Балданлхам

Балданлхам буюу Цогт төгөлдөр охин тэнгэр

བྷྱོཿ རཀྨོ་ བྷྱོཿརཀྨོ་ བྷྱོ། བྷྱོཿ རཀྨོ་ ཐུན་བྷྱོ། ཁ་ལ་རཀ་ཆེན་མོ། རཀྨོ་ཨ་བྱ་ཏ་བྱ་ཐུན་བྷྱོ་རུ་ལུ་རུ་ལུ་ཧཱུཾ་བྷྱོ་ཧཱུཾ།

Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум

Eco HD телевиз – Эх сахиус Лхам бурхан. 2015.02.24.

Шашныг хамгаалагч 10 хангалын нэг Лхам бурхан нь 10 газрын бодисатва юм. Балдан лхамыг Янжинлхам бурхны догшин дүр гэдэг бөгөөд Янжинлхам анх үүссэн тухай ийм нэгэн домог байдаг.
Эн тэргүүнд ертөнц үүссэн анхдугаар галавын үед арван зүгт хий салхи босч, солбимол хот балгад үүсэн тогтжээ. Огторгуйгаас буулга модны чинээ зузаан алтан үүл хуралдсанаар хур бороо үргэлжлэн бууж их далай тогтжээ. Тэр үед далайгаас ихэд яруу дуу гарсан бөгөөд түүнийг Брахма тэнгэр соннсож, ихэд татагдан уярчээ. Түүнд далай эх лугаа адил санагдаж, их усыг ширтэн сууснаас усан дээр үрийн дусал тогтож, улмаар нэгэн тэнгэрт хувилж, далайн умайд хуйлран орсоноор Янжинлхам мэндэлжээ. Дээрх ёгт утгыг тайлж, Брахма тэнгэр далайд тачааснаар тэдний дундаас Янжинлхам мэндэлсэн тул түүнийг Брахмагийн охин гэж нэрлэх болсон. Эгшигт охин тэнгэр буюу Янжинлхам нь зохист яруу өгүүлэхүйн ухаанд мэргэн тул билиг төгөлдөр эх хэмээн алдаршсан. Янжинлхам бээр:
Миний нэрийг тогтоосон аливаа амьтанд би төгс төгөлдөр билиг оюуныг хайрласугай. Мунхаг хийгээд үл мэдэхийн хамаг бүх хүлээснээс салган ханьцашгүй дээд бодь гэгээрэлд хүргэнэ хэмээн тангарагласнаар Манзушири хамаг амьтанд туслах болсон. Энэрэн нигүүлсэх сэтгэлээс төрсөн Янжинлхам нь зөөлөн дүртэй тул хатуу үйлийг бүтээхдээ Балданлхам хэмээх охин тэнгэрийн дүрд хувилдаг байна.
Эрт цагт Энэтхэгийн өмнө зүгт Эрлэгийн хотод амнаасаа гал бадруулагч эр эм хоёр шулам байжээ. Тэдэнд нэг хүү, хоёр охин төрсний бага охин нь ирээдүйн Лхам сахиус гэдэг. Тэгтэл тэнгэрээс мангас ирээд хоёр эгчийг нь авч явж гэнэ. Тэр мангас нь амьтан хүнийг иддэг их догшин юмсанжээ. Тэр үед Лхам бээр хоёр эгчээ эргүүлж авчрахаар эцгээсээ цалам, бэрээ, эхээсээ эрлэгийг айлгагч цаазын мод, өвчний эмийн тулам авч тэнгэр лүү явж өөрийн хүч чадлаар эгч нараа мангасаас аварсан ажээ.
Мөн хүн, амьтан, шашныг мангасын хорлолоос аврахын тулд Лхам бээр өөрийгөө золиослон тэнгэр лүү гарч мангасын хүүхдийг төрүүлжээ. Гэсэн ч мангасын догшин хэрцгий зан өөрчлөгдөлгүй хорлолоо үйлдсээр л байжээ. Лхам мангасыг хэрхэн алж устгах вэ ? хэмээгээд биед нь ганцхан агзар сум орохоор үхдэгийг нь мэдээд мангасыг алахаар бэлдэж эхэлтэл мангас Лхамын бодлыг мэдээд Лхамын хоёр хөлийг нь тушаад хул луусан дээр хөндлөнгөөр нь суулгажээ. Тэгээд Лхам уруу хуй салхи явуулсан ч Лхам эс үхэв. Мангас ихэд хилэгнэж хүүгээ эхийгээ идээд ир хэмээн явуулж хүү нь эхийгээ идэх гэж ирэхэд тэмцэлдээд Лхам хүүхдээ идээд толгойг нь богцондоо хийжээ. Дараа нь мангасын үхлийн газарт нь харваж алаад, арьсыг нь хуулж мориныхоо эмээл дээгүүр бүтээгээд замбуу тивд бууж ирсэн гэх домог байдаг. Балданлхам нь нэн эрт цагт ягчис буюу шулам явсан ба хожим бурхны шашинд орсноор сахиус болж олон амьтны тусыг бүтээх болжээ.

Балданлхам буюу монголоор хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр гэх бөгөөд машид Балданлхам.
Балданлхам нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл нь бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. Лхам нь Хар лхам, Ремоде лхам, Лхам дүнжмаа, Рэгви лхам гэх мэт олон нэртэй байдаг.

Лхамын гарал үүсэл:

Эрт цагт Дүртэдийн орон буюу буяны мөр хөөсөн олон архад нарыг тавьдаг газарт найман хамгаалагч байсны нэг нь Балданлхам юм. Лхам нь Балданлхам гэдэг нэр авахаасаа өмнө Эх мам гэдэг нэртэй найман Намсрайн нэг Замбалын нөхөр байжээ. Мам гэдэг нь аливаа тотгор, тэрсүүдийг хорлохдоо таалагч хүсэл төрүүлж, завхай зайдан, бөөр доод биений өвчин тусгадаг хорлолтой амьтан юм.

Дүртэд буюу үхээрийн эзэн нь урьд цагт Хурмаст тэнгэрийн бумбатай рашааныг хулгайлан зугтжээ. Хурмаст тэнгэр араас нь хөөтөл далай уруу орчихож гэнэ. Хурмаст рид хувилгааны хүчээр далайн усыг буцалгахад мөнөөх Дүртэд ялзран араг яс болоод хойшид хулгайч нарыг хөнөөж амьтны эдийг хамгаална гэж байнгын тэр дүрээрээ оршжээ.

Ирээдүйн шашны сахиус Эх мам нь их шаргуу лус бүгдийг боол зарцаа болгон эд хогшил, сан хөмрөгийг тэнцэлгүй ихээр буй болгодог болжээ. Энэ үеэст галт уул бадарсан үхээрийн газраас Чагнаадорж (Очирваань) Эх мамыг тангарагт
оруулан адислаж Доржналжирмаа (Нархажид) хэмээн нэртэй болгожээ. Ийнхүү мам байснаа дээшилсээр Балданлхам бурхан болжээ.

Эрт галавын цагт Шагжамүнээс өмнө Дивангар бурхан, Сэртүв бурхан, Одсэр бурхан, Майдар бурхан гэх мэт олон бурхан байжээ. Балданлхам нь Майдар бурхны үед Осоржама, Сэртүв бурхны үед Эх мам (Балдан магсар), Одсүрэн бурхны үед Манз, Шагжамүүний үед Балданлхам нэртэй болоод бурхны шашны гол сахиус Түвдийн Гандан Поврон хийдийн гол сахиус болон оршжээ.

Монголын
Гандантэгчилэн хийдэд сар бүрийн 29 –нд арван хангал, сахиусаа ихээр тахидаг бөгөөд өвлийн сүүл сарын 30-нд Лхам бурхнаа тахиж Цэдэр лхамаа хурдаг. Цэдэр лхамын уншлага тахилгын бүрээн дууг сонссон хүн гурван тамын зовлонгоос гэтэлдэг аж.

Гомбо, Чойжоо, Лхам гурвыг бурхны шашныг сахин хамгаалагч, үйлсийг түргэн ямагт бүтээгч гол сахиусууд гэдэг учир Богд лам ихэд нандигнан шүтдэг байжээ.

Лхам нь өвлийн сүүл сарын битүүнд Замбуу тивд ирэхдээ айл бүрийн идээ будааг таалж ууцны үзүүрийн өөх, шагай чөмөгний толгойн өөх хоёрт Лхам бурхан мутраа хүргэснээр тэр хоёр өөх царцдаггүй болсон гэдэг. Зарим айл Лхамд идээ бэлтгэж байна гээд гэрийнхээ завагт шагай чөмөг, бусад идээг нууж хонодог байжээ.

Лхамын дүр байдал Зүүн зүгийн цус холилдсон их далайн дунд хар салхины хуйн хүрээн дотор шар хул луус хөлөглөсөн мангасын арьсан гөлөмтэй, эмээлтэй, хорт могойн хазаар хөмгөлдрөгтэй, “Жо” үсэгнээс гарсан цогт охин тэнгэр
Ремодэ хэмээгч хөхөмдөг биетэй, нэг ам, хоёр мутар, гурван улаан мэлмийтэй, баруун мутартаа очирыг бэлгэдсэн бэрээ барьж тангараг дорой буурагсадыг далайсан байдалтай, зүүн мутартаа дүүрэн цустай гавлыг зүрхэний тус газартай барьсан, нүүр нь маш тунгалаг бөгөөд дөрвөн их хурц соёо нь сүр жавхланг бадруулна. Тэрсүүдийн хүүрийг идэж Ла Ла гэх инээдээр луугийн дууг дуурсгана. Гурван улаан мэлмий нь цахилгаан мэт гялалзан хилэнгийн атирааг хуйлруулна. Тэргүүний үс нь дээшээ дэлгэрэн цацарч хөмсөг ба сахал нь галав юүлэх цагийн эцсийн гал мэт машид бадраан баруун чихээ арслангийн дүрс, зүүн чихээ могойн дүрсээр чимэглэжээ. Хатсан хуурай таван хохимой толгойгоор тэргүүнээ чимэж цус цувирсан тавин хохимой толгойн шидэм эрхтэй.

Биедээ цусан толбо ба гурван хурууны зурагтай үхдэлийн үнсний хэсгээр биеэ будаж, оройдоо сарыг залж хүйсэндээ нарны хот мандлыг оршоосон байна.

Хар торгон баринтаг, хүний арьсан дэвсгэр хэрэглэж хар өрөмгөөр дээд биеийг бүрхэн барсын нойтон арьсан хормогч нь хоёр могойг зэрэгцүүлэн хээлж хийсэн бүслүүртэй ажээ.

Хазаарын урд хэсэгтээ ээжээсээ авсан өвчний туламыг хадгалсан, эвхмэл мэсэн аргамжийг гадагшаа унжуулсан, мөн ээжээсээ авсан цаазын модыг бүсэндээ сэрээлж тогосын өдийг хатгажээ.

Зарим сударт Лхамыг толгой дээрээ нар сарыг зүүсэн, ар талдаа арслан толгойтой луу (тэнгэрийн)–с шавдаж буй мэт байрлуулсан байдаг.

Лхамын нөхөр сэлт: Зонхорс Юм, Цэрэнчид- а, Дамаа жүни, Дүши дүрээр оршиж мам, дүд, эрлэг, мангас, хаад, дисаа, лус, ягчис, тэнгэр нарыг тойруулсан байх байх бөгөөд тэдгээр нь баруун мутартаа очир, илд дасдаа, жад, гох төмөр, бэрээ зэрэг галтай зэвсгүүд, зүүн гартаа хүний гавалтай хортой цус барьсан байна.

Лхам Зонхорсүм нь Лхамын хоёр талд Сэнгэ донжин хэмээгч арслан толгойтой, бие нь хүрэн улаан өнгөтэй, нэг толгой, хоёр гартай, баруун гартаа дэгүг барьсан, зүүн гартаа цалам барьсан, Цусрэн донжин хэмээгч матар толгойтой, хоёр гартай, хар өнгөтэй, баруун гараараа занал хийж цалам барьсан, зүүн гартаа луусны цулбуураа барьсан нөхөд зогссон байна.

Дүши буюу дөрвөн улирлын лхам нь

Хаврын лхам-Жижилхамын бие нь хурын үүл мэт бараан өнгөтэй, шар луус хөлөглөсөн, нэг нүүрт догшин дүртэй, баруун мутартаа үсний алтан хутга барьсан, зүүн мутартаа шашны дайсны гавалд зүрхний цус хийж барьсан, хүний арьс нөмөрсөн байдлаар оршино.

Зуны Лхам-Яржилхам нь Бадмаараг эрдэнэ мэт догшин улаан өнгөтэй, баруун мутартаа дэгээ барьсан, зүүндээ хүний гавалтай цус барьсан, хөх торгон хувцастай, хөх усан үхэр хөлөглөсөн байдлаар оршино.

Намрын Лхам-Донжилхам нь алтан шаргал хилэнт догшин дүртэй, согоо хөлгөлсөн, баруун мутартаа шар өнгийн хадуур барьсан, зүүндээ гавал барсан байдлаар оршино. Зүүн гартаа дайсны зүрх ам уруугаа барьсан, тогосны өдөн дээл өмссөн байдлаар оршино.

Өвлийн Лхам-Гүнжижалма Мигман нь чулуу мэт хар хөх өнгөтэй, тэмээ хөлгөлсөн, баруун мутартаа бэрээ барьсан, зүүндээ тодов барьж, сүр догшин байдлаар оршино. Зүүн гартаа хүний гавалтай цус барьсан, баруун гартаа шулмасын эрээн мод барьсан, тааран данзан хувцас өмссөн, хүрэн буур тэмээ барьсан байна.

Цэрэнчид-а буюу ах дүү, нас урт догшин хилэнт дагинасын дүрээр оршигч тав нь:

1. Үхэлгүй насан хутгыг хайрлагч Цэрэнмаа (Урт наст эх)

2. Сайхан зүс царайг тодруулагч Шалсанма (Сайхан нүүрт эх)

3. Идээ ундааны хишгийг өгөгч Лувсанма (Сайн оюунт эх)

4. Эдийн дээдийг хайрлагч Дэнсэнмаа (Сайхан хоолойт эх)

5. Таван хошуу малыг аривжуулагч Досанма (Сайн явдалт эх)

Дамаа жүни буюу Шашныг сахигч арван хоёр нь: Шашныг сахигч арван хоёр нөхөр нь эм шимнусын байдлаар дөрөв, мам тийрэнгийн байдлаар дөрөв, ягчисын байдлаар дөрөв бүгд хилэнт догшдын дүртэй байна.

Лхам бурханд наминчлан мөргөхдөө:

“Ум”, хоолойдоо “А”, зүрхэндээ “Хум” үсэг хадгалсан догшин хилэнт ба амирлангуй номын дүртэй, шавь сүсэгтний тусын тулд энэрэлийн үйлс бүтээгч, үргэлж тул амгаланг соёрхогч, эрт цагийн бурхдын өмнө тавьсан тангараг ёсоор бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд алгасалгүй зүтгэгч шашны сахиус, харш үзэлтнийг номхруулагч эрлэг, ижил зөв үзэлтэнд бурхны чадлыг соёрхогч, цувиралтгүй тогтвортой амгаланг соёрхогч, бурхны хатан эх, бурхны шашны гол амь бөгөөд мэргэн шидээр шашныг баригч таалалт эх, шашны садан хэмээн Лхам бурхныг магтан мөргөнө.

Лхам бурхны тарнийг 13 бум буюу 1,300,000 удаа уншихад шид орж мэргэн болно.

Домог

Ноён хутагт Данзанравжаа жилдээ нэг удаа Ганжуур тэргүүтэй олон ном судраа аван Сэцэн хан, Түшээт ханы нутаг мөн То вангийн бүтээсэн Жанрайсэг бурхныг гороолдог байжээ. Нэгэн жил Ноён хутагт хоёр шавийн хамт гороолон явсаар Мэнэнгийн талд буудаллажээ. Хоёр шавь нь оройн хоол гүнцэгийг багшдаа оруулж өгчихөөд буцаж явтал багш нь хэн нэгэнтэй ярилцаж байх нь сонсогдов гэнэ. Нэг шавь нь сониучирхаад эргэн очиж сэм шагайн үзвээс гэрийн зүүн талд Лхам бурхан заларч хоёул ярилцаж байсан гэнэ.

Дүрст ертөнцийн Агнистад оршигч бурхад хүмүүний ертөнцийн ирээдүйг болгоон чуулахад Лхам бурхан “Ирээдүйд хүмүүний ертөнцөд Мирари хэмээгч аймшигт мангаст хувилан төрж ихээр доройтуулах юм байна хэмээн болгоогоод хүмүүний ертөнцийг энэхүү аймшигт мангасаас би сахин хамгаалсугай” хэмээгээд тэрхүү Мирари төрөх ёстой ертөнцийн нэгэн мангасынд охин болон төржээ. Түүнээс удалгүй 6 жилийн дараа мангас эцэг эхээс нэгэн аюумшигт мангас хүү төрсөнийг Мирари гэх бөгөөд тэрээр эцгийн гэрт өсч торнивол дийлдэшгүй хүчит нэгэн болж энэ ертөнцөд хязгааргүй зовлон болох тул Лхам бурхан (эгч нь) Мирариг авч амандаа зуугаад луус унан зугтжээ. Түүний араас эцэг нь хөөж харвасан сум нь луусны хондлой дээр оносоны нүх нь Лхам бурхан ирээдүйг болгоосны бэлгэдэл ирээдүйг болгоогч мэлмий болсон гэдэг ажээ.

– Лхам бурхан ирээдүйг болгоосны учир Лхамын шоо хаясан хүн алддаггүй гэдэг бөгөөд хэрэв худал хэлсэн бол гэм нь түргэн магадтай арилдаг гэдэг.

Дээр үед Сартуулууд Лхам бурхныг ихэд шүтдэг байв гэнэ. Тэгэхдээ Балданлхам буюу Төгс цогт охин тэнгэр хэмээн нэрээр нь дууддаггүй машид хүндлэн Ванданлхам гэж залбирдаг байж. Нэгэн хүн хятад амбаны луусуудыг хулгайлаад тууж эхэлтэл агтчин мэдээд араас нь хөөж гэнэ. Нөгөө хүн хөөгдөөд хариугүй баригдахын даваан дээр сандраад “Ээ Ванданлхам минь”
гээд залбиртал нөгөө араас нь хөөж явсан агтчины морь бүдрээд баригдалгүй зугатааж амжсан гэдэг.

 

“Монголын бурханы шашны аман түүх” номноос:

Нэгэн хувилгаан лам арван гурван нас хүрч жил ороод байх үедээ салхин цэцэг өвчин хүрч өвдөж илээрхэхдээ. Балданлхам бурханд залбирсанд зүүдэнд нь “Луус хөлөглөсөн, догшин хар царайтай нэгэн дагина эмэгтэй хүрч ирээд ташуураараа түүнийг хэд дахин ташуурдаж байна” хэмээн зүүдэлсэн бөгөөд түүнээс удалгүй тэрхүү ламын өвчин нь илааршиж зүгээр болсон гэдэг. Лхам Бурхан нь өвчин зовлонг арилгах ид хүчтэй хэмээн хэлдэг учир ужиг хууч өвчтэй хүн Лхам бурхныг тахиулж залбирдаг ёс журам байдаг.

Цэдэр Лхам хурлын тухай:

Цэдэр хэмээх нь Цэй-сарын шинэ, шинийн өдөр /шинийн 1-15 хоорондох өдрийг хэлнэ/, Дор-балин хэмээх Түвд үг бөгөөд насанд цөв барцадгүй байхад, урт удаан наслах тухайд уншдаг балин тахил бүхий хурал, зан үйл юм. Лхам бурханд үүнийгээ тахил болгон өргөөд ирэх жилдээ өвчин зовлонгүй, барцад саадгүй, энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байх сайн сайхан үйлс бүхнийг дэлгэрүүлж өршөө хэмээн даатган аврал эрж, сүсэглэдэг хурал ном юм.
Монголын бүхий л хүрээ хийдүүд энэ хурлыг битүүний шөнөөс авахуулаад шинийх нэгний наран мандтал хурдаг сайхан уламжлалтай нэг ёсны шашны их баяр ёслол юм.

 

Гүнжи-Лхам буюу Өвлийн охин тэнгэр

Дүбий Балмо буюу Бүтээлийн цогт охин тэнгэр /Сидди Лакшми/

Балдан лхам сахиусын Мам туган /Түвд/

Балданлхам сахиусны тахилга /Түвд/

Цэдор Лхам буюу Битүүний шөнийн хурал

Лхамын шавга

Цогт охин тэнгэр Шридевийн (Shri Devi) залбирал, магтаалын хураангуй, зүрхэн тарни, хүслийн даатгал