Алтан зуу бурхан

Өөлд түмний шүтээн Алтан зуу бурхан

Өөлд түмний их шүтээн “Алтан зуу” бурхныг бүтээсэн тухайд:
Зуу /Зоу гэсэн үгийн сунжирсан дуудлага, эрхэм, чухаг гэсэн утгатай Түвд үг/ бурхан нь бурхан багшийн амьд сэрүүн байхад нь бүтээсэн өөрийнх нь дүр ажээ. Малгай титэмтэй байгаа нь Бурхан багш ариун уужим зайд нямба хийж, бясалгал үйлдэж байхад нь том хурал хурах болж, тэр хуралд бурхан багш залран ирж чадахгүй тул Зандан модоор Зуу бурхан бүтээж, Бурхан багшаар өөрөөр нь аравнайлуулж, бурхан багшийн сэнтий дээр залж, их хурал номоо эхэлжээ. Ингэж Зуу бурхан мэндэлж, Бурхан багш бие цогцсоороо заларсан гэдэг.
“Алтан зуу” бурхны тухай домог ярианд 1680-аад оны сүүлчээр Халхын түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нар Халхыг Манжид дагаар оруулах бодлого явуулж улмаар Чахундорж цэргийн хүчээр Засагт ханы нутгийг эзлэн Алтайн өврөөр давж Дөрвөн Ойрадын нутагт цөмрөн ороод байсан үед Түвдийн Засгийн Газар Өөлдийн Галдан Бошигт хаанд өөрийн нөлөө бүхий Жиро хутагт гэдэг элчийг илгээж, Чахундорж болон Манжийн хаанаас, Халх, Ойрадыг Манжид нэгтгэх гэсэн бодлогыг эсэргүүцсэн Галдан хааны тэмцлийг дэмжиж байгаа тухай Далай ламын нэрийн бичиг авчрахдаа “Алтан зуу”-г залж ирсэн гэдэг. Галдан хаан Манжийн эзэрхэг түрэмгийлэгчдийн эсрэг дайнд “Алтан зуу” бурхнаа шүтэж, цэрэг эрсдээ адис тавьж явжээ.
Алтан Зуу бурхныг сайн мэдэх нутгийн хуучуул Монгол түмний шүтээн болсон Зуу бурхдаас Зандан Зуу бурхан нь Өвөр Монголд, Эрдэнэ Зуу бурхан нь Халх Монголд /Хархоринд/, Ойрадын их шүтээн Алтан зуу бурхан нь Өөлд бэйсийн хүрээнд заларч байсан гээд Алтан зуу бурхан их хүнд болохоор адис тавихаар зулай дээр луг хийдэг. Алтан зуу бурхныг цэвэр алтаар цутгаж хийсэн, сөөм хэрийн өндөр бурхан байсан хэмээн дурсан ярилцдаг.
Алтан зуу бурхан нь 3 дахь удаагаа алга болж байгаа юм гэнэ лээ. Анх алдаад Бодонт багийн нутаг Дунд голын баруун талд орших бор толгойгоос олж тэр толгойд Олзот гэж нэр өгч онголж тахидаг болсон гэдэг. Хоёрдахь удаагаа алдаад Өлзийт сумын төвийн өмнө талд байгаа жижиг толгой дээрээс олж тэр газрыг Байнаөө толгой гэж нэрлэдэг болжээ. Сайн мэдэх хүмүүсийн батлан ярьж байгаагаар их хэлмэгдүүлэлтиийн эхэн үед бас нэг алга болсон бөгөөд шинэ эргэлтийн бодлого гэгч гарч лам, хуврагууд хийддээ буцаж суусан тэр жилийн нэгэн өглөө сүмийнхээ үүдний саравчин /гонхон/ дээр алтан шар өнгөө ургах нарны туяанд гялалзуулаад байж байсан гэж ярьдаг юм.
XX зууны түүхэнд улс орныг хамарсан аймшигт цуст хэлмэгдүүлэлт – залхаан цээрлүүлэлтийг гардан явуулсан коммунистуудын улангассан их түйвээний жилүүдэд Өөлд бэйсийн хошууны дээд, доод хүрээнд 600 шахам лам, хуврагууд шавилан сууж байсан бөгөөд бүх гавж, мяндаг тушаалтныг баривчилсанаас гадна Алтан зуу бурхан 1937 онд алдагдаж бусад бурхдыг үе мөчөөр нь эвдэлж, салгаж, ном судруудыг салхинд хийсгэн шатааж, газарт булж, Өөлдүүдийн үндэсний соёлын өв уламжлал болсон уран гоё хийцтэй үндэсний хувцас, алт, мөнгөн эдлэл, гэр орны хэрэглэл хураагдаж устгагдсан юм.
Ийнхүү коммунист дэглэмийн шашингүйн үзлийн хор уршгаар, өвөг дээдсийн минь олон зуун жилийн хөдөлмөрийн үр шимээр бүтээгдсэн үндэсний соёлын их өв устгагдаж, Монголын ард түмний сүсэг бишрэлийн эрх чөлөө бүрэн хаагдсан юм.
Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр дүнд буюу 1990 оны 02-р сарын 18-ны өдөр болсон Монголын Ардчилсан Холбооны анхдугаар их хурлаар Сүсэг бишрэлийн эрх чөлөөний тухай илтгэл тавьсан нь сүсэгтэн олон маань шүтэж, бишрэх эрх чөлөөгөөр бүрэн хангагдах эхлэл болсон билээ.
1997 оны 6-р сарын 20-нд нутгийн өвгөн лам Ванчинжавын Чимидбазарын санаачлага, хөрөнгөөр Өөлд түмний их шүтээн Алтан зуу бурханыг дахин бүтээж залах ариун ёслолыг үйлдсэн нь сүсэгтэн олныг баясгасан буянтай үйлс болсон юм.
Бурханы шашин дахин дэлгэрч, хурал, номын газар нээгдэхэд Жүрмэд туслагчийн Жанчиваас өөрийн багш /зураач багш хэмээн алдаршсан/ Содном ламын шүтээнийг хурал номын газар залж, Өрнөл нэгдлээс зургаан ханатай давхар бүрээс, шалтай гэр, Өлзийт сумын Монголын Ардчилсан Холбооны салбар зөвлөлөөс 150 төгрөг, Ванчинзавын Чимидбазараас 5 ханатай гэр хандивлаж байжээ.
Коммунист дэглэм задран унаж, шүтэж бишрэх эрх чөлөөтэй болсон цагаас эхлэн Гүрэн мандал, Тахидаг, Тахилт, Хүүхдийн овоо, Олзот, Норжинчамба, Баян Байшир, Цайдмын нуур, Цагаан нуур зэрэг тахилгатай уул, нууруудын тахилгыг сэргээсэн бөгөөд Норжинчамба уулын лусын эзний дүр, уншлагын номыг Баруун Зуугаас залсан гээд уг номыг 1932 оноос хойшхи их хэлмэгдүүлэлтийн жилүүдээс эхлэн тус сумын Балганы Гомбоогийнд үе дамжин хадгалагдаж байгаад 1991 онд сумынхаа хийдэд өгснөөр Норжинчамба уулыг тахиж эхэлжээ.
Ийнхүү Өлзийт сумынхан Ойрад түмний их шүтээн Алтан зуу бурхнаа дахин залсан өлзий учралт өдрөөс эхлэн жил бүрийн хавар, намрын эхэн саруудын шинийн 15-ны өдөр сүсэгтэн олон маань Өөлдийн их шүтээн Алтан зуу бурхнаа залж, сүсэглэн мөргөдөг уламжлалтай болсон юм.