Очирдарь - Занабазарын урлал

Очирдарь

“Санаад утга нь буудаггүй, бясалгаад үндэс нь төрдөггүй цөвүүн цагт нандин шүтээний орны хүчинд шүтэх юм бол увидсыг авдаг”
Богд Зонхов
Шүтээн гэдэг нь ямарваа нэгэн төрөлхийтөнд буян хураалгах орон, нандин гэдэг нь дотоод шүтээн гэсэн утгыг тус тус илэрхийлж буй билээ.
Очирдарь бурхан ямар учиртай вэ ? хэмээвээс ерөөс хамаг бурхад зуун бурханд, зуун бурхан нь язгуурын таван бурханд, язгуурын таван бурхан нь Очирдарь бурханд хураагддаг гэдэг. Тиймээс түгээмлийн эзэн Очирдарь хэмээдэг.
Өдгөө Гандантэгчэнлин хийдийн нандин шүтээн болсон Очирдарь бурхныг хэрхэн бүтээсэн тухайд цорж лам Диваасамбуу гуай \Гандантэгчэнлин хийд дахин сэргэсэн түүх номонд\ :
Анх Өндөр гэгээн Монгол оронд шашин ном дэлгэрүүлэх аргыг олон талаас шинжин судар тарнийн ёсыг хослон барилдуулсан Богд ламын шашныг шүтвээс шашин тогтоно хэмээн болгоож уг шашныг дэлгэрүүлсэн. Тэгээд Очирдарь бурхныг бүтээсэн нь монголд бүтээсэн Өндөр гэгээний анхны бурхдын нэг юм байна. Өндөр гэгээн арван нэгдүгээр жарны гал могой жил “Би өндөр настай болов. Намайг халх нийтээрээ богд минь хэмээн шүтдэг боллоо. Би мөнх бус болохоор шавь нар минь надаас хойш хэцүүднэ. Шүтэж залбирах шүтээн болгож өөрийгөө төлөөлүүлж Очирдарийг бүтээе” хэмээн таалаад бүтээсэн гэдэг. Бурхан бүтээж байхыг нь нэг хүн сэм харахад алт, мөнгө, зэс, эрдэнэсийг тогоонд хийж хайлаад ханцуйгаа сугалдаргалчихсан тос хольж байгаа юм шиг гараараа хутгаж байсан гэдэг. Мөн “За сайн шүр, оюу, номин нэг шингээр сүншгэнд нь хийлээ, хүнд битгий хэлээрэй” гэж хамт хийлцэж байсан шавьдаа захижээ. Гэвч энэ тухай гадуур ярилцаад байсанд шавь нь, надаас өөр хүн мэдээгүй атал яагаад ийм яриа гараад байна хэмээн гайхаж. Багш нь “Бид хоёрыг бурхан сүншиглэж байхад хатавчинд ми ма ен \хүмүүн бус амьтан\ сууж байсан юм, тэр л тараачихаж дээ” гэсэн гэдэг. Сүншигний дотор Ловон Бадамжунай багшийн бодьтой адисласан “Жэма Ада”-г Очирдарийн зүрхэнд нь залжээ. Учир нь урьд Түвдийн Тисрондэзан хааны үед Ловон Шантирагчида Самъяа хийдийг байгуулж байх үед тэр газрын лус савдагууд нь ихэд догшин бөгөөд өдөр барьсан хийдийг шөнө нь нураачихдаг байжээ. Шантирагчида “Би эднийг дийлэхгүй. Иймд Балбад заларч буй Санжай нива агхан \хоёрдугаар бурхан тарнич\-ыг залж лус савдгийг номхотгох хэрэгтэй” гэж айлдсан. Ингээд Ловон Бадамжунайг Түвдэд залж иржээ. Тэрээр “Танай эндхийн лус савдгууд хэцүү тул би бүтээл бясалгал хийнэ” гээд хийдийн ойролцоох агуйд суужээ. Энэ үед Гүнаа, Цамба, Дамжин зэрэг нь их догшин савдгууд байж. Тэд Ловон Бадамжунайн толгойг хагална гэж том хад чулуу буулгаж байсан ч биенд нь хүрэлгүй хагарч бутарч унаад дийлээгүй гэдэг. Ловон Бадамжунай тэднийг гүгшигдэн ирүүлж “Одооноос та нар шашинд тустай үйл хийх хэрэгтэй. Иймд шашныг хамгаалагч сахиус болгоно” хэмээн сахил өгсөн бөгөөд ирээгүй заримыг нь гүгшиндэн санваар өгч байхад үс нь аяндаа унаж байжээ. Ийнхүү лус савдгуудыг номхотгон Самъяа хийдийг байгуулж равнай өргөн олон жил суужээ. Нутаг буцах үед нь дагалдан явсан хорин таван шавь нь “Таныг явчихаар бид багшгүй болно, яах билээ” хэмээлдэж зарим нь уйлж унжсанд Ловон багш нь “Намайг төлөөлүүлж шүтэж яв” гээд голын элснээс атган тус бүрд нь өгсөн нь “Жэма Ада” юм. Эдгээрийн нэг нь дамжин явсаар тавдугаар Далай ламд ирснийг Өндөр гэгээнд дотночилон өгснийг Очирдарын сүншигт хийсэн нь тэр аж. Энэ нь Ловон Бадамжунай өөрөө бодьтой адисласан ховор нандин зүйл тул Очирдарийн зүрхэнд залснаас хойш Хангал болгоны эхэнд “Ловон Бадамжунай ламын налжор” уншдаг болжээ. Мөн Өндөр Гэгээн Очирдарийг бүтээж байхдаа дөрвөн шад номыг зохион уншиж байсан гэж түүний намтарт гардаг. Энэ нь:
Очирдарийн эрхэт язгуур үндэсний багш хийгээд
Ялгуусан амирлангуй, хилэнт хөвүүн хийгээд шавь сэлтэд
Үнэн үгийг бүтээх их төрөлхийтөн бүгд бээр
Зориулга ерөөлийг зориулан сэтгэгчлэн бүтээхийг зохион соёрх
гэсэн шад шүлэг болой.

Очирдарын зүрхэнд Бадамжунай багшийн атга элс оршоостой. Цастын орноос одох цагт нь уйлан зүүгдсэн шавьдаа голын элсэнд амьсгалаа шингээн, намайг орлог гэж өгсөн. Тэр нандин шүтээнийг Өндөр гэгээн Банчин багшаасаа өвлөсөн юм. Осендовский дурсдаг: Үүрээр барон Унгерн сэрээгээд чамд амьд бурхан үзүүлье гээд Гандан уруу давхиж, эхлээд Жанрайсэгт мөргөөд, энэ бурхан арай амилах болоогүй гээд дараа нь Очирдарын дуганд энэ шүтээнд мөргөхдөө жинхэнэ амьд гэж билээ… Амилж мишээхий нь хувьтай хүн хардаг гэдэг. Дээрэнгүй хүнийг үггүй зэмлэх харц, дорой нэгнийг нигүүлсэн тэтгэх аястай. Түгээмлийн эзэн маань Огторгуй чанар – оршихуйн нэгдлийг илэрхийлдэг.