Очирт Пүрэв

Очирт Пүрэв сахиустай холбогдуулан анхааран авах зүйл

Пүрэвийн тахилга нь гай гамшиг зовлонг очирт пүрэвээр тонилгоно хэмээн айлдсан байдаг. Ном бүтээлд шамдагч сайн үйлсийг түгээгч нарын дотоод гадаадын саадыг Пүрэв сахиус нь тонилгон эвдэгч ихэд догшин сахиус болой. Пүрэв сахиусны тахилга тайлгын дамжлага лүн, ван өдгөөг хүртэл тасраагүй үргэлжлэн хурсаар байна.

Анх 7 дугаар зууны үед Их Хамба Бодьсадва Түвд орноо Бурханы шашныг дэлгэрүүлэхээр олон сайхан үйлс зохионгуйг бүтээсэн ч тэр үеийн Хар Бонгийн /бөө удган/ ёсныхны хараал чатга, муу үйлд дарагдаж тусыг эс олсонд Трисон Дэвүзан Хаанд “Жагарын орноо Ловон Бадмажунай / Гүрү ринбүүчи / хэмээх их шид бүтээлч ламтан буй түүнийг Түвд орноо урин залж, Бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд хүч хавсаргах нь зохилтой” хэмээн дурдатгаснаар Хаантан илч зарж Гүрү ринбүүчийг Түвд орноо залсан түүхтэй. Гүрү ринбүүчи Түвд орноо морилж ирээд Очирт пүрэвийн үүднээс эрх авшигийг хүртээж, бүтээлийг дэлгэрүүлж, хатуу үйлийг үйлдснээр Хар Бонгийн ёсныхны муу үйл дарагдаж, асран нигүүлсэхүй сэтгэл төрж, Бурханы шашинд ихээр орж Цаст Түвдийн орноо Бурханы шашин дэлгэрсэн бөлгөө. Дээрх Хамба Бодьсадва, Ловон Бадмажунай, Номун Хаан Трисон Дэвүзан гурвын ханьцашгүй их ачаар Түвдийн орноо Бурханы шашин машид баттай дэлгэрч цаашлаад Их Монгол орноо дэлгэрсэн юм. Анх Ловон Бадамжунай Түвд орноо залраад 7 хүмүүнд Пүрэвийн эрх авшгийг хүртээсний нэг нь хожмоо Сажын ёсыг үүсгэсэн Номт Хон овогтны дээд угсааны лам Лүйвонсрүнма бөлгөө. Лүйвонсрүнмагаас дамжсан дамжлага нь Хон жүд дамжлагын Пүрэв хэмээх нийтийн бус, эцгийн дамжлагатай нандин авшиг болсон бөгөөд 11 дүгээр зууны үед шинэ орчуулагчдыг баримтлан Сажа ёс үүсэхдээ энэхүү Хон дамжлагын Пүрэвийн авшигаа мөн авч гаран өнөөг хүртэл Хон овгийн эцгээс хөвүүнд дамжуулсаар ирсэн олдохуй бэрх, нандин ном юм. Тогоонтөмөр хаанаас хойш гэж үзвэл 700-гаад жилийн дараа Сажын алтан ургийн лам энэхүү дээдийн номыг Монгол орноо айлдах гэж байгаа болов уу. Пүрэв сахиус нь хүмүүн амьтанд хорлол, муу нөлөөг үзүүлэгч ад зэтгэр, хар бон, төрлөө олоогүй биет бус нигуудыг номхотгон дарж, сайн зам мөрд хөтлөн оруулдаг ялгамжаатай чанартай, тангарагтай сахиус бөлгөө. Пүрэвийн дамжлага нь Ханьцашгүй дандарын жүд дамжлагатай тул Бурханы шашны суурь мэдлэгтэй байж гэмээн хэргийг бүтээнэ. Уг дамжлагыг авснаар бөөгийн хорлолд өртсөн, эсвэл уг язгуураа авахгүй бол чиний удмаас үхэл, өвчин зовлон тасрахгүй гэсэн дарамтанд байгаа сүсэгтнүүд заавал ирж суун, сүнсэн биеэ очирт пүрэвийн чанартай болгож айдас хүйдсээсээ салж болно. Эрх авшгийг нь хүртсэнээр Пүрэвийн үүднээс тарнийг нь тоолох, өөрт дадуулах, хурлыг нь дагаж хурах, бүтээл хийх боломж нээгдэнэ. Эрхийг нь авсан юм чинь бурханыг нь бүтээлгэж зална гэж хуйлраад хэрэггүй. Пүрэв сахиусны бодит лагшин дүрээр нь энгийн сүсэгтэн гэртээ залж шүтэхэд бол хүнддэх буюу дамцэг тангаргын алдаа унал гарах нигуур ихтэй тул Пүрэв сахиусны дүрийг олшруулан тараахгүй байхыг хүсч байна. Харин Пүрэв сахиусны мөн чанарыг өөртөө хурааж, хүчийг эрхшээсэн Гадсан пүрэвийг учир утгыг нь сайн танин барьж мэдсний дараа өргөө гэртээ залж шүтэж байхад болноо. Гадсан пүрэвийг гэртээ залснаар тэр орд өргөөнд хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлол, хар цагаан хэл ам, хараал жатга, хар бон бөөгийн хорлолд үл автана гэсэн тус эрдэм,тангарагтай юм. Сажа Бандидын Номын Хүрдэн хийдийн зүгээс жил болгон Пүрэвийн бүтээлийн хурлын үеэр Энэтхэгт бүтээгдсэн гадсан пүрэвийг залж авчран зохих харамжийг нь авч хот мандалд байрлуулан цэнгүүлж, адислуулаад тараадаг билээ.

Хийдийн үүсгэн байгуулагч Б. Отгонбаатар /Шастри/