Ловон Бадамжунай дагина болон бурхдын хамт

Мандарава

Үзэсгэлэнт Мандаравагийн түүх.
Энэтхэгийн халуун бүс нутагт ургадаг шүрэн улаан цэцийг Мандарава гэж нэрлэдэг. Уг цэцгийн нэрээр эртний Энэтхэгчүүд үзэсгэлэнт охид бүсгүйчүүдээ нэрлэж ирсэн түүхтэй. Тэгвэл уг цэцгийн нэрээр нэрлэгдэн бурхны шашны түүхэнд домог болон мөнхөрсөн нэгэн үзэсгэлэнт гүнжийн түүхээс сонирхуулах үүднээс товчлон хүргэж байна. Мандарава бол Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Захорт хэмээх хаант гүрний хааны удмын хосоос төрсөн ер бусын ухаалаг, ариун журамтай, үзэсгэлэнтэй гүнж байжээ. Түүнийг Мандарава цэцгийн нэрээр нэрлэдэг байв. Бурхны шашны зарим нэгэн түүхэн эх сурвалжид тэмдэглэснээр түүний хаан эцэг нь Буддагийн эцэг Шуддходанагийн хувирсан дүр, харин ээж нь Энэтхэгийн “сакьяа” буюу шагжа овгийн язгууртан гүнж байсан гэж тэмдэглэсэн байдаг. Мандарава бол цаглашгүй гэрэлт “Амитаба” бурхны дагалдагч бурхан дагинас Параравасинигийн хувилгаан дүр гэгддэг.
Мандаравагийн эцэг эх нь түүнийг бага байхад нь эрх дураар нь энхрийлэн өсгөсөн бөгөөд түүнийг хүссэн бүхнийг биелүүлдэг байжээ. Эцэг эх нь үзэсгэлэнт охиноо том болохын хэрээр сансар орчлонгийн зовлонгоос ангид байлгах тал дээр ихээхэн санаа зовдог байсан бөгөөд түүнээс ангижрах арга ухаанд суралцуулахыг эрхэмлэдэг байснаас гадна байнга түүнд энэ талаар суралцахыг зөвлөдөг байсан тул тэрээр нэгэн өдөр өөрийн амьдралаа шашны зан үйл, сургаал номлолд зориулах болсон тухайгаа эцэг эхдээ дуулгахад тэд санал нэгтэй дэмжин зөвшөөрч суралцах бүх нөхцөл боломжийг бүрдүүлэн өгчээ. Тэр цагаас хойш Мандарава гүнж ихэнх цаг хугацааг хааны ордон дотор суралцахад зориулдаг байв.
Эзэн хааны Ордны дээд танхимуудад үзэсгэлэнт Мандарава гүнж энэ орны хамгийн агуу эрдэмтэн болох хүртлээ өөрийгөө судлах ажилд олон жилийг зориулав. Тэрээр хэл, уран зохиол, яруу найраг, гүн ухаан, анагаах ухаан, одон орон зурхай зэргийг нарийвчлан сурч судалжээ.
Мандарава гүнж арван гурван насандаа шашны холбогдолтой бүхий л шинжлэх ухааны сургаал номлолыг сурч эзэмшсэн байв. Тэрээр мөн бурхан багшийн номлол, Хутагтын Дөрвөн Үнэнийг судалж, их эзэн Вималапражнатай хамт бодьсадвагийн тангараг өргөж, өөрийнхөө амьдралын зам мөрийг бошиглосон түүхтэй байдаг. Тэрээр өөрөө суралцахын зэрэгцээ хааны албат болон ард иргэд, нийт хүмүүст буддын шашны гүн ухааны сургаал номлолын ач холбогдлыг тайлбарлан таниулж, сансар орчлонгийн зовлонгоос гэтэлгэх арга замыг идэвхийлэн зааж сургадаг, тухайн цаг үеийн эрхэт номын дагина байв. Үзэсгэлэнт Мандарава гүнж номын зам мөрд эргэлт буцалтгүй орсон хэдий ч түүний хаан эцэг нь Мандараваг гэлэнмаа болгон сүмд шавилахыг нь зөвшөөрдөггүй байлаа. Учир нь түүний эцэг эх, гэр бүлд хандан Энэтхэгийн олон овог аймгийн язгууртан хаад ноёдоос гэрлэх, сүй тавих санал ихээр ирдэг байсантай холбоотой байжээ. Түүний эцэг үзэсгэлэнт гүнж Мандараваг язгууртны гэр бүлтэй сүй тавиулж гэрлүүлэх хүсэл зорилготой байсан бөгөөд эцгийнх нь энэ үйлдэл Манаравад гүнжид төдийлөн таалагддаггүй байв.
Тиймээс Мандарава гүнж хаан эцгийнхээ хүсэл сэтгэлийг огоорч өөрийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн сүм хийдэд очин бодсадвийн сахил хүртэн “гэлэнмаа” болсон бөгөөд хаан эцэг нь түүний сонголтыг арга буюу хүлээн зөвшөөрч, таван зуун эмэгтэйг мөн сахил хүртээлгэж түүний номын ажилд нь туслуулахаар “гэлэнмаа” болгон сүм үрүү илгээв. Түүний таван зуун “гэлэнмаа” бараа бологчид үзэсгэлэнт Мандарава гүнжийн оюун ухааны гайхамшгийг бишрэн сүслээд түүнд шавь орж сургаал номлолыг нь идэвхийлэн дэлгэрүүлсэн бөгөөд хожмоо тэдгээр таван зуун “гэлэнмаа” шавь нар нь бурхны шашны таван зуун их “хандо” дагинас болж шашин амьтныг номын хураар цэнгүүлэн, бурхны шашинд их тус бүтээлийн үйлийг дэлгэрүүлжээ. Ийнхүү үзэсгэлэнт Мандарава гүнж тэргүүтэй таван зуун их хандо дагинас сүмийн их танхимд чуулан цуглах нэгэн их цагт тэдний өмнө нууц увдисийн лагшин дүрээр Падмасамбава буюу Ловон Бадамжунай бурхан заларч тэдгээр ханда дагнис тэргүүтэнд “очирт хөлгөн” болох Важраянагийн бүх сургаалыг номлон зааж сургажээ. Падамсамбава болон Мандарава нар энэ цаг үеэс хойш номын увдист барилдлагыг бий болгож ойр дотно харилцах болсныг нийт хаант улс даяар тэр хоёрыг хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг цуу яриа гарахад хаан эцэг нь итгээгүй юм. Үнэн мөн чанартаа тэд биеийн бус бурхдын дотоод тааллын илэрхийлэл болсон “явюүм” буюу номын увдист, шүтэн барилдлагын мөн чанараар холбогдсон байв. Хааны заргач нарын нэг Мандарава, Падамсамбава нар олон хоног агуйд байгааг түүний хаан эцэгт дуулгахад тэрээр маш ихэд хилэгнэн хөрш зэргэлдээх бүх хаадтай гэрлэхээс татгалзсан атлаа яагаад энгийн нэгэнтэй сахил санваараа зөрчин нөгцөн суух болов хэмээн уурсаж охиноо гянданд хорьж, Падмасамбаваг галд шатаан хөнөөх зарлиг буулгажээ. Албатууд нь хааны зарлиг ёсоор Падмасамбаваг гүнжидийн тосонд дотор олсоор хүлж суулган их гал түлж түүний биед гал өгч шатаахад галын илч хэсэг, хэсэг болон замхарч тос нь их хэмжээний нуур болон хувирч түүний эргэн тойронд өнгө өнгийн солонгон гэрэл цацарч нуурын голд нэгэн их Бадамцэцэг дэлбээлэн тэрхүү цэцгийн дээр нь Падмасамбава мишээн заларч байхыг хараад хааны албатууд хаанд уламжлан өгүүлэхэд, хаан үл итгэн гайхширч байснаа, түүнд үнэхээр ид шид байдаг юм бол түүнийг ягцашийн хөндийд авч очин маханд дурлан, их идэгч амьтадад өгч үгүй хий хэмээн зарлигласанд, хааны албатууд ёсоор болгон түүнийг “ягцасын” хөндийн махан идэгч ягцасуудад идүүлэхээр орхисонд тэдгээр амьтад бүгд түүнийг идэх бус өмнө нь ирж сөхрөн хэвтсэнд хааны албатууд нийтээрээ гайхшрав. Болсон учрыг хаанд өгүүлэхэд хаан ихээр хилэгнэн та бүгд худал өгүүлээгүй буй хэмээн ихэд гайхшран “За тэгвэл түүнийг нйитийн өмнө толгойг нь тасдаж хөнөө” би түүнд биеэр оролцож өөрийн нүдээр үнэнийг үзнэ хэмээн зарлиг буулгажээ. Товлосон цагт хаан олоны өмнө залран ирж, хааны зарлиг ёсоор албатууд нь Падмасамбаваг нийтийн өмнө олсоор хүлэн баруун өвдгийн ирмэгийг нь хөсөр сөгдүүлэн суулгаж хааны зарлигийг сонсгоод хөнөөхөөр сэлмээ далайхад нь хааны яргач хүмүүсийн илд, сэлэм нь хэсэг хэсэг бутран тарж, зарлиг хэрэгжүүлэгч яргач хүмүүн үхэтхийн газар унахыг хаан нүдээр үзээд машид гайхан мэлмэрч байснаа “Наад хүмүүнийг над дээр ирүүл” хэмээн зарлигласанд албатууд зарлигийг гүйцэтгэн хааны өмнө Падамсамбаваг ирүүлсэнд хаан тэрээр “Аяа хүмүүн чамд ямар эрдэм, увдис чадал буй болоод чи хааны зарлигаас амьд мултраад байна. Үүний учир юун буй” хэмээн асуусанд тэрээр хаантанд хандан “Тиймээ. Энэ бүхэн бүгд мэх бус номын увдис учраас ийнхүү бүтээлийг үзүүлж буй хэрэг. Таны хайрт охин Мандарава энэ увдисыг хураахын тулд надтай шүтэн барилдлага бий болгосон. Үүнийг та хожуу ухаарлаа тиймээс хаантан та Мандаравагийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд түүнийг өөрийнхөөр нь орхих ёстой.” хэмээн өгүүлсэнд хаан машид ихээр баясан мишээж “Тийм бол би чамайг шүтье” хэмээгээд Падамсамбавад тусгайлан хүндэтгэл үзүүлж түүнийг Захор гүрний номын их хаан болгон хүндэтгэж Мандарава гүнжид дагинасийн их “хатан хаан” цол өргөмжлөн ордны байр сууриа шилжүүлэн бурхны шашны үйл хэргийг тэр цагаас хойш машид ихээр тэтгэх болжээ.
Үүний дараагаар Падмасамбава болон Мандарава нар энэ нутгийн бүх хүмүүст ном сургаж, шашны шинэ зан үйл, шинэ урсгалыг бий болгож, олон амьтныг гэгээрүүлсэн байдаг бөгөөд энэ үйл явдлаас хойш тэд хэсэг хугацаанд Маратика агуй уруу даяанчлахаар явж тэнд Хаянхирва, Важраварахи бурхдын шүтэн барилдлагыг бий болгон даяаныг үйлдэж, номлолыг ихээр дэлгэрүүлжээ. Үүгээрээ тэд оюун санааны, үзэгдлүүдийн туйлын мөн чанарыг олсон бөгөөд бурхдын “мөнх амьдралд” хүрсэн нолжарванууд /иогчид/ нэг болсон гэж буддын шашны түүхэнд тэмдэглэжээ. Тэд даяанаа дуусгаад Маратика агуйгаас буцаж ирэхдээ Коталагийн хаант улсын тэрс үзэлтнүүдийг захирч эхэлсэн байдаг бөгөөд тэдгээр улсын ард иргэдэд сургаал номлолоо дэлгэрүүлэн номхотгосон байдаг. Мөн Падамсамбава, Мандарава нар Камарагийн нутаг дахь “ягцасийн хөндийн” махан идэшт “ягша” нарыг номхруулсан бөгөөд бусад олон төрлийн гайхамшгт шид бүтээлүүдийг дэлгэрүүлэн үйлджээ. Мандарава, Падамсамбава нарын түүхэнд гардаг Маратика агуй бол эдүгээгийн Балба улсын зүүн хэсэгт байрладаг үзэсгэлэнт газар бий. Уг агуй нь буддын шашны уран зохиолуудад XII-р зууны үеэс анх дурдагдсан байдаг ч өнөө цагт олон эргэлчин, мөргөлчдийн сонирхол татсан мөргөлийн орон хэвээр байсаар байна. Энэ газрыг Падмасамбава, Мандарава нар хязгааргүй амьдрал, цаг хугацааг бэлгэдэгч “Амьтаюс” Одбагмэд бурхны үзэгдлүүдийг үзэж номлол дэлгэрүүлсэн газар хэмээн хүндэтгэн үздэг. Тэд энэхүү агуйд нийт гурван сарын турш урт удаан хугацааны бясалгал, даяан, зан үйл хийдэг байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Хааны зарлигаар Падамсамбаваг шатаах гэж байсан “гүнжидийн” тос, нуур болон хувирч түүний голд “Бадамлянхуа” цэцэг дэлбээлэн түүн дээр “Падамсамбава” залран шидийг үзүүлсэн учраас “түүнийг “Падамсамбава” буюу, “Бадамжунай” хэмээн нэрлэх болсон юм. Түүнийг Энэтхэг, Түвд болон бурхны шашинт зарим улс орнуудад “Гүрү” ринбүчи гэж нэрлэдэг. Монголчуудын хувьд ихэнх нь Ловон Бадамжунай гэж нэрлэж заншсан бөгөөд тэрээр бурхны шашны улааны урсгалыг үндэслэгч их багш учраас Монголчууд эртнээс эрхэмлэн шүтэж ирсэн түүхтэй. Гүнжидийн тос нуур болон хувирсан “Ревалсар” буюу Түвдээр “Цо Пема” гэгддэг нуур нь одоогийн Энэтхэгийн Химачал Прадеш мужийн Манди хотоос баруун өмнө зүгт 22.5 км зайд орших Манди дүүргийн ууланд дунд орших нуур юм. Түүний өндөр нь далайн түвшнээс дээш 1360 м, эрэг нь 735 м орчим тойрогтой жижиг нуур юм. Нуурын эрэг орчмоор өндөр нам олон зэгс байх бөгөөд бодьсадва болон хутагт хувилгаад ер бусын хүмүүс зочлох үед тэдгээр зэгснүүд хөдлөж нуурыг тойрон эргэлддэг хэмээн үздэг бөгөөд нууран дотор маш их хэмжээний бодь загсууд орших бөгөөд эргэлчин, мөргөлчин тус нууранд зочилсон хэн боловч загаснуудыг хооллосоноор нуурандаа багтахааргүй их загастай болсон байдаг. Ревалсар нуурын эрэг орчимоор Түвдийн Нингма, Друкпа Кагюү хийдүүд байрлах бөгөөд нуурын эрэг орчимд Падмасамбава буюу Гүрү ринбүчигийн сэрэг дүрийг бүтээн залсан нь уг нуурын үзэсгэлэнг улам ихээр чимэглэдэг түүхэн газар юм.