Ум аа хум базар гүрү бадма сиди хум
Дээрхий Гэгээнтэн Дилго Ченже ринбүүчи ийн өгүүлжээ.
Бадамжунай багш болвоос дээдийн дээд хувилгаан дүр байсан. Тэрээр гэм алдааны хирээр буртаглагдаагүй агаад бүх хосгүй эрдэм чадлыг эрхшээсэн байсан. Тэрээр бодит байдлыг мөнх хэмээн үздэг хүмүүсийн хатуу ягшмал үзэл баримтлалын төв хүрээнд байгаагүй боловч номхруулах ёстой төрөлхтөнүүдийн өмнө үзэгдэж гарч ирж байсан. Тиймээс үүнээс шалтгаалан түүнийг төрөл авч умайнаас төрсөн эсхүл гайхамшигтайгаар хувилж төрсөн, өөр өөр нэртэй байсан, номын явдал хийгээд үйлсийг нь Энэтхэгийн улсууд ийм байсан гэж тохиролцоход хүрч байсан. Түвдэд байсан цаг хугацаа нь өөр өөрөөр яригддаг гэх мэт маргаантай олон асуудал гардаг нь угтаа юу ч биш харин төсөөлшгүйг төсөөлөлт бодлын хүлээсэнд тохируулан бодох буюу зөвхөн өөрийнхөө мунхагыг нотлон батлах шалтгаан болдог ажээ:
Их Багш (Гүрү ринбүүчи) өөрийн явдлын үнэн учрын талаар “Үнэт алтан цэцгийн эрхи” хэмээн нэрлэгдсэн сургаальдаа ийн өгүүлсэн байдаг:
“Бадмаас мэндэлсэн би Түвдийн тусын тулд ирсэн
Шид хийгээд номын хүчээр хорлол учруулагч газрын эздийг би номхруулсан агаад
Хувь зохиолт хүмүүсийг өсөн дэвжих, гэтлэх зам мөрт оруулсан.
Эрдэнийн гуу санд нууцалсан гүн утгат сургааль Түвдийн орон хийгээд Хам нутгийг шидийг олсон егүзэрээр дүүргэнэ.
Би уулын даваа, голын хөндий, уул нуруу, агуйг, хүн амьтны хөлийн мөр хүрэхүйц газар бүрийг нямба бясалгал хийх орон газар болгон ариусгаж адисласан.
Би Түвд болон Хам нутагт өлзийт үйлсийн давхцал тохиол хийгээд өнөд орших амгалан амгаланг бий болгосон
Тасралтгүй залрах хувилгаан дүрээр төрөлхтөн бүрийг би тэтгэх болно
Түвдэд хүргэсэн ач тус агуу их боловч Түвдийн хүмүүс үүнийг үл үнэлнэ.”
Бадмаас мэндэлсэн (Гүрү Ринбүүчий буюу Эрдэнийн багш) Бурхан мөн ийн айлдав:
“Ирээдүй цагт номонд суралцаж буй дүр үзүүлэгч тэнэг агаад бузартсан
Өөрсдийгөө шагшин магтсан, бусдыг жигшиж үл тоомсорлосон
Буруу үзэлт засаршгүй зарим хүмүүс
Бадмын багш намайг Түвдэд удаан залраагүй гэж хэлнэ.
Зарим нь намайг нэг сар байсан, зарим нь хоёр долоо хоносон гэнэ.
Харин зарим нь Үржингийн орны эрдэмд нэвтэрсэн багш
Арван хоног болсны эцэст их алт ачаад эргэж одсон гэнэ.
Тэдгээр нь худал үгс агаад би Түвдэд нэг зуун арван нэгэн жил заларсан билээ… Түвдийн бүх нутагт төв хийгээд хилийн нутаг, гурван том хөндий, гарын алгын төдий хүртэл бүх хэсэгт миний очоогүй тийм газар гэж үгүй билээ. Ухаант хүмүүс харин намайг Түвд орныг сайхан сэтгэлээр хамгаалах гэж ирсэн эсэхийг ялгаж салгаж ойлгоно !”
Тэрээр мөн ийн өгүүлжээ:
“Ирээдүйн нэгэн өдөр зарим нэгэн ихэрхэг зантай мунхаг хүмүүс
Залуу Бадамжунай Түвдэд ирсэн агаад
Харин өтөлсөн Бадамжунай Түвдэд хэзээ ч ирээгүй гэж хэлнэ.
Залуу, хөгшин гэх ялгаа үгүй, мөн чанарын хувьд ижил юм.
Буруу үзэлт хүмүүс хүссэнээ бурвал бурж л байг.
Хэрэв өөрт тань итгэл сүсэг бишрэл байгаад надад хандан үргэлж залбирах аваас
Ирээдүй цагийн хүмүүс миний адислалыг хүлээж авах болно. ”
Гүрү Ринбүүчийгийн зүрхэн тарни: Ум А Хум Базар Гүрү Бадма Сиддхи Хум.
“Ум А Хум Базар Гүрү Бадма Сиддхи Хум хэмээх арван хоёр үсэгт тарни болвоос Бурхан Багшийн заасан арван хоёр төрлийн ном сургаалийн бүх адистидийг агуулдаг агаад түүний айлдсан наян дөрвөн мянган төрлийн ном сургаалийн охь мөн чанарыг тээж байдаг. Тиймээс Базар Гүрү тарнийг унших нь Бурхан Багшийн айлдсан бүх ном сургаалийг уншиж номыг дадуулснаар адистад хүртэхтэй ижил бөлгөө. Тэдгээр арван хоёр салбар ном сургааль нь биднийг мэдэх “Шүтэн барилдахуйн 12 холбоосоос” гэтэлгэх ерөндөг бөлгөө. Шүтэн барилдахуйн 12 холбоос нь биднийг сансрын хүрдэнд хүлж байдаг агаад тэдгээр нь мунхаг, үйлийн үрээр хуран үүдсэн цогцос, тасалдаж сацардаг ухамсар, нэр хийгээд дүрс, мэдрэхүй, хүртэхүй, мэдрэмж, шунахуй, барихуй, оршихуй, төрөхүй, өтлөхүй хийгээд үхэхүй бөлгөө. Эдгээр арван хоёр холбоос нь сансрын хүрдний үргэлжлэх тогтолцоо бөгөөд сансрын хүрдийг байлгаж байдаг. Базар Гүрү тарнийн арван хоёр үсгийг уншсанаар эдгээр арван хоёр холбоосыг ариусгаж, үйлийн үрээр бүрэлдсэн сэтгэлийн түйтгэрийн давхаргыг бүрэн арилгаж ариусгаснаар сансрын хүрднээс гэтлэн чөлөөлөгдөж чадна. ”
Бид хэдийгээр Бадамжунай бурхны нигуурыг үзэж үл чадах боловч түүний билиг билгүүн энэхүү тарни болон гардаг. Эдгээр арван хоёр үсэг нь түүний билиг билгүүний хувилгаан илрэл бөгөөд түүний өгч болох бүх адистидийг агуулж байдаг. Базар Гүрү тарни бол Бадамжунай бурхан дууны хэлбэрт байгаа байдал юм. Тиймээс та энэхүү арван хоёр үсэгт тарнийг уншиж түүнийг дуудах аваас хүртэх адистид хийгээд хураах буян нь цаглашгүй бөлгөө. Энэ асар цөвүүн цаг дор заларсан бурхан үгүй агаад Бадамжунай бурхнаас илүү ид хүчтэй бурхныг дуудан аврал эрэхийг хүсвээс чухамдаа Базар Гүрү тарниас илүү тохирох өөр тарни гэж үгүй билээ.”