Дүртэддагва буюу Хулгай дээрмийг номхотхогч цагаан сахиус

Дүртэддагва буюу Хулгай дээрмийг номхотгогч цагаан сахиус

Ум гиранза гиранза гүма гүма хум ти сууха.

Дүртэддагва буюу цагаан сахиус. Дүр байдал нь цагаан хохимой ясан биетэй, ясан бэрээ хийгээд бумба барьсан цагаан лавай хийгээд хорлогч нугуудын хүүр дээр заларсан байдалтай. Хулгайч дээрэмчдийг дөнгөлөн шийтгэж буй. Хулгай дээрмийг номхотгогч хийгээд гарлага гарзын үүдийг хаагч бурхан болой.

Монголоор Үхээрийн эзэн хэмээх эр, эм Дүртэддагва бурхан нь үхэл хагацал, гэнэтийн аваар осол, хулгай зэлгийг номхотгон дарахын бэлгэдэлтэй ажээ.

Говийн V ноён хутагт Данзанравжаагийн шүтэж байсан Дүртэддагва бурхан нь Буддын шашны нимава буюу улааны урсгалын бурхан бөгөөд араг ясан дүртэй тул “үхээрийн газрын эзэн” хэмээдэг. Өөрийн эхнэр буюу “юүм”-ийн хамт эр эмийн үхэл хагацал, гэнэтийн аюул осол, хулгай зэлгийг номхотгон дардаг бурхан ажээ.

Дүртэддагва бурхны тухай олон домог түүх бий. Урд төрөлдөө бурхан биш айхтар хулгай хийдэг ах дүү хоёр байжээ. Бурхан багш тэднийг хулгай хийхийг нь болиулахын тулд “та нар маш олон хүнд зовлон тарилаа, үйлдсэн нүглээ наманчилж замаа засахгүй бол хумхийн тоос болгон шийтгэнэ” гэжээ. Бурхан багш тэдний хулгай хийхийг нь болиулж ухааруулсан бөгөөд тэд бурхан багшид нүглээ наманчлахын тулд өлсөж цангаж буй бүх амьтанд өөрсдийн махан биенээс тасдаж хооллосоор сүүлдээ махан биегүй болж араг яс нь үлдсэн гэдэг. Ийнхүү өөрсдийн гэмийг ухаарч махан биеэрээ төлөөс хийж нүглээ наманчилсан тэдэнд Бурхан багш ном айлдаж “хулгай зэлгийгээс сэргийлэн хамгаалагч”, “тамын үүдийг сахигч бурхан” болгосон бөгөөд тэд Бурхан багшид хулгай худлыг номхотгон дарж байх ам тангараг өргөжээ.

Өөр нэгэн домогт бол, нэгэн цагт Дүртэддагва өөрийн эхнэрийн хамт амарч тухлан унтаж байх зуур хамаг юмаа хулгайд алдаж, тэр байтугай махан биеэ хүртэл хулгайд алджээ. Тэгээд тэрхүү айхтар шидтэй хулгайчийг номын хүчээр дарж хашраахаар эрдэм номд шамдсанаар бурхны шидийг олж, хамаг амьтныг хулгайд өртөхөөс сэргийлэн хамгаалагч бурхан болж заларсан гэнэ.

Бас нэгэн домогт, хоёр лам даяан хийж хол зам туулан явж хад агуйгаар бясалгал хийж олон хоног сарыг өнгөрүүлжээ. Гэтэл нэгэн өдөр хамаг хоол хүнсээ хулгайд алджээ. Тэгсэн ч гэсэн даяан бясалгалаа үргэлжлүүлж явсаар нэгэн өдөр өлбөрч үхжээ. Тэгээд хойд төрөлдөө хулгайч нарыг номхотгон дарах догшин дүрт бурхан болж эргэн мэндэлжээ.