Жанрайсэг

Жанрайсэг

Ум ма ни бад мэ хум

Жанрайсэг бурхны зүрхэн тарни бол маанийн зургаан үсэг

Жанрайсэг буюу Мэлмийгээр болгоогч бурхан нь хамаг бурхдын нигүүлслийн дээд мөн чанар бөгөөд хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос нь аврах тангараг тавьсан байдаг. Жанрайсэг бол амьтан хүнийг тэтгэж, тэдний жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган ариусгаж, буян хишгээ дэлгэрүүлэх тангарагтай энэрэл нигүүлсэлийн бурхан юм.

Жанрайсэг бурханд зургаан үлэмж чанар байх агаад тэдгээр нь агуу их нигүүлсэл, агуу их хайр, арслангийн зориг зүрх, хорвоог гийгүүлэгч гэрэл, тэнгэр бурхдын манлай, хаа сайгүй орших увидас болно. Эл зургаан чанар нь там, бирд, адгуус, хүн, асури, тэнгэрийн 6 орны саад тотгорыг арилган сансрын хүрднээс чөлөөлсөн байна. Нэгэн домогт, Жанрайсэг бурхан хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангарагласан тул хичнээн чармайн зүтгэвч зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр байсаар байжээ. Тэдгээр олон амьтны зовлонг гэтэлгэх гэж, аврал эрсэн амьтан бүрт хүрч туслах гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагдан, хоёр мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Амитаба бурхан эл байдлыг үзээд зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ хэмээдэг. Тийм учраас Жанрайсэг бурхныг “найман аюулаас аврагч”, “дөрвөн аюулаас аврагч” гэх мэтээр нэрлэж найман мутар, дөрвөн мутар зэрэгтэйгээр дүрсэлдэг. Жанрайсэг бурхан нь хүмүүний мэлмийг сайжруулагч бурхан бөгөөд эх болсон зургаан зүйлийн амьтан ямар нь яаж зовж байгааг өөрийн мэлмийгээрээ бүлтийтэл харж байдаг хэмээн ярилцдаг.

Нэг цагаан мэнгэтэй хүний ивээх бурхан нь Жанрайсэг бурхан байна. Алив хүмүүн өөрийн төрсөн жилийн мэнгэний бурхныг шүтэж маань тарнийг тоолж явбал адис ивээл аврал нь түргэн, энэ болон хойдод тус эрдэм цаглашгүй билээ. Жанрайсэг бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан байдаг. Жанрайсэг бол амьтан хүнийг тэтгэж, тэдний жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган ариусгаж, буян хишгээ дэлгэрүүлэх тангарагтай энэрэл нигүүслийн бурхан юм.

Нэг цагаан мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1909, 1918, 1927, 1936, 1945, 1954, 1963, 1972, 1981, 1990, 1999, 2008, 2017 юм.

Жанрайсэг бурхан нь Мянган мутарт Жанрайсэг, Зөөлөн цогт Жанрайсэг, Найман аюулаас аврагч Жанрайсэг, Хасарваань Жанрайсэг гэх мэт гуч гаруй дүртэй байдаг.

Жанрайсэг (Авалокитешвара). Шакямүни Буддагийн Зүрхэн Судрын гол баатар. Жанрайсэг бурхны дүрслэлүүдээс тун гоё нь, хосгүй эд. 907-1125 онд Ляо улсад бүтээсэн (одоогийн Хятад улсын өмнөд хэсэг). Модон сийлбэр дээр олон үе давхарга үүсгэж өнгөөр ялгаж будсан. АНУ-н Мизүри мужийн Канзас ситигийн Нельсон-Аткинсын урлагийн музейд хадгалагдаж буй.

Домогт өгүүлснээр Жанрайсэг бурхан орчлонгийн орой дээрээс хүмүүний зовлонг ажиглан сууж байгаад ихэд өрөвдөн хайлж баруун нүднээс нь нулимс дусан газарт буусан нь цагаан дарь эх болон хувирав харин зүүн нүднээс нь унасан нулимс ногоон дарь эх болон хувирсан гэнэ. Хоёр дарь эхэд Жанрайсэг бурхан ийнхүү захижээ: Та хоёр нигүүлсэн сэтгэлийн ундарга болж хайр ивээлээ тараан хүмүүний зовлонг нимгэлсүү.

Ошогийн “Агнистын Гэгээ” цувралын “Арьяабалын адистид” номонд:

“Цаазын ялтан Амитабагийн нэрийг чин зүрхнээсээ дуудах аваас яргачны илд хуга үсэрнэ” гэж сударт өгүүлдэг. Яргачны илдэн дор байгаа нь тухайн ялтны үйлийн үр юм. Гэвч тэрээр дотоод зүрхэндээ бүх гэгээрсэн багш бурхадтай нэгдмэл гэдгээ мэдрэх юм бол, бүхнийг нигүүлсэгч Арьяабалыг сэтгэлийн гүнээсээ олж хараад, тэр чанадын гэгээг амьдралдаа урин дуудаж чадвал үйлийн үрээс чөлөөлөгдөнө. Түүний дотоод хувирал цаазын илд мэт үйлийн үрийн хүчийг бодьсадын хайраар ялах болно. Тийм учраас мянган мутарт Арьяабалын арван нэгэн тэргүүний дээд болсон Амитабагийн нигүүлсэнгүй дүрийн дор Эрлэг номун хааны толгой байдаг.

Ошогийн “Агнистын Гэгээ” цувралын “Арьяабалын адистид” номонд:

Маанийн буман судраас:

Их Нигүүлсэгчийн зургаан адилтгал.

Их Нигүүлсэгчийн үзлийг огторгуйд адилтган таниулах нь: Огторгуй мэт Арьяабалын үзэлд зах хязгаар, төв дунд гэж үгүй. Огторгуй мэт Арьяабалын таалал оршихуй бүгдийг агуулна. Огторгуй мэт Арьяабалын таалал өөрийн сэтгэлээс ангид бус. Сэтгэлийн мөн чанараа тэр мэт танин мэд.
Их Нигүүлсэгчийн бясалгалыг солонгонд адилтгаж таниулах нь: Арьяабалын бясалгал сэтгэлийн агаарт түйтгэргүй тодрох нь солонго мэт. Гэгээн гэрэлт боловч ягшин барих зүйлгүй нь солонго мэт. Арилсан гэгээн чанарт тэр мэт оршигтун.
Их Нигүүлсэгчийн явдлыг хий салхинд адилтгаж таниулах нь: Хий салхи мэт торолтгүйеэ Арьяабал ертөнц дахинд тусална. Хий салхи өөрөө огторгуйн хувилгаан бүжиг мэт Арьяабалын үйл хэрэг бэлгэ билгийн (гэгээн ухамсрын) агаараас үүсч, бэлгэ билгийн агаартаа уусна. Үйл хэрэг бүхнээ тэр мэт ухамсарла.
Их Нигүүлсэгчийн үрийг наранд адилтгаж таниулах нь: Нарны зүрхэн мэт хоосон чанар нь номын бие. Нарны гэрэл мэт гийгүүлэх ухамсар нь жаргалант бие. Нарны буман цацраг түгэх мэт бодол сэтгэл өөрөө үүсч, өөрөө арилах нь хувилгаан бие. Арьяабалын гурван биеийг өөрийн дотроос тийнхүү ухаар.
Их Нигүүлсэгчийн ахуйг болор бөмбөлөгт адилтган таниулах нь: Болор бөмбөлөг гадна, дотногүй тунгалаг мэт ам, сэтгэл хоёр зөрөөгүй байваас алдас бурууг үл халдаана. Өөрийн дотор ариун бол өрөөл бусдад үнэнийг үзүүлж чадна.
Их Нигүүлсэгчийн үйлсийг чандмань эрдэнэтэй зүйрлэн таниулах нь: Чандмань эрдэнэд ойр, холын алагчаалал үгүй мэт Арьяабалын таалал амьтан бүхэнд тэгш. Чандмань эрдэнэ залбирч гуйсан бүгдийн хүслийг хангах мэт Арьяабал өр зүрхээ нээж өгсөн бүгдийг үйл зовлонгоос гэтэлгэнэ.

Орчлонг ухаарах есөн зүйрлэл.

Зултай зүйрлэх нь: Зулын цөгц, гол, тос гурав бүрдэж зул бүтдэг. Түүнчлэн оршихуйн суурь шалтгаан цөгц мэт. “Би”-г баримтлах үзэл нь гол мэт. Урин (уур), шунал, мунхаг нь тос мэт. Тэдгээр шалтгаан нөхцөл бүрдсэнээр зовлонгийн гал асч, зургаан зүйлийн төрөл биеждэг. Уурын эрхээр тамд төрж, халуун хүйтний зовлонг амсана. Хармын эрхээр бирдэд төрж өлсөх ундаасахын зовлонг үзнэ. Мунхгийн шалтгаанаар адгуусанд төрж, унаж ачигдах, бие биенээ идэлцэхийн зовлонг үзнэ. Тачаангуйн шалтгаанаар хүн болж төрөх, өтлөх, өвдөх, үхэхийг үзнэ. Атаархлын шалтгаанаар асурд төрж, тэмцэлдэхийн зовлонг үзнэ. Омгийн шалтгаанаар тэнгэрт төрж, буурахын зовлонг үзнэ. Шалтгаан нөхцөл арилаагүй цагт үр дагавар үргэлжилсээр байна.
Бүрэг барагтай зүйрлэх нь: Нүд бүрэлзэхэд бодит байдал өөрөөр харагдах шиг ухааны нүд бүрэлзсэнд шалтгаалж хуурмаг үзэгдэл үүсдэг.
Одтой зүйрлэх нь: Од харанхуйд үзэгдээд нар ургаваас үл үзэгдэнэ. Түүнчлэн орчлонгийн зовлон “би”-г баримтлах мунхагт дулдуйдаж үзэгдэнэ. Өөрөө тодрох билгийн гэрэлд уур хилэн, шунал хүсэл өөрөө арилж гэмээ нь зовлон ч аяндаа замхарна.
Илбэтэй зүйрлэх нь: Мэргэн ховсчин тарнийн шидээр элдэв үзэгдлийг бүтээж харуулдаг. Ховсонд орсон хүн тэдгээрийг үнэн гэж бодно. Егүзэрийн мэлмийд хуурамч болох нь илэрхий. Орчлонгийн илбэнд автахгүйн тулд дотоод мөн чанараа таних учиртай.
Шүүдэртэй зүйрлэх нь: Бие өвс мэт бол амь нь шүүдэр мэт. Бие, сэтгэл ангижрах нь шүүдэр хатах лугаа адил. Эгэл хүмүүст тэр нь үхэл болж харагдана. Утгыг таньсан мэргэдийн хувьд илбийн наадам харагдана.
Зүүдтэй зүйрлэх нь: Зүүд зүүдлэх цагт бодит мэт боловч сэрэх цагт худал болно. Түүнчлэн бодлын тусгал үнэн мэт боловч зүүднээс өөрцгүй тул бүү хуурт.
Цахилгаантай зүйрлэх нь: Агшин зуур цахилгаан цахих мэт бодол хийгээд мэдрэмж хормын зуур цахилдаг. Өөрөө үүсч, өөрөө замхрахыг нь мэдээд уялдан зуурах хэрэггүй.
Үүлтэй зүйрлэх нь: Үүл бүрхэвч өнө удалгүй арилж одно. Үүдсэн бүхнийг тийнхүү ухаар. Ертөнцийн олз, гарз, жаргал, зовлон, дайсан, садан, магтаал, муушаал бүхэн мөнх бус. Үзэгдлийн тэртээх эс үүдсэн чанарт нэвтэрвээс үзэгч, үзэгдэл хэмээх хоёрдмол үгүй болж амарлих болой.

Жанрайсэг бурхны зуун үсэгт тарни.

Жанрайсэг бурхны хийд 1913 онд баригдаж дууссан ч их бурхныг залснаар 24 жилийн дараа хэлмэгдүүлэлтийн жил эхэлж, 700 гаруй сүм хийд, хэдэн мянган бурхан, суврагыг устгасны дунд Жанрайсэг бурхан өртсөн байдаг. 1991 оны 4 сарын 22-нд Жанрайсэг бурхныг дахин бүтээх ажилд Монголын ард түмэн хичээн зүтгэж, хандив, сэтгэлийн өргөлийг шингээн цогцлоосон билээ.
26,5 м өндөр шинэ Жанрайсэгийг бүтээхэд 20 тонн эх орны Эрдэнэтийн зэсийн цутгамал, 27 тонн ган орсон. Бурхныг 5х5 см хэмжээтэй, 75600 ширхэг алтан ялтсыг зай завсаргүйгээр нийлүүлэн бүрхэж, Монгол орны маань хөрсөнд оршдог очир алмаз, маргад эрдэнэ, бадмаараг, индранил, молор эрдэнэ зэрэг 2000 гаруй төрлийн үнэт эрдэнийн чулуугаар чимжээ.
Монгол төр улсын тусгаар тогтнол, ард түмний билгийн мэлмий өнө мөнхөд гэгээн тунгалаг байхыг бэлэгдэн, хүмүүн төрөлхтний энэрэл нигүүсэл, энх амгалангийн дээд эрмэлзлийг төгс утгыг бүрнээ илэрхийсэн, Монгол түмний хойморт ашид заларсан билээ.
Жанрайсэг - Гандантэгчэнлин хийд дэх

Маань

Үндсэн бясалгалд маань бүтээх