Сэнгэ Аро

Сэнгэ Аро

Бурхан бүгдэд өөр өөрсдийн ерөөл, үйлсийн хүчээр бүтсэн ариун орон байдаг. Бурхны ариун орон нь зовлонгийн нэр төдий ч үл дурдагдах, бие сэтгэлийн хувиршгүй их амгалант орон юм. Мөн бие, хэл, сэтгэлийн үзэгдэх гэм бүгдээс хагацсан дүрс лагшингийн төгс чанарыг эрхшээсэн бурхнаас бодитоор номыг сонсож зовлонгийн үндэс болсон муу сэтгэлийг амирлуулагч ухаарал мөрийг өчүүхэн шамдлаар олж чаддаг гайхамшигт онцлог чанартай. Тэр утгаараа хялгасны төдий ч зовлонг хүсдэггүй, үүрдийн төгс амгаланг зөнгөөрөө хүсдэг бид бүгд хойд хойдын төрөлдөө бурхны ариун оронд төрөхийн тухайд хамаг амьтанг асран нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлж, сайн үйлд шамдан хичээж, ерөөл залбирлыг талбин сэтгэлийн хүчтэй шидэлийг үргэлж үүсгэж байх нь чухал.
Шарын шашныг үндэслэгч Богд Зонхов нь ирээдүйд ариун орныг бүтээн Сэнгэ аро бурхны дүрээр төгс гэгээрлийн хутгийг олох ёсыг үзүүлэх бөгөөд энэ оронд төрөгсөд нь Сэнгэ аро бурхнаас нууц тарнийн асар гүн увдисийг сонсон ухаарч түргэнээ төгс гэгээрлийн хутгийг олох хувьтай билээ. Тиймээс Богд Зонховын номлол сургаальд ёсчлон суралцсанаар тэрхүү оронд төрөх гүн үйлийн барилдлага тогтоож байдаг.
Нууц тарнийн увдис номлолтой учрах нь бурхантай учрахаас ч илүү ховор тохиол болохоор бурхны ариун орон бүгдэд нууц тарнийн номлолыг айлддаггүй бөлгөө.