21 Дарь эх - Хорин нэгэн Дарь эх

Хорин нэгэн Дарь-Эхийн ачлал

Хорин нэгэн Дарь-Эхийн ачлал.

Хорол эрдэнийн шүншигт
Хорин нэгэн Дарь-Эх минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Шид увдист тань биширч
Шившлэг тарнийг тань хэлье.
Ум дари ду дари дүри суухай

1. Эрхэнд хураагч Дарь-Эх
Эрмэш сэтгэлийг номхотгох.
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэх
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь-Эхийн
Эрдэм чадалд сөхрөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Хэрэ даду баша гүрү суухай

2. Ад омруулагч Дарь-Эх
Зургаан сүв, таван цулд
Зовлон хурж, өвчин адлах
Шаналлын түмэн барцдыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад омруулагч Дарь-Эхийн
Агуу хүчинд бишрэн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бавам шамдам гүрү суухай

3. Төгс эдлэл дэлгэрүүлэгч Дарь-Эх
Төрсөн биенд буян хурж
Түмний үйлсэд гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлах оргилох гомдол сарних
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Аюу бунаяа бишдэм гүрү суухай

4. Нас арвитгагч Дарь-Эх
Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйсч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас арвитгагч Дарь-Эхэд
Наминчлан байж мөргөе
Ум дари ду дари дүри сарва Аюу зана бушдэм гүрү суухай

5. Сэтгэл булаагч Дарь-Эх
Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр
Агуу сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь-Эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Жигиму агар хаяа хэрэ суухай

6. Буд нар, сарыг согтуулагч Дарь-Эх
Есөн гариг эргэн гийх
Ер бусаар илбэн таалах
Ёрын муу илчинд эгдүүцэх
Ертөнцийн одны гүйдэлд суух
Буд нар, сарыг согтуулагч
Бумба Дарь-Эхэд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бигана шадум уза даяа суухай

7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь-Эх
Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хураах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бияа аври мияа пад суухай

8. Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь-Эх
Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинших
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтэй гасланг таригч
Шимнус дайсныг даран сөнөөгч
Шагжмуни Дарь-Эхэд даатган мөргөе
Ум дари ду дари дүри жигимала омуга маряа пад суухай

9. Аюулаас аврагч Дарь-Эх
Гал усны аюулт гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлах
Өвчин эмгэг зайлуулж өгөх
Аюулаас аврагч Дарь-Эх таны
Алтан мутраас адис авч мөргөе
Ум дари ду дари дүри жигимала Нодва сарва рагча суухай

10. Чөтгөр эрхэнд оруулан хураагч Дарь-Эх
Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албин тачаал
Хүмүүн заяаг хорлон тэрслэгч
Хүсэл хяслын нягуурт баярлагч
Чөтгөрийг эрхэндээ оруулан хураагч
Чадамж ихт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Мара бара мараяа хум пад суухай

11. Үгээгүй хоосныг үтэр арилгагч Дарь-Эх
Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураах
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерүүлэх
Үгээгүй хоосрохыг үтэр арилгагч
Үнэн бишрэлт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри Басу дари суухай

12. Өлзий хутгийг бадруулагч Дарь-Эх
Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзийн хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри Ум доном дүди суухай

13. Сахин хамгаалагч Дарь-Эх
Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадрааж
Аюул гасланг зайлуулан
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь-Эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе
Ум дари ду дари дүри Адина багчим гүрү суухай

14. Тотгор дарагч Дарь-Эх
Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь-Эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе
Ум дари ду дари дүри базар Маха бахаеэ босом гүрү суухай

15. Хилэнц омруулагч Дарь-Эх
Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц омруулагч Дарь-Эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бодом бараша жанаеэ суухай

16. Билэг хийгээд тарни арвитгагч Дарь-Эх
Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадай таягаа тулан зүтгэх
Зуун живаагаар маань шивших
Билэг хийгээд тарни арвитгагч
Билгүүн номт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри дарма Баранза барби ба ри шадаеэ суухай

17. Дайсан хийгээд хулгай дарагч Дарь-Эх
Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгай дарагч
Дарь-Эх таны увидаст мөргөе
Ум дари ду дари дүри Сарва зоро домонди суухай

18. Лус савдгийн хорыг арилгагч Дарь-Эх
Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдгийн хорыг арилгагч
Лусын дагина Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Нага шимдом гүрү суухай

19. Муу зүүд, хэрүүлийг арилгагч Дарь-Эх
Үг сөргөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгаж зүрх цанхаах
Муу зүүд, хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Дүдсо бани мозани суухай

20. Хижиг өвчний хорыг дарагч Дарь-Эх
Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Жахи Зура барша манаеэ суухай

21. Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь-Эх
Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун лагшин Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри садана суухай