Намсрай нөхдийн хамт

Намсрай (Бясман тэнгэр)

Ум вээ шарваа наей суухаа

Бурхны шашныг сахигч арван хангал сахиусны нэг. Мөн ертөнцийн дөрвөн зүгийг сахигч дөрвөн их хаадын хойд зүгийг сахин оршигч ягшасын их хаан Намсрай бурхан хэмээн тэмдэглэжээ.
Хэмжээлшгүй их баялгийн эзэн хэмээгддэг их хаан Намсрай бурхан бурхны лагшингийн өнгө алтан шар, мэлмий нь хармын сэтгэлийг тасдсан том дүрлэгэр байдгаас гадна Намсрай бурхан хулгана уруугаа, хулгана нь арслан уруугаа, арслан нь Намсрай бурхан уруу харсан байдалтай. Амаа жимийж үл ялиг ярвайсан төрхтэй. Лагшиндаа баатрын хөө хуяг асааж сүр хүчийн билэгдэл хэвтэж буй цагаан арслан дээр хагас завилан суусан. Баруун мутартаа ядуу хоосныг даран арилгаж хишиг буяныг дэвжээн дэлгэрүүлэхийн билэгдэл туг жанцанг барин зүрхэн тал уруугаа хандуулсан, зүүн мутартаа хүслийг хангагч их эрдэнээр бөөлжиж буй Нэүли хэмээх хулгана барьсан байдаг.
Намсрай бурхан ах дүү найман Намсрай гэж байдаг бөгөөд бүгд ертөнцийн эд баялаг буян хишгийг сахин хамгаалдаг байна.
Намсрай бурхан нь Очирваань бурхны сахигч дагалт сахиус тул хамтад нь бүтээхдээ Очирваань бурхныг орой дээр нь залан бүтээдэг.

Намсрай бурхан нь эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялгийг олж түүндээ эзэн сууснаар эд баялгийн эзэн бурхан хэмээх алдрыг хүртсэн гэх бөгөөд “Тийн сонголт нэрт ягчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд бурхны шашныг сахин хамгаалах сахиус болохоор тангарагласан” гэх домог ч байдаг.

Баян Намсрай бурхан нь хинду болон бурхны шашинд хоёуланд нь адилхан эд баялгийн эзэн хэмээн шүтэгддэг байна.

Эргэн тойронд нь эд агуурсын санг хариуцсан түшмэл оршино. Хүмүүст эд хөрөнгө баялгийг авчрагч бурхан.

Хураангуй залбирал нь:

Ягчсын их хаан Вайшрамана
Яндашгүй эд баялгийн хурыг буулгагч,
Үгүйрлийн гачлан энэлгээг арилгах
Өршөөл хайрын эзэн танаа мөргөмү.

Зүрхэн тарни:

Ум вээ шарваа наей суухаа

Монголчуудын ерөөлийн сайн үгсийн дотор “Найман Намсрай шиг баян явж, Найдан жүдүг шиг өнөр амьдар” гэсэн хэлц бий. Энэ нь хэдэн түмэн үеэс шүтэж ирсэн, манай ардын уламжлалт сайхан соёлын суурь үндэс болсон Бурхан багшийн ариун сайхан сургаал номлолоос өвгөд дээдэс маань ухааран ойлгож, биширч байснаас үүдэлтэй билигт сайн үгс юм.

“Найман Намсрай” гэж ертөнц дахины олон амьтныг аюул заналаас хамгаалж, амаржуулан тэтгэх тангараг ерөөлийг тавьсан Намсрай хэмээх бурхан тэнгэр, түүний шадар найман дагуул тэнгэр нарыг хамтад нь хэлсэн хэрэг юм. Найман дагуул тэнгэр нь тус бүртээ өөр өөрийн нэршилтэй боловч ерөнхий үйлээрээ эд баялгийг өгөгч тэнгэр мөний тул тэргүүн бурхан тэнгэр Намсрайн нэрийн доор хамааруулан “Найман Намсрай” гэж хэлсэн хэрэг байна.

Тэгэхээр, энэ эд баялагийн тэнгэр нарыг захирагч Намсрай бурханы талаар тодруулан өгүүлбээс:

Бурхан багшийн зарлиг судрын дотор айлдагдснаас үзвэл, түүний нэрийг Санскритаар Вайшарвана, Түвдээр Намсрай, Монголоор “Сайтар сонсогчийн хөвгүүн” хэмээх нэртэй ажээ. Тэнгэрийн орны их сан, эд баялагийг эзэмшигч тул үгээгүй ядуу амьтны зовлонт гуйлтыг сайтар сонсож, үгүйрлээс гаргагч гэсэн утгаар “Сайтар сонсогчийн хөвгүүн” хэмээдэг ч гэсэн яриа буй.

Эрт цагийн домог түүхээс үзвэл, нэгэн цагт Тэнгэрийн их хүчит хоёр хангарьд шувуу, далай тэнгисийн их эзэн хоёр лус, ийм дөрвөн амьтан хоорондоо үргэлж тулалдаж, хоёр гарьд нь хоёр лусаа үргэлж дийлж, дарладаг байжээ. Тэгээд хоёр лус аргаа бараад байж байтал, Одсүрэн хэмээх нэгэн бурхан энэ ертөнцөд заларч байгааг мэдэж, очиж аврал арга гуйсанд “Итгэл одуулах” увдисыг зааж өгчээ. Тэгээд хоёр лус эргэж ирээд “Итгэл одуулж” суудаг болсонд мөнөөх хоёр гарьд нь ирж хэчнээн ялж дээрэлхэх гээд чадахгүй байжээ. Түүнээс хоёр гарьд гайхаж, тэр хоёроос “Урьд бид та хоёрыг дийлдэг байсан атал одоо дийлж чадахаа больсон учир юу вэ ?” гэхэд нь хоёр лус нь “Итгэл одуулж” түүний суртал заншлыг сахиж байгаагаа хэлсэнд хоёр гарьд ч мөн тэр “Итгэл одуулах” номд дурлаж, Одсүрэн бурхны дэргэд хүрээд, “Итгэл одуулах” увдисыг хүртээд, зан журмыг сахисаар, хоёр лустайгаа эвтэй сайхнаар амьдарсаар, насан нөгчсөн хойноо, дөрвүүл тэнгэрийн хөвгүүн болон төрцгөөж, ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч тэнгэрийн хаад болцгоосон түүхтэй ажээ. Тэр дөрвийн нэгэн болох “Цөөн үгт” /Дуу багат/ хэмээх гарьд нь тэнгэрийн орны умард зүгийг хамгаалагч Намсрай нэрт тэнгэр болж төрсөн байна. Тэр түүх нь ч ийм билээ.

Тэнгэрийн орны их багш, шударга үгт, хэлсэн нь шууд биелдэг эрдэмтэй нэгэн арш байсан бөгөөд нэрийг нь Вайшара буюу Сайтар сонсогч гэдэг байжээ. Түүний гэргийг Үүмаа-Дээви гэдэг байсан бөгөөд ариун сайхан тэнгэрийн гүнж, охин тэнгэр байжээ. Тэр хоёр тэнгэрт нэгэн сайн хөвгүүн ерөөлийн хүчээр мэндэлсэн бөгөөд хүүдээ “Төр бүтээгч” гэдэг нэрийг өгчээ. Тэр хөвгүүнийг тэнгэр нар Тэнгэрийн орны умард зүгийг тэтгэгч хаан болгон суулгаж, тэр үеэс нэр нь Намсрай буюу Вайшарвана /Сайтар сонсогчийн хүү/ гэж алдаршсан гэнэ.

Нэгэн удаа Асура хэмээх атаа хорсолт орныхон Тэнгэр нар уруу довтолсонд Намсрай нь тэдгээрийг ялан дийлж, тэнгэрийн орныг амаржуулан энхжүүлсэн тул “Амаржуулан амсхийлгэгч” хэмээх нэрийг ч авчээ. Тийнхүү Тэнгэрийн орныг олон удаа хамгаалж, хар нүгэлт санаат Асура нарыг удаа дараа ялан дийлж байсан учраас цагаан зүгийн буянт тэнгэрүүд түүнийг ертөнц дахиныг хамгаалан аврагч тэнгэр болгон суулгажээ. Эдүгээ, Намсрай нь Бурхан багштай хэрхэн уулзсан тухай түүхийг бичвээс:

Бурхан багшийг анх энэ дэлхийд төрөл таалж, Маяа хатны хөвгүүн Сиддхартха нэрт хөвгүүн болон төрсөн цагаас эхлэн Намсрай тэнгэр дэргэд нь ирж хамгаалсан бөгөөд Сиддхартха хан хөвгүүнийг 36 насандаа гэгээрсэн Буддагийн хутаг олох хүртэл хамгаалж, тэндээс Будда болсон хойно нь түүнээс ном сонсож, бодисадвагийн зэрэгт хүрсэн түүхтэй ажээ. Тэгээд бурхны шашныг хамгаалж явахаа эрт цагийн гурван нөхөр /лус гарьд байцгаасан цагийн нөхөд/ болох тэнгэрүүдийн хамтаар Бурхан багшийн өмнө тангарагласан учраас эдүгээ хийд сүмийн үүдэнд тэр дөрвөн тэнгэрийн хөрөг зураг залаастай байдаг учиртай юм. Түүнийг бид “Жалчин-Ши” буюу “Дөрвөн их Махаранза хаан” хэмээн нэрлэцгээдэг билээ. Ялангуяа Намсрай нь эд баялгийн их тэнгэрийн хөвгүүн болохын хувьд бурханы номд сүсэглэж, буяны ариун замаар явагч санваартан нарыг хамгаалж, хүнс идээгээр хоосруулахгүй явуулахыг дааж амалсан тэнгэр ажээ. Эдүгээ цагт Намсрай тэнгэрийг бурхан хэмээн сүсэглэдэг учир нь тэрбээр Бурхан багшийн үед бодисадвагийн хутгийг олсон учир бурхны хутагт хүрэхэд нэн ойртсон гэх учир түүхээр бурхан хэмээн өргөмжлөн нэрлэдэг билээ.

Мөн Намсрай тэнгэр нь Очирваань бурхны орд харшид хамааран суудаг тулд болоод Очирваань бурхан нь эрт цагт лусыг номхотгож байсан түүхийн улмаас эдүгээ цагт уул овоо тахихдаа Очирваань бурхан болон Намсрай тэнгэр нарын тахилгыг хийдэг заншил журам Монгол нутагт үүссээр энэ хүртэл үргэлжилж байгаа билээ.
Эдүгээ цагт эртний сайхан учир түүхийг үл мэдэх болсны гэмээр Монголчууд бидний хэдэн үеэр шүтэж ирсэн бурхны шашныг гутаан доромжлох арга зүйгээ барахдаа шүтээн болсон тэнгэр бурхдынх нь домог түүхийг ч буруугаар өгүүлэх явдал гарч байгаа бөгөөд жишээ нь Намсрай бурханыг “Үгээгүй ядуу, өлбөрлийн туйлд хүрсэн нэгэн” байсан гэх мэтээр өгүүлж буй нь даан ч дэндүү өчүүхэн мэдлэгтэн хүний үгс гэлтэй байна.

Намсрай бурхан болсон үлгэр.

Эрт урьд цаг өвгөн эмгэн хоёр үрийн ганц хүүдээ Намсрай гэдэг нэр хайрлаж гэнэ. Өвгөн эмгэн хоёр ганц хүүгээ “амандаа хийвэл ууснам болбуу, алгандаа тавивал бөмбөрнөм болбуу” гэж хайрласаар хүү нь өдрөөс өдөр өсөж эрийн цээнд хүрээд нэгэн өдөр ээждээ ” ээжээ би өдий том болтлоо гадаа гарч орчлон ертөнцийн сонин сайхныг үзээгүй юм. Одоо гадна дотно гарч үзье” гэж гуйхад аав ээж нь ядуу тул гурван алтан чямба өгч “үүнийг замын зардал болгоорой, замдаа сайн яваарай ” гэж цацлаа өргөн хоцорсон гэнэ.
Намсрай гурван алтан чямбаа аваад явж байтал ээрэм цагаан хөдөө нэгэн анчин нум сумаараа час улаан үнэгийг онилж байж гэнэ. Намсрай анчны дэргэд хүрч “анчин ахаа тэр үнэгийг алахгүй байж болох уу?” гэж гуйж гэнэ. Тэгтэл анчин “одоо намрын сүүл, өвлийн эх болж байгаа тул үнэгний арьс их үнэд хүрнэ, Үнэгний арьсаар малгай хийвэл ч сайхан малгай болно” гэж хариулж гэнэ. Тэгээд Намсрай “та тэр үнэгийг алахгүй байвал би танд гурван алтан чямба өгье” гэсэнд анчин зөвшөөрөөд үнэгийг алалгүй мөнгийг нь аваад явж гэнэ. Тэгээд Намсрай хүү үргэлжлэн зам хөөгөөд явжээ. Уулыг даваж явтал нөгөө улаан үнэг хүрч ирээд “амийг аварсан ах танд их баярлалаа, би уул нь лусын хааны хүргэн юм. Хэрэв танд ямар хүчир бэрхшээл тааралдвал тэр харагдаж байгаа өндөр уулын элгэн хаданд хүрч” үүдээ нээ гэж дуудвал би гараад ирнэ” гэж хэлээд алга болжээ.
Намсрай хүү их л хол газар хүрээд гэр орноо санаж нэг хоноод гарч гэрийн зүг явжээ. Өвөл болж хүйтний эрч чангарч байсан тул нимгэн хувцастай Намсрай хүү дааран бээрч явтал нүүрс тээсэн хүмүүс тааралдаж нэг газар очиж нүүрсийг нь түлээд дулаацаж унтаад маргааш өглөө нь сэрэхэд нөгөө нүүрс тээсэн хүмүүс бүгдээрээ алга байв гэнэ. Тэгээд аргаа барж үнэгний хэлсэн хаданд очоод “Хаалгаа нээ” гэсэн чинь нэг том дуутай мэлхий гарч ирээд “Та хүрээд ирэв уу, гараа надад өг, нүдээ ань, нээ гэхэд нээгээрэй” гээд баахан шуугиулж байснаа “Одоо нүдээ нээ” гэхээр нүдээ нээвэл нэг сайхан ордны үүдэн дээр байна гэнэ. Ордны хаалгаар нэгэн гоо үзэсгэлэнт охин бас нэг залуу гарч ирээд “Та сайн явж ирэв уу! Та намайг таньж байна уу?” гэж асуусанд Намсрай “танихгүй байна” гэж толгойгоо сэгсэрч гэнэ.
Тэгэхэд нөгөө залуу “Би үнэгт хувилаад явж байтал та миний амийг аварсан биз дээ, энэ бол лусын хааны охин” гээд дэргэд байгаа охиныг зааж гэнэ. Тэгээд алт мөнгө эд хөрөнгө юу ч авалгүй, зөвхөн бурхны өмнө тавиастай хоёр цагаан цэцгийн нэгийг нь аваад, эрдэнийн цэцгээр юу хүссэн бүхнээ авч, сайхан сэтгэлтэйгийнхээ эрхээр хожим нь бурхан болсон гэдэг.

Манайхан бурхны элдэв зураг хөрөг, ном судрын толгойг нь дээш доош буруу завхруулаад энд тэнд тавьсан харагддаг. Мөн учир утгыг нь сайн ойлгохгүй байж бусдыг дууриан элдэв бурхан тахил өрж байдаг. Гэтэлнэ мэтээр буруу мунхарсанаас болж ач ивээлийг нь хүртэх нь бүү хэл хилэгнүүлж, хараалд нь өртөн амь насаа алдаж үгүйрч хоосорсон тохиолдол элбэг байдаг аж. Жишээ нь хүмүүс гэр орондоо болон албан тасалгаандаа “Баян Намсрай” бурхныг их тахидаг. Тэгвэл гурван жил Алтангэрэлийн даллага авахуулж байж сая Баян Намсрай бурхан тахиулах ёстой байдаг гэнэ. Нэг ёсондоо таны буян хишгийн багтаамж таван литрийн савны хэмжээтэй байхад Баян Намсрай бурхныг тахиж болохгүй нь ээ. Учир нь Баян Намсрай бурхны хишиг өөрөө арван литрийн багтаамжтай учраас танд буян хишгээ өгөх нь байтугай хүнддэж улам үгүйрүүлдэг байна. Иймээс мэдэхгүй бурхан тахил хамаагүй тахиж шүтэхгүй, мөн энд тэндээс гарч ирвэл сүм хийдэд өргөчих нь хамгийн зөв арга ажээ.

Намсрайн сан уншлага /Түвд/

Д. Сарангуа – Баян намсрай бурхны магтаал залбирал