Бүжинлхам

Бүжинлхам буюу Хөвүүн асрагч эх

Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү
Жо Рүлү Рагмо Машани Завала
Лхамо Яа Дүр Дий Яарүма Занза

Эх үрс элэг бүтэн, энх амгалан байхын тухайд үр хайрлагч, нялхсыг дэгжүүлэгч, хүүхдийг сахин хамгаалагч охин тэнгэр Бүжин лхам. Түвдээр Бүжинлхам гэж нэрлэх бурхан нь үр хүүхэд хайрлагч, нялхсыг тэтгэгч лхам бөгөөд “Хөвүүн асрагч эх” гэсэн монгол утгатай. Үр хүүхдийг сахин хамгаалагч Бүжинлхам бурхан нь Гэтэлгэгч Дарь эхийн бүрэлбаа. Бүжин гэдэг нь үрийг ивээгч гэсэн үг.

Ум раднаа намаа суха, ум садуу бадна сүдүна, давата базар базар маха базар, сарваа ваяада хана базана суха.
Бүжинлхам бурханы зүрхэн тарни нь үр хүүхдээ эрүүл энх өсгөх, хүүхэдтэй болох хүслийг хайрлана.

Бүжинлхам бурхны билэгдэл шинж:

Дүр нь: Цагаан /нисваанисын гэм, хир бүгдийг эс халдаасны шинж билэгдэлтэй/

Хоёр мутартаа: Хүүхэд барьсан.

Баруун гартаа: Нас, цог учрал, шид бүтээлийг хоцроолгүй аривдуулахын гуу сан болсон рашаан дүүрэн бумба барьсан эрэгтэй хүүхэдтэй /нялхасыг тэтгэж, өвчин бүгдийг нь амирлуулах, өвчин адаас зайлуулах, хүүхдийг тэтгэх тэжээх гэсэн билэгдэлтэй/

Зүүн мутартаа: Зэндмэнь эрдэнэ барьсан эмэгтэй хүүхэд суулгасан /эдийн тэнгэр болоод эд эдлэлийн гуу сангийн хурыг буулгахын билэгдэлтэй/

Баруун сугандаа: Морин хулгана, тулам барьсан байдалтай /бидний хүсэл горилыг хангах билэгдэлтэй/

Хоёр хөлний чимэг нь: Төмөр чөдрөөр чимэглэсэн /арга билгийг хослон барилдуулсаны билэгдэлтэй/

Баруун чихэндээ: Алтан арслан дүүлсэн чимэгтэй /мам, эм мангас буюу нялхсыг айлгаж цочоодог ад бүгдийг сүрээр дарахын шинж билэгдэлтэй/

Зүүн чихэндээ: Могойгоор чимсэн /цогнойн дүүлсэн байдалтай, тэр нь уур хилэнг хоцроолгүй хоосон чанарын агаарт арилгах хувийг агуулсан/

Мөн чихнийхээ хувь хэсэгт: Алтан хонх зүүсэн /бурхан бүгдэд өргөл хүндлэлийг зохиохын шинж агуулгатай/

Хүйсэндээ: Нар ургасан байдалтай /зовлонгийн далай бүгдийг ширгээх, хатаахын шинж билэгдэлтэй/

Толгойн оройгоос нь: Саран ургасан байдалтай /нисваанисын гурван хороо, мунхагийн харанхуйг арилгах билэгдэлтэй/

Мэлмий нь: Бага зэрэг улаандуу эргэлдсэн байдалтай / Энэ бурхан маань амирлангуй бурхан боловч бага зэргийн хилэнтэй. Энэ дүр байдал нь арван зүгийг болгоож, гурван ертөнцийн амьтан бүгдийг муу зүйлээс сахин хамгаалж, манаж байх билэгдэлтэй/

Хоёр хөхнөөс нь: Рашааны сүү үргэлжид буусан байдалтай /хүүхэд бүгдийг тэжээн тэтгэж, өлсөх зовохоос амирлуулж байх билэгдэлтэй/

Хүйсэнд нь нар, оройд нь сарыг агуулсан нь учиртай. Хүйсний хүрднээс наран эрчмийг бадрааж, оройн хүрднээс саран рашааныг буулгах бясалгалын увдис. Хөлийн гинж нь. амьтад үйлийн үрээр орчлонд хүлэгддэг бол бурхад нинжээр хүлэгддэг гэсэн утга илэрхийлжээ. Эдийн бумба, эрдмийн чандмань барьсан хүү, охин хоёр энх тунх эдээр баян, эрдмээр гиймэл байхын ерөөл. Харахын төдийд адис буянаа юүлэгч Хамаг төрөлтний элбэрэлт ижий сахиус ивээ.

Хүүхэд бүр заяач тэнгэртэйгээ хамт төрдөг бөгөөд мөнөөх тэнгэр хүүхдийг хазайхад нь түшиж халтирахад нь тулж хүн болгодог аж. Гэтэл эрт цагт нэг баян айлын айхтар цэвэрч, цээрч хатан хүүхдийнхээ хөлийг шороонд, гарыг тосонд хүргэхгүй арчиж зүлгэн асарч халамжилдаг байжээ. Идэж уух юмнаас нь илтэс үртэс ч газар унагахгүй тул заяач нь өлсөж харангадаад өөр айлын нялхасын асгаж цутгасан будаа цагаанаас хүртчихээд ирэх хооронд хүүхэд нь эндчихсэн байсан юм гэнэ билээ. Хүүхэд хоол ундаа асгаж цутгаж байж өөрөө идэж ууж сурдаг, ингэхдээ заяачийгаа хооллож байдаг гэнэ… Битгий загнаж байгаарай буян үйлдэж байгаа нь тэр шүү.

Алганы зураас судлаач, аюурведийн эмч Сергей Серебряков “Олон эцэг, эхчүүд хүүхэд төрүүлэхээс айдаг. Тэд “Би ядуу юм чинь хэрхэн яаж түүнийг тэжээх билээ?” гэж боддог. Ийм онол байдаг, тийм үү? “Яаж би амьдрах болж байна”. Энэ бол мунхаглал. Ведэд, хүмүүний эд баялаг түүний хувь тавилангаар тодорхойлогддог гэсэн байдаг. Эцэг, эхчүүд магадгүй баян чинээлэг хүүхэд төрүүлэх боломжтой. Тэр өөрийнхөө хувь тавилантайгаа төрдөг. Түүнд хуваарилагдсан бүхэн түүнтэй хамт ирнэ. Танаас онцгой хүч чармайлт гаргахгүйгээр бүх зүйл аяндаа ирэх болно” гэжээ.

Бүжинлхамын магтаал

Бүжинлхамын магтаал ба Үрийн даллага

https://www.facebook.com/www.Buddha.mn/posts/22

https://www.facebook.com/TBDB.center/photos/a.20

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=22

https://www.facebook.com/groups/354707805317953/posts/110

https://www.facebook.com/agnista17/posts/15

https://www.facebook.com/burkhanshuteen/posts/pfb