Цогт Гомбогүр буюу Их хар сахиус

Гомбогүр сахиустай Монголчууд бид хэзээнээс барилдлага тогтоосон, ямар шалтгаанаар Төрийн их сахиусаар өргөмжилсөн болон сахиусны тус эрдмийн талаар товч мэдээлэл оруулж байна.
Цогт төгөлдөр Сажа ёсны Номыг сахигч сахиус нугуудын оройн дээд Цогт Гомбогүр буюу Их хар сахиус нь Сажа ёсны дээд ядам Жэдоржэ буюу Хэбазарын “Догшрон хилэгнэсэн” дүр бөлгөө. Их Монгол гүрэн хийгээд Монгол туургатны номын сахиус Гомбогүр нь анх Сажа Бандид Гунгаажалцан бээр ач дүү нар болох Пагва лам Лодойжалцан, Чагнаадорж нарын хамтаар 1246 онд Эзэн Богд Чингис хааны ач хөвүүн Годон Хааны заллагаар Их монгол орноо залран ирсэн цаг үеэс эхлэн шүтэн барилдлагын харилцаа тогтсон бөлгөө. Үүний дараа Их монголын 5 дахь Их хаан Хубилай Цэцэн хааны үед Хаан бээр Пагва лам Лодойжалцанд Хэбазрын эрх авшиг айлдуулах заллага гурвантаа айлтгаж, урьд байгаагүйгээр дурдатгаж хүртээд, энэ цаг үеэс эхлэн Монголын Юан гүрний Их хаадууд үе залгамжлан Пагва ламын удам угсааны Сажын Дээдсийг Багшид барьж, Хэбазар Ядмыг дээд Ядамд, Шажиныг сахигч нараас Гомбогүр сахиусыг төрийн их шүтээнд тахиж байхыг тангарагласан түүх бий.
Түүхэнд дурьдсанчлан Хубилай Хаан 1261 онд Пагва ламыг Улсын Их багшид өргөмжлөн шүтсэнээс эхлэн 1368 онд Их монголын Юан гүрний төгсгөл хүртэл монголын их Хаадууд Хон овогт Сажын Алтан ургийн Дээдэс лам нарыг Оройн дээд лам багшид өргөмжилж байсан юм. Юан гүрний түүхийн бичигт Монголын Их Хаадыг ширээнд залах ёслолын үед заавал гүйцэтгэх ёстой шашины зан үйл нь Шинэ хаан бээр Сажын Дээдэс Улсын Багшаас Хэбазарын эрх авшгийг хүртэж, Цогт Гомбогүр сахиусанд их үйлсээ даатгаж тангараг өргөдөг заншилтай байжээ. Онцгойлох нэгэн түүх болвоос Хубилай Хаан, Өмнөд Сүн улсыг дайлаар мордох үед Цэргийн Их Жанжин Баянгийн дурдатган хүссэнээр Пагва лам биечлэн зааварлаж, Хубилай Хааны албат Балбын Бурхан урлаач Арнигоор Даду буюу одоогийн Бээжин хот дахь Зү-О голын хажууд, гол уруу Гомбогүр сахиусныхаа нурууг харуулж Өмнөд Сүн улс уруу тэргүүнийг нь тольдуулж 1276 онд бүтээжээ. Үүнийхээ үйлс хүчээр, Сүн улсын цэргүүдийн нүдэнд Монголын Цэргийн жанжин нь аймшигтай том хар хүмүүн болж харагдан цэргүүдээ удирдан ирж буйг хараад Сүн улсын цэргүүд машид айн зугтан одсонд Баян жанжин үтэр түргэн Өмнөд Сүн улсыг эрхшээлдээ оруулж байсан түүхтэй. Энэхүү гайхамшигтай түүх нь Түвдийн түүх зохиолд дурьдагдаад зогсоогүй, Хятадын хуучин түүхийн бичигт тод дурьдагдсан байна. Тэр түүх нь Сахиусны дуганы чулууны хуучин бичээст дурьдсанаар “Их хар Гомбогүрын” үйлсийн хүчээр Монголын Хаадуудын эрх мэдэл, эд баялгийн үйлс машид дэлгэрчээ, тиймээс Гомбогүр сахиус нь хүч үйлсээр хязгаарлашгүй Шашныг сахигч сахиус болохыг тунхаглаад Улсын Их ордонд залан, тахилга соёрхлыг өргөж байхыг өгүүлжээ. Хятад, Түвд, Монгол тэргүүтэй улс гүрнүүдийн түүх бичигт Монголын Хаадын дурьдатган зарлигласны дагуу Сажын дээдэс лам нар Гомбогүр сахиусны үүднээс тахилга бүтээл үйлдэж, үүний үрээр Монгол оронд хүн амьтны өвчин зовлон амирлан, муу бүхэн арилж, хур бороо цагтаа бууж, ургац төл арвин авч байсан тухай дурьджээ. Ер нь Монголын Их Хаадын түүхтэй Гомбогүр сахиус нь салшгүй холбоотой юм. Гомбогүр Сахиус нь Их Монгол гүрний Төрийн их сахиус бөгөөд Дэлхийн талыг эзэгнэн тод томруун бичигдсэн сүр жавхлант Их Монголын түүхийн өмнө Гомбогүр сахиустай холбоотой түүхийг санан дурсаж, ачийг нь дурьдахгүй байхын аргагүй юм. Манай Монгол орноо олон үе шүтэн тахисаар ирсэн Түвдийн алдарт Сажа хийдийн гаралтай байгалийн чулуугаар урласан асар их адистад төгөлдөр нэгэн нандин Гомбогүр сахиус эдүгээ хүртэл Эрдэнэзуу сүм музейд хадгалагдаж буйг сүсэгтэн түмэн эрхэмлэн дээдэлдэг. Мөн түүнчлэн Монголын бага хаадын үе буюу Монголд бурхны шашин 3 дах дэлгэрэлтийн үед Автай сайн хаан Эрдэнэзуу хийдийн Гол зууг бүтээгээд Монголын Их хаадын Төрийн их сахиус болох Гомбогүрийг бүтээн залж Монгол орон, хүн зоноо даатгаж байсан түүхтэй. Тэр ч утгаараа Монголчууд бид Эрдэнэзуу – Гомбогүр минь хэмээн хүнд хэцүү үедээ залбиран мөргөсөөр ирсэн.
Ерөнхийдөө Гомбогүр сахиусны үйлс зохионгуй, тус эрдэм ханьцашгүй их бөгөөд 75 Махгалын оройн дээд болох тааллынх нь шүтээн юм.
Таалал, үйлсийн их сахиус болохоор авралд барьсан хүмүүний үйлс, хүсэл зорилгыг гүйцэлдүүлж чаддагаараа онцгой хэмээн үздэг.
Таны үйлс зохионгуй үргэлж дэлгэрч байх болтугай.

Хийдийн үүсгэн байгуулагч шастри Б. Отгонбаатар

Хэ базар