8 Манал

Манал

Таяата ум бэханзэ бэханзэ маха бэханзэ бэханзэ раза самугатэ суха

Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй.
Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй. Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ.
Хүн буян бага үйлдэж, нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн лүндэнд байдаг. Эдүгээ өвчний хувьсан өөрчлөлт, түүнийг эдгээх эмийн хүчин чадал, наад захын эдгэшгүй ханиад томуу зэргээс харахад цөвүүн цаг ирсэн нь тодорхой. Тэгвэл Манал бурхан нь “Цөвүүн цаг болох үед миний адис жинлавын хүч чадал улам нэмэгдэж, өвчин зовлонд нэрвэгдсэн хамаг амьтдыг зовлон зүдгүүрээс нь түргэн гэтэлгэх болтугай” хэмээн аугаа их ерөөл тавьсан бурхан тул бид бүхэн сайтар шүтвээс энэ цаг үед эрүүл саруул, энх тунх амьдрахад асар их тус нэмэртэй байх болно.

Амгаланд ажирагч найман бурхан. Бидний сайн мэддэгээр өвчнөөс ангижруулагч эрүүл мэндийн бурхад. Алдрыг нь өгүүлэх төдийд хэдэн сая, живаа галавт хураасан хилэнц арилж байдаг гэдэг тийм агуу хүчтэй. Мөн 404 төрлийн өвчнийг үндсээр нь арилгах, хойд төрөл тутамдаа ч амгалант сайн орноо төрүүлж эцэс хойчид төгс гэгээрсэн бурхны хутгийг олох тийм их хүчтэй гэдэг. Гэхдээ тэрхүү хүч чадал нь мэдээж бидний өөрсдийн чинхүү үнэн сүсэг бишрэл, түүнийг судалж нягтлах оюун ухаанаас шалтгаалах зүйл юм.

Бурхан багшийн сургаалд хүний биед гарах 404 төрлийн өвчин байна хэмээн айлдсан.
101 өвчин нь эм тангаар эдгээж анагаана.
101 нь сүсэг бишрэлээр буюу ном гүрэм, тарни ном заслаар анагаана.
101 нь ханах төөнөх, таслах огтлох зэрэг хатуу заслаар анагаана.
101 өвчин нь үл эдгэх буюу амь авах өвчин гэдэг.

Аль 2500 гаруй жилийн өмнө бурхан багш эдгээр олон өвчнийг танин барих, эмчлэх амарлиулах аргыг нь айлдсан бөгөөд уламжлалт эм тангууд өнөө ч хэрэглэгдэж, ач тусаа өгсөөр байна. Уламжлалт эм тан нь хоруу чанар үгүй тул химийн аргаар гаргаж авсан орчин цагийн эм, эмийн бэлдмэл шиг эмчилгээнээс хасагдалгүй, хүний язгуур мөн чанар, махбодь лугаа тааруулан бурхны ухаанаар айлдсан эмүүд юм.

8-н бурхдын алдар нь:
Цанлэг (Сайн алдарт)
Ринчэн даваа (Саран их эрдэнэ)
Сэрсан димэд (Хир үгүй сайн алтан)
Нян-ан мэдчог бад (Гаслан үгүй дээдийн цогт)
Чойдаг жамцо ян (Номын алдарт далайн эгшиг)
Ончэн жалбо (Илтэд мэдэгч хаан)
Манжийла Биндэрьяа оджи жалбо (Оточийн багш Биндэрьяан гэрэлт хаан)
Бал жалва Шагжтүв (Цогт ялгуугсан Бурхан багш)

འགྲོ་བའི་སྡུག་ཀུན་གཅོང་ནད་ཞི་བའི་སྨན། །
མ་རིག་མུན་པ་སེལ་བའི་སྒྲོན་མེ་མཆོག །
སྐྱབས་ཀྱི་ཕུལ་གྱུར་ཐེག་གསུམ་འགོག་ལམ་ཆོས། །
ཀུན་ལ་སྒོ་གསུམ་གུས་པས་ཕྱག་བགྱི་འོ། །

Амьтны зовлон, архаг өвчнийг амирлуулагч эмт
Мунхагийн харанхуйг арилгахуйн дээд зул
Авралын охь манлай болсон *гурван хөлгөн, *хорихуйн номт
*Та бүхэнд *гурван үүдээрээ бишрэнгүйеэ мөргөмүү.
/Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай багшийн зохиосон སྙིགས་མའི་མགོན་པོ་བཅོམ་ལྡན་སྨན་བླ་མཆེད་བརྒྱད་ཀྱི་གསོལ་འདེབས་འཛམ་གླིང་གདུང་བ་ཀུན་སེལ་ཞེས་བྱ་བ། “Цөвүүн цагийн итгэл болсон, ялж төгс нөгчсөн ах дүү Найман Маналын залбирал Замбуулингийн энэлэл бүхнийг арилгагч” хэмээх номноос…/

Тайлбар:
* Гурван хөлгөн – Шарвакийн хөлгөн, Брадигабудын хөлгөн, Бодьсадвын хөлгөн.
* Хорихуйн ном – Дөрвөн үнэний номлолын нэг. Нисваанис нүглийг тэвчин хорихуйн ном.
* Та бүхэнд – Амгаланд ажирагч Найман бурханд.
* Гурван үүд – Бие, хэл, сэтгэл гурав.

Амьтан бүгдийг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл талбисан “ах дүү 8 оточ” бурхдын анхдугаар

“Сайн алдарт” буюу “Цанлэг ёндаг” бурхан ба түүний залбирал, тус эрдэм.

Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн заларсан, Дайсныг дарсан, Үнэхээр туулсан бурхан Сайн алдар нь огоот дуурсагч цогийн хаан дор мөргөмүй, тахимуй, итгэмүй. 🙏😇🇲🇳
“Цанлэг Ёндаг” бурханд мөргөл залбирал үйлдэхийн тус эрдэм: Элдэв жижиг ханиад хийгээд хараал хөнөөлөөс хагацуулах, дүлий, сохор, галзуу зэрэг өвчнөөс амирлуулах, муу заяанд төрөх нүглийг арилгах, эд хөрөнгө, мал адгуус аливаа баялгийг арвижуулах, буян хишиг дуудах, шорон гянданд хоригдох, зодуулах, бие эрхтэн сэтгэл сэвтэх, хэлмэгдэх, зовлонгоос ангижруулах, чоно, нохой зэрэг араатан амьтдын хорлол хөнөөлөөс аврах бөгөөд хэрүүл тэмцлийг амирлуулж, эв найрамдалтай болгоно. Гамшигт өртөхгүй.

Амьтан бүгдийг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл талбисан “ах дүү 8 оточ” бурхдын дэд болох “Саран их эрдэнэ” буюу “Ринчэн Давааг” бурхан ба түүний залбирал, тус эрдэм.


Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн заларсан, Дайсныг дарсан, Үнэхээр туулсан бурхан Эрдэнэс хийгээд саран ба лянхуагаар сайтар чимэглэгдсэн, мэргэн, цог жавхлант, Эгшиг дууны хаанд мөргөмүй, тахимуй, итгэмүй. 🙏😇🇲🇳
“Ринчэндаваа” бурханд мөргөл залбирал үйлдэхийн тус эрдэм: Алив өвчин энэлгээг арилгах, эд баялагт болгох, буяныг арвижуулах, бодь сэтгэлтэн болгох, хүн амьтныг хайрлан энэрэх, энэрэнгүй үзэлтэй болгох, муу заяаны одонд төрөх зовлонгоос гэтэлгэх, хэзээ бурхан болохыг хүртэл эр төрлийг олох, эмэгтэй хүн төрөхийн хүндрэл үгүй өвдөхгүй төрөх, бурхны номонд сүжигтэй, буруу үзэлгүй зөв бодолтой болгох хийгээд галав юүлэхийн аюул зовлонгоос гэтэлгэнэ.

Амьтан бүгдийг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл талбисан “ах дүү 8 оточ” бурхдын гутгаар “Хир үгүй сайн алтан” буюу “Сэрсан Димэд” бурхан ба түүний залбирал, тус эрдэм.

Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн заларсан, Дайсныг дарсан, Үнэхээр туулсан бурхан Хир үгүй сайн алтан гэгээн Эрдэнэ, дүр явдал бүтээгч дор мөргөмүй, тахимуй, итгэмүй. 🙏😇🇲🇳
“Сэрсан димэд” бурханд мөргөл залбирал үйлдэхийн тус эрдэм: Өвчин эмгэгийг зайлуулж нас уртасгах, цаг бусын үхэлд үл нэрвэгдэх, унаа тэргэнд дайруулах, аянга цахилгаанд цохиулах, мод чулуунд цохигдох, араатан гөрөөс, могойн хорлолд өртөх, аюул осол хэлмэгдлийг арилгах, хариулах, гэтэлгэх хийгээд аливаа амьтан бүгдийг эцэг, эх мэт асрах энэрэнгүй сэтгэлийг төрүүлнэ.

Амьтан бүгдийг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл талбисан “ах дүү 8 оточ” бурхдын дөтгөөр “Гаслан үгүй цогт” буюу “Ня-ан мэдчог” бурхан ба түүний залбирал, тус эрдэм.

Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн заларсан, Дайсныг дарсан, Үнэхээр туулсан бурхан Гаслан үгүй дээд цогт танаа мөргөмүй, тахимуй, итгэмүй. 🙏😇🇲🇳

“Ня-ан мэдчог” бурханд мөргөл залбирал үйлдэхийн тус эрдэм: Сэтгэлийн гасланг арилгаж, бодол ухааныг төвшитгөх, дотны хань нөхөд болон эд зүйлээс нь хагацуулахгүй байх, нүглийг арилгах, гэрэлтсэн сайхан зүс царайтай болгон төрүүлэх, сэтгэл санаа тайван тогтуун байж нас уртасна.

Амьтан бүгдийг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл талбисан “ах дүү 8 оточ” бурхдын тавдугаар “Номын далай эгшигт” буюу “Чойдаг жамцо” бурхан ба түүний залбирал, тус эрдэм.

Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн заларсан, Дайсныг дарсан, Үнэхээр туулсан бурхан Номыг дуурсгагч далай эгшигт танаа мөргөмүй, тахимуй, итгэмүй. 🙏😇🇲🇳
“Чойдаг жамцо” бурханд мөргөл залбирал үйлдэхийн тус эрдэм: Бурхангүй үзэлтэй хийгээд лам хуврагад үл сүсэглэх нүглийг арилгаж зөв үзэлтэй, /дээд гурав буюу лам, бурхан, ном гуравт буцалтгүй сүжигтэй/ болгох, хэрүүл тэмцлээр хорлох, дайсагналыг буцаах, хэзээ бурхан болохыг хүртэл сэтгэл хангалуун, бусдын юманд шунадаггүй сэтгэлтэй болгох, хэрэгцээтэй эд юмыг олж эдлэх буян хурна.

Амьтан бүгдийг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл талбисан “ах дүү 8 оточ” бурхдын зургаадугаар “Илт мэдэгч хаан” буюу “Ончэн жалбо” бурхан ба түүний залбирал, тус эрдэм.

Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн заларсан, Дайсныг дарсан, Үнэхээр туулсан бурхан Номын далай, Дээд оюунаар тийн цэнгүүлэгч, Илтэд болгоогч хаанд мөргөмүй, тахимуй, итгэмүй. 🙏😇🇲🇳
“Ончэн Жалбо” бурханд мөргөл залбирал үйлдэхийн тус эрдэм: Тариа ногоо тарих, арилжаа наймаа хийх зэрэг аливаа ажлын нүглийг арилгах, санасан сайн үйлсийг даруй бүтээх, хэрүүл тэмцлийн бузрыг арилгах, сэтгэлийн бухимдлыг дарах, бусдын эрхэнд автагдах, шоронд хоригдох, цаазлагдах, бусдад зодуулж нүдүүлэх, алагдах зэрэг цаг бусын үхлээс гэтэлгэнэ.

Амьтан бүгдийг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл талбисан “ах дүү 8 оточ” бурхдын долоодугаар “Оточ Манал” буюу “Бэндүра-еи оджи жалбо” бурхан ба түүний залбирал, тус эрдэм.

Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн заларсан, Дайсныг дарсан, Үнэхээр туулсан бурхан, хамаг Оточ нарын багш, Биндэръяан гэрэлт хаан танаа мөргөмүй, тахимуй, итгэмүй. 🙏😇🇲🇳
“Оточ Манал” бурханд мөргөл залбирал үйлдэхийн тус эрдэм: Бурхны дүрийг олж гарын алга хөлийн уландаа хорол тэргүүтэй өлзийт сайн тэмдэгтэй болох, биенээсээ гэрэл цацруулан сайн сайхан явах, эд баялаг барагдашгүй арвин болох, царай муутай, хялар, сохор, дүлий, доголон зэрэг эрхтэн дутуу болох зовлонг нимгэлэн гэтлэх, аврал итгэлгүй хамаатан садангүй өргөх тэтгэх хүнгүй болж хоосрох хийгээд өнчирч хагацах зовлонгоос аврагдах, урьдын болон энэ насандаа хийсэн нүглийн үрээр насны эцэст ах дүү, амраг садан, эд хөрөнгөнөөсөө хагацах бие сэтгэлийн гаслан зовлонгоос аврагдах, эмэгтэй хүний олон зовлонг арилгаж, цэвэршүүлэхийн хамт ямагт эр төрлийг олно.

Амьтан бүгдийг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл талбисан “ах дүү 8 оточ” бурхдын наймдугаар “Бурхан багш” буюу “Шагжа түв” бурхан ба түүний залбирал, тус эрдэм.

Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн заларсан, Дайсныг дарсан, Үнэхээр туулсан бурхан, Цогт ялгуугсан Шагжаан Чадагч танаа мөргөмүй, тахимуй, итгэмүй. 🙏😇🇲🇳
“Шагжа-түв” буюу Цогт ялгуулсан Бурхан багшид мөргөл залбирал үйлдэхийн тус эрдэм: Аливаа зовлон зүдгүүр бүхнээс авран гэтэлгэхийн хамт хожим хойчид төгс гэгээрлийн хутгийг олно. Олон галваар үргэлжилсэн урд насанд үйлдэгдсэн нүгэл хилэнцийг арилгахад дээд нь болой.

Oточ Манал бурхан нь зургаан цагаан мэнгэтэй хүний мэнгэний бурхан. Зургаан цагаан мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1904, 1913, 1922, 1931, 1940, 1949, 1958, 1967, 1976, 1985, 1994, 2003, 2012 юм.

Дадъяата Ум бэханзэ бэханзэ, маха бэханзэ, ранза самудгадэ суха.

Дадъяата – түүнчлэн буюу тодорхойлох хязгаараас хэтийдсэн
Ум – ариун оршихуй
Бэханзэ – биеийн өвчнийг анагаах
Бэханзэ – сэтгэлийн өвчнийг анагаах
Маха бэханзэ – өвчин зовлонгийн үндэс “би” үзлийг анагаах
Ранза самудгадэ суха – Отчийн хаан туулсан бурхны адистид орштугай.

Watch on Facebook товчин дээр дарж үзээрэй.

Манал бурханы номыг унших үед юу бодох вэ?
Манал бурханы лагшин хөх өнгөтэй, хоёр мутрын баруунаар эмийн ургамал, зүүнээр бадар аяга барьсан, хоёр хөл очир завилгаагаар оршин байдаг. Энэхүү Манал бурхан маш бодитойгоор өөрийн өмнөх огторгуйд заларч ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас асар ариун цагаан өнгийн гэрэл цацарч миний биеийн оройгоор орж бүх биед түгсэнээр биед байсан өвчин хийгээд өвчиний эх үүсвэрүүд хар өнгийн зүйл болон хувирч биений доод хэсгээр гэрэлд хөөгдөн гарч байна. Улмаар бие, хэл, сэтгэл гуравт Манал бурханы лагшин, зарлиг, тааллын адис жинлав шингэж энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан Манал бурхны адис жинлавыг хүртэж байна, амьтан бүгд өвчин зовлонгүй, амар амгалантай болж байна хэмээн бясалгана. Манал бурхны адистидын хүчээр хамаг амьтан өвчин зовлонгоос түргэн салах болтугай, хэрэв өөрөө өвдөж буй бол Манал бурхны лагшингаас цацарсан гэрлийг өвдөж буй газартаа удаан байлгаж “Миний өвдөж буй энэ өчүүхэн зовлонгоор хамаг амьтдын асар их өвчин зовлон амирлах болтугай” хэмээн залбираарай. Энэхүү бясалгал нь өөрийн өвчинг хялбар давах сэтгэлийн их эрч хүчийг өгдөг нарийн увидас юм.

Тарнийг уншихдаа дотоод бурхныхаа анагаагч хүчийг сэрээж, түүний гэрэл долгионд ариусч байна гэж мэдэрч бясалгах ба хамаг амьтны өвчин зовлонгийн шалтгаан нимгэрч ариусан буй талаар бодож бясалгаж болох юм. Цөвүүн цагт Манал бурхны тарни, залбирал нь аврал ихтэй ажээ.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж, итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Орчлонд энэлэгч амьтан бүхэн Манал бурхны адистидийн хүчээр элдэв өвчин зовлонгоосоо түргэн гэтэлж, эгнэгт эрүүл энхээр амьдрах болтугай.

Манал бурхны зүрхэн тарни /дэлгэр/
Ум наму багаватэ бэханзэ гүрү байдуряа праба разаяа татагатаяа архатэ самяаксам буддаяа таяата ум бэханзэ бэханзэ маха бэханзэ бэханзэ раза самугатэ суха.

Хураангуй зүрхэн тарни:
Таяата ум бэханзэ бэханзэ маха бэханзэ бэханзэ раза самугатэ суха.

Бусдад туслахуй анагаах ухааны “Манба Дацан” хийд нь жил бүр Манал бурхны Дүлцэн жинхорыг бүтээдэг билээ. Манал бурхны ариун орон хийдийг элсээр бүтээдэг хот мандлыг Дүлцэн жинхор хэмээдэг.

Манал бурхны Дүлцэн жинхорыг 2005 онд Хамба лам Д.Нацагдоржийн санаачилгаар тухайн үеийн Их унзад Чүлтэмлувсан тэргүүтэй дөрөв, таван лам Гүмбүн хийдэд очиж суралдаж ирээд анх хийснээс хойш өдгөө 18 дахь жилдээ бүтээж байгаа юм.

Ийнхүү жил бүр хамаг амьтны тусын тулд, эрүүл мэнд, нас буян, цог золбоо, хийморь лундааг даатган Манал бурхны Дүлцон жинхорыг бүтээдэг билээ.