Бурхан багш ба суварга тойрсон хуварга

Бурхан багшийн ариун дагшин газрууд

Шравасти.

Өдгөө Энэтхэгийн Уттар Прадеш мужийн нийслэл Лакнау хотоос зүүн хойш 170км тэртээ Балрампур хотын ойролцоо орших энэ сууринд эртний Ведийн үед Шираваста гэгч хаан байгуулсныг Махабахарата шастирт өгүүлсэн байдаг. Манай тооллын өмнөх зургадугаар зуунаас Косала улсын нийслэл болсон энэ хотод Бурхан багш анх удаа өглөгийн эзэн Анатхапендика /санскритаар Судатта/ -ийн заллагаар иржээ. Тухайн үед Шравасти нь Энэтхэгийн зургаан том хотын нэгд тооцогддог байв. Косала улсын хаан Прасинажит бол бурхны сургаал үйлсийг тэтгэн дэлгэрүүлэх бошиг ерөөлийн хүчээр бурхан багштай нэгэн өдөр мэндэлсэн дөрвөн их хааны нэг юм. Шравастид Бурхан багш тэрсүүдийн зургаан их багштай рид хувилгааны ид хаваа сорьж ялан дийлсэний тэмдэг болгон Прасинажит хаан мөн Анатхапендика, Висакха, Суббхаваса тэргүүтэн чин сүжигт өглөгийн эзэд хамтран Жэтавана хийдийг байгуулан Бурхан багшид өргөсөн нь бурхны шашны хоёрдахь их хийд болсон юм. /Дашрамд дурьдахад анхны хийд нь Магадха улсын нийслэл Ражагири дахь Венувана хийд юм./ /Энэ хийдийг Бэмбисара хаан Бурхан багшид өргөжээ./ Жэтавана гэдэг нь /Ялагчийн цэцэрлэг гэсэн утгатай нэр юм./ Шраваста хот дахь бас нэгэн алдартай хийд бол Поббарама /пали хэлэнд/ юм. Прасинажит хааны байгуулсан Ражакаграма гэдэг хийд ч байна.

Бурхан багш Шравастид 25 жил зуны бат оршилд залран ахуй үедээ 871 судар зохион айлдсан гэдэг юм. Үүнээс 844-г Жэтаванад заларсан 19 жилд, 23-г Поббарамад залрах 6 жилийн хугацаанд айлджээ. Иймд Шравасти нь бурхан багш хамгийн олон жил сууж ном сургаалаа айлдсан газар болох төдийгүй Модголъяана, Шаарийбудра, Махакашъяапа, Рахула, Упавэ, Удаяа, Кондинъяа, Асважит, Ангулимала тэргүүтэй олон олон гайхамшигтай архад төрөн гарч Энэтхэгийн зүг бүрт илгээгдэн шашныг нар мэт мандуулж асан их гэгээрлийн ариун өлгий юм. Бурхан багшийн эх Маяадэва хатан түүнийг төрүүлээд долоо хонон наснаас нөгчиж гучин гурван тэнгэрийн оронд Сантүшита нэрт тэнгэр болон төрсөн байсныг болгоон эхийн ачийг хариулахын тулд тэнгэрийн оронд ном номлохыг завдан ахуйд Прасинажит хааны хүсэлтээр урлалын тэнгэр Вишвакармагаар бурхны дүрийг бүтээлгэснийг бурхан багш /би тэнгэрийн оронд орших зуур энэ шүтээн намайг орлох болно. Үүгээр ч үл барам хойш хойшид гарах миний шавь нар энэ шүтээнийг харах, мөргөх, залбирах төдийд надтай учирсантай ялгалгүй байх болно/ хэмээн адисласан гэдэг. Эдүгээ даян дэлхийн бурхан шашинтнуудын шүтээн болсон бурхан багшийн энэ дүр нь Шравастид бүтээсэн тэрхүү дүрийн хуулбар юм. Дээрхийн гэгээн Далай багш нэгэнтээ энэ түүхийг өгүүлээд үнэхээр ч бурхны дүр бүтсэн даруйд тэр газар Бурхан багшийн адистэд буух нь дамжиггүй хэмээн айлдсан байдаг. Шравастид тохиолдсон бас нэгэн түүх бол Ангулимала нэрт билэг ухаан, ид хав төгс хэрнээ буруу үзлийн хүлээст автаж мянган хүний амийг хөнөөж тэнгэрлэг үзлийг эрхшээхээр улайран явсан нэгнийг Бурхан багш рид хувилгааны сүрийг үзүүлэн эрхэндээ урвуулж гэгээрлийн ариун мөрд хөтлөн архдын хутагт хүргэсэн явдал юм. Ангулималагийн энэ цадиг нь хилэнц нүгэлийн түнэр харанхуйд төөрөлдсөн хэн ч бай гэгээрсэн нэгний туршлага амин замналыг дагавал төгс төгөлдөр ариун билгийг өөрт цогцлоож болдгийн гайхамшигт жишээ болон өнөөг хүртэл дурсагдсаар байгаа билээ. Ангулималагийн шарилийн суваргын туурь одоог хүртэл Жэтавана хийдийн хажууд сүндэрлэн Ангулималагийн гайхамшигт түүхийг аниргүйн яруу эгшгээр хүүрнэн буйг чин сүжгийг өвөрлөн дэргэд нь очсон хэн бүхэн зүрхэндээ сонордон яруу гайхамшгийн долгист автан уяран шагших ажээ.

Ангулималагийн суварга

Түүнээс гадна энд Анатхапендикагийн суварга мөн олон архдын суваргууд бий. Жэтавана хийдэд Гандхакути нэрт сүмийн туурь байгаа нь Бурхан багшийн нойрсох өргөө байжээ. Бас нэг гол шүтээн нь Анандын бодь мод юм. Энэ модны доор Бурхан багш гүн бясалгалд оршин удаан залардаг байсны дээр бяцхан Анандын хамт нэгэн шөнийн турш бясалгал үйлдэн түүнд тогтоолын эрдмийг хайрлан адисласан ажээ. Тэр цагаас эхлэн Ананд Бурхан багшид хамгийн ойр шадарлаж айлдсан сургаалийг нь сонссон даруйдаа нэг үг ч гээлгүй тогтоодог гайхалтай эрдэмт хувраг болсон гэдэг.

Анандын бодь мод

Өдгөө Шравасти хотод Жэтавана хийдийн туурийн эргэн тойронд Тайланд, Өмнөд Солонгос, Шриланка, Мъянмар, Түвд, Хятад зэрэг олон орны сүмүүд өөр өөрсдийн соёлын өнгө төрхийг илтгэн зэрэгцэн орших нь Шравасти хотыг дэлхийн буддистуудын мөргөлийн ариун орон болохыг илтгэн харуулж байдаг билээ.