9 /2021.11.15/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 10 /2021.11.16/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 11 /2021.11.17/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 12 /2021.11.18/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 13 /2021.11.19/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 14 /2021.11.20/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 15 /2021.11.21/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 16 /2021.11.22/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 17 /2021.11.23/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 18 /2021.11.24/.

Богд Зонхавын намтар, тайлбар – 19 /2021.11.25/.