༄། ཨ་ཀ་ས་མ་ར་ཙ་ཤ་ད་ར་ས་མ་ར་ཡ་ཕཊ་།།
Ага сама раза шада раса мара яа пад
Сэндонма бурхан бол хүн ба хүн бусын хар хэл ам хараал жатга хэл амны бузрыг арилгагч цөвүүн цагийн хэл амыг дарах тангарагтай догшин дагина билээ. Арслан тэргүүнт дагинийн тааллын хангал, тахилга хурсны үүднээс догжүр буюу хариулгын балин гаргадаг. Энэхүү сахиус нь хатуу хэл ам, хараал зүхэл, хар зүгээс илгээх харшлах саадыг хариулан буцаах тангарагтай Юмчин Ширчэн бурхны догшин дүр билээ. Сэндом сахиусыг шүтэн хурал тэргүүтнийг даган баясваас гадаад дотоодын хар цагаан хэл ам, өвчин хорлол хараал жатга тэргүүтэй муу зүйл бүхнийг амирлуулан сайн үйлс бүхнийг тэтгэн дэлгэрүүлэх дээдийн тангарагтай.
Сэндомын увдис гарсан түүх.
Лам лугаа ядам дагинасын чуулган дор мөргөмүй.
Бари лозва лам бээр Энэтхэг явах замдаа Балба орны тэрсүүдийн багш Галданжалбуутай ном хаялцан дийлсэнд Галданжалбуу өширхөн уурлаж, Бари ламд: “Чамайг долоо хоногийн дотор муу тарниар алсугай. Эсвэл чи миний шашинд ортугай” хэмээсэнд Бари лам бээр: “Чиний шашинд орсноос эдүгээ үхвээс баясмуй” хэмээгээд газар товчлогч увдис хэрэглэн хугас өдрийн зуурт Очирт сууринд хүрч, Очирт суурины Даяанч ламд болсон явдлыг айлтгав.
Даяанч лам зарлиг болсон нь:
“Өнөөдөр шинийн есөн. Маргааш шинийн арванд ахуй их тахил бэлдэж, чуулганы хурим
үйлдэн залбирал талби. Дагинас эш үзүүлэх болмуйяа” хэмээсэн дор нь, дөрвөн цэн алтаар
чуулганы тахил бэлдээд Даяанч ламд дөрвөн лан алтыг өргөлөө.
Тэндээс Бэлгэ билгийн дагина Сэндом огторгуйгаас ийн өгүүлрүүн:
“Бари хүү минь ээ! Очирт сууринаас зүүн зүгт сарлаг мэт дөрвөлжин хад бий. Түүний хормойд гурвалжин тэмдэгт газар ухваас лацадсан модон авдар гарна. Түүний дотор ширэн авдар, түүний дотор бодь модон авдар, түүний дотор мөнгөн авдар, түүний дотор алтан авдар, түүний дотор оюун авдар, түүний дотор биндэръяан авдар, түүний дотор бадмаараг авдар, түүний дотор бор хүрэн хивэнд боосон бид дагинасын зүрхний цусаар бичсэн арван дөрвөн үсэгт тарни бий. Эхэнд Ум үсэг үгүй, сүүлд Суу Хаа үгүй, дээр доор эгшиг зүүлт үгүй, дунд цэг үгүй.
Тэр биед байваас ад тотгороор үл хөнөөгдмүй. Оюунд байваас муу зүгийн шулмасаас гэтлэмүй. Түүнийг өдөрт хориос илүү бүү тоол” хэмээн зарлигласан.
Тэр бээр маргааш нь нэгэн их улаан балин хийж авч одоод сарлаг мэт дөрвөлжин хадны доор газар ухан авдруудыг гаргаж, дотроос гарсан тарнийг гурав хоног тасралтгүй урьсанд
тэрсүүдийн багш цусаар бөөлжин үхлээ.
Болсон явдлыг Очирт суурины Даяанч ламд айлтгаваас, ламын аман гэгээнээс: “Цөвүүн цагийн амьтны багш нь надтай адил, шавь нь чам лугаа адил болсноос тэрсүүд мөр хайхад үл ормуй.
Тарнийг биедээ зүүснээр болох байтал чи олонтаа урьснаас тэр үхлээ. Эдүгээ хилэнцээ
арилгахын арганд алтаар нэгэн судар бүтээгтүн” хэмээн зарлигласныг тэрхүү ёсоор бүтээсэн.
Бари лам Түвдэд ирээд Сачин Гунгаанямбууд энэхүү увдисаа өгсөн хийгээд тэндээс
зэрэгчлэнгээр дамжин үндэслэсэн ажээ.
Жоо. Урьд цагт нууц тарни очирт хөлгөний
Шашныг сахихаар ам авсан Ралжигмаа
Цогт Хар-Охин тэнгэр дээд тангарагтан дор
Тангаргын эдүүдээр тахил өргөн мөргөмүй.
“Жо Рагмо Жо Рагмо Жо Жо Рагмо Түн Жо Хала Рагчэнмо
Рагмо Ажа Дажа Түн Жо Рүлү Рүлү Хум Жо Хум”
Машид амарлисан номын биеийн агаараас үл хөдлөвч
Олон аргасын хувилгаанаар Чадагчийн шашныг сахин зохиогоод
Бүтээгч нугуудыг хөвгүүнчлэнгээр тэтгэгч
Цогт Магсаржалмуугийн өлзий хутаг орштугай.
Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf
