Бурхан багш шавь нарын хамт

Бурхан багш ба шавь Малункяпутта

Бурхан багш нэгэн шавьдаа ийнхүү хариулав
Малункяпутта хэмээгч нэгэн шавь нь Буддад гүн ухааны онолын алдарт арван сонгодог асуултыг тавьж, хариулт авахыг хүссэн байдаг.
Нэгэн өдөр Малункяпутта үдийн бясалгалаа дуусгаад, Бурхан багштай уулзан амар мэндийг айлтгаж, хажууд нь суугаад ийн асуужээ.
Үүнд:
“Багштан аа, миний бие гагцаар бясалгал хийж суутал ийм нэгэн бодол надад орж ирлээ. Энэ нь: Ялж Төгс Нөгцсөний хэрэгцээгүй хэмээн тайлбарлаагүй орхисон асуудлууд бий. Тухайлбал:
– (1) ертөнц мөнх үү, эсвэл (2) мөнх бус уу,
– (3) ертөнц хязгаартай юу, эсвэл (4) хязгааргүй юу,
– (5) сүнс биетэй адил уу, эсвэл (6) сүнс гэж нэг зүйл, бие гэж өөр зүйл үү, – (7) Түүнчлэн ирсэн таалал төгссөний дараа оршин байх уу, эсвэл
– (8) таалал төгсөөд оршихгүй болох уу, эсвэл
– (9) таалал төгссөний дараа орших, оршихгүй хоёулаа (нэгэн зэрэг) байх уу, эсвэл
– (10) оршихгүй, орших үгүй бээр үгүй хоёул (нэгэн зэрэг) байх уу?
Эдгээр асуудлыг Ялж Төгс Нөгцсөн над тайлбарлаж өгөөгүй билээ. Үүнд миний сэтгэл дундуур, талархалтай биш байгаа юм. Би Ялж Төгс Нөгцсөнд очиж, эдгээр асуудлыг асуух амой. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн надад тайлбарлаж өгөх болбоос би түүнийг дагаж цаашид ч ариун ёсыг барина. Хэрэв тэр бээр тайлбарлаж өгөхгүй бол миний бие гэрээс гарсан хуврагын ёсыг орхих болно, хэрэв Ялж Төгс Нөгцсөн ертөнц мөнх хэмээн болгоож буй болбоос над түүнийгээ тайлбарлаж өгөх биз ээ. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн ертөнц мөнх бус хэмээн болгоож буй болбоос түүнийгээ басхүү айлдах биз ээ. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн бээр ертөнц мөнх, эсхүл мөнх бус мэтийг үл мэдэх ахул үл мэдэгчийн хувьд “Би мэдэхгүй. Би үзээгүй” хэмээн шууд хэлэх биз ээ гэсэн бодолтой юм” гэжээ.
Буддагаас Малункяпуттад өгсөн хариулт нь эдүгээ дэлхий дахинд сэтгэхүйн иймэрхүү асуудлаар хөөцөлдөн үнэт цагаа алдаж, сэтгэлийн амгалангаа хэрэгцээгүй зүйлээр үймүүлэн залхааж байгаа сая сая хүмүүст их тус болох ёстой.
Бурхан багш хариулахдаа:
“Малункяпутта аа, чи намайг дагаж, ариун ёсоор аж төрөх хэрэгтэй. Би тэдгээр асуудлыг чамд тайлбарлаж өгье гэж би чамд хэлж байна уу?”
“Багштан аа, тэгэж хэлж байгаагүй.”
“Чингэвэл, Малункяпутта аа, “Багштан аа, би Ялж Төгс Нөгцсөнийг дагаж, ариун ёсоор аж төрье. Ялж Төгс Нөгцсөн эдгээр асуудлыг надад тайлбарлаж өгнө үү” гэж чи над хэлж байсан уу?”
“Үгүй, багштан аа, би тэгэж хэлж байгаагүй”.
“Малункяпутта аа, одоо ч гэсэн би чамд: “Нааш ир, намайг дагаж ариун ёсоор аж төрсүгэй, би чамд тэдгээр асуудлыг тайлбарлаж өгсүү” гэж хэлээгүй байна шүү дээ. Мөн чи ч гэсэн: “Багштан аа, би Ялж Төгс Нөгцсөнийг дагаж ариун ёсоор аж төрсүгэй, Ялж Төгс Нөгцсөн над тэдгээр асуудлыг тайлбарлаж өг” гэж надад хэлээгүй байна шүү дээ. Ийм болохоор хэн нь хэнээсээ татгалзсан тухайд ярих нь утгагүй биз дээ?
“Малункяпутта аа, хэрэв хэн нэгэн ирээд: “Эдгээр асуудлыг тайлбарлаж өгөхгүй бол Ялж Төгс Нөгцсөнийг дагаж түүний ариун ёсоор аж төрөхгүй” гэж хэлэх аваас тэр бээр Түүнчлэн ирснэс уг асуудлуудынхаа хариултыг авалгүй байсаар өөд болчихож болох юм. Малункяпутта аа, ухаан нь, хэн нэгэн хүн хорт сумаар харвуулж шархдаад, түүнийг нөхөд нь юм уу, төрөл садангийнхан нь мэс засалчид хүргэж ирэхэд тэр бээр: “Энэ сумаар хэн намайг харвав, тэр этгээд кшатрия (дайчин язгуурын) хүн үү, эсвэл бярман (хувраг язгуурын) хүн үү, аль эсвэл вайшья (худалдаа, хөдөө аж ахуйнхны язгуурын) хүн үү, үгүй бөгөөс шудра (доорд язгуурын) хүний алин болох хийгээд түүний овог, нэр хэн болох, өндөр, нам буюу дунд ямар нуруутай болох, арьсны өнгө нь хар, бор, шар алин болох, аль тосгон буюу хотынх болохыг мэдэхээс нааш би сумыг авахуулахгүй. Чухам ямар нумаас намайг харвасан, нумын хөвч нь юу байсан, мөн ямар сумаар харвасан, ямар өдтэй байсан, сумын зэвийг нь юугаар хийсэн байсныг мэдэхээс нааш би энэ сумыг авахуулахгүй” хэмээн зүтгэжээ гэж бодъё. Малункяпутта аа, чингэхлээр тэр хүн тэдгээр олон зүйлсийн алиныг ч мэдэж чадалгүй үхэх биз дээ. Тэглээ ч гэсэн, Малункяпутта аа, хэн нэгэн хэлэхдээ: “Ертөнц мөнх үү, үгүй юу гэх мэтийн сайхь асуудлыг Ялж Төгс Нөгцсөн хариулаагүй цагт миний бие түүнийг дагаж ариун ёсоор нь аж төрөхгүй” гэх юм бол тэр бээр тэдгээр асуудалдаа Түүнчлэн ирснээс хариулт авч чадалгүйгээр таалал төгсөх биз ээ.” гэжээ.
Дараа нь Будда ариун ёсоор аж төрөх гэдэг бол эдгээр үзлээс үл хамаарна хэмээн Малункяпуттад тайлбарлажээ. Тэдгээр асуудлын талаар хүн ямар ч үзлийг баримталж байлаа гэсэн төрөх, өтлөх, өвдөх, түрдэх, уй гашуу, ядуу, зүдүү байдал байж л байна. “Харин түүнийг гэтлэхийг (өөрөөр хэлбэл Нирваан болохыг) энэ яваа насандаа гэж миний бие номлож буй болой.”
“Чингэхлээр, Малункяпутта аа, миний тайлбарласныг тайлбарласнаар нь, тайлбарлаагүйг тайлбарлаагүйгээр нь санаж байгаарай. Миний тайлбарлаж өгөөгүй зүйлс гэдэг юун бэ? Ертөнц мөнх үү, мөнх бус уу гэх зэргийг (тэдгээр арван үзлийг) би тайлбарлаагүй л дээ. Малункяпутта аа, яагаад түүнийг тайлбарлаагүй вэ ? гэвэл энэ бол хэрэгцээтэй зүйл биш, энэ бол ариун сэтгэлээр явахуйтай огтын холбоогүй зүйл, үл хүсэхүй, ангижрахуй, тонилохуй, амарлингуй, чанд хүрэхүй, гэгээрэхүй хийгээд Нирваанд тус үл болох зүйл буюу. Учир иймд би тэдгээр асуудлын тухай өгүүлээгүй билээ.”
“Чингээд, Малункяпутта аа, миний бие юуг тайлбарласан бэ ? хэмээвээс зовлон, зовлон гарахуй, зовлонгоос тонилохуй хийгээд зовлонгоос ангижрах зам мөрийг тайлбарласан юм. Малункяпутта аа, чухам ямар учраас би үүнийг тайлбарлав аа гэвэл, энэ нь ариун сэтгэлээр аж төрөхүйд хэрэгтэй, түүний гол зангилаа зүйл болох бөгөөд ангижрахуй, тонилохуй, амарлингуй, чанд хүрэхүй, гэгээрэхүй хийгээд нирваанд тус болох буюу. Эл учир үүнийг би тайлбарласан болно”.