Очирваань бурхан

Шашныг хамгаалагч арван хангал

Бурхан багшийн өмнө бурхны шашныг сахих ам тангаргыг авсан догшин дүрт бурхдыг нийтэд нь арван хангал гэнэ. Зарим хүмүүс бурхад энэрэнгүй нигүүлсэхүйн дээд гэх атлаа яагаад араа шүдээ ярзайлгасан, цус нөж нь гоожсон хүний гавлыг эрхи болгон зүүсэн, энэрэх хайрлахыг эс мэдэх юм шиг санагддаг. Гэвч энэ нь арай өөр утга учиртай юм.

Хангал догшид нь ширүүн догшин дүр төрхтэй байдаг нь хүнд гэхээсээ илүү шашны дайсныг дарж товроглохын тухайд догшин дүрийг үзүүлсэн байдаг. Хүний муу сэтгэлийг дүрсэнд үзүүлбэл чөтгөр шулам гэх мэт учрах нь бүү хэл бодоход ч таагүй. Шашны дайсан хэмээх нь уур хилэн, хорсол шунал, мунхаг харанхуй байдал агаад тэр бүхнийг дарж, амьтныг амгалангийн дээдэд учруулахын тухайд догшин дүрийг үзүүлдэг байна.

Арван хангал бурхдын тэргүүнд нь буй титэмд таван гавлын яс байдаг бөгөөд энэ нь амьтны сэтгэлийн таван муу хар хор (уур хилэн, харанхуй мунхаг, хүсэл шунал, атаа жөтөө, хар муу санаа)-г илэрхийлнэ.

1. Жигжид – Аюулган үйлдэгч
2. Очирваань – Мутартаа очирт
3. Гомбо – Махагала
4. Гонгор – Цагаан итгэлт
5. Дамдинчойжил – Эрлэг номун хаан
6. Балданлхам – Цогт төгөлдөр охин тэнгэр
7. Шалши – Дөрвөн тэргүүнт
8. Намсрай – Тийн сонсогчийн хөвүүн
9. Жамсран – Улаан сахиус
10. Цамба – Агуу хүчит Эсрүн зэрэг болно.

Арван хангалын хурал /Түвд/ хурж буйг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Жигжид, Очирваань бурхад нь бурхан бөгөөд бусад найман бурхдыг чойжин буюу номыг тэтгэгч сахиусууд хэмээнэ.

Эдгээр бурхад нь шашин, амьтны зөв үйл хэргийг тэтгэн хүү мэт сахин хамгаалах ам тангарагтай сахиуснууд болой. Эдгээр сахиус нь бурхны шашныг сахин хамгаалах ам тангарагтай бөгөөд сахиуснуудын мөргөл, даатгал, залбирлыг уншдаг энэхүү хурлыг даган баясч хуруулснааар өвчин зовлон, зуурдын үхэл хагацал, хар цагаан хэл амны хорлол, адын хорлол, лусын хорлол, хүн хийгээд хүн бусын хорлол, хараал жатгаас аварч арилган, нас буян, эд агуурс, буян хишиг, энэ ба эцэс хойт насны буяныг хэмжээлшгүй дэлгэрүүлэх тус эрдэмтэй.

1. Жигжид нь билиг оюуны бурхан Манзуширын догшин дүр ядам бурхан юм. Бурхдыг тахих, уул овоо тахих зэрэг аливаа тахилгын зан үйлэнд анхлан урин залж үйлддэг. Хөмсөг сахлаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуугаар дуугарсан, цусан дусал бүхий гавлыг эрхи болгосон зүүсэн, хар могой, хортон дайсны ясаар чих, бугуй, шилбээ чимсэн, бадам цэцгэн дэвсгэр дээр зогсох, агуу хүчит есөн тэргүүн, гучин дөрвөн мутар, арван зургаан хөлтэй. Өөрийн дагина цэнхэр өнгөтэй, баруун мутартаа гавал барьсан Доржэсолонмааг тэвэрч зогсох дүрээр ч байдаг.

 

2. Очирваань буюу мутартаа очирт нь ядам бурхны нэг бөгөөд амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулсан, гурван мэлмийтэй, хүчирхэг дуутай, хөмсөгнөөс нь гал бадарсан, баруун мутартаа гурван орныг номхотгох буман нарны гэрэл бадарсан 5 хорыг дарах, 5 билиг төгс таван үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутраа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмссөн, зүүн хөлөө сунгаж хилэнцэт муу амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар оршино. Монголоор “Очир баригч” гэдэг уг бурхныг монголчууд эр зориг, хүч чадал хайрлагч, монголыг даасан ядам бурхан хэмээн дээдлэн шүтэж ирсэн төдийгүй Чингис хаан болон Автай сайн хааныг Очирваанийн хувилгаан гэж үздэг байжээ.

3. Гомбо буюу Жанрайсэг бурхны догшин дүр юм. Зургаан мутарт Гомбо бурхан нь лагшин бараан хөх, дөрвөн соёогоо сэрийлгэсэн, гурван улаан мэлмийтэй, хохимой толгой бүхүй тэргүүнтэй, 50 толгойгоор эрхи хийж зүүсэн, сахал үс нь гал мэт бадарч, баруун мутартаа хүний гавлан эрхи, дигүг, дамар барьсан. Зүүн гурван мутартаа гавал, сэрээ, цалам барьсан, улаан шаргал үснирээ хөх могойгоор зангидсан, эрээн могойгоор толгойгоо, ногоон могойгоор хүзүүгээ, цагаан могойгоор бэлхүүсээ чимсэн, цагаан гархиар хөлөө бөгжилсөн, барын арьс нөмөрсөн, ходоод нь цүдгэр, улан доороо мунхаг сэтгэлийн бэлгэдэл догшин цагаан зааныг гишгэн, зүүн хөлөө гадагш жийж баруун хөлөө дотогш нугалсан, орой дээрээ бурхан залсан, бадарсан галын дунд байрласан дүртэй. Монголоор “Итгэлт шүтээн” гэдэг. Мөн Махагала буюу “Их цог” гэж ч хэлдэг. Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг зайлуулах, тохиолдсон гамшиг зовлонгоос ангижруулахын тулд урин залж, тахин шүтэж ирсэн билээ.

4. Гонгор буюу Цагаан итгэлт хэмээх бурхан нь саад тотгорыг амарлиулж, эд хөрөнгө, төгс эдлэлийг арвижуулах үйлийг даасан бурхан юм. Эртнээс нааш үгүйрэл хоосролоос ангижруулан, эд баялаг, идээ цагаа дэлгэрүүлэх “Эдийн тэнгэр” гэж бэлгэдэн шүтэж ирсэн байна. Гонгорын дүр нь догшин ширүүн боловч мишээсэн царайтай, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, зургаан мутартай, зургаан мутрынхаа баруун дээдэд хүслийг хангагч зэндмэнэ эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнэ дүүрэн гавал, дунд мутартаа үгээгүй хоосныг арилгагч очирт дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, баруун доод мутартаа хонх, зүүн талын доод мутарт ертөнц дахиныг эрхэндээ оруулагч гох дэгээ барьсан, их галын дөлөн дунд бадамлянхуа наран дэвсгэр дээр заларсан байдаг. Хоёр толгойт заан (эдийн тэнгэр Ганишъя)-г гишгэсэн дүрээр орших бүхнийг авран сахигч догшин бурхан юм.

5. Дамдинчойжил буюу эрлэг номун хаан гэх бөгөөд Жигжид бурхны зарлигийг биелүүлэгч юм. Лагшингийн өнгө нь хар бараан, гурван ертөнцийг нэвтэрхийеэ болгоох хүч чадал бүхий хурц мэлмийтэй. Амаа ихэд ангайсан, дөрвөн хурц соёо ярзайсан, хэл нь хуйларч, хөмсөг ба сахлаас нь галын оч бадарсан, үс нь сэгсийсэн, эвэр нь сэрийсэн үхэр тэргүүнтэй, баруун мутартаа хүний араг ясан дохиуртай, зүүн мутартаа цалам барьж аймшигт догшин дүртэйгээр наран дэвсгэрт бадам дээр сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн байдалтайгаар оршино. Юм нь адууны нойтон арьс нөмөрсөн, дэлэн хөхөө унжуулсан, зүүн мутартаа гавал, баруун мутартаа сэрээ барьсан агаад Эрлэг номун хаан уруу тэмүүлэн байдаг. Эрлэг номун хаан хөлөг дээр заларч тамын орны шударга шүүгч элч, яргачин нарын хамт наран дэвсгэрт бадамлянхуа дээр байрлана. Шашинд тэрслэгч дайсан бүхнийг даран устгахыг бэлгэдэж, нүүрлэсэн гай зэтгэрийг зайлуулан, сайн үйлс дэлгэрүүлж буян бүтээх үүднээс уншлага урилга болон тахиулдаг заншилтай.

6. Балданлхам буюу Цогт төгс охин тэнгэр нь арван хангалд байх Дарь эхийн догшин дүр болох эм бурхан. Баруун мутартаа сэрээ далайсан, зүүн мутартаа гавал барьсан, амаа ихэд ангайлгасан, дөрвөн соёог ярзайлгасан, гурван мэлмийг эргэлдүүлсэн, баруун сонороо арслан, зүүн сонороо могойгоор тус тус чимсэн, барын арьсан хормогч өмссөн байдлаар залрана. Балданлхам бурхан нь гурван мянган ертөнцийг нэгэн эгшинд эргэх хүч чадалтай хонгор халзан луус хөлөглөж явдаг. Сайн цагийн мянган бурхныг номоо номлож, шашнаа дэлгэрүүлэх болгонд гадны хорлох барцад саадыг арилган, сахин хамгаалах тангарагтай, Балданлхам бурхан замбуутивийг өвлийн сүүл сарын битүүний шөнө айл бүрийг эргэж амьтны зовлонг нимгэлэх тул гэрийн тотгон дээр гурван ширхэг мөс, арвайн гурил тавьдаг нь хонгор халзан луусны унд хоол бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож буян хурааж буй үйл юм.

7. Шалши бурхан нь догшин дөрвөн тэргүүнтэй, тэргүүн бүр нь улаан, цагаанаар эргэлдсэн гурван мэлмийтэй, ам тус бүрээс нь дөрвөн соёо нь цухуйсан, хөмсөг сахлаас нь оч бадарсан, тэргүүнийх нь үс дээшээ боссон, тус бүрдээ таван хохимойн толгойн чимэгтэй, хохимойг хэлхэн эрхи болгон зүүсэн, бэлхүүсээрээ хорт могойг бүслэн хүлсэн, барсын арьсан хормогч соёрхож, зах хязгааргүй хоосон чанарын агаарын төв дунд хар бараан гурвалжин хүрээн дотор дайсны цусан далайн дунд бадам цэцэгт наран мандалт дэвсгэр дээр тэрсүүд муу зүгийн амьтныг даран гишгэж заларна. Гурван ертөнцөд дуулдахаар нүргэлсэн их дуутай бөгөөд түүнийг нь сонссон дайсан чичрэн дагжиж номхордог хэмээн үзэж шүтсээр ирсэн. Түүнийг бурхны гурван хүлгийн дайсныг дарагч, гурван хүрдний номын доройтлыг үгүй хийгч, гурван ухааны үндсийг аврагч, хамаг амьтны амгалан тайвныг хангагч хэмээн шүтэн тахидаг.

8. Намсрай бурхныг эдийн тэнгэр хэмээн нийтээр ойлгодог бөгөөд нэгэн тэргүүн, хоёр мутартай, баруун мутартаа эрдэнийн жанцан барьсан, зүүндээ эрдэнээр бөөлжигч хулгана барьсан. Хэвтэж буй арслангийн дээр хагас завилгааг соёрхон заларсан, амнаас нь эрдэнийн хур бууж, үгүйрэл хоосролын элдэв зовлонг арилгахыг бэлгэдсэн. Эргэн тойронд нь эд агуурсын санг хариуцсан түшмэл, олон нөхдөөр хүрээлүүлэн оршино. Монголчууд түүнийг Очирваанийн хувилгаан дүр гэж үзэх агаад буян хишиг, эд мал арвижуулагч хэмээн тахиж шүтсээр ирсэн байна.

9. Жамсран буюу Улаан сахиус гэж алдаршсан. Жамсран бурхны лагшин улаан, дөрвөн соёо нь ярзайж, гурван мэлмий нь улаанаар эргэлдэн хөмсөгнөөс нь оч бадран хүний таван хохимойгоор тэргүүнээ чимсэн байдаг нь түүний ер бусын хүч чадлыг илэрхийлнэ. Баруун мутартаа зэсэн илд огторгуйд далайж тангараг доройтсон амьтныг даран таслахыг бэлгэдэж, зүүн мутартаа нум сум өлгөж дайсан тотгор бологчийн уушиг зүрхийг барьсан, амаа ангайж, араа шүд соёгоо ярзайлган, сугандаа дадар хавчуулсан, биедээ хөө хуяг өмссөн, 9 давхар хадаг бүсэлсэн, цус дусалсан 50 хохимойн толгой зүүсэн, биеэ хөвчлөн хураасан байдалтай, адууны болон тэрсүүд муу үхдлийн дээр гишгэн заларна. Дорждангийн зүүн хойт зүгт оволзсон цусан далайн дунд зэс ууланд наран улаан дэвсгэр бүхий бадамлянхуа дээр хүн ба адгуус гишгэн орших агаад 4 соёо нь ярзайж, 3 мэлмий нь улаанаар эргэлдэн хөмсөгнөөс нь оч бадран байдаг. Монголчууд Жамсран сахиусыг дайсныг номхотгож, хамаг амьтанд тус бүтээлгэхээр урин залж, тахил өргөн, хурал магтаал уншуулдаг.

10. Цамба буюу агуу хүчит Эсүрва нь саран мэт цагаан бие лагшинтай, цагаан хив торгон хувцсыг соёрхсон, гурван мэлмийтэй, баруун мутартаа дайсан тотгорыг сөнөөн дарагч хурц хутга барьсан, зүүн мутартаа эрдэнээр бөөлжигч хулгана барьсан, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт лянхуа дээр оршин цагаан нохой, лус, шулмыг дагуулж тэргүүндээ цагаан дун бүрээтэй бүхүй өмсгөл өмссөн байх бөгөөд дээгүүр нь цагаан шувуу эргэлдэн нисэж байдаг. Цамбыг саад тотгорыг арилган, алив муу бүхнээс хамгаалж ажил үйлс бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үзэж шүтсээр ирсэн.

Тэр бээр урьд төрөлдөө тэнгэрийн догшин яргачин байхдаа Очирваань бурхантай тэмцэлдэж ялагдаад, шашныг нь сахин хамгаалж байхаар ам тангарагаа өгсөн тул Эсрүн тэнгэрийн төрлийг олсон гэдэг домогтой.

1911-н оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Монголчууд туурга тусгаар улсаа байгуулж, Богд гэгээнийг улсын эзэн хаанд өргөмжлөн, анхны зарлигаар таван яамыг байгуулсан байдаг. Чингэхдээ таван яам шашныг сахигч арван хангал догшдоос өөр өөрийн эрхлэх хүрээнд тохирох бурхдыг шүтээн болгон залж байжээ. Тухайлбал Бүгд хэргийг ерөнхийлөн захиран шийтгэгч яамны шүтээн Махагала, Сангийн яамны шүтээн нь Гонгор, Намсрай, Цэргийн яам Улаан сахиус шүтээнтэй байжээ.

Эдгээр Хангал сахиус дотоод, гадаад хорлол, саад зэтгэрээс шашин номын болоод бүхий л ажил үйлсийг сахин хамгаалж саадгүй түргэн бүтээдэг.