Мажиг лавдонма дээрээ дамар барьсан бурхантай

Мажиг Лавдонма

Ялж төгс нөгчсөн бурхан бээр :
“Цөвийн тэмцэл дэлгэрэх цагт
Цаст умар зүгийн сэрүүн орноо
Ялгуусны эхийн хувилгаан
Дарь эхийн алдартан гарах болно” хэмээсэн ба
“Манзуширийн язгуур үндэс“–д :
“Миний шашин цөвтөх цагт
Цаст хэмээх умарын орноо
Билиг эхийн тааллын хувилгаан
Ловдан хэмээгч гарна
Төрөхгүй шимийн утгыг үзүүлж
Хот балгад, уулсын завсар
Үхээр, хязгаар бүхэнд түгж
Түүний ном нь дэлгэрэх болно” хэмээн эш үзүүлсэн ёсоор бэлгэ билгийн дагина бээр бүсгүй хүний дүрээр заларсан нь Жодын увдисын эзэн Эх Мажиг Лавдонма билээ. Тэрбээр анхдугаар жарны төмөр эм хонин жил (1031 он) Түвдийн E-лав хэмээх нутагт Хэүган язгуурын нэгэн баялаг гэрийн эзэн Чойла, эх Лүнмовүмжан нарын охин болж гайхамшигт сайн бэлэгсийг үзүүлэн мэндлэв. Гурван нас хүрээд ма-ни, Дарь эхийн тогтоол зэрэг богинохон тарни уншлагыг тоолон, бурхан шүтээнд мөргөх тэргүүтнийг шамдан бүтээв. Багаасаа дээдсийн явдалт болоод оюун ухаан нэн хурц учир Билгийн зул хэмээн алдаршжээ.

Мажиг Лавдон эхийн айлдсан эцсийн сургаал.

Сэтгэл нь өөрөө [угаасаа байсан бөгөөд өөрөөсөө урган үзэгддэг]
Тулгуургүй агаад тусагдахуун үгүй
Аливаа санаа төсөөлөлгүйгээр өөрийнх нь төрөлх орон зайд нь амраагтун.

Хүлээснээс [сөрөг бодлоос] ангижрах үед
Эрх чөлөөтэй болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Орон зай [огторгуй] уруу ширтсэнээр
Үзэгдэх тусагдахуун бүхэн үзэгдэхгүй болно
Сэтгэл ч өөрөө үзэгдэхгүй болно.
Сэтгэл сэтгэлээн үзэх үед
Нэгээс нөгөөд шилжих элдэв бодол замхарч
Гэгээрэх болно.

Тэнгэрт буй үүлс бүхэн
Тэнгэртээ шингэж арилдаг шиг
Хаа ч одсон байлаа хаа ч үл одно.
Сэтгэл дэх бодлууд үүнтэй ижил бөлгөө
Сэтгэл сэтгэлээ үзэх үед
Төсөөллийн бодлын давалгаа замхран арилдаг.

Хоосон орон зай нь
Хэлбэр дүрсгүй, өнгөгүй эсхүл дүр төрхгүй
Үүнтэй адилаар сэтгэл өөрөө
Өнгөгүй, хэлбэр дүрсгүй, дүр төрхгүй бөлгөө.

Гэгээн нарыг
Хязгааргүй харанхуй халхлан хааж үл чадах адил
Сэтгэлийн туйлын мөн чанарыг ухаж ойлгосныг
Хязгааргүй сансрын хүрд халхлан хааж үл чадна

Хоосон орон зайг хэдийгээр
Уламжлалт аргаар тодорхойлж эсхүл нэрлэж болох авч
“Энэ” гээд тодорхой заан үзүүлэх боломжгүй.
Сэтгэлийн тунгалаг байдал өөрөө үүнтэй ижил бөлгөө
Үүний шинж чанарыг нь илэрхийлж болох авч
“Энэ” гээд заан харуулах боломжгүй.

Сэтгэлийг тодорхойлох шинж чанар нь
Угаасаа байсан хоосон орон зай
Сэтгэлийн мөн чанарыг ухаарч ойлгоход
Үзэгдэл бүхэн аль нь ч хоцролгүй бүгд багтдаг.

Биеийн үйлдлийг орхиж
Сул хаясан багц сүрэл мэт байгтун,
Үгээр илэрхийлэх аливаа бүхнийг орхиж,
Чавхдас нь тасарсан пийпаа хөгжим мэт байгтун.
Сэтгэлийн бүх үйлдлийг орхих нь
Махамудра болно.

Хөгшин эмэгтэйн номын уламжлалд
Үүнээс өөр хийх зүйл үгүй.

Ай хө энд цугласан хувь сайт залгамж үеийхэн хийгээд шавь нар минь,
Бидний бие болвоос өндөр уулын зөрөг зам дээрх өд сөд мэт мөнх бус бөлгөө
Бидний сэтгэл болвоос хоосон агаад уужим огторгуй мэт цэвэр тунгалаг бөлгөө
Энэхүү төрөлхийн төлөвтөө баримлахуй үгүйгээр амрагтун.

Сэтгэл ямарваа нэг тулгуургүй бол Махамудра
Үүнийг ухаж мэдээд сэтгэлээ үүнтэй сүлэлдүүлвээс
Бурхны хутаг

Яг одоо өөрт чинь боломж байна.
Сэтгэлийн уг мөн чанарыг нь үзэгтүн – үнэхээрийн утга учиртай бөлгөө.

Сэтгэлээн үзэх үед үзэх зүйл юу ч үгүй бөлгөө
Ингэж үзэхгүй байснаар жинхэнэ учрыг нь ойлгох болно.

Чамд айлдах үүнээс илүү гүн гүнзгий сургааль хөгшин эмэгтэй надад үгүй болой.

Мажиг Лавдон Эх