Цогт цагийн хүрдэн буюу Дүйнхор - Эхийн дандрын бурхан - Тантрын 4 бурхны нэг

Цогт цагийн хүрдний Дүйнхор бурхан

Ом ах хум хох хам кшах ма ла ва ра я хум пхет

Бурхан багш анх номоо номнохдоо шавь нарийн ухааны хир хэмжээнд тааруулж “Их хөлгөн”, ”Бага хөлгөн”-ий хоёр ёсыг айлдсан байна. “Их хөлгөний”-ий ёсыг хамгийн ухаантай хувь сайтай шавь нартаа айлдсан бөгөөд “Их хөлгөн”-ий ёс нь дотроо “Судрын ёс”, “Тарнийн ёс” гэж хоёр байна.
Хамгийн ухаантай сайн шавь нартаа номлосон “Нууц тарнийн ёс” нь дотроо “ Үйлийн нууц тарнийн үндэс” , “Явдлын нууц тарнийн үндэс” , “Бясалгах нууц тарнийн үндэс , “ Ханьцашгүй бясалгах нууц тарнийн үндэс” гэж дөрөв байдаг.
Гадна талын үйл, дотор талын бясалгал хоёроос гадна талын үйлийг голлон хийхийг нь “Жажэд” буюу “Үйлийн нууц тарнийн ёс” буюу гадна талын үйл, дотор талын бясалгал хоёрыг адил тэгш хийх нь “Жожэд” буюу “Явдлын нууц тарнийн ёс” юм.
Гадна талын үйл, дотор талын бясалгал хоёроос дотор талын бясалгалыг голлож байгаа нь “Налжаржүд” буюу “Бясалгах нууц тарнийн ёс” бөлгөө. Тэрнээс дээш бясалгал байхгүй учраас “Налжорлана мэдвийн жүд” буюу “Ханьцашгүй бясалгалын нууц тарнийн ёс” гэжээ. “Ханьцашгүй бясалгалын нууц тарнийн ёс” нь дотроо “Эцгийн үндэс”, “Эхийн үндэс” гэж хоёр байна.
Бурхны лагшин таалал хоёроос лагшинг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг “Палжүд” буюу“ Эцгийн үндэс” гэх ба Тааллыг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг “Мажүд” буюу “Эхийн үндэс” гэнэ.
Дүйнхор бол “Мажүд” буюу “Эхийн үндэс”- ийн ёсонд багтана. Ер нь хэн ямар Ядам бурхантай холбоотой байна түүнийгээ бясалгах нь чухал хэрэгтэй юм. Жигжид, Сандуй, Дэмчиг, Дүйнхор тэргүүтэн нь ядам бурхан юм. Ядам гэдэг бол гол болгож бясалгах бурхныг хэлнэ. Ямарч ядам бурхан бясалгасан ч түүний орд харш, бурхад сэлт нь онолын эрдэм гадна талын дүрс байдалд урван гарах юм.
Дотор цагийн хүрд үйлийн үртэй холбоотой хий, бие таван цогцос бүгд дуусаад гадна жил, сар тэргүүтэн гурван цаг мөн чанараараа бүтээгүй хоосон чанарын хэлбэр дүрс хот мандлын бурхдын дүр ургасан нь Дүйнхор юм. Дүйнхор гэсэн нь Түвд үг бөгөөд санскрит хэлээр бол Калачакра, Монгол хэлэнд орчуулбал “Цагийн хүрдэн” гэсэн үг бөгөөд Дүйжий хоролд “Гадна дүйжий хорол”, “Дотор дүйжий хорол” ”Бусад дүйжий хорол” гэсэн гурван зүйл бий.
Гадна дүйжий хорол гэдэг нь нэг жилд арван хоёр сар, нэг сард гуч хоног, нэг жилд 360 хоног ээлж дараагаар эргэхийг хэлнэ.
Дотор дүйжий хорол гэдэг нь нэг өдөр шөнөд 21600 удаа амьсгал авахыг 12 хуваагаад нэг нэгээр эргэхийг хэлж байгаа юм. Бусад дүйжий хорол гэдэг нь гадна дүйжий хорол, дотор дүйжий хорол хоёр мөн чанараараа бүтээгүй хоосон чанар нь бурхны лагшинд ургаж байгааг хэлнэ.
Дүйнхор бурхан олон тэргүүнтэй, олон мутар өлмийтэй, олон зүйл барьсан зэрэг нь Дүйнхор бурхны дотор талын эрдэм гадна талын дүрсэнд урвасан байгаа юм.
Дүйнхор бурхны баруун талын хөл улаан өнгөтэй, жийсэн байрлалтай, зүүн талын хөл цагаан өнгөтэй, хумисан байрлалтай, бүсэлхийнээс гол тэргүүн хүртэл хар хөх өнгөтэй байгаа нь юуг бэлэгдэж байна гэвэл бясалгал хийсний хүчээр баруун талын хөлөөр эхийн улаан дусал доош хураагдах, зүүн талын хөлөөр эцгийн цагаан дусал дээш хураагдахыг бэлэгдэж байгаа юм.
Ер нь хүн амьд байх үед гол судасны дунд эхийн улаан дусал дороо, эцгийн цагаан дусал дээд талд, завсар нь сүнс саванд байгаа юм шиг байдалтай байдаг. Тэгээд эхийн улаан дусал хураагдан хоёр дусал гадагш гарна. Сүнс нь зулай, дух, нүд, чих, хамар, ам, хүйс, нууцын хоёр орон гэсэ есөн сүв газраар гарахад хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг.
Сүнс бол урвашгүй дээд амгалангийн мөн чанартай тул түүнийг бэлэгдэж бүсэлхийнээс дээш гол тэргүүн хүртэл хар хөх өнгөтэй байгаа юм. Учир нь бусад бүх өнгө урвадаг бөгөөд хар хөх өнгө хэзээ ч урвадаггүй тул урвашгүй дээд амгаланг бэлэгдэж байгаа юм.
Баруун хөлний өлмий дор хүслийн тэнгэр улаан өнгөтэй Дүдгэрваанчиг, зүүн хөлийн өлмий дор догшин цагаан өнгөтэй Ваанчиг гишгэсэн байгаа нь баруун талын ором судас зүүн талын жама хоёрт хий байгааг цогнож байгаа бөгөөд тэр судсаар хий явуулахгүйг цогнож хоёр өлмий дор ваанчиг гишгэсэн байгаа юм.
Тэр хоёр хийг юугаар хааж байна гэвэл гол судсанд хий орж тэр хоёр судсыг хааж байгаа юм. Үүнийг нь бэлгэдэж Дүйнхор бурхны өлмийд сар, нар, рахул гурвыг бэлгэдэн цагаан, улаан, хар гурван өнгийн дэвсгэртэй байгаа юм. Үүнийг юуны тухайд ингэж тайлбарлаж байна вэ ? гэвэл Дүйнхор бурхныг бясалгахыг хүнд мэдүүлэхийн тухайд юм.
Ер нь хүн юмыг бүрэн гүйцэд танин мэдэж чадахгүй байгаа нь юунаас болж байна вэ гэвэл баруун зүүн хоёр талын судсаар нисваанис, атгаг мунхагтай холбоотой хий явж гол судсаар хий яваагүйгээс болж байгаа буюу. Ийм учраас бодьсадын сэтгэл хоосон чанарыг мэдсэн сэтгэлийг гол бариад баруун зүүн хоёр судасны гэмийн хийг дарж чадаад гол ум судсаар хий явж байвал атгаг нисваанис мунхагийг арилгаж чадна.
Гадна сав ертөнцийн талаас Дүйнхор бурхны хоёр өлмий нь нэг жилд арван хоёр сар эргэх буюу нар ойртох, буцах хугацаанд нэг жил багтахыг, дотор шим ертөнцийн талаас бол бясалгаачин нэг өдөрт хамрын хоёр нүхээр арван хоёр хийг ээлжлэн сольдог бөгөөд энэ нь баруун зүүн хоёр судаснаас гарч буйг бэлгэдэж байгаа юм.
Мөн баруун, зүүн талын мутрын мөр нь гадна сав ертөнцийн нар ойртож буцах, дотор шим ертөнцийн арван хоёр хийг урт богино зургаа зургаагаар ээлжлэн гарч байгааг, арван хоёр булчин нь гадна арван, дотор арван хийг ээлжлэн эргэхийг тус тус бэлгэдэнэ.
Баруун зүүн талд нийт хорин дөрвөн бугуй буй нь гадна арван хоёр сард эхэн, дунд, адаг саргээд хорин дөрөв болж байгааг, дотор арван хоёр хийг дээш арвидах, доош буурах гээд бүгд хорин дөрөв болж байгааг тус тус бэлэгдэнэ.
Нэг мутарт арван таван үе байх бөгөөд хорин дөрвөн мутарт бүгд гурван зуун жар болох буюу энэ нь гадна нэг жилийн 360 хоног, дотор нэг хийд гучин бага хий байгааг арван хоёр хийд гурван зуун жаран бага хий оршдогийг бэлгэдсэн юм.
Цагаан найм, хар найм, улаан найм гэсэн нийт хорин дөрвөн мутар нь лагшин, таалал, зарлигийн мөн чанарыг, таван хуруу нь шар , цагаан, улаан, хар, ногоон таван өнгөтэй бөгөөд шороо, ус , гал, хий, огторгуй гэсэн таван махбодыг тус тус бэлэгджээ.
Дөрвөн тэргүүн нь гадна сав ертөнцийн нэг жилийн дөрвөн улирал, Дүйнхор бурхны улаан, хар, хөх, цагаан, шар | тэргүүн дотор шим ертөнцийн бясалгалын үеийн тухайд Дүйнхор бурхны лагшин, таалал, зарлиг билиг билгүүнийг гэх мэт зүйлийн эрдмийг олохыг бэлгэдсэн. Мөн язгуурын дөрвөн бурхан болох Донёддүв, Одвагмэд, Ринжүндорж, Намнанг бэлгэдсэн.
Дүйнхор бурхны мутарт элдэв зүйлийн юмс барьсан байгаа нь янз бүрийн үйлийг бэлэгдсэн. Жишээлбэл: барын арьс зүүсэн нь уур хилэнг дарах, хүний арьс нь шунал тачаалыг дарах, зааны арьс нь мунхаг харанхуйг амирлуулахыг тус тус бэлгэдсэн.
Энэ мэт Дүйнхор бурхны өнгө, тэргүүн, мутар, өлмий, барьсан зүйл, зүүсэн зүүлт чимэг бүгд нь ямар нэгэн зүйлийг бэлгэдсэн байх бөгөөд бясалгаачин энэ бүгдийн утга учрыг мэдэж бодон бясалгавал Дүйнхор бурхны эрдмийг олох юм.
Бясалгалчин Дүйнхор бурхныг бясалгаад гарсан гол эрдмийн бэлэгдэл нь Дүйнхорын хот мандал юм.
Дүйнхорын хот мандалд тааллын, тусгай хот мандал, лагшин, зарлиг, таалал гүйцэд бүрдсэн хот мандал гэж хоёр янз байна.
Дүйнхорын ван тавих болон бусад үед хот мандлыг таван өнгийн элсээр бүтээсэн хот мандал байх ёстой байна. Буян хураахын тухайтад Дүйнхорын хот мандлыг эрдэнийн зүйлээр, эрдэнийн зүйлийг өнгийн элстэй хольж бүтээх, дан элсээр бүтээх гэж байдаг.
Хот мандалын таван өнгийн улаан өнгийг шүр, цагааныг сувд буюу дунгаар, шарыг алтаар, ногооныг оюун, хөхийг номин гэсэн таван эрдэний зүйлээр бэлэгдэн хот мандлыг бүтээдэг билээ.
Дүйнхор бурхны хот мандал нь нийтдээ гурван давхар байдаг бөгөөд таалал, зарлиг, лагшингийн гэсэн гурван хот мандлаас бүрдэх бөгөөд хот мандалд ил бодитой 722 бурхан залрах ба далд хязгаарлашгүй олон бурхад заларна.
Хот мандал бүхэлдээ арга билгийн мөн чанар бүрэн гүйцэт төгссөн маш ариун нандин гэдгийг элсэн хот мандлын зүүн хойд зүгт сар ургах, өмнө баруун зүгийн завсар нар жаргахаар бэлгэдсэн байна.
Дүйнхор бурхны таалал, зарлиг, лагшин бүрэн гүйцэд бүрдсэн хот мандлын өнгө, нэг бүр, дүрс нэг бүр, үсэг нэг бүр болон чимэглэл, зураас бүгд цаанаа нарийн утга учиртай. Ямар нэг зүйлийн бэлэгдэж цогносон байгаа юм.
Шамбал бол цагийн хүрдний адислалаар ариуссан орон.
Замбуу тивийн арван ариун орон.
Гадаад их далайн дунд Сүмбэр хэмээх их уул байна. Энэ нь Энэтхэгийн санскрит хэлний “Сүмэрү” хэмээх үг бөгөөд Монгол хэлээр Сүмэр буюу сүмбэр болжээ. Сүмбэр уулыг тойрон 4 их тив, 8 жижиг тив байна гэдэг. Дөрвөн их тивийн нэг нь бидний амьдарч буй замбуутив юм.
Сүмбэр уулын орой дээр Хурмаст тэнгэр тэргүүтэй 33 тэнгэр, уулын хөндийгөөр Асури, 4 тивд хүн ба адгуус, уул усанд 8 их лус, газар дор там бирдийн амьтад оршино. Замбуу тивд буддын шашинтны 5 ариун орон байна гэдэг. Эдгээр нь:
1. Замбуу тивийн төвд Очир суурин
2. Дорно зүгт Утай
3. Өмнө зүгт Бодалан
4. Өрнө зүгт Одаяна
5. Умар зүгт Шамбалын орон эдгээр болно.
Шамбалын орон.
Шамбал гэдэг нь санскрит үг бөгөөд сайн амгалан дэлгэрэх хэмээхийн утгатай гэж тайлбарласан байдаг.
Түвд, Монгол оронд дэлгэрсэн Шамбалын орны эх сурвалж нь Ганжуурын “Цагийн хүрдний тантрсын хаан “ хэмээх судар болно.
Замбуу тивийн арилсан таван орны нэг Шамбал бол Цагийн хүрдний сургаалаар сав шим нь ариуссан дагшин орон хэмээн үздэг учраас үе үеийн газар газрын номт сүсэгтэн, оюут мэргэдийн сэтгэл зүрхний дуудлага болсон гэдэг. Бурхан гэгээнээс Жалбу Даваасамбуу хаанд Дүйнхорын номыг хайрласаныхаа дараа “Эргэж орондоо буцаж очоод миний номыг дэлгэрүүл” гэсэн бошго зарлигаар тэр орныг “Шамбал” гэж нэрлэ гэсэн зарлиг өршөөсөн болой. Даваасамбуу хаан бээр бурхны зарлигийг даган өөрийн орондоо буцаж ирээд орон даяар Бурхан гэгээний номыг дэлгэрүүлэхээр тунхаг гаргасныг сийрүүлбээс: “Хаврын сүүл сар 3-р сарын 15-нд миний номонд цуглан ирж сууцгаа. Хэрэв миний энэ номонд суухыг хүсэхгүй дургүй хүмүүс байвал өмнө өчүүхэн замбуулинд одсугай” гэжээ. Гэтэл энэ үед муу тарнич арш нар болох нэгэн живаа тоот тийм хэсэг омог хүмүүс Даваасамбуу хааны номонд суухгүй хэмээн өчүүхэн замбуулин тив үрүү явахаар тохиролцон тийш яваад газар мэдэхгүй төөрч нэгэн газар хоноглоод өглөө сэрсэн чинь Шамбалын их хааны ордны дэргэд ирсэн байжээ. Тэгээд арш нар гайхан биширч бидний зам бурууджээ гэж зөвлөлдөн Даваасамбуу хааны номонд суухаар гуйсанд Даваасамбуу хаан ихэд таалан соёрхсоноор хааны элч төлөөлөгчдийг арш нар дээр очуулжээ. Тэдгээр арш нар алтан мандал өргөж элчээр дамжуулж Даваасамбуу хаанд хүргүүлэхэд Даваасамбуу хаан зөвшөөрөн соёрхож тэдгээр арш нар зөвд оржээ гэсэн номлол байдаг болой.
Даваасамбуу хаан бээр бурхны зарлигаар Шамбалын орны алтан ширээнд заларч Дүйнхор бурхны хот мандал, Шамбалын номын хааны алтан ширээг өөрөө үүсгээд зуу зуун жилээр долоон хаан үе залган сууж Шамбалын орон номын ертөнц хосолсон ариун орон болжээ.
Шамбалын номт 7 хаад:
Жалбуу Даваасамбуу – МЭӨ 900-876
Лхаян Ванчиг – МЭӨ 876-776
Сэвжид Таяа МЭӨ 776-676
Даваашин МЭӨ 676-576
Ванчиг Чинбу МЭӨ 576- 476
Нацаг Суг МЭӨ 476- 376
Лхаян Вандан МЭӨ 376- 276
Эдгээр номт хаадын дараа 25 хаан Шамбалын төрийг тэтгэх бөгөөд эдүгээ цагийн хаан нь Магака 1927-2027 юм. Эдгээр хаадын сүүлчийн хаан нь Рэгдэндагва 2327 оноос заларч тэр үед Шамбалын шашин дэлгэрэх юм байна.
Дүйнхорын тарни бүхэлдээ:
Ом ах хум хох хам кшах ма ла ва ра я хум пхет
Гэсэн хэдий ч “Хам Кшах Ма Ла Ва Ра Я”-г нэг хэсэг болгон нэгтгэсэн учраас тарни нь ердөө долоон хэсэгтэй гэж үздэг. Тарний энэ хэсгийн өнгө, утга нь дараах байдалтай байна.
Хэм (цэнхэр): Мандал бурхдын гэгээрсэн мэргэн ухаан
Кшах (ногоон): Бурхдын бие, хэл яриа, оюун ухаан
Ма (улаан): Мандлын ордон
Ла (шар): Дэлхийн элемент
Ва (цагаан): Усны элемент
Рa (улаан): Галын элемент
Я (хар): Агаарын элемент
Эхний хэсэг болох “Ум Ах Хум Хо” нь бие, хэл яриа, оюун ухаан, мэргэн ухааныг тус тус илэрхийлдэг.
Эдгээр дөрвөн үе нь гэгээрэлд хүрэхийн тулд оюун ухаан, бие махбодоо цэвэрлэж чаддаг гэж үздэг. Тарни дээр хавирган сар, тойрог (ихэвчлэн нар, сар, висарга ба бинду) байдаг бөгөөд энэ нь Ом буюу гэгээрсэн биеийг илэрхийлдэг. Умын орой дээр хүн Ах, Хо хоёрыг хамтад нь илэрхийлдэг нада буюу дөлийг олох болно, энэ нь гэгээрсэн яриа, мэргэн ухаан юм. Умын доор Хум байдаг бөгөөд энэ нь гэгээрсэн оюун ухаан юм. Тарний зүүн талд алтан Е үсэг байдаг бөгөөд энэ нь Дүйнхор буюу аргын тухай өгүүлдэг. Баруун талд цэнхэр Вам буюу Вишвамата байдаг бөгөөд энэ нь мэргэн ухаан гэсэн утгатай. Төрөл бүрийн сэтгэлгээний сургуулиудад Дүйнхорын бэлгэдлийн өнгө, тайлбарын хувьд зарим өөрчлөлт байж болно. Дүйнхорын тэмдэг нь үндсэндээ бие, сэтгэлээ ариусгах зорилгоор уншдаг Дүйнхорын тарний 2500 жилийн өмнөхийг бүхэлд нь төлөөлдөг. Энэхүү тарни нь гарагуудын эргэлт, бидний амьсгалын мөчлөг, бидний бие болон амьдралын янз бүрийн мөчлөг зэрэг цаг хугацааны тухай юм. Мөн тарнийн “дотоод” болон “гадна” хэсгүүдийн тэмдэглэгээ байдаг. Дотоод хэсэг нь бидний чакра гэх мэт оршнолуудын дотоод үйл ажиллагааг харуулдаг. Мэдээжийн хэрэг, гаднах хэсэг нь гадаад харилцаатай холбоотой байдаг. Дотоод болон гадаад орчны хоорондын харилцааг оюун ухаан, бие махбодийн хоорондын харилцаатай адилтгаж болно. Дүйнхор тарнийн бүхэл бүтэн таван бүлгийн эхний хоёр нь гаднах хүрээний тухай, дараагийн гурав нь дотоод ертөнцийн тухай өгүүлдэг. Эхнийх нь “газрын Дүйнхор” гэж нэрлэгддэг ба сүүлийнх нь “нөгөө” эсвэл “өөр нэг Дүйнхор” юм. Дүйнхор тарни нь Буддын шашны лам, гэлэнмаа нарын хувьд маш чухал бөгөөд энэ нь энгийн хүн байхаас бурхны шашинд орох хүртэлх зайг арилгахад тусалдаг авшиг хүртэх бясалгалд ашиглагддаг. Одоогийн Далай лам, Х.Х.Тэнзин Гяцо нэгэн зэрэг олон мянган хүнд Дүйнхорын авшиг хүртээдэг. Далай лам эдгээр авшиг хүртэхийн тулд үйлийн үрийн сайн нөлөө үзүүлдэг тул эдгээр авшиг хүртдэггүй хүмүүст ч ашигтай гэж үздэг.
Дэлхий. Дүйнхорын тарни нь өөрөө бэлэн байгаа. Буддын шашныг шүтдэг дэлхийн бүс нутгуудад энэ тэмдгийг хаа сайгүй олж болно.
Дүйнхорын хот мандал