Цагаан дарь эх

Цагаан дарь эх

Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур зана бүняа бүсдим гүрү суха.

Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Цагаан дарь эх бурхан нь насны гурван бурхны нэг бөгөөд хамаг амьтдын насыг уртасгах их ерөөл тавьсан бурхан юм. Эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг болоод зогсохгүй амь нас уртасгах шид бүтээлийг эрхшээгч болой. Тиймээс амь нас уртасгах, гэнэтийн аюул, аваар ослоос сэрэмжлэхийн тухайд шүтвээс зүйтэй.

Цагаан дарь эх бурхны лагшин цагаан өнгөтэй, хоёр мутрын зүүнээр удбал цэцгийн ишийг барьсан нь найман аюулаас аврахын бэлэгдэл, зүүн мутар өгөхүйн байдлыг үзүүлсэн нь хүссэн бүгдийг хайрлахыг бэлэгдэлтэй бөгөөд хоёр хөл очир завилгаатай ба бүхнийг болгоох долоон мэлмийтэйгээр залардаг.

Хамаг бурхдын хайр нигүүслийн төлөөлөл болох Авалокетишвара- Жанрайсагийн нулимсан дуслаас мэндэлсэн гэх Цагаан Дарь Эх бол бурханы шашинтнуудын хамгийн их сүсэглэж аврал одуулдаг бурхдын нэг юм.

Дарь эх – Тара гэдэг үг санскритийн три- гэтэлгэх гэсэн язгуураас гарлтай бөгөөд, хорвоогийн зовлон энэллийн далайгаас хамаг амьтдыг гэтэлгэн гаргагч гэсэн утгатай юм.
Цагаан Дарь Эхийн хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгэлээс ч илүү харьцуулашгүй аугаа хүчтэй гэдэг.
Тара гэдэг үг санскритаар од гэсэн үг бөгөөд: Энэ өнцгөөс авч үзвэл Дарь Эх нь од адил өөрийн амьдрал хайрлагч цацрагаар хамаг амьтныг тэжээн тэтгэн, сансрын харанхуй нөлөөллөөс сахин хамгаалж байдаг. Буддын шашинд дарь эхийн тухай ойлголт 3-р зууны үед Индуйзмаас орж ирсэн.
Тара тантрад өгүүлснээр, хамаг Бурхдыг гэгээрүүлэн гэтэлгэн чөлөөлөх үйлсийн төлөөлөл болох Цагаан Дарь Эх түгээмэл орчлонгийн Эх талын биелэл билээ. Зургаан зүйл амьтныг хэмээсэн түүний хэмжээлшгүй их асрал хайр нь эх хүний үрээ гэх сэтгэлтэй ч харьцуулашгүй гүн бөгөөд хүчтэй хэмээнэ. Хамаг Бурхдын Эх болсон Цагаан дарь эх нь алдрыг дурсан аврал залбирал одуулсан хэнд ч болов тусалдаг. Сансрын олон кальпагийн өмнө Цагаан Дарь Эх хаан хүний охин болон төржээ. Цэцэн билгүүн, асрал нигүүсэл дүүрэн, үзэсгэлэн гоо гүнж тэрээр хувраг гэлэнмаа нарт өргөл өргөж, хамаг Бурхдад залбирал аврал одуулан буян ихээр хураасан байна.
Хувраг гэлэнмаа нар түүнийг хойд төрөлдөө эр хүн болж төрөөд бурхны сургаалыг дэлгэрүүлэгч болохын ерөөл тавъя гэхэд гүнж хоосон чанарын огторгуйд эр ба эм хүйс аль нь ч үгүй, иймээс би бүсгүй төрөлдөө дахин төрж, хамаг амьтанд туслан Бурхны хутгийг олон, Төгс гэгээрэлд хүртэл нь бодийн замаар хамаг амьтныг хөтлөх болно гэж хариулсан байна.
Тара Тантрагийн 3-р бүлэгт, Цагаан Дарь Эхийн мэндэлсэн тухай сансрын чанартай эхийн домогт, Жанрайсиг Бурхны нулимснаас бадамлянхуа дэлгэрч, энэ лянхуанаас Цагаан Дарь Эх төржээ гэсэн байна. Жанрайсиг бурхан хорвоо ертөнц дэх амьтны зовлонг мэлмийгээрээ болгоон уйлахад зүүн мэлмийний нулимснаас амирлингуй Цагаан Дарь Эх, баруун мэлмийн нулимснаас Ногоон Дарь Эх бурхан мэндэлсэн гэдэг.
Баруун мутраар дээдийн өглөг соёрхогч мудра зохиосон билгэ билгүүн болдог эд баялгийг хүссэнээр соёрхох чадварыг үзүүлнэ. Зүүн мутраар адислал, зохиож, зүүн чихний тушаа цоморлигоо нээж буй цагаан лянхуа барьсан нь Гурван Эрдэний төлөөлөл болно. Баруун мутрын нь дээдийн өглөгийн мудраг Варада мудра гэнэ. Гурван цагийн хамаг Бурхдын шид бүтээл үйлсийн биелэл болох Цагаан Дарь Эх сансрын хамаг зовлонг тольдон болгоож, асран гэтэлгэж байдгийн билгээр намрын цагаан сар мэт гэрэлт нигуур дээрх гурван мэлмий, хоёр мутрын алган дах нижгээд, хоёр бойвны улан дах тус тус нэг нийт 7 мэлмийтэй. Цагаан Дарь Эх насыг уртасгах өвчнөөс анагаах аврал талбиж залбирал одуулдаг.
Арьяа Тара- Сита Тара бол бүх бурхдын хамтын гэгээрсэн үйлсийн биелэл учир Садхана нь төвөггүй хэрэгждэг гэнэ.
Бодь сэтгэлийг жинхэнээр үүсгэн тоолж тарнийг нь тодорхой тоонд хүргэвээс зэтгэр тотгорууд устдаг хэмээнэ.
Цагаан Дарь Эхийг лагшин нь болор мэт тунгалаг, намрын сар мэт цагаан, 16 нас төгөлдөр онгон охины, мишээсэн амгалан дүртэй, саран дэвсгэр цагаан лянхуа дээр, саран түшлэг налан заларсан, үнэт эрднэсийн чимэг зүүсгэлтэй, эрднэсийн толгойн хормойвчтой, зүүн мутартаа цагаан лянхуа барьж, баруун мутраараа хамаг амьтныг насны зэтгэрээс гэтэлгэж, насыг сэтгэлчилэн уртасгаж, өвчний зовлонгоос ангижруулах өглөгийн мутарлаг зохиосноор дүрсэлдэг.
Дүдийн найман аймгийг номхотгогч Цагаан Дарь Эх нь (найман дүд буюу) бардам найдангуй, (арслан) мунхрал (галзуу заан) өш хонзон ба уур(гал) атаа жөтөө(могой) буруу үзэл мухар сүсэг г.м дээрэмчин хулгайч, ядуурал хоосрол, өөрийн эрхгүй болох, хүлэгдэх, хүсэл тачаал үер, мэхлэгдэх эргэлзэх, ад дон найман дүдээс хамгаалж, айдас түгшүүрээс чөлөөлөн амирлуулагч болой.
Дээрхийн Гэгээн Далай лам 1989 онд Нигүүлсэхүй үйлс бага хурал дээр(Нью порт): <<Буддизм дэх фэминист хөдөлгөөнд хамаарах алхмыг Цагаан Дарь Эх үйлдсэн байдаг. Цагаан Дарь Эх Бурхны зэрэгт хүрсэн эмэгтэй хүн цөөн буйг үзээд “Би бүсгүй төрөлд байхдаа бодь сэтгэлийг үүсгэж эхэлсэн. Удаах бүх төрөлдөө би эмэгтэй хүн болж, Бурхны зэрэгт хүрэн хүртлээ бүсгүй хүн байх болно” хэмээн тангaраглaсан гэдэг>> гэж хэлсэн.

Цагаан дарь эх

Цагаан дарь эх /түвд/

Цагаан Дарь Эхийн магтаал

Цагаан Дарь Эхийн домог.

Эрт цагт нэгэн ламхай алс хол орших хүний нутагт эрдэм сурахаар явжээ. Хүү ээждээ хандан:
– Та надад юу захих вэ? хэмээн асуухад ээж;
– Миний хүү эрдэм номоо сайн сураарай.
Ирэхдээ ижийдээ Цагаан Дарь Эх бурхан авчраарай гэж захив.
Нилээн удаан хугацаанд хүү эрдэм номоо хичээн сайн суралцаад нутаг буцахаар болж гэнэ. Нутаг усандаа ирээд ижийдээ очихоор нутгийн зүг жолоо залжээ. Гэртээ очих замдаа хээр будаллан суух зуураа ээжийнхээ хэлсэн захиасыг гэнэт санаж дээ.
Тэгээд ийм ачлалгүй хүү байх гэж, ээжийнхээ захисан Цагаан Дарь эх бурхныг мартжээ одоо яанаа ээжийнхээ нүүрийг яаж харах билээ, бас юу гэж хэлдэг билээ хэмээн жаал бодон суусны эцэст ногоон дунд хэвтэх зууван цагаан чулууг аван орхимжоороо арчин өврөөсөө хадаг гарган ороогоод өвөртлөн цааш хөдлөв.
Ижийтэйгээ золгон санасан сэтгэлээ дэвтээн тайвшран уужрав. Ээж нь хүүгээсээ:
Миний хүү ижийнхээ захисан бурханг олж ирэв үү? Хүү;
– Тиймээ ээжээ авчирсан хэмээн өвөртөө боож хийсэн цагаан чулуугаа гарган өгөхийн сацуу маш их гэмшин ээжээ та энэ бурхныг задлан нээж үзэж болохгүй шүү гэж хэлэв. Ижий нь хүүгийнхээ өгсөн боодолтой чулууг ихэл хүндэтгэн тахиж магнайдаа хүргэн мөргөөд бурхныхаа өмнө тавив. Үүнээс хойш хүү нь ээжийгээ хуурсандаа хэсэг эмээгээгээд мартаж орхив. Олон жилийн дараа ижий нь насан өндөр болж босож чадахгүй болж гэнэ.
Нэг удаа хүүдээ хандан:
Миний хүү ээждээ Цагаан Дарь Эх бурхнаа ганцхан удаа харуулаач гэждээ.
Энэ л үед ээждээ жинхэнэ бурхан биш чулуу боож өгсөндөө маш их харамсан. Ийм олон жил болоход ээждээ ганц Дарь эх бүтээгээд өгч чадаагүйдээ өөрийгөө зүхэн машид ичиж сандран:
– Ээжээ одоо хэрэггүй ээ хүү нь дараа таньдаа харуулъя хэмээж. Гэвч ээж нь дахин харах цаг хугацаа үлдээгүйг мэдсэн мэт хүүгээсээ дахин шалан гуйж зөвшөөрүүлэв.
Хүү ихэд ичин хадгийг задлав. Гэтэл хадган дотроос гялалзсан Цагаан Дарь эх цацрав гэнэ. Хүү золтой л ухаан алдсангүй.
– Ээ бурхан минь хэмээн сүслэн мөргөв.
Үүнийг харсан ээж нь гараа дэлгэн хүүгээсээ бурхныг аван магнайдаа хүргэн залбирав.

Эх хүний чин сэтгэлийн мөргөл залбирал цагаан чулууг Цагаан Дарь Эх болгон амилуулсан домог энэ бөлгөө.

Ээжийнхээ захиасыг биелүүлж явахын утга учир ийм бөлгөө.