Дадьята ум муни муни маха муни еэ суухаа, ум зэяа биди суухаа
Гандантэгчэнлин хийдийн хансүр, “Жавзандамба Хутагт төв”-ийн багш, гавж Нанзаддорж ламын хөтлөн тайлбарласан Бурхан багшийн намтар
Хамгийг айлдагч Бурхан багш гэж хэн бэ?
1-р хэсэг.
Тэнгэрийн тэнгэрийн Бурхан багш гэж хэн бэ?
2-р хэсэг.
Хаадын хаан Бурхан багш гэж хэн бэ?
3-р хэсэг.
Дадьяата, ум мүни мүни маха мүни еэ суха
Дадьяата – Түүнчлэн буюу оршихуйн мөн чанарт нэвтрэх
Ум – Эрдэнэ баригч тарни гэдэг чанадын авиа. (А-ү-м гэсэн утгаараа бурхны лагшин, зарлиг, таалал)
Мүни – Муу заяаны зовлон, түүний шалтгаан болсон хилэнцийг дарах
Мүни – Бүх сансрын хүлээс, түүний шалтгаан болсон нисванисыг дарах
Маха мүни еэ – Нарийн илбийг тайлж, хоёрдмол үзэгдлээс гэтлэх
Суха – Тарнийн адис сэтгэлд шингэх болтугай.
Бурхан багшийн намтар.
Бурхан багш одоогоос 2500 жилийн тэртээ өнөөгийн Энэтхэг Балбын хилийн ойролцоо оршин байсан Шагжаан овгийн хааны агь болон сонин гайхамшигтай бэлгэсийг үзүүлэн мэндэлжээ. 29 насыг хүртэл хаан эцгийнхээ орд харшид хайр халамжаар дуталгүй өсөн торниж ертөнцийн эрдэм номд гарамгай суралцсан бөгөөд хаан эцгийн захиас айлдварын дагуу хөрш улсын хааны гүнжтэй гэрлэж Рахула нэрт хүүтэй болов. Хэдийгээр ханхүүгийн элбэг тансаг хангалуун амьдралаар амьдарч байсан боловч хорвоогийн мөн чанар таньсанаар уйсахуй сэтгэл төрөн 29 насандаа хаан ширээ, ханхүүгийн хэргэм зэргээ орхин үнэний эрэлд гарч даяанчийн замыг сонгожээ.
Тэднээс олон багш нараар бясалгал даяаныг заалган Ниранзана мөрний эрэг дээр 6 жил хатуужил бясалгал үйлдэн тэндээс босож Ниранзана мөрнийг гатлан Бодьгаяа буюу Очирт сууринд Бодь модны дор суун 35 сүүдэртэйдээ төгс гэгээрлийн хутгийг олжээ.
Бурхан багшийн айлдвар Ганжуур, Замбуутивд сайн цагийн мянган бурхан заларна хэмээдэг. Бидний багш Бурхан Будда Шагжамүни сайн цагийн мянган бурхны дөрөв дэх бурхан болон заларчээ. Анхны бурхан Хорванжиг хүмүүний нас 4 түмийн настай үед, хоёрдугаар бурхан Сэртүн 3 түмэн настайн үед, гуравдугаар бурхан Одсүрэн 2 түмэн настайн үед тус тус морилон сургаал номоо айлдаж байжээ. Бидний Багш Шагжамүни хүмүүний нас 100 настай үед заларсан бөгөөд тавдугаар бурхан буюу ирээдүй цагийн Майдар бурхан хүмүүний нас 60 түм болохын цагт Замбуутивд морилон өөрийн сургаалаа айлдан шашин номоо дэлгэрүүлнэ гэдэг.
Өдгөө бидний оршин буй цаг хугацаа болох сайн галавт залрах 1000 бурхан тоолшгүй олон галвын тэртээ Түүнчлэн ирсэн Ринчэннямбуу бурхны өмнө анх бодь сэтгэлийг үүсгэсэн түүхтэй. Тэр цагт Ринчэннямбуу бурхан ”Ирээдүйд сайн галав хэмээх гарах үед та нар бүгд дараалан заларч амьтны тусыг үйлднэ. Тиймээс хэн хэдүйд залрахыг сонгоорой” хэмээн эшийг үзүүлсэнд бусад бодьсадва нар өөр өөрсдийн залрах цагийг сонгон авахдаа хүний нас 100 хүртэл доройтсон 5 цөвүүн бүрдсэн машид номхотгоход бэрхтэй нэгэн цаг түүнийг хэн ч цохлон авч зүрхлэхгүй байсныг Бурхан багш Шагжамүни урд төрлийн бодьсадва нигүүлсэнгүй сэтгэл маш ихээр төрж. “Би тэр үед бурхны зохиолыг үзүүлж тэдгээр амьтдыг боловсруулан гэтэлгэж үйлдье” хэмээн чин зоригийг үүсгэн тангараг тавьсанд Түүнчлэн ирсэн Ринчэннямбуу бурхан бээр “Бусад бодьсадва нар бээр эгэл цэцэг мэт бодьсадва байна, харин та болвоос цагаан лянхуа мэт бодьсадва байна хэмээн машид ихээр сайшаан магтжээ. Арван зүгийн бурхад бээр ч агуу ихээр магтан зохиосон хэмээн ганжуурт номлосон байдаг. Бидний багш бурхан Шагжамүни тийнхүү хүний нас охор богино, номхотгохуйяа бэрх 5 цөвүүн бадарсан энэхүү замбуутивд энэрэл нигүүлслийн сэтгэлээр эх болсон хамаг амьтны тусын тулд бодь модны дор очирт сууринд суун 35 насандаа төгс гэгээрлийн хутгийг олжээ. Бурхан багш нирваан дүр үзүүлэх хүртлээ 45 жилийн турш сургаал номоо дэлгэрүүлэн 3 удаа их номын хүрдийг эргүүлэн зохиосон. Наян насандаа олон шавь нараараа хүрээлүүлэн Гүшинагар буюу Зачогдан хэмээх газар сургаал номоо айлдсаар нирваан дүр үзүүлжээ.
Авралын орон бурхан багш анх бодийн дээд сэтгэлийг үүсгээд завсарт агуу их буяныг хураагаад эцэст илтэд туулсан бурхны хутгийг олсон байдаг. Бурхан багшийн намтар, үйлс санаанд багтамгүй боловч эртний мэргэд түүнийг машид товч хурааж арван хоёр зохионгуй болгон өгүүлсэн байдаг билээ. Бурхан багшийн намтар дэлгэрэнгүй, дунд, хураангуй олон янз буй бөгөөд энд машид товчоор үзүүлвээс:
1. Түшита орноос Замбуутивд заларсан нь:
Бурхан багш урьдын ерөөлийн хүчээр Түшита (Төгс Баясгалант) тэнгэрийн оронд төрж бодьсадвын дүрээр тэнгэр нарын тусыг хэмжээлшгүй бүтээж байгаад “Би Замбутивд залрах цаг болсон бөгөөд Майдар бээр та нарт намайг орлон дээдийн номыг айлдана” хэмээгээд өөрийн титэм чимгийг Майдарын тэргүүнд өргөөд ийнхүү Замбутивд залрахаар болжээ.
2. Эхийн хэвлийд оршсон нь:
Энэтхэгийн Шагжа овгийн хаан Шудхаданагийн хатан Махамаяа бээр нэгэн өдөр “Гэрлийн гилбэлгээн дунд үүл хөлөглөсөн зургаан соёот заан буун ирж хэвлийд шингэлээ” хэмээн сонин зүүд зүүдэлжээ. Тэр цагт элдэв янзын гайхамшигт шинж тэмдэг гарч Махамаяа хатан хөл хүнд болсон аж.
3. Эхээс мэндэлсэн нь:
Бурхан багш хатан эхийн хэвлийд бойжин ертөнцөд мэндлэх болмогц Махамаяа хатан төрхөмдөө очиж амарждаг заншлын дагуу хаан эцгийн гэрийн зүг хөдлөв. Зам зуураа Лүмбинийн цэцэрлэгт саатан амсхийн Болгаша модны мөчрөөс барин зогсох агшинд хүү эхээс мэндлээд дөрвөн зүгтээ долоо, долоо алхваас гишгэсэн газар бүрээс нь лянхуа цэцэг ургасан ажээ. Мөн хүүг мэндэлмэгц цэцгэн хур буух, гэрэл цацрах гэх мэт өлзийт сайн шинж тэмдэг олноо гарсан гэдэг. Энэ үед ер бусын хөвгүүн мэндэлснийг ууланд даяанчилж байсан мэргэн даяанч Асита зөн билгээрээ мэдэрч, уулнаас бууж ордонд морилон хүү түүний шинж төрхийг хараад тэрээр “Хүү тань төрийг барих аваас Чакраварти (Хүрдэн эргүүлэгч) хаан болно. Хэрэв тойн болвоос Үнэхээр туулсан бурхан (Төгс гэгээрсэн бурхан) болно” хэмээв. Даяанч Асита хэдийгээр бурхан мэндэлснийг харсан боловч ном сургаалыг нь сонсож чадахгүйгээ мэдэж харамсан уйлсан гэдэг. Хаан эцэг хөвгүүндээ Сиддхарта (Тус бүтээгч) хэмээх нэр хайрлав.
4. Урлахуй ухаанд мэргэжсэн нь:
Сиддхарта бага балчир наснаасаа цэргийн урлаг, утга зохиол, хэл бичиг, тоо бодлого зэрэг олон эрдэм ухаанд суралцаж төгс гарамгай эзэмшсэн байна. Ингэж эрдэм мэдлэгээрээ ордон төдийгүй улс орон даяар алдаршин, хэнтэй ч зүйрлэшгүй нэгэн болсон ажгуу.
5. Хатан нөхдийг баясган цэнгэсэн нь:
Хан хөвгүүн өсөж арван зургаан нас хүрэхэд хаан эцэг Шудхадана хүүдээ хатан авч өгч өөрийн хаан ширээг залгамжлуулахаар шамдан ятгаж, улс орны хамгийн гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүдийг цуглуулж тэр дундаас Супрабудда хааны охин Ясодхара гэгч бүсгүйг сонгов. Ясодхара гоо үзэсгэлэнт дүртэй, оюун ухаан төгс, журмыг сахисан шударга номын явдалт нэгэн байв. Хаан эцэг тэднийг гэрлүүлж, тансаг хурим хийлгүүлж, гоёмсог орд харшид элбэг хангалуун амьдралд умбуулжээ. Эцгийн санаа амарч, Сиддхартаг хаан төрийг залгамжилна гэдэгт итгэж байв.
6. Гэрээс гарч тойн болсон нь:
Сиддхарта хөвгүүн 29 насыг хүртэл ордны язгууртны тансаг амьдралаар өнгөрүүлэв. Эцэг нь хүүгээ даяанчийн замыг сонгохоос сэргийлж, энэ хугацаанд эгэл жирийн эрээн бараан амьдралтай хутгалдуулалгүй хол хөндий байлгав. Сиддхарта хэдийгээр тансаг сайхан амьдралд умбаж байсан ч хэзээ ч жинхэнэ аз жаргалтай байсангүй. Жаргал гэдгийг өнгөцхөн зүйл гэдгийг ойлгож байв. Тэрээр нэгэн удаа хотоос гадагш заларч яваад хотын дөрвөн зүгт эмгэг өвчтэй хүн, өтөлж хөгширсөн хүн, дамнуургатай үхсэн хүн, ариун явдалт хуврагийг харж болгоогоод орчлонгийн жинхэнэ жам ёсыг ухаарч, түүнд хуврагын зам таалагдан хуврага болохын мөрөөдөлд автсан аж. Ингээд Сиддхарта 29 насандаа нэгэн шөнө гэрийнхнийгээ унтаж байхад нь чимээгүй салах ёс үйлдээд ордноос зугтан гарч энгийн даяанч хуврагын амьдралыг сонгожээ.
7. Хатуужлыг амссан нь:
Хаан эцэг нь хүүгээ тэнэмэл даяанчийн байдлаар цор ганцаар хэсүүчлэн явааг сонсоод түүнд бараа бологчоор 500 хүн явуулсан боловч тэднээс дөнгөж таван хүнийг үлдээгээд бусдыг буцаажээ. Гэрээ орхин үнэнийг эрэн хайгч бодьсадва тэрээр 5 нөхдийн хамт Ниранзана мөрний хөвөөнд зургаан жилийн турш хатуужлын даяаныг бясалган үйлдэв. Энэ хугацаанд цөөн тооны будаа, балга усаар амь зогоон, бусад хоол хүнсийг тэвчсэн тул биеийн өнгө нь хар болж машид турж хатсан аж. Ингэж бие махбодын хатуужил амсан эдэлсэн төдийгөөр туулсан бурхны хутагт хүрнэ гэдэг бүтэхгүй юм байна хэмээгээд даяан бясалгалаа зогсоожээ.
8. Бодь модны дэргэд заларсан нь:
Бодьсадва тэрээр угаал үйлдэж, тариачны охин Сужатагийн гараас шимт тараг зооглон хүч тэнхээ орж, өнгө зүс сэргэн улмаар Ниранзана мөрнийг гаталж, Бодьгаяа (Очирт суурин) уруу залрав. Тэрээр Бодьгаяад ирээд бодь модыг гурвантаа эргэн үйлдээд, түүний дор өвсний наймаачнаас авсан боодол гүши өвсөөр суудал засан очир завилгаагаар суун биеэ цэгц сунгаж, ухаан бодлоо саруул тунгалаг болгов. Тэрээр “Бие минь хатаж ч болох, яс мах минь үйрч эвдэрч болох болсон ч олоход бэрх бурхан бодийг олох хүртэл энэ сууринаас үл босно” хэмээн тангараглан гүн бясалгалд оров.
9. Шуламсын аймгийг дарсан нь:
Бодь модны дэргэд бясалгаж буй тойныг шуламсууд олж мэдээд түүний бясалгалд саад тотгор болохын тулд гоо охид эмсийн дүрд хувилан хуурах, үзэшгүй аймшгийн муухай дүрд хувилж айлгах, сум харваж, жад шидэн илд мэсний мөндөр буулгаж хорлохыг оролдсон ч бодьсадва тэдний өөдөөс асрал, энэрлийн сэтгэлийг бясалган ялан дийлсэн гэдэг.
10. Туулсан бурханы хутгийг олсон нь:
Ийнхүү Бодьсадва шуламсын аймгийг дараад 35 нас сүүдэртэйгээ зуны тэргүүн сарын шинийн арван тавны үүрээр Очир мэтийн даяанд шүтэж Бодьгаяад бодь модны дэргэд үнэнийг таньж, төгс гэгээрсэн бурхны хутгийг олжээ. Үүнээс хойш түүнийг Будда буюу Бурхан багш хэмээн дуудах болов.
11. Номын хүрдийг эргүүлсэн нь:
Бодьсадваг бурхны хутгийг олсныг Эсүрва тэнгэр мэдээд бурханд очиж “Энэ ертөнцийн хүмүүс, амьтдын сэтгэл догширч дийлдэшгүй хэрцгий болов. Иймд та ариун сургаал номлолоо айлдан соёрх” хэмээн сануулав. Ингээд Бурхан багш бээр сургаалыг хүлээн авч чадах сав болж боловсорсон таван даяанчид (өмнө хамт даяан хийж байсан хүмүүс) уулзахаар Бодьгаяагаас Варанаси хот уруу залрав. Хотын ойролцоох Арш унасан гөрөөсний ойд тэдэнтэй учирчээ. Ингээд Бурхан багш таван даяанчид анхны алдарт “Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаалаа айлдсан юм. Улмаар дунд номын хүрд буюу “Хоосон чанар”-ын сургаалаа Ражгирын Гритра гутади (Тас цогцолсон) ууланд, сүүлчийн номын хүрд буюу “Сайтар ялгал”-ын сургаалаа Вайшалид (уужимт) тус тус айлдсан билээ. Энэ мэт Бурхан багш наян нэгэн сүүдрийг зооглотол тасралтгүй ном сургаалаа айлдсаар тоо томшгүй олон шавь нарыг гэгээрлийн мөрд хөтөлсөн юм.
12. Нирваан дүр үзүүлсэн нь:
Бурхан багш 46 жилийн турш ном сургаалаа айлдан наян нэгэн сүүдэрт хүрч, шавь нарынхаа хамт умар зүгт заларч Капилавастугаас холгүй орших Кушинагар тосгоны Сала нэрт хоёр модны хооронд саатан морилов. Тэрээр шавь нартаа сүүлчийн сургаалаа айлдаад тэргүүнээ умар зүгт хандуулан арслангийн хэвтэрээр хэвтээд нирвааныг үзүүлжээ.
Ийнхүү Бурхан багш нирваан дүрийг үзүүлснээс хойш өнөөдрийг хүртэл түүний үүсгэсэн шашин дэлхийн олон улс оронд дэлгэрч, олон зуун сая хүн шүтэн биширч, гэгээрлийн замд хөтөлсөөр байгаа билээ. Бурхан багш “Хэрэв та нар надтай уулзахыг хүсвэл миний сургаал номлолыг судал” хэмээн гэрээслэн захисан ажгуу.
Бурхан багшийн их дүйцэн өдөр.
Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж С. Гантөмөр.
Таван шар болон найман цагаан мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Бурхан багш байна. Бурхан багшийн алдар нэрийг дурсах, дүрийг үзэх, биедээ авч явах, тарнийг урин унших тэргүүтэн нь цаглашгүй адистэдтэй бөгөөд цөвүүн цагийн муу үйл ад донгийн хорлолд үл чадагдах тэргүүтэй үгээр өгүүлж үл барам их ач тустай болой.
Таван шар мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1905, 1914, 1923, 1932, 1941, 1950, 1959, 1968, 1977, 1986, 1995, 2004, 2013 юм.
Найман цагаан мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1902, 1911, 1920, 1929, 1938, 1947, 1956, 1965, 1974, 1983, 1992, 2001, 2010, 2019.
Бурхан багш шинийн 1-15 өдрийг дуустал тэрсүүдийг хувилгаанаар ялан зохиосон намтар
Ялж төгс нөгчсөн бээр Шинийн нэгний өдөр:
Гэгээн ялгуусан хаан бээр Ялж төгс нөгчсөнийг тахихын тулд хэрэглэл хийгээд идээг бэлдэж хүндлэл үйлдэв. Тэр цагт Ялж төгс нөгчсөн бээр цав идээг зооглоод шүдний чигчлүүрээ газарт хатгасанд мөнхүү даруй өсч урган долоон зүйл эрдэнээс бүтсэн, өндөр хийгээд мөчир салааны өргөн нь эн тэгш таван зуун бээрийн найлзуур модон болов. Цэцэг нь тэрэгний булын төдий, үр жимс нь таван суулга багтах хумхын төдий, сайн үнэр анхилсан түүнээс номын дуу дуурсан гэрэл цацарсан нь нарны гэрлийг ч сүрээр дарах тийм гайхамшигт болвой. Үүнээс эхлээд хагас cap болтол өдөр бүр нэжгээд өөр үйлийн рид хувилгааныг үзүүлэхүйд тэр гайхамшигг рид хувилгааныг үзсэн төдүй тоолшгүй олон бүгд үлэмж сүсэглэсэн бөгөөд тэдгээр олон ардад номыг номлосноор гурван зүйл бодь хутгийн мөрд тус тусад магадтай болгон зохиолоо.
Шинийн хоёрны өдөр:
Ургамал хаан өргөл хүндлэл үйлдэв. Тэр цагт Ялж төгс нөгчсөний биеийн баруун, зүүн хоёр этгээдэд маш өндөр болоод үзэмжит таван өнгөөр гялтганасан хоёр эрдэнийн уулнаа цэцэг жимс нь үлэмж дэлгэрэн, элдэв зүйлийн модод ургасны баруун уулнаа зуун амтат тутарга ургасныг хүмүүс таалан хүссэнээр ханатлаа эдлэн, зүүн уулнаа маш амтат өвс ургасныг адгуус ханатал идэн бүхүй тийм рид хувилгааныг үзүүлвэй.
Шинийн гуравны өдөр:
Шүнзиндала хаан өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр амаа зайлсан усыг газарт асгаснаас эрдэнийн цөөрөм гарлаа. Гэр цөөрөм нь хоёр зуун бээрийн төдий бөгөөд долоон зүйл эрдэнэсээр хээлэн элдэв өнгийн лянх цэцэгс дүүрсэн тэдгээрээс лянхасын өнгө лүгээ зохилдсон гэрэл цацран огторгуй газар бүхнийг гийгүүлэн үйлдсэн тэдгээрийг үзсэн бүхэн бишрэн магтах тийм рид хувилгааныг үзүүлвэй.
Шинийн дөрөвний өдөр:
Индраварми хаан өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ урьд өдрийн тэр цөөрмийн дөрвөн талд найм, найман их суваг гараад түүгээр ус урссанаас номын дуу дуурсч, тэр урсгал нь эргээд мөнхүү тэр цөөрөмдөө буух тийм хувилгааныг үзүүлвэй.
Шинийн тавны өдөр:
Ариун өглөгт хаан өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр амнаасаа алтан гэрэл цацруулж, их мянган ертөнцийн орныг гийгүүлэн, тэр гэрлээр хүрэлцсэн амьтан бүхэн гурван зовлон хийгээд таван түйтгэрээс хагацаж бие, сэтгэл нь машид амгалантай болвой.
Шинийн зургааны өдөр:
Лицави нар өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр тэдгээр олон нөхдийг нааш цааш нэг нэгнийхээ санааг мэдэлцэх хийгээд тус тусын буян нүглийн үйлээ ч онож мэдэх болгон зохиосонд бүгд баясан магтвай.
Шинийн долооны өдөр:
Шагжа нугууд бээр өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ тэдгээр олон нөхөд бүгдээр тус тусдаа Хүрдэн орчуулагч их хаан болоод долоон эрдэнэ ба мянган хөвгүүд төгс болоод өчүүхэн хаад, түшмэдүүд өргөн хүндэлж байх болгон үзүүлснээр олон ард машид баясан дуршил төрлөө.
Шинийн наймны өдөр:
Хурмаст бээр өргөл хүндлэл үйлдэхийн тулд залваас Ялж төгс нөгчсөн бээр баруун өлмийгөө ариун үнэрт сүмийн дотор гишгэнгүүт газар дэлхий бүхэн хөдөлсөн хийгээд дэвсгэр дээрээ үзэгдэхгүй болон дөрвөн зүгийн огторгуйд заларч явах ба босох зогсох, суух, хажуулдан нойрсох лугаа дөрвөн зүйлийн явдал мөрийг зохион, элдэв зүйлийн гэрлийг цацруулан, биеийн доороос гал бадруулж дээд биеэсээ ус урсгах ба доод биеэсээ ус урсган дээд биеэсээ гал бадруулахыг зохиогоод эдгээрүүд нь ширваган нугуудад ч байх ерийн рид хувилгаан болой хэмээн зарлиг болоод арслант ширээндээ суусанд Эсэруа, Хурмаст хоёр баруун, зүүн хоёр этгээдээс тахиж хүндлэл үйлдэв. Ялж төгс нөгчсөн бээр дахин зарлиг болруун,
– Их хаан минь ээ, Түүнчлэн ирснийг рид хувилгаан үзүүлэхийг өчин айлтгасан хэн бэ хэмээсэнд, Гэгээн ялгуусан хаан:
– Би өчин залбирсан бөлгөө хэмээвээс Ялж төгс нөгчсөн бээр мутраа газарт хүргэсэнд лусууд бээр тэрэгний булын төдий мянган навчит, очир тоорцогт лянх цэцгийг өргөсөн нь газрыг нэвтлэн гарч ирсэнд, Ялж төгс нөгчсөн бээр тэр лянхуаны хүйсэнд суулаа. Мөн тэр мэт лянхуа маш олон гарч ирсний дээр нэжгээд хувилгаан бурхад суун, тэр мэт маш олон бурхад Доор үгүй орон хүртэл дүүрсний дээр зарим бурхад нь гал бадруулмуй. Зарим нь тодорхой гялбалгааны гэрлээр гийгүүлнэ. Зарим нь хур оруулах хийгээд гялбалгаан гялбуулах, хотлыг мэдүүлэн ном номлох, гүн нарийн номын утгыг асуун өчих, түүний хариуг номлох, огторгуйд нааш цааш эрэгцэх ба суух, зогсох, орших, идээ зооглох зэрэг рид хувилгааныг ямар мэт өчүүхнээр ч халхагдалгүй бурхны биеийг илэрхий үзэх тэр мэт болгон адислав. Түүнээ тэдгээр өөр өөр орноос ирсэн хаад, нөхөд сэлт ба олон буман тоотон тэнгэр, хүмүүний нөхөд, хувилгаан бурхад ч туурвилыг хичээтүгэй хэмээх тэргүүтэн шүлгүүдийг зарлиг болон амой.
Түүнээс Ялж төгс нөгчсөн бээр:
– Аяга тахимлагууд аа, эдүгээ энэ их рид хувилгаан нь үл үзэгдэх болмуй. Та нар рид хувилгааны бэлгэсийг сэтгэлдээ сайтар тогтоон автугай хэмээн зарлиг болохуй сац тэдгээр бүгд үл үзэгдэх болсонд, Гэгээн ялгуусан хаан бээр тэрсүүдийн зургаан багшид:
– Аяа, Ялж төгс нөгчсөн бээр рид хувилгаанг ! үзүүлэн дуусав. Эдүгээ та нар үзүүлэгтүн гэвээс тэдгээр багш нарын ахмад Төгсгөгч бээр огт юм үл өгүүлэн өөрийн дараа суусан багш Үхрийн хорооны хөвгүүнийг тохойгоороо нудрав. Tэp ч өөрийн дараа суусан Үнэхээ ялгуусаныг тохойгоороо нударваас тэр ч хажууд суугч Үл мятагчийг нудрав. Tэp бээр бас дараах Гадяагийн хөвгүүн Шилтийг түлхэн, тэрээр Нүцгэн явагч Уяны хөвгүүнийг түлхсэнд тэр ч тэргүүлэгч багш Төгсгөгчийг тохойгоороо түлхэв. Гэгээн ялгуусан хаан бээр тийн хэмээн гурвантаа өгүүлвээс тэдгээр огт юухныг ч өгүүлэн үл чадаад мөнхүү нэг нэгнээ тохойгоороо түлхэлцэн, дэмий арга аашаа баран сандарч шантран толгойгоо бөхийж доош харан самбаа ухаанаа алдаад, айх, ичихээр сэтгэл нь зовнин чичрэн суулаа. Тэндээ Ялж төгс нөгчсөн бээр өөрийн суусан арслант ширээгээ мутраараа дарсанд, түүнээс зааны дуу мэт сүрхий их дуун гарсан даруй таван их ягшас, мангас хувилж гараад, тэдгээр тэрсүүдийн зургаан багшийн суусан ширээг эвдэв. Мутартаа очирт бээр гал бадарсан очироо тэдгээрийн толгой дээрээс далайж, улаан салхи догшин хур тавьсанд тэдгээр зургаан багш нар машид айн эмээн зүг зүгт босон зугтааснаас Үхриин хорооны хөвгүүн багш нь нэгэн их уулын хонгилд шургаж opoв. Үнэхээр ялгуусант нь их өвсний дотор, Үл мяташ үсэн дээлт нь ширэнгэнд, Гадяагийн хөвгүүн Шилт нь нэгэн чулуун байшинд, Нүцгэн явагч Уяны хөвгүүн нь нэгэн сүмд шургаж орцгоов. Төгсгөгч Гэрэл сахигч нь хүзүүнд элс дүүргэсэн хумх зүүгээд, буруу номын ёсоор нэгэн цөөрмийн усанд амиа хорлон живж үхээд их тамд одлоо, Түүний шавь нар нь Төгсгөгч Гэрэл сахигч лугаа адил нэртэй, түүний шавь нарын дотроос эрхэм нэгнийг багшийнхаа ор болгон тавиад, түүн лүгээ нөгөө таван багш нар учралдан бярманы балгадад зугтаан одвоос тэдгээр тэрсүүдийн есөн түмэн нөхөд сүсэглэн гэрээс сайтар гарч тойн болоод дайснаа дарсны хутгийг олов. Тэндээс Ялж төгс нөгчсөн бээр найман түмэн шар үснийхээ нүхнээс гэрэл цацруулан, тэдгээр гэрэл бүгдэд лянхан дээр суусан нэжгээд хувилгаан бурхад ном номлон бүхүйг үзүүлвэй.
Шинийн есний өдөр:
Эсэруа тэнгэр өргөл хүндлэл үйлдэв. Тэр цагт Ялж төгс нөгчсөн биеэ Эсэруагийн язгуурт Тэнгэрийн орон хүртэл их болгон гэрлээрээ оггоргуй газар бүхнийг гийгүүлэн зохиож номыг номлон үзүүлвэй.
Шинийн аравны өдөр:
Дөрвөн их хаад өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр биеэ сансрын үзүүрт тулах хүртэл их болгон биеэсээ гэрэл бадруулан үйлдэв.
Шинийн арван нэгний өдөр:
Итгэлгүйд идээн өгөгч гэрийн эзэн өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр биеэ үл үзэгдэх болгон гэрэл цацруулж, ном номлов.
Шинийн арван хоёрны өдөр:
Мрашан цэцэрлэгийн гэрийн эзэн Тэргүүн дагуул бээр өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр алтан гэрэл цацруулан, тэр гэрлээр хүрээлсэн амьтан бүгд асрахуй сэтгэлд оршив.
Шинийн арван гуравны өдөр
Щүнзиндала хаан бээр дахин өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр арслант ширээнээ суун ахуйд хүйснээс нь хоёр гэрэл гарч биеэс дээш долоон алд хэртэй огторгуйд дэгдээд, тэр хоёр гэрлийн дээр хоёр лянхуа гарснаас бас хоёр хувилгаан бурхан гарав. Тэр хоёр бурхны хүйснээс бас хоёр, хоёр гэрэл гараад тэр мэт ёсоор дамжин үлэмж хувилснаар энэ их мянган ертөнцийн орон бүгдийг дүүргэн хувилгалаа.
Шинийн арван дөрөвний өдөр
Ургамал хаан дахин өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ тэр хаан бээр цэцэг цацсанд, тэдгээр цэцгүүд нь алт мэт бадарсан бөгөөд Эсэруагийн ертөнцөд хүрэх тийм их чандмань эрдэнээр чимсэн нэгэн мянга хоёр зуун тавин эрдэнийн тэрэг бүрийн дээр нэжгээд хувилгаан бурхад сууж, гэрлээрээ энэ гурван мянган ертөнцийн орон бүгдийг үзэгдүүлэх болгон зохиовой.
Шинийн арван тавны өдөр
Өнгөтний зүрхэн хаан өргөл хүндлэл үйлдэв. Түүнээ Ялж төгс нөгчсөн бээр хамаг сав бүгдийг зуун амтат идээгээр дүүргэн хувилгаад, тэдгээр рид хувилгааныг үзэхээр чуулсан олон нөхөд бүгдийг тэр идээгээр хангав. Бас Ялж төгс нөгчсөн бээр мутраа газарт хүргэснээр арван найман тамын орон дахь амьтад маш аймшигт галын дотор түлэгдэх ба хэсэг хэсэг огтлогдох тэргүүтэн элдэв зүйлийн тэсэшгүй зовлон эдлэн,
– Аяа, бид ийм их зовлонг эдлэв зээ хэмээн энэлэн шаналан өчих энэлэхүй дууг сонсгосонд хурсан олон бүгд маш айн эмээн нигүүлсэхүй сэтгэл төрөв. Тэдгээр тамын амьтад ч бурхны гэгээнийг илт үзэн ном сонсоод даруй егүүдэн тэнгэр, хүмүүний өндөр язгуурт төрлөө, Бас Өнгөтний зүрхэн хаан өчсөнөөр өлмийн толион дахь хүрдний тэмдгээ үзүүлэв. Тэр цагт мөнхүү рид хувилгаан үзүүлсэн тэр оронд нэгэн суварга байгуулсан нь рид хувилгааны суварга хэмээн дуурслаа.
Бурхан багш нэгэнтээ <<Амьдрах, өтлөх, өвдөх, үхэхийн болон уй гашуу, уйтгар гуниг, зовлон зүдгүүрийн айдсаас салахын тулд хүн гэгээрэх зам мөрийг хайдаг. Энэ нь тэрхүү модны гол юм. Гэвч зарим нь өчүүхэн нэр хүнд, алдар нэр олчихоод түүндээ сэтгэл ханаж ихэмсэг зан гаргаж, өөрийгөө өргөмжлөн магтаж, бусдыг доромжилж эхэлдэг. Ийм хүмүүс навч, мөчир цуглуулснаа модны голтой боллоо гэж эндүүрдэг.>> гэж айлдаж байжээ.
Хамаг амьтныг тэгш энэрэхүй.
Нэгэн өдөр Девадаттад өвчин тусчээ. Олон сайн оточ үзэж эмчилсэн ч тэрбээр илааршсангүй. Үеэл нь болох Бурхан багш эргэж очсоныг дуулаад нэгэн шавь нь “Бурхан багш аа, яалаа гэж Девадаттад тус болох гээд байна? Цаадах чинь ахин дахин танд төвөг удаж, түүгээр ч барахгүй амь насыг тань хөнөөхийг завдаж байсан бус уу? гэхэд хариуд нь Бурхан багш: “Хүмүүсийн заримд нь найрсаг хандаад заримд нь дайсагнах учир үгүй. Хүн бүр жаргахыг мөрөөдөж, нэг ч хүн өвдөж шаналахыг хүсдэггүйгээрээ бүх хүн адилхан. Иймээс хүн бүрийг бид ав адилхан хайрлаж энэрч байх ёстой” гэжээ.
Бурхан багш хэвтэрт буй Девадаттагийн ор луу дөхөж очоод, “Намайг хорлох гэж ямагт оролдсоор ирсэн үеэл Девадатта чамайг би өөрийн хүү Рахул шигээ хайрлаж явдаг маань хоёргүй үнэн болох аваас үеэл минь чи үтэр түргэн эдгэрэх болтугай” гэжээ.
Девадатта тэр даруй илааршиж дахин эрүүл саруул болжээ.
Бурхан багш шавь нартаа хандаж өгүүлрүүн:
“Зарим хүмүүст энэрэнгүй заримд нь догшин ширүүн хандаж болохгүй. Үүнийг санаж явагтун! Энэ бол гэгээрсэн бурхдын замнадаг мөр болой” хэмээн айлдав.
Бурхан багшийг заларч байх үед нэг өвөл их зуд болсон. Нэгэн сүсэгтэн санаа нь зовсон ч гэсэн гурвалжин будаагаар гүнцэг өргөжээ. Түүнийг Бурхан багш зооглож байгаад “Үүнийг бусад хүмүүст тараагаад өг.” хэмээн айлджээ. Тэгсэн чинь тэр гурвалжин будаанаас гармааргүй сайхан амт гарсан гэдэг. Тэгээд шавь нар нь Бурхан багшид “Энэ зүгээр нэг гурвалжин будаа яагаад ийм сайхан амттай болов оо ?” гэж айлтгахад Бурхан багш “Миний сэтгэл ариуссан, үйлс дэлгэрсэн учир бүх зүйл ариун байдаг юм.” хэмээн айлджээ. Бид бол бараг гурвалжин будааны барааг нь хараад гасална. Ингэж болохгүй. Ялангуяа буян хайж явдаг хүн гүнцэг зоогийг голдоггүй юм гэсэн. Хүн юу л өгнө түүнийг нь зооглох хэрэгтэй шүү.
Ошогийн “Агнистын гэгээ” номонд өгүүлснээр:
“Дэвадатта энэ төрөлд минь төдийгүй урьд олон төрөлд минь надтай тэрсэлдэж явсан. Түүний хүчинд би хүлцэл тэвчээр, өршөөл хайранд суралцаж явсаар төгс гэгээрэлд хүрсэн. Тэр бол миний ханьцашгүй буяны садан” хэмээн Бурхан багш айлджээ.
Бурхан багш ба бич.