Ногоон дарь эх

Ногоон дарь эх

༼ ཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་སྭཱ་ཧཱ། ༽

Ум дари дүддарэ дүрэ суха

Төвдөөр: Долма
Санскритаар: Тара
Англиар: Green tara
Монголоор: Гэтэлгэгч эх

Ногоон дарь эх буюу Гэтэлгэгч ногоон эх. Түвд нэр нь Должан, самгарди нэр нь Шяматара болой. Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэдэг учир тийн нэрлэжээ.

Нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, маргад мэт өнгөтэй, энэрлийн мишээлтэй, хос мэлмийн сормуус урт, мэлмийн хар цагааны хувьд үл нийлэлдсэн, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, агшингийн гялбаа мэт мэдэгдэхүүнийг нэгэн агшинд болгоох чадалтай, нүдний эрхэс нь цагаан бөгөөд гэрэл лугаа төгс, уруул хийгээд гар, хөлийн алга ул нь улаан туяа төгс тэргүүний үс хар зөөлөн шанхалж хагас боосны дотор Одбагмэд бурхан заларч байдаг. Арван найман насны идрийн цог төгс, баруун өвдөг дээрээ гарын алгыг дээш харуулсан дээдийн өгөгч мутарлагатай. Энэ нь авал орхил дор мэргэн шавь нугуудыг бурхны газарт зорчихыг дуудаж буй, зүүн мутар нь авралын орон чухаг дээд гурвыг бэлгэдсэн, эрхий ба ядам хурууг учруулж бусад хуруунуудыг дээш босгосон нь авралыг өгөхийн мутарлага болно. Арслан мэт омгийн аюул, заан мэт мунхагийн аюул, гал мэт уурын аюул, могой мэт атаагийн аюул, хулгайч мэт муу үзлийн аюул, чөдөр мэт хармын аюул, ус мэт хүсэл тачаалын аюул, биш мэт эргэлзэж тээнэгэлзэхийн аюулаас аварч чадна гэдгийг бэлгэддэг.

Мутарт барьсан хөх удвал цэцгийн бэлгэдэл нь огторгуй чацуут амьтан нугуудыг орчлонгийн амгалангаар үл барам бурхны хутагт хүргэмой хэмээхийн хичээлийг үүсгэхийн сануулга юм. Биеийн дээд хэсэг солонгон хувцсыг нөмөргөсөн, баруунаа жийсэн, зүүнээ хагас хумьсан завилгаагаар оршдог нь номын хүрдийг эргүүлж байгаад баяссан шавь нарын сэтгэлийн гадна дотно дайсны омгийн чуулган бүгдийн машид даран зохиож буй болой. Тэргүүнийх нь их эрдэнийн чимэг нь шинийн нэгний сараар оройгоо чимсэн, тэдгээр нь тэнгэр хүмүүний чимгээс гайхамшигтай, ялгамжаатай. Хүзүүний чимэг тэргүүтэн бусад унжлага чимэгтэй. Эдгээр бүх чимгээс зовлонг арилгагч цагаан гэрэл машид бадарч байдаг. Мөр тэгш дэлгэр, бэлхүүс нарийн бөгөөд түүнээс доошид сэрэмжгүй явдал, ичгүүр сонжуур тэргүүтнийг хаасныг бэлгэдэн хормогчоор их эрдэнийн чимэг сэлттэй бүс бүсэлсэн, ертөнцийн тэнгэр лусын хаан тэргүүтний хамгийн сэтгэлд зохистой эхнэрүүд ч гэсэн дээрхийн биений намба төрхтэй тэнцэлдэж үл чадах гоо үзэсгэлэнтэй.

Өнгөрсөн, одоо, ирээдүйд залрах бурхан бүгдийн үйлсийн эрдэм нь гэтэлгэгч ногоон эхийн дүрсэнд ургасан байдаг. Дарь эхийн лагшинг нэгэн үзүүрт сэтгэлээр санан дурдваас цаг бусын үхэл хийгээд гадна, дотны аюулаас аварч чадна. Хутагт Жанрайсэг бээр хэдий чинээ байгаа амьтан бүгдийг орчлонгоос гаргана хэмээгээд амьтны тусыг хэмжээлшгүй бүтээсэн ч орчлонгийн амьтан дундраагүйд уйсан шантарч мэлмийн нулимс унагасанд тэр нулимснаас нь бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээж Гэтэлгэгч эх бээр мэндэлсэн ёсыг үзүүлжээ. Тэрбээр амьтны тусыг би үйлдье. Хорлол бүгдээс авран хамгаалъя. Намайг сэтгэлдээ аргадсан амьтан тэдгээрийг ханьцашгүй бодид магадтай байгуулж үйлдье хэмээн зарлигдаад итгэлт Жанрайсэгийн үйлсийг зохиохын нугуудыг таалсан байдаг. Гэтэлгэгч ногоон эхийн лагшин, зарлиг, тааллын эрдмийг санахын үүднээс машид сүсэг бишрэлээр шүтвээс, шүтсэн цагаас аваад бодийн хутгийг олох хүртэл аврал итгэл өмөг садан минь болсугай хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр соёрхлыг талбин магтаж, тарнийг тоолбоос юу хүссэн бүхэн биелэнэ гэдэг. Өөрийн үндсэн дэх эрдэм бүгдийг дээш дээш арвитган дэлгэрүүлнэ. Гай барцад, нүгэл хилэнц арилж, нас буян арвидна, билиг ухаан төгөлдөржиж, эд баялаг бэлгэлнэ, бусдын тусыг бүтээнэ өлзий бусын шалтгаан бүгдийг арилгадаг номтой.

Дарь эх нь сансрын (амьдралын) хүрдний бүхий л гаслан зовлонгоос Гэтэлгэгч эх юм. Гурван цагийн бурхдын үйлсийг тэтгэгч эх. Аливаа буянтай ажил үйлсийг үтэр түргэн тэтгэн бүтээж, хүүхэд хүссэнд хүүхдийн заяа хайрлаж, эд хүссэнд эд баялаг хайрлаж, муу ёрын зүүд хэрүүл тэмцлийг арилгана.

УМ༽ Бурхны ариун лагшин, зарлиг, тааллын хэмжээлшгүй их эрдмийг илэрхийлнэ.

ДАРИ༽ Хутагтын дөрвөн үнэний эхнийх нь болох Сансрын хүрдний зовлонгоос Гэтэлгэгч эх

ДҮДДАРЭ༽ Хутагтын дөрвөн үнэний хоёр дахь болох Зовлонгийн үнэн шалтгаан үйлийн үр хийгээд муу сэтгэлээс Гэтэлгэгч эх

ДҮРЭ༽ Доод төрөлхтөний зорихуйн орон болох сайн төрөл авах, дунд төрөлхтөний зорихуйн орон болох өөрөө өөрийгөө орчлонгоос гэтлэхүйн нирваан, дээд төрөлхтөний зоригдолын орон болох төгс гэгээрэл гэсэн гурван төрөлхтөний бүх л орныг олох үйлсийг бүтээнэ.
Эдгээр үйлсэд мөн энэ насны ажил үйлс, найз нөхөд хийгээд номыг ёсчилон сэтгэлдээ үйлдэх таатай нөхцөл бүгд багтана.

СУХА༽ Ум дари дүддарэ дүрэ суха тарнид багтах Дарь эхийн адистэд нь бидний зүрхэнд гэгээрлийн уг шалтгааныг байгуулах болтугай хэмээсэн утга.

Тарни нь бурхны мөн чанарыг агуулах бөгөөд хүний дотоод сэтгэл ялангуяа эрдэм мэдлэг, адислал, билиг оюуныг сэргээхэд голлон тусладаг юм. Бурхдын тарни нь мөн чанарын адислал ба эрдэм чадлыг шингээж хамаг амьтдын зовлонгоос гэтэлгэх хүсэл болгоныг бүтээх хүчийг агуулсан дуу авианы хэлээр илэрхийлэгддэг ажээ. Мөн тарни нь Бурхан багш юмс үзэгдлийн мөн чанарыг гүнээ бясалган тэгш агуулах үестээ айлдсан самгарди хэлний үеүдийн цогц юм.
Арвис тарнийг урихдаа сэтгэлээ тарни номдоо сайтар төвлөрүүлэн 108 тоот эрхээр хэт чанга эсвэл хэт сул бус авианы давтамжтай унших хэрэгтэй.
Нууц тарнийн ёсонд дээд тэнгэр, бурхдын бясалгалын гүн ёогт нэвтрэн орохын тулд хувилгаад лам нараас авшиг аван элдэв тарнийг хэдэн зуугаар нь давтан унших нямба бүтээлд шамддаг гэдэг.
Бурхдын тарнийг зөв дадуулан уншихад биеийн хийг намжаах, сэтгэлээ төвлөрүүлэх, бясалгалын тэгш агууллыг үүсгэх тэргүүтэй нарийн дэглэмтэй. Бурхны номын утгыг сэтгэлдээ анхааран авч тарнийг олон жилийн турш ёсоор нь уншваас тус эрдэм агуу гарна хэмээн судар номд айлдсан байдаг.

Түвд, Монголын дээдэс лам нар жанч халах үедээ ч бясалгалын байдалтай, биеийн хэсэг, үе мөчүүдийг нягталж үзвээс тарнийн олон үсэг товойх, лагшингийн хэмжээний өөрчлөлт сэлт бусад эгэл бусын шинж тэмдгүүд олонтаа гарсныг хуврагуудаас олонтаа сонссон.
Дарь эх бурхныг урин дуудаж хүссэн хэргээ даатгахын тулд

” ཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་སྭཱ་ཧཱ།
Ум дарэ дүддарэ дүрэ суха” тарнийг уншиж залбирна.
💚 Ногоон Дарь эхийн тарнийн ( ཨོཾ )Ум үсэг нь Дарь эх бурхны лагшин, зарлиг, тааллыг төлөөлдөг бөгөөд тэдгээр эрдмийг өөртөө төрүүлэхийг дотроо эрмэлзэх хэрэгтэй. ( ཏཱ་རེ ) Дарэ ( ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ ) Дүддари хийгээд ( སྭཱ་ཧཱ ) Дүрэ нь гурвуул “Гэтэлгэх” гэсэн утгыг агуулдаг. Энэхүү гурван үг нь “Бодь мөрийн зэрэг” сударт бага, дунд, их хэмээх гурван төрөлхийтний мөрийг туулахад учрах саадыг арилгадаг гэсэн нэгэн тайлбар бий.
💛 Мөн эдгээр гурав нь хорвоогийн гаслангаас уйсах, бодь сэтгэл төрүүлэх, хоосон чанарыг онох мөрийн гурван эрдэмд шамдахад тохиолдох түйтгэрийг арилгадаг гэсэн бас нэгэн тайлбар байдаг.
🧡 Өөр нэгэн тайлбарт ( ཏཱ་རེ ) Дарэ нь өөрийн эрхээр биш мунхаг нисваанисын эрхэнд тасралтгүй төрөл авах орчлонгийн хүрднээс ангижруулан гэтэлгэхийг бэлэгддэг ажээ.
( ཏཱ་རེ ) Дарэ нь хутагтын дөрвөн үнэний нэг дэх үнэн болох зовлонгоос гэтэлгэдэг.
( ཏུཏྟཱ་རེ ) Дүддарэ нь найман аюулаас гэтэлгэдэг. Ингэснээр Дүддарэ нь хоёр дахь үнэн буюу зовлонгийн шалтгаан болсон хилэнцэт сэтгэл түүнээс үүддэг нүгэлт үйлээс гэтэлгэх бэлэгдэлтэй юм.
( ཏུ་རེ ) Дүрэ нь өвчнөөс гэтэлгэдэг. Хамгийн хүнд өвчин нь муу сэтгэл, мунхаг, төөрөгдөл байдаг учраас Дүри нь зовлонгийн шалтгаан түрдэх гурав дахь үнэнийг бэлгэддэг. Ийнхүү гэтэлснээр төгс билгүүнийг олох нь бидний туйлын зорилго болно. Дөрөв дэх үнэн буюу мөрийн үнэнд суралцсанаар бид энэхүү зорилгодоо хүрэх юм.
( སྭཱ་ཧཱ ) Суха нь ༜ Энэ ерөөл бат орших болтугай ༜ гэсэн утгатай, гэгээрэлд хүрэх мөрийн үндсийг сэтгэлийн гүн зүрхэн тольтноо тарихыг бэлгэддэг.

Долоон улаан мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Ногоон дарь эх бурхан юм.

Долоон улаан мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1903, 1912, 1921, 1930, 1939, 1948, 1957, 1966, 1975, 1984, 1993, 2002, 2011 юм.

Өршөөлгүй найман аюулаас авран гэтэлгэгч эхэд мөргөмүй
Өлзийт сүр жавхлангаар бадрагч эхэд мөргөмүй
Өөдгүй муу заяаны үүдийг хаагч эхэд мөргөмүй
Өнөд илт өндөр заяаны мөрд хөтлөгч эхэд мөргөмүй
Хэзээ ямагт сахин тэтгэгч таньд мөргөмүй
Ханьцашгүй нигүүслээрээ эгнэгт авран гэтэлгэхийн соёрхолыг талбимуй.

Олон галвын өмнө Аада хэмээх Бурхан залран ахуй үест түүний шашин номонд үлэмж сүсэгтэй Ейшэдаваа нэрт нэгэн хааны охин байв. Тэрээр Аада бурхан ба дагалдагч Бодьсадва, олон хуврагуудад хэмжээлшгүй их өргөл тахилыг өдөр бүр бэлтгэн өргөж буянд шамддаг байжээ. Тийнхүү Ейшэдаваа охин Бодь сэтгэлийг төрүүлсэн агаад хураасан буяны үрээрээ эр хүйстэй болж, эрэгтэй Бодьсадвын дүрээр амьтны тусыг хийх уг шалтгааныг бүтээжээ. Гэвч Ейшэдаваа охин “Хоосон чанарын агаарт эрэгтэй ч үгүй, эмэгтэй ч үгүй, эзэн үгүй, бодьгал үгүй бөгөөд эр, эмд зүүн нэрийдэх энэ нь хэрэггүй” хэмээн айлдаад эмэгтэйн дүр байдлаар амьтны тусыг үйлдээчин хаана ч үгүй тул орчлон зовлонт амьтнаар хоосрох хүртэл эмэгтэй дүрээр амьтны тусыг зохиохын тангараг тавьсан байна. Ийнхүү Ейшэдаваа бясалгалд оршиж, эгэл хүмүүний ахуй ёсыг тэвчиж, самадийг бүтээж, эрхшээлийг олоод, үдээс өмнийн зуурт орчлон ертөнцөд дуршин шунах сэтгэлийн хүлээсийг тасар татан, үйлс ханьцашгүйг зохиосон юм. Тиймийн тул түүнийг Гэтэлгэгч эх хэмээх болсон ажээ. Бурхан Аада “Ейшэдавааг ирээдүйд Лхаму Долма хэмээх төгс гэгээрсэн Бурхан болно” хэмээн бошго үзүүлсэн байдаг. Тийнхүү айлдсанчлан Ейшэдаваа “Үйлсийг тэтгэгч Гэтэлгэгч эх” хэмээх төгс гэгээрсэн Бурхан болсон байна.

21 дарь эх

Хорин нэгэн Дарь-Эхийн ачлал дууны үгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

21 дарь эхийн зүрхэн тарни

Ногоон дарь эх бурхан

Ногоон дарь эх /Түвд/

Хорин нэгэн Дарь эхийн хураангуй магтаал

Ногоон дарь эхийн уншлага

Дарь эхийн мандал шиваа судар

༼༜ Ногоон дарь эхийн тухай хууч ༜༽

Урьд нэгэн айлын эхнэр нөхөр хоёр муудалцаад эхнэр нь бага хүүхдээ бор халзан туулай болгон аваад гарч гэнэ. Үдэш орой болсон тул амандаа Дарь эхийн тарни уншиж явжээ. Тэр үед хоёр чөтгөр эхнэр нөхөр хоёрыг муудалцуулаад нэг нь замд нь хорлохоор тохиролцсон боловч тааралдсангүй гэнэ. Нөгөө нь гүйж ирэн замд тааралдсан эсэхийг лавлавал “Бор халзан туулай дагуулсан доголон Дарь эх тааралдсан” гэжээ. Ингээд Дарь эхийн тарнийн хүчээр эх хүү хоёр чөтгөрийн хорлолд өртөөгүй гэдэг.

• Доголон Дарь эх гэсэн нь тэр эхнэр тарнийг буруу хазгай уншиж явсныг хэлжээ.
• Мөн заримд Дарь эх нь араг үүрч, савар барьсан ногоон дээлтэй хүүхэн болж харагдсан тухай хууч яриа ихэд дэлгэрсэн байдаг.

Энэрэл нигүүслийн дээд, түргэн авралт 21 дарь эхийн тарни.

  1. Эрхэнд хураагч Дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва хэрэ даду баша гүрү суха
  2. Ад номхруулагч Дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва бавам шиндам гүрү суха
  3. Төгс эдлэл дэлгэрүүлэгч Дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва аюу бунаяа бишдэм гүрү суха
  4. Нас арвитгагч дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва аюу зана бушдэм гүрү суха
  5. Сэтгэл булаагч дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва жигиму агар хаяа хэрэ суха
  6. Буд,нар,сарыг согтуулагч дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва бигана шадум уза даяа суха
  7. Хорлол зүхлийг далдлан дарагч дарь эх:
    Ум дари дү дари дүри суха
  8. Шимнус дайсныг даран сөнөөгч дарь эх:
    Ум дари дү дари дүри жигимала омуга мараяа пад суха
  9. Аюулаас аврагч дарь эх:
    Ум дари дү дари дүри жигимала нодва сарва рагча суха
  10. Чөтгөр эрхэнд оруулагч дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва мара бара мадаяа хум пад суха
  11. Үгээгүй хоосныг үтэр арилгагч дарь эх:
    Ум дари дү дари дүри басу дари суха
  12. Өлзий хутгийг бадруулагч дарь эх:
    Ум дари дү дари дүри ум доном дүдү суха
  13. Сахин хамгаалагч дарь эх:
    Ум дари дү дари дүри адина багчим гүрү суха
  14. Тотгор дарагч дарь эх:
    Ум дари дү дари дүри базар маха бахаеа босом гүрү суха
  15. Хилэнц номхруулагч дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва бобом бараша жанаеа суха
  16. Билэг хийгээд тарни арвитгагч дарь эх:
    Ум дари дү дари дүри дарма баранза барди бари шадаеэ суха
  17. Дайсан хийгээд хулгайг дарагч дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва зоро домдани суха
  18. Лус савдгийн хорыг арилгагч дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва нага шимдом гүрү суха
  19. Муу зүүд хэрүүлийг арилгагч дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва дүдсо бани мозани суха
  20. Хижиг өвчний хорыг таслагч дарь эх:
    Ум дари дү дари дүри сарва жахи зура барша манаеэ суха
  21. Аливаа үйлс бүхнийг бүтээгч дарь эх:
    Ум дари дү дари дүри садана суха

 

🙏🏼🙏🏼🙏🏼
༄༄།། ལྷ་དང་ལྷ་མིན་ཅོད་པན་གྱིས།།
Лхадан лхамин жодван жи

ཞབས་ཀྱི་པདྨོ་ལ་བཏུད་ནས།།
Шавжи бадмо ладүд най

ཕོངས་པ་ཀུན་ལས་སྒྲོལ་མཛད་མ།།
Понба гүнлай долзад ма

སྒྲོལ་མ་ཡུམ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ།།
Долма юмла чагцал ло

ཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་སྭཱ་ཧཱ།
Ум дарэ дүддарэ дүрэ суха

Тэнгэр хийгээд асури титмээрээ
Түүний өлмийн лянхуад сөгдсөн
Хоосрол бүхнээс гэтэлгэн зохиогч
Хосгүй Гэтэлгэгч Дарэ эхэд мөргөе

🙏🏼🙏🏼🙏🏼

21 Дарь эхийн нэгдүгээр эх (Нюрма бамо)

༄ Дарь эх нь Түргэн, Баатар гэтэлгэгч эх бөгөөд эгшин дэх гилбэнгэн мэт мэлмийтэй, гурван ертөнцийн итгэлийг уснаас төрсөн нүүртэй, бадмаараг эрдэнийн улаан өнгөтэй, сүр хилэнт дүртэй, баруун мутраа сунгаж аливаа хүчтэнийг эрхэндээ оруулах увьдис бүхий рашаантай бумба барьсан, зүүн мутраа хумиж удвал барьсан, ад зэтгэр, буруу үзэлтнийг эрхэндээ оруулж, хорлол хөнөөлгүй, зөөлөн амирлангуй болгон зам мөрийг даасан эх.

💐 Мөргөмүй, Түргэнээ гэтэлгэгч баатар эх
Нэгэн агшинд гялалзах мэт мэлмийтэй
Гурван ертөнцийн Итгэл түүний мандал дахь
Лянхуан тоорцогноос гарсан эх

21 дарь эхийн хоёрдугаар эх (Донгай Дадар Гарбой Дулмаа)

༄ Дарь эх нь намар цагийн тэргэл сар зуу давхарласан мэт гэрэлт царайтай, амирлангуй номхон дүртэй. Баруун мутраа сунгаж алган дээрээ өвчин, ад зэтгэрийн хорыг арилгагч рашааны бумба тавьсан. Хорвоог жигшиж түүний үйл замаас түргэн гэтлэхийг хүсэгчдэд тусалж, өвчин тотгор хийгээд үл зохилдох харшлах муу бүхнийг номхотгон амирлуулах үйлсийг даасан эх.

🌷 Мөргөмүй, Арилсан намрын сарнаас
Асар илүү зуу давхарласан мэт царайтай
Мянган тоот оддын чуулгануудаас
Машид сайтар нээгдсэн гэрэл бадрагч эх

21 Дарь эхийн гуравдугаар эх (Сэрдогжанма)

༄ Дарь эх нь алтан хөх уснаас төрөгч лянхуаг гартаа барин өглөг, хичээнгүй бэрх хатуужлыг чадагч, баясгалант сайхан дүр төрхтэй. Баруун мутартаа нас буян, эд таваар, идээ цагаа арвижуулах бумба барьсан. Хүний нас хийгээд төгс эдлэл амны хишгийг арвижуулах үйлсийг даасан эх.

🌹 Мөргөмүй, Алтан хөх уснаас төрсөн
Лянхсаар мутраа магад чимсэн
Өглөг хичээнгүй хатуужил амирлах ба
Хүлцэнгүй дияаны ариун явдалт эх

21 Дарь эхийн дөрөвдүгээр эх (Цээпилмаа)

༄ Дарь эх нь найман их аюулаас ертөнц бүхнийг авран зохиогч, бүгдийн эх болсон, алтан уул мэт шар өнгөтэй, жавхлант сайхан баясангуй төрхтэй. Насан хутгийн өлзий буян хурах рашааны бумба барьсан. Нас буян дэлгэрэхийн хур оруулах зам мөрийг даасан эх.

🌺 Мөргөмүй, Түүнчлэн заларсан бурхдын үснир
Харшлах бүгдийн хязгаараас нь ялах явдалтай
Хоцроол үгүй барамидын чинадад зорчихуйг олсон
Бурхны хөвгүүдээр машид шүтэгдсэн эх

21 Дарь эхийн тавдугаар эх (Хунда Догвын Дулмаа)

༄ Дарь эх нь ДҮДДАРЭ, ХУМ үсгээр хүсэлт зүг хийгээд огторгуйг дүүргэн долоон ертөнцийг хөл доороо дарж үлдээл үгүй эргүүлэх чадалтай, шүрэн улаан өнгөтэй. Заөлөн номхон дүртэй, заримд догшин дүртэй. Бусдын сэтгэлийг татаж, эрхэнд хураах үйлийг даасан эх.

🌸 Мөргөмүй, Дүддарэ хум үсгээр
Хүслийн ертөнц ба огторгуйд түгэх зүг
Долоон ертөнцийг өлмийгөөр даран
Хоцроол үгүй бөхийлгөн чадагч эх

21 Дарь эхийн зургаадугаар эх (Жигдэнсүмжилмаа)

༄ Дарь эх нь хурмаст ба асури тэнгэр, салхин тэнгэр, элдэв эрхтнүүд тахисан үнэр идэштэн, ягчисын чуулган өмнөө магтсан, улаан хар үймцсэн өнгөтэй, бага зэрэг уурласан дүртэй. Нүднээ үл үзэгдэгч хүн бусыг согтоон номхотгон үйлдэгч рашааны бумба барьсан. Эсура тэнгэр хийгээд савдаг мэтийг хүчин дорой боол болгон хувиргагч эх.

🌼 Мөргөмүй, Хурмаст, Эсрүүн, Галын тэнгэр ба
Хийн тэнгэр, Махашивари тэргүүлсэн элдэв тэнгэрт тахигдсан эх
Бүднэр, Ороолон, Гандарис, хийгээд
Ягчисын чуулганаар өмнөө магтагдсан эх

21 Дарь эхийн долдугаар эх (Равдү Жонма)

༄ Дарь эх нь ПАД-аар чандсын засал хүртэн маш эвдэгч баруунаа хумин, зүүнээ жийн хөл дороо дарсан. Хар бараан өнгөтэй, амаа ангайсан хилэнт байдалтай. Бусдын арвис тарнийн хүчийг буцаах чадал бүхий рашааны бумба барьсан. Хараал зүхэл, тарнийн хорлолт хүчийг зайлуулан дарагч эх.

🌻 Мөргөмүй, Дад хэмээн үйл ба пад-аар
Чанадын үйлдлийг машид дарагч эх
Баруунаа хумиж зүүнээ жийн дарсан бөгөөд
Бадран дүрэлзсэн галыг улам асаагч эх

21 Дарь эхийн наймдугаар эх (Дүджонма)

༄ Дарь эх нь аймшигт шулмасуудыг дарагч, хамаг дайсныг үлдээл үгүй нядлагч, улаан хүрэн өнгөтэй, уурласан догшин дүртэй. Гал мэсэн хурыг буулгаж дайсныг дарах увдист рашааны бумба барьсан. Шумнас хийгээд харш дайсан, хулгайг зайлуулагч эх.

💐 Мөргөмүй, Дүри үсгээр их аюулгагч эх
Шимнусын баатрыг огоот даран
Лянхуа мэт царайгаа атируулан
Хамаг дайсныг хоцроол үгүй хороогч эх

21 Дарь эхийн есдүгээр эх (Чогзолмаа)

༄ Дарь эх нь эрдэнэсийн бэлгийн мутрын хуруугаа зүрхэн дороо чимсэн, өөрийн гэрлээр чуулсан бүгдийг хөтлөгч, цагаан өнгөтэй, идэр залуугийн байдалтай. Амирлангуй номхон дүртэй, аюул бүхнээс аврах увидас бүхий рашааны бумба барьсан. Энэ ба хойд насны аюул хорлол муу үйлээс аврах, гурван эрдэнийн бэлгэдэл болсон эх.

🌷 Мөргөмүй, Гурван эрдэнийн их мутрын
Хуруугаан зүрхэн тушаа тийн чимсэн эх
Хоцроол үгүй зүгийн хүрдэнгээр чимэглэсэн
Өөрийн гэрлийн чуулганаар самууруулагч эх

21 Дарь эхийн аравдугаар дарь эх (Жигдэн вандү дүйва)

༄ Дарь эх нь маш баясгалан, чимэгт титэм нь гэрэл гийн инээгч, машид хүчтэй инээгч, ДҮДДАРЭ-гаар шулмасуудын ертөнцийг эрхшээгч, улаан өнгөтэй, тачаангуй дүртэй. Тэрсүүдийн аймаг, шимнусын омгийг дарагч рашааны бумба барьсан, шулмас тэрсүүд, буруу үзэлтнийг номхотгогч эх.

🌹 Мөргөмүй, Машид баясал сүр жавхлантай
Титмийн гэрэл эрхин хэлхээ мэт ээлжлэн
Машид чанга Дүддара үсгээр инээхүй бээр
Шимнус ба ертөнцийг эрхэндээ хураасан эх

21 Дарь эхийн арван нэгдүгээр эх (Пунсалдулмаа)

༄ Дарь эх нь уурлалыг хөдөлгөгч ХУМ үсгээр хамаг үгээгүйг аврагч, газар дэлхийг эргүүлэх чадалтай, улбар шар өнгөтэй, баясгалантай дүртэй. Хоосролыг арилгагч, хишиг буяныг арвижуулагч эх.

🌺 Мөргөмүй, Газар дэлхийг сахин тэтгэгч чуулган
Аймаг бүгдийг өөртөө эргүүлэн чадагч эх
Догшин мэт төрх хөдөлгөөн ХУМ үсэг тэргүүтнээр
Үгээгүй ядуу бүхнийг тийн гэтэлгэгч эх

21 Дарь эхийн арван хоёрдугаар эх (Одрав задма)

༄ Дарь эх нь шинэ сараар титэмлэн чимсэн бүгд нь бадрангуй, хар үсэн дундах Авид бурхнаар насад сайтар гэрэл зохиогч, алтан шаргал өнгөтэй, инээмсэглэсэн дүртэй. Амирлангуй сайхан байдалтай, сайн бүхнийг дэлгэрүүлэхийн өлзий бүрдлийн рашааны бумба барьсан, үүрдийн амгалангийн өлзийг өгөгч эх.

🌸 Мөргөмүй, Шинэ сарнаар тэргүүнээ чимж
Чимэг бүгдээс машид бадрах гэрэлт эх
Тэргүүн үснэрийн зангилаасанд Авид бурхан
Үргэлжид гэрэл бадраан гарагч эх

21 Дарь эхийн арван гуравдугаар эх (Даей бүний барви дулмаа)

༄ Дарь эх нь эцсийн галвын гал мэт бадрангуй эрхэсийн дунд оршин, баруунаа жийн, зүүнээ хумин, дайсны омгийг магадаар эвдэгч, хар бараан өнгөтэй соёогоо ярзайлган гурван нүдийг эргэлдүүлсэн догшин дүртэй. Завсрын саад тотгорыг арилгах рашааны бумба барьсан, элдэв саад тотгорыг арилгагч эх.

🌼 Мөргөмүй, Эцсийн галав дахь гал мэт
Бадран зангирсны төвд оршигч эх
Баруунаас жийн зүүнээ хураан бүхнээр хүрээлүүлэн баясан
Дайсны хүчийг магад дарагч эх

21 Дарь эхийн арван дөрөвдүгээр эх (Тониржанма)

༄ Дарь эх нь газар дэлхийг гараар алгадан, хөлийн улаар дэвсэн уур хилэн зохиож, ХУМ үсгээр долоон зэрэг бүгдийг хэмхлэгч, хар бараан өнгөтэй, ялимгүй хилэнт атирааг үзүүлсэн дүртэй. Саад зэтгэрийг арилгагч рашааны бумба барьсан. Сайн үйл хэрэгт саад учрах аваас түүнийг арилгах, гал мэт бадрах үйлс хийморьт, ягчис ба дайсны хүчийг буцаах үйлийг зохиогч эх. 21 Дарь эхийн хамгийн догшин дарь эх юм.

Чанцал саши ойла чаги
Тэлжэ нүнжин шавжи дүн ма
Тонир жанзад еэгэ хум ги
Римба дүнбо намми гэм ма

🌻 Мөргөмүй, Газар дэлхийн зүг, мутрын
Мутрын алгаар дэлдэн, өлмийгөөрөө дэвслэн
Хилэнт дүрээр хум үсгийг
Долоон зэргэмжит нугуудыг дарагч эх

21 Дарь эхийн арван тавдугаар эх (Даши-донжид)

༄ Дарь эх нь амгалан буянт амирлангуй эдлэл оронтой, их нүгэл хилэнцийг арилган зогсоогч, цагаан өнгөтэй амирлангуй номхон дүртэй. Хилэнц бүхнийг арилгах увидас бүхий рашааны бумба барьсан. Гай түйтгэр, муу авъяас, ариун бусыг арилган гэтэлгэгч эх.

💐 Мөргөмүй, Амгалан, буянт, амирлангуй эх
Гаслангаас нөгчин амирлан явагч эх
Суха, Ум сэлт төгс сайн үсгээр
Их нүглийг дарагч эх

21 Дарь эхийн арван зургаадугаар эх (Ригба хумлай дулмаа)

༄ Дарь эх нь хамгаас эрхэм баясгалантайгаар хүрээлэгдсэн, арван зүгт тарни зохиогч арвис хум үсгээр гэтэлгэгч, улаан өнгөтэй, номхон дүртэй. Оюун ухааныг арвижуулагч бумба барьсан, язгуурын ухааныг тэтгэх билгүүний эзэн эх.

🌹 Мөргөмүй, Бүхнээр тойруулан машид баясан
Дайсны биеийг машид эвдэгч эх
Арван үсэгт тарни зохион
Арвис хум аар гэтэлгэгч эх

21 Дарь эхийн арван долдугаар эх (Жигдэнсүмёо)

 

༄ Дарь эх нь дүри-гээр хөлөөн дэлдэгч, гурван ертөнцийг хөдөлгөгч, гүргэмийн туяа адил улбар шар өнгөтэй, амарлингуй байдалтай. Бусдын муу хараал үл зохилдох үзлийг арилгах рашааны бумба барьсан. Элдвээр хорлогч, хулгай дээрэм, дайсныг даран гэтэлгэгч эх.

🌺 Мөргөмүй, Дүри хэмээн өлмийгөө дэвсэлж
Хум дүртэй хөрөнгө лугаа
Сүмбэр уул, Мандара уул, Бигжэд уулс
Гурван ертөнцийг хөдөлгөгч эх

21 Дарь эхийн арван наймдугаар эх (Дүгсэл жидма)

༄ Дарь эх нь тэнгэрсийн нүүртэй, гөрөөсөн билгийг гартаа баригч, Да-ра хоёрыг өгүүлээд пад үсгээр хамаг хорчуудыг арилгагч, шөнийн саран адил цагаан өнгөтэй, амирлангуй дүртэй. Хор хортонг арилгах бумба барьсан, бие хэл сэтгэлийн хорыг арилгагч эх.

🌷 Мөргөмүй, Тэнгэрийн нуур мэт төрхтэй
Гөрөөсөн билэгтийг мутартаа барьсан
Да ра үсгийг хоёронтоо өгүүлэн пад үсгээр
Хор бүгдийг арилгагч эх

21 Дарь эхийн арван есдүгээр эх (Дүгнал сэлби дулмаа)

༄ Дарь эх нь тэнгэрсийн чуулганы хан, тэнгэр хийгээд хүмүүн, хүмүүн бусад ерийн шүтээн хотол баясгалан хуягаар жавхланг бадруулагч, хэрүүл муу зүүдийг арилгагч, цаст уулын туяа адил цав цагаан өнгөтэй, амирлангуй дүртэй.
Зовлонгийн гамшгийг арилгагч рашааны бумба барьсан, лусын хорлол хийгээд учирсан ба учрах зовлон, хэрүүл тэмцэл муу зүүдний гэмийг арилгагч эх.

🌸 Мөргөмүй, Тэнгэрийн чуулган хаад хийгээд
Эгэл тэнгэр, хүмүүний шүтээн эх
Хуяг бүхэнд таалан баясах сүрээр
Тэмцэл, муу зүүд бүгдийг арилгагч эх

21 Дарь эхийн хорьдугаар эх (Римнад сэлма)

༄ Дарь эх нь наран саран дэлгэрсэн хоёр мэлмий нь маш тод гэрэлтэй Ха хийгээд Ра хоёрыг өгүүлэн дүддари-гаар маш догшин хижгүүдийг арилгагч ягаавтар улаан өнгөтэй. Томуу хижиг өвчнийг арилгагч эх.

🌼 Мөргөмүй, Наран саран мандах
Хоёр мэлмий нь тод гэрэлтсэн эх
Хара үсгийг хоёронтоо урин дүддари-гаар
Машид хурц хижиг өвчнийг арилгагч эх

21 Дарь эхийн хорин нэг дэх эх (Яндаг дулмаа)

༄ Дарь эх нь гурван чанар бүгдийг зохиогч амарлингуй хүчин лүгээ үнэн төгөлдөр, ад хийгээд ягчисуудын чуулсан сүйдийг дарагч дүртэй эрхэм манлай эх. Цагаан өнгөтэй, дөрвөн зүйлийн бүтээл бүхий шидийг өгөгч рашааны бумба барьсан. Дөрвөн зүг найман зовхист амарлингуйг дэлгэрүүлэх, эрхэндээ хураах эх хэмээх эдгээр хорин нэгэн Дарь эх болой.

💐 Мөргөмүй, Гурван мөн чанарыг зохиосноор
Амирласан хүч лугаа үнэн төгс
Ад, ороолон, ягчисын чуулганыг
Түргэн дарагч дүри-г эрхшээсэн дээд эх