Майдар

Майдар

Ум мохи мохи маха мохи суухаа. Мүни мүни ма ра суухай.

Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайр, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай. Майдар бурхан заларч материаллаг зүйлд сэтгэл зүрхээ өгч жинхэнэ хайрлах ёстой эх дэлхий хамаг амьтан, зургаан зүйлийг огоорч ужид цэнгэл хөөцөлдөн самуурч, мунхагийн харанхуйд живж буй хүн төрөлхтөнд гэгээрэлд хүрэхийн чухлыг сануулан асрал хайр, итгэл үнэмшлийн галыг нь дахин сэргээх юм.

“Майдарын мөргөл”

Намо радна драяаяа. Намо багавади шагжамүни еэ, датагатаяа, архадэ самъяагасам буддаяа.
Дадияата. Ум азидэ азидэ, аваразидэ, азидэ заяа, хара хара, майдри, авалогидэ, гара гара, маха самаяа сидди вара вара, маха боди манда виза, смара смара, асмагам самаяа, боди боди, маха боди суухаа. Ум мохи мохи маха мохи суухаа. Ум мүни мүни смара суухаа.

“Майдарын тарни”
Ум мохи мохи маха мохи суухаа. Ум мүни мүни смара суухаа.
Утга нь: Гурван эрдэнэд мөргөмү. Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн ирсэн, Дайсныг дарагч, Үнэхээр туулсан, Төгс гэгээрсэн багшид мөргөмү.
Түүнчлэн буюу. Ялагдашгүй, ялагдашгүй, Ялгуусан тэрбээр ялагдашгүй.
Эзэгнэгтүн, эзэгнэгтүн, Асралт минь, Болгоогч минь.
Бүтээгтүн, бүтээгтүн, агуу тангараг, ид шидийг.
Дэлгэрүүл, дэлгэрүүл, үлэмж гэгээрэл, зүрхэн шимийг.
Санагтун, санагтун, бидний тангаргийг.
Гэгээн, гэгээн, үлэмжийн гэгээн хутаг орштугай.

Майдар бурхны дүр бүхий зүүлт.

Майдар бурхны дүр бүхий зүүлтийг биедээ зүүснээр:
Гадна дотны муу зүйлээс хамгаалахаас гадна, ирээдүйд Майдар бурхантай учрах, энэрэхүй асрахуй сэтгэлийг бясалгах ялгамжаат авьяас төгөлдөржих болно. Бидний сэтгэл цаг үргэлжид ертөнцийн үйл явдалд сатаарч жинхэнэ санах ёстой Бурхан, Ном, Хувраг чухаг дээд гурав болон замнах ёстой номын мөрөөс сэтгэл алгасарч байдаг. Бурхны дүр хөргийг биедээ эрхэмлэн шүтэж цаг ямагт сайн үйл, буяны мөрд сэтгэл урвуулах нь энэ болоод эцэс хойтын зам мөрийг тэгшлэх хамгийн чухал засал билээ.

Майдар эргэх ёсон.

Монгол орноо бурхны шашин гурвантаа дэлгэрсэн цаг үеэс дээдийн номын ариун дуу дуурсан, соён гэгээрэх, ариусан дэлгэрэхийн сайн мөрт, хүмүүнлэг энэрэнгүйг дэвтээж ирээдүйн сайн сайханд зоригдсон бурхны шашны зан үйлүүд олноор уламжлагдан ирсний нэг нь Майдар эргэх ёсон юм. “Тансан ламын баруун этгээдэд зорчсон нь” хэмээхэд Монгол газар Майдар эргэх зан үйл болж байсан тухай тэмдэглэсэн байдаг нь бид нэн эртний уламжлалтайн баримт билээ. Энэхүү Замбуу тивд сайн цагийн мянган бурхан залрах ерөөлтэй. Энэ тухай “Сав шимийн тогтсон ёсыг өгүүлсэн” сударт:
Алтан дэлхий дээр найман түмэн бээрийн гүн их далай тогтсон дотроос шар цэцэг нэг мянган тоот гарсныг ариун орны тэнгэрүүд үзээд энэ галавт мянган бурхан залрахын сайн ёр хэмээгээд “Галсан” буюу “Сайн галав” хэмээцгээсэн тухай өгүүлсэн байдаг.
Одоогоор дөрөвдүгээр бурхан Шагжамүни бурхны зохиол үйлс дэлгэрэн буй цаг мөн билээ. Түшидийн орны Бодьсадва нарт ном айлдан буй богд Майдарын гэгээн ирээдүйд Замбуу тивд заларч хувь төгөлдөр шавь тэргүүтэй хамаг амьтан нийтийг гэгээрээлд хөтлөхийн ерөөл дэмбэрэлтэй болой. Үе үеийн мэргэд энэхүү зан үйлийг өргөн дэлгэр хийсээр ирсэн нь өндөр гэгээн Занабазарын үед улам дэлгэрч сүсэгтэн олныг хамарч, хилэнц бузрыг тэвчин, ариун ёс журмыг сахин дээдлэхэд хөтөлсөн томоохон зан үйл болсон байна. Майдар эргэх товыг урьдчилан ард түмэндээ зарласнаар нийтээрээ оролцон тахил өргөж, төрөл тутамдаа бурхны шашин лугаа золгохын ерөөл тавин даган баясдаг юм. Тухайлан бэлтгэсэн жууз тэргэнд Майдарын ногоон морийг байрлуулан сэнтий засаад үлэмжит торгон чимэг зүүлтээр чимэглэн бэлтгэсэн байдаг. Дуганаас Майдар бурхныг залах үед Банчин богд Лувсанчойжанцангийн айлдсан “Майдарын магтаал”-ыг олон лам ая эгшиг нийлүүлэн сүр жавхлантай уншихад хийдийн тэргүүн хамба тахилын ширээнээс хүндэтгэлтэйгээр өргөн залж, сонин сайхан сонсголонт хөгжмийн дуу, анхилам үнэртний дундуур явсаар жуузан дахь сэнтийд залдаг байна. Энэ нь Майдар бурхан замбуу тивд залран ирж байгааг бэлэгдэж байгаа бөгөөд идээ ундаа, ая эгшиг анхилам үнэртэн ариун тахил бүгдийг өргөж бурхны тааллыг баясгаж байна гэж сүсэглэн үйлдэх учиртай. Ногоон морины эрдэнийн чимэг шигтгээ бүхий хазаарыг хадгаар бүрж жолоог нь Майдарын мутарт өргөж, цулбуурыг нь хамба лам гар дээрээ тохож хөтлөн явдаг. Энэ маягаар ертөнцийн дөрвөн зүгт үдлэн хурал ном хурж байгаа нь Майдар бурхан ногоон морио хөлөглөн Замбуу тивийг тойрч амьтны тусалд номын хүрд эргүүлж буйн бэлгэдэл билээ. Майдар бурхны даган саад зэтгэрийг хялбар даван туулж эцэстээ гэгээрлийн хутгийг олох, эдүгээ хамаг амьтан аймшигт өвчин зовлон, цаг бусын үхэл хагацлаар нэрвэгдэхгүй навч цэцэг, хур бороо цаг цагтаа дэлгэрэн бууж, хүний сэтгэл үйл ариусан дэлгэрэхийн нягууртай ажгуу. Иймээс бид бүгдээр үнэн сүсгийг сайтар төрүүлэн хичээнгүйлвээс ялгуусан бурхдын тангараг зохиолд эрэглзэх зүйл үгүй билээ. Бурхан багшийн шашин доройтож, хүний дундаж наслалт 10 болтлоо багасах бөгөөд бие нь анх бурхны шашин дэлгэрч байсан үеээсээ 2 дахин жижиг болно. Тэр цагт шашны тэмдэг шар, улаан өнгө төдийхнөөр харагдана. Хүн төрөлхтөн ёс суртахуун, биесээ хайрлах, энэрэх сэтгэлгүй, цусан далай урсгана. Энэ үед Майдар бурхан заларч, бурхны шашныг дахин сэргээхээр ам авсан гэдэг. Энэ тухай “Додүдва”, “Парчин”, “Сэр-Од” зэрэг Түвд хэл дээрхи олон номонд бичиглэсэн байдаг. Түшидийн оронд залран буй Майдар бурхан цагийг эзэлсэн бурхны дүрээр энэхүү сайн галавын тав дахь бурхан болон залрах түүхтэй. Тэрбээр бярман язгуурт номын гэр бүлд мэндлэх бөгөөд гэрээ орхин хувраг болж зургаан жилийн урт хугацаанд бус нэгэн өдрийн дотор гэгээрэлд хүрэх болно. Ийнхүү Монгочууд Майдар бурхныг ирээдүйн бурхан хэмээн шүтэж, тахиж, ирээдүй хойч үеээ түүнд даатган залбирч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.

 

Хүрээний алдарт 80 тохой Майдар бурхан.