Нархажид - бурхдын хамт

Нархажид

Ум Ум Ум Сарва Будда Дагиниеэ Базар Варнаниеэ Базар Вирузание Хум Хум Хум Пад Пад Пад Суу Хаа.

Түвд: Наро хажодма
Санскрит: Сарвабуддхадакини
Англи: Sarvabuddhadakini
Монгол: Нархажид

Бурхны шашны Очирт хөлгөний ёсонд Дорж Налжирмаа буюу Базар-Йогини хэмээн алдаршсан Хажид бурхан нь эдүгээ цөвүүн цагийн гагцхүү аврал юм. Ийн хэмээхийг сурвалж бичигт “… Ядам бурхан бүгдийн хураангуй Базар-Йогини…” гэж номложээ. “Базар Йогини” нэрийн утга нь амгалан хоосны ялгал үгүйн тулд “Базар”, Барилдсаны билгэ дүрсэнд урвасны тулд “Йогини” хэмээн нэрийддэг буй.
Нархажид бурхан улаан лагшинтай, үл мэдэг догшин идэр залуу бүсгүйн дүртэй. Тэргүүндээ хохимой толгойн титэм залж, лагшнаа ясан зүүлт, эрих зүүж, баруун мөр дээрээ даржин дамартай дамар, хадаг унжуулсан хадамгай тавьжээ. Тэрбээр баруун мутартаа очир толгойтой махир хутга барьж, зүүнээрээ гавал аяганаас цус уун, бадам цэцгийн наран мандал дээр хар Бхайрава, улаан Каларатри хэмээх эмс гишгэн зогсоно.

Бадамлянхуа ба нар саран дэвсгэрт баруун хөлөө жийснээр улаан Цагийн бэлгэтийн хөхөн дээрээс дарсан, зүүнээ хумиснаар хар Аюулагчийн тохойг арагш харуулан дарсан нь атаагийн орон магнайн газарт дарсан. Биеийн өнгө улаан галбын гал мэт сүр жавхлантай, нэгэн нүүр, хоёр мутартай, гурван мэлмийгээр ариун Хажидын орныг болгоогсон.
Хоёр үнэнийг таалалдаа багтааснаар хоёр гарын баруунаар очироор бэлгэдсэн бөхөгөр хутгыг урууд сунган барьсан нь омог тэргүүтний орчлонгийн гэм бүгдийг тасдахыг бэлгэдсэн. Хажидын шидийг олохын дохионд зүүнээр цусаар дүүрсэн гавлыг дээд зүгт барьж амаа дээш зүглүүлсэнээр соёрхсон. Зүүн мөрөнд очироор бэлгэдсэн хадамга, дамар, хонх, гурван үзүүрт манжлага намирсанг барьсан. Тэргүүний үс хар, задгайлсанаар бэлхүүсний дээшхийг бүрхсэн идэр залуу хүслийн дэлгэр товгор хөхтэй, амгаланг үүсгэгч байдалтай, таван бэлгэ билгийн эрдэм төгссөний бэлгэдэл хүний хатсан таван толгойн титэмтэй, дотооддоо эгшиг гийгүүлэгч ариуныг бэлэгдсэн тавин хатсан толгойн унжлагатай, бэлгэ билгийн үзэгдлээс бүтсэн үхээрийн үсийг дээслэн сүлжсэн унжлага нь мөрнөөс гуя хүртэл унжсан, нүцгэнээр таван мудрагаар чимсэн, бэлгэ билигийн гал бадарсаны Түвд оршвой.

Нархажид бурхныг чин сүсгээр шүтэж, залбирваас эд баялаг үгүйрч хоосрох, нас буян хомсдох, арван зүгийн аливаа хорлол, аюул эндлээс магадтай аврах ач тустай бөгөөд нүгэл хилэнц арилан, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, Хажидын оронд саадгүй төрөхийн нигууртай билээ.

Хажид бурхан нь Энэтхэг, Түвд, Монголын эрт эдүгээгийн их шидтэн мэргэн бандида нарын оройдоо залдаг шүтээн, зүрхэндээ залдаг ядам билээ. Гэтэлгэгч эх Хажид бурхны бясалгал дияаныг үйлдэж, түүний гэгээн дүрийг үзсэн шидтэнгүүд олонтаа байдгаас, гол болсон нь Энэтхэгийн шидтэн Индра, Мидра, Нароба нар бөгөөд эдгээр ихэс дээдсийн нэрээр Индра Хажид, Мидра хажид, Наро Хажид буюу “Хажидын гурван аймаг” хэмээн нэрийдэл гарсан байна. Эдгээрийн дотроос Түвд, Монгол, Төв азийн оронд ихэд дэлгэрсэн ёс нь “Наро Хажид”-ийн ёс юм.

Нархажид бурхан нь Энэтхэгийн их бүтээлч Наробагаас уламжилж ирсэн нууц тарнийн ёсны сахиус юм. Их бүтээлч Наробад илтэд харагдсан тул Наробагийн дагина хэмээгдэх болсон билээ. Нархажид сахиус нь нууц тарнийн дээд болох ламид жүд ёсны бясалгалын бурхан ба монголчууд Нархажидыг шүтэн биширч түүнд зориулсан тахил, зан үйлийн ном хурдаг хийдийг тусгайлан байгуулсан байдаг.

Мөн түүнчлэн Богд лам Зонхавагийн их ачлалаар Монгол оронд судар, тарнийн номлол хослон дэлгэрч байсаны дотор Хажид бурхны хурал номын газрууд ч шашин номын үйл ажиллагаагаа явуулж, бясалгал бүтээлийг дэлгэрүүлж байсан байдаг. Богд лам нь бага залуугаасаа Нархажид бурхны бясалгал бүтээлийг чухалчлан үйлдсэнээр, түүний нүүрийг илт үзэж, Хажид бурхнаар хөтлөгдөн шидийг олсон байна. Түүнчлэн Богд Зонхова бээр Хажид гурван аймгийн эрхинийг машид нууцлан, анхааран авч цаашлаад “Эх Йогинийн дандар нэгэн дүнчүүр, зургаан живааг зарлиглан” зохиосон байдаг ажээ.

Машид их адистэдтэй Нархажидын энэхүү 32 үсэгт тарнийг чин сүжиг бишрэлээр өгүүлэн, сэтгэлдээ бясалган уншваас эдүгээ цагийн аюулаас магадтай аврах болно.

Эдүгээ цагийн 5 /цөв/ аюул нь:
1. Цагийн цөв: Дөрвөн улирлын эх адаг солигдон, хур, цасан буухгүй цагтаа бууж, салхи шуурга, ган гачиг ихээр болох. Араатан амьтанд хорлогдох нь ихэсч, элдвийн өвчин ихээр дэлгэрнэ.
2. Насны цөв: Амьтны нас ахар болох, эхийн хэвлийд амьгүй болох, зарим төрмөгцөө үхэх, эдгэхгүй өвчин тусах, гамшиг осолд өртөн бага залуудаа үхэх, насыг жамаараа наслан үхэх нь цөөн болно.

3. Үзлийн цөв: Эцэг эхийн ачийг үл санаж, өргөл хүндлэлийг умартах, үзэл буруудсанаар 3 эрдэнэд үл итгэх /бурхан, ном, хуврага/ үйлийн үр, буян нүгэлд үл итгэх. Өнөө маргаашийн эд эдлэл, алдар нэр олохын тулд юуг ч үл хайрлах тийм цаг болно.

4. Амьтны цөв: Амьтны бие жижигрэх, элдэв муу дүрстэн гарах. Бурхан шашин буяны зүгт үл зорин, аав, ээж, ах дүүтэйгээ үл нийцэн, сэтгэл омогшин ухаан мунхрах болно.

5. Нисваанисийн цөв: Аливаа үйлийг хүсэл шунал, уур, омгоор үйлдэх. Ичгүүр сонжуур үгүй болж, нисваанисаар /хорлох сэтгэлээр/ амьтны сэтгэл эзлэгдэх болно.

Нархажид бурхныг шүтсэний ач тус нэгэнт бидний үед ирчихсэн дээрх цөвүүн цагийн зовлонгоос аврагч цорын ганц аврал нь Нархажид бурхан, Нархажид бурхны чог, лог, бүтээл юм. Нархажид бурхныг чин сүсгээр шүтэж, залбирваас эд баялаг үгүйрч хоосрох, нас буян хомсдох, арван зүгийн аливаа хорлол учрах, ган гачиг, зуд турханд өртөх зэрэг аюул эндлээс магадтай аврах ач тустай.

Ум Ум Ум Сарва Будда Дагини Еэ, Базар Варнани Еэ, Базар Бээрозани Еэ Хум Хум Хум Пад Пад Пад Суухаа.

(Үлэмж их адистэдтэй энэхүү тарнийг чин сүсэг бишрэлээр өгүүлэн сэтгэлдээ бясалган уншваас эдүгээ цагийн аюулаас магадтай аврах болно.)

Буян үүгээр түргэнээ би
Хажид эхийг бодитой бүтээснээр
Ертөнцийн амьтан нэгийг ч хоцроолгүй
Түүний оронд байгуулах болтугай.
Үхэх цагт итгэлт дагинасын чуулган
Цэцэг, шүхэр, дуаз барин угтаад
Цангилзуур хөгжим яруу дуут тэргүүтнээр тахиж
“Огторгуйг зорчигч эх”-ийн оронд хөтлөх болтугай.

Нархажид бурхныг шүтэж зүрхний угаас авралыг одуулж, жаргах зовох юу ч тохиосон эргэлзэлгүйгээр эх та л аварч болгоо хэмээн залбираад тарнийг 3, 7, 21, 108, 1000, 10000, 100000 тэргүүтэн аль чадахаараа уриарай.

Нэгэн цагт Нархажид бурхныг шүтэж зүрхний угаас аврал одуулж тарнийг урьдаг лам хийдээс нь холгүй борчуудын хороололд амьдрах настай эмэгтэйг өөрийн эх мэт асарч хоол хүнсээр тэтгэдэг байжээ. Нэг өдөр эмэгтэй хол явахаар болсноо дуулгаад надтай хамт явах уу гэхэд тэр газар таныг хэн өргөх билээ хэмээн санаа зовниход хүү минь сэтгэлээ бүү чилээ хамт явах уу хэмээв. Лам татгалзжээ. Маргааш нь настанг эргэхээр гэрт нь очтол нэгэн ядуу хүн элс шүлс зэрэг бохироор дүүрсэн аягыг сарвайж “Танд үүнийг үлдээсэн” гэхэд лам ихэд эгдүүцэн аягыг хөсөр хаятал шүлс нь солонгод хувирчээ. Лам алмайран гайхаж энэ эмэгтэй ер бусын хүн байна. Хажид бурхан биш байгаадаа гэж бодоод багшдаа айлдав. Багш нь: “Чи урьдын их ерөөлийн хүчээр Хажид бурхантай уулзсан ч таньсангүй гэвч сэтгэлээр бүү уна дахин гурван удаа заларч Хажидын орноо хөтлөх болно маргааш хийдээс гараад зам дээр хүлээ улаан дүрт таван бүсгүй таарвал аль нэгнийх нь гараас алдалгүй барьж ариун Хажидын оронд аваад заларна уу хэмээн зүрхний угаас сүжиглэн залбир” гэж зарлиглав. Маргааш нь багшийн зарлигийн дагуу таван үзэсгэлэнт бүсгүйтэй учирсан ч олноос эмээж барьж авч зүрхэлсэнгүй. Багш нь дараагийн учралыг алдахгүй байхыг сануулав. Лам дахин учирсан ч эргэлзээгээ үл дийлэн боломжоо алдав. Гуравдахь удаад зам дээр тааралдсан нэгэн эмэгтэйн гараас шүүрэн барьж мөргөн залбиртал өмнө нь Хажид бурхан бодитой залрав. “Хөвгүүн чи анх намайг таньсан бол эдүгээ ариун Хажидын оронд энэ биеэрээ залрах байлаа. Хүү минь энэ хорвоогоос буцах цагт ээж нь гараас чинь хөтлөн Хажидын орон луу авч явна” хэмээн зарлиглажээ. Ийн чин сүжгээр Хажид бурханд залбиран мөргөж тарнийг урьсанаар сүсэгтэн та ч энэрэн нигүүлсэхийн адистэд хүртэж Нархажид бурхантай нүүр учран Хажидын орноо гарцаагүй одохын ерөөл тавья аа.

https://www.facebook.com/groups/narkhajid.sum/permalink/304676623387533/