Гүнжи-Лхам буюу Өвлийн охин тэнгэр - Тэмээн сүргийн сахиус

Гүнжи-Лхам буюу Өвлийн охин тэнгэр

Цагаан сарын урд битүүний шөнө бууран тэмээний ааш зан эрс өөрчлөгдөн догширч, шөнөжин шүд ам нь тачигнан, нулимс нь бөмбөрөөд нэг л сүртэй бөгөөд янзгүй байдаг гэнэ. Энэ нь зөвхөн битүүний шөнө л буур ингэж аашилж үзэгддэг гэж Дундговь аймгийн харъяат МУУГЗ уртын дууч Г. Дарьсүрэн гуай ингэж хуучилсан байна. Энэ нь ямар учиртай вэ ? гэхээр битүүний шөнө Лхам сахиус нөхөд сэлтээр гурван ертөнцийг гурвантаа эргэж хамаг амьтан бүгдийн адислан, аливаа саад тотгорыг арилган эргэдэг гэдэг.

Лхам сахиус нь их олон янз бөгөөд олон нөхөр сэлттэй байдаг. Үүний нэг нь өвлийн охин тэнгэр буюу Гүнжи-Лхам юм.

Энэ Гүнжи-Лхам сахиус нь тэмээ хөлгөлсөн дүртэй байдаг бөгөөд үүнтэй уялдан битүүний шөнө Лхам сахиус залардаг тул ийнхүү Гүнжи-Лхам сахиусны уналага, тэмээн сүргийн манлай болсон буур нь зөвхөн битүүний шөнө Лхам сахиусыг залрах үед ийнхүү сүр хүч нь ордог байна. Бас л сонин юм шүү. Нэг учир байна даа. Үүнийг говь нутгийнхан л гэрчлэх байх даа. Говь нутгийнхан Гүнжи-Лхам сахиусыг тэмээн сүргийн сахиус хэмээн Гүнжи-Лхамын сан судрыг уншуулан шүтдэг уламжлалтай юм.