Гомбо

Гомбо

Ум базар маха гала гүндри даяа хум пад

Ум шри махагала шасана ува харини иха аваргара нам яди барди зэм мара сидада идам дүсдам ха ха, ха хи ха хи, мар мар гэр хана, банда банда, хана, хана, даха даха, база база дина мэгана марая, хум хум пад сууха.

Санскритаар Махгал, Түвдээр Гомбо, Монголоор Их хар хэмээх догшин сахиус

Гомбо сахиус нь зургаа, арван зургаан мутартайгаар дүрслэгддэгээс монголд зургаан мутартай дүр нь өргөн тархсан байдаг. Гомбо бурхан нь дөрвөн соёог сэрийлгэсэн, гурван улаан мэлмийтэй, сахал үс нь гал мэт бадарч, баруун гурван мутартаа хүний гавлан эрхи, очир дигүг, дамар барьсан. Зүүн гурван мутартаа цуст гавал буюу тодов, очирт сэрээ, цалам барьсан, хөх могойгоор үсээ ороолгон зангидсан, барын арьс нөмөрсөн, ходоод нь цүдгэр, 50 нүгэлтэн хүний толгойгоор эрхи хэлхэн лагшиндаа өлгөсөн, зүүн хөлөө гадагш жийсэн, баруун хөлөө дотогш нугалсан, улан доороо Ганеш хэмээх заан бурханг гишгэсэн, орой дээрээ Мижидба бурхныг залсан, бадарсан их галын дунд наран мандалт бүхий лянхуа цэцгэн сэнтий дээр заларсан байдаг.
Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцдаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл үзүүлдэг заншилтай.

Өндөр гэгээн Занабазар өөрийн анхны байгуулсан Ганданшадүвлин (Одоогийн Баруун хүрээ буюу Шанхын хийд) хийдийнхээ гол сахиусаар Махгал сахиусыг залсан байдаг. Мөн Ванчэн богдоос Махагалын жинан хүртээд Дүвхан (Бүтээлийн сүм, Төвхөн хийд) хийддээ Махагалын бүтээл бясалгалд суух үед хадан дээр нэгэн мод ургасныг сүсэгтэн олон “Махагалын мод” хэмээн сүсэглэн мөргөж хүндлэн дээдэлсээр ирсэн түүхтэй. Тийм болохоор дамаан монголчууд бидний хувьд чухал шүтээн сахиус юм.

Буддын шашны их хөлгөны уламжлалыг хамгаалан сахигч Гомбо Махагал сахиусыг умардын буддизмын бүх салбарт олон янзаар эрхэмлэн тахидаг. Энэтхэгийн өмнө зүгт буй эртний оршуулгын газрын дунд байх ганц ширхэг зандан модонд оршдог гэсэн домогтой бөгөөд Өндөр Гэгээн Төвхөны агуйд энэхүү сахиусаны бясалгалд суухад агуйн дээр ургасан ганц модонд Гомбо ирж шингэсэн гэж намтартаа дурьджээ. Ийнхүү Хубилай хаанаас эхлэн хааны сахиус болгон Гомбыг алтаар цутгаж залж байсан нь Лигдэн хаанд ирж улмаар Манжийн хаанд өргөгдсөнөөр Мүгдэн хотод тусгайлан сүм бариулан тахих болгосон нь өдгөөг хүрчээ. Буддизмд байх бүх төрлийн сахиус хамгаалагч нар бүгд Гомбо Махагал бурхны харьяалалд ордог тул үүнээс илүү дээгүүр сахиус гэж үгүй юм. Бидний байнга тахидаг Гонгор бурхан нь энэхүү сахиусны зүрхэнд оршин суудаг онцлогтой ажээ.

Махагалын магтаал

Махагалын магтаал /Түвд/

Эцэг богд Махагала

Гомбо сахиусны тахилга /Түвд/

Арын хүрээний Дашдорж ламын домог

Да хүрээнд Дашдорж хэмээх нэгэн их номтой, тэгээд сайхан сэтгэлтэй хэлгийдүү лам байжээ. Түүний дэргэд амьдардаг шавь нь хааяа цай хоол хийж өгөхөөс хэтэрдэггүй нэлээд залхуудуу, хэнэггүй, түлээ модыг нь ч хөрөөдөж өгдөггүй нэгэн байж. Тиймээс бусад лам нар түүнд хэлжээ. Та энэ нэг юу ч хийдэггүй залуу ламыг тэжээж байхаар түлээ модоо хөрөөдүүлж, хагалуулж байхад яадаг юм бэ? гэж дээ. Дашдорж гуай тэднээс санаа авч шавьдаа:
– Чи ер нь миний модыг хөрөөдөж, түлээ хагалж өгч бай. Ер нь дэргэдээ залуу шавьтай байж өөрөө модоо хөрөөдөж хагалж гэртээ оруулж байх эвгүй юм гэжээ.
Гэтэл шавь нь:
– Та мэдээгүй юм уу? Бусад ламба гуай нар чинь түлээгээ гүгшигдэж хөрөөдөж хагалаад өөрөөр нь оруулдаг болчихоод байгаа шүү дээ гэжээ.
Дашдорж лам:
– Аан, тиймүү? Ер нь ихэнх лам нар тийм болсон уу? гэхэд нь…
– Тиймээ, бараг бүгдээр тийм болсон гэжээ. Багштан гурван өдөр шөнө бодож залбирч суусны дараа нэг өдөр шавийгаа хийдээс ирэхэд нь:
– За одоо чи үз дээ. Ямар болж вэ? Би нэг иймэрхүү болгочхоод байна гэтэл нь хөрөө нь модоо өөрөө хөрөөдөж, сүх нь тачигнатал мод хагалаад, хагалсан мод нь цуваагаар орж ирж түлээний саванд хураагдаж байна гэнэ. Түүнийг харсан шавь:
– Ээ яг л ийм болоод байгаа юм. Та одоо нэг ламба гуай нар шиг болоод байна гэж хэлжээ. Түүнээс хойш тэднийх ийм маягаар түлээ модоо хөрөөдөж хагалж оруулдаг байтал Дашдорж гуайн дотнын томоохон лам нар ирж байдлыг мэдээд шавийг нь ихэд зэмлэсэн байна.
– Чи ийм их хүч чадалтай хүний оюун ухааныг өөр хэрэгтэй юманд зарцуулахын оронд хэн хүний хийж чадах иймхэн юманд оюун ухааны хүчийг хэрэгцээгүй зарцууллаа гэж зэмлэснээс хойш энэ явдлыг зогсоож шавь хүү модыг хөрөөдөж хагалах болов.
Нэг удаа хавар цагт Дашдорж гуайн арын гудамжны залуугийн бие нь их муудаж үхлүүт болж гэнэ. Эх нь сандарч тэвдэж хавийн мэргэдээс асуухад:
– Гомбо сахиус хилэгнэсэн байна гэдэг ганц хариулт өгдөг гэнэ. Тэгэхлээр том том гандан хийдүүдийн Гомбо сахиусуудыг хилэгнэсэн эсэхийг үзэхэд бүгд зүгээр байна гэнэ.
Дараа нь Гомбо сахиустай айлуудыг сураглахад нь Дашдорж гуай Гомбо сахиустай байжээ. Ингээд Дашдорж багшид танай Гомбо сахиус хилэгнэсэн учраас танай хойт айлын залуугийн бие муудаж үхэх гээд байна гэж хэл хүргэжээ. Тэгээд бие нь өвчтэй буй хүүгээс нэг хүн:
– Чи Дашдорж гуайд ямар муу зүйл хийснээ санаж байна уу ? гэж асуутал, өвчтэй хүү:
– Би эдний хашааны ар уруу гэрийнх нь тус газар угаадсаа өвөлжин асгасан гэжээ.
Дашдорж дээрх учрыг өөрөө огтхон ч мэдээгүй бөгөөд гагцхүү өнөө маргаашгүй үхэх болсон өвгөнийг өмөөрч, хайран сайхан залуугийн аминд хүрэх гэлээ гэж Гомбо бурхнаа /гуутай/ үүдний тотгоноос уяж гарсан орсон хүн толгойгоороо цохиж мөргөн шийтгэл үзүүлэх байдалтай болгон дүүжилж өөрөө бие муу хүү дээр очин ном уншиж, толгой уруу нь үлээн эдгэрүүлээд, хүүг хөлс нь чихарч, бие нь тавираад нүдээ нээхэд нь: Хүүгийн минь бие яаж байна ? гэж асууж байсан гэнэ.
Ийм сайхан сэтгэлтэй, эрдэм номтой, рид хувилгаантай хүн монголд олон байсны зөвхөн нэг нь энэ хүн байжээ.

Өөр нэгэн домог:
Шилийн сайн эрсийн шүтээн Гомбо шалши бурхан

Нэг үе ар Халхын шилийн сайн эрсийн гол ганц шүтээн нь Гомбо шалши хэмээх бурхан байсан гэдэг. Жишээ нь хуучин Далай Чойнхор вангийн Дорлиг хэмээх сайн эр Гомбо шалши бурхныг шүтдэг байсны хүчинд олон удаа амь гарсан аж.
Тэрээр бага насандаа лам болж сүм хийдэд суусан боловч нас бие гүйцэх үед нь багш лам нь “Чи алсдаа шашны үйлсэд тус багатай юм. Иймд хар бол” хэмээгээд өөрийн шавийг баян айлыг бараадуулсан аж. Гэвч Дорлиг баян айлд зарцлагдахгүйгээр сайн эрсийг дагаж сайн хулгайч болжээ.
Энэ үед багш нь түүнд өөрийн нууц сахиус болох Шалши бурхны зүрхэн тарнийг лүн вангийн хамт өгч сургасан тул уг тарнийг байнга уншсаар тоог нь гүйцээсэн байж. Тэр үед Халхын сайн эрс Тагна Урианхайн хязгаараас адуу их хөөдөг байсан юмсанж. Нэг удаа Дорлиг Тувагийн баян бөө нар болох “Таван бөөт” хэмээх ах дүү таван бөөгийн адууг хөөжээ. Шөнжин хөөж их модтой уулсын аманд адуугаа хашин унтаж амраад маргааш өглөө нь цуг явсан хоёр нөхрөө дагуулаад Тува уруу буцах гэтэл цаад хоёр нь дургүйцсэн юмсанж.
Гэтэл Дорлиг “Бид Тувагийн хамгийн том бөө нарын адууг хөөж ирсэн. Тэд нар бидэнд хараал хийх нь зайлшгүй. Хараалыг нь дагуулаад нутагтаа очвол нутаг хошуунд хараал нь тархах болно. Тэд нар өнөө орой л бөө бууж таарна. Тэр цагт бид хажууд нь байх ёстой. Бөөгийн отогт холын аянчин аятай бууя” гээд дагуулан морджээ. Тэднийг бөөгийн отогт очиход олон хүн цугласан байж. Дагаж очсон хоёр нөхөр айж сүрдээд сүйд гэнэ. Дорлиг харин огт айсангүй Шалши бурхны тарнийг амандаа тасралтгүй уншиж суужээ. Тэнд цугласан хүмүүс “Бөөгийн адуу хөөдөг яасан тэнэг, азгүй хулгайч вэ ?” гэх зэргээр ярилцаж байтал ах дүү таван бөөгийн гурав нь бөөлөхөөр болжээ.
Тэгээд хэц хэнгэрэг пижигнэж бөө буусан боловч онгод нь орж ирсэнгүй. Тиймээс тэд гадаа их түүдэг асааж ах дүү тавуулаа нийлэн бөөлсөн болов ч онгод нь мөн л орж ирсэнгүй. Эцэст нь тэд учиргүй гайхаад “Их зайранг залахгүй бол болохгүй нь” гэж шуугилджээ. Энэ үед Дорлиг Шалши бурхны тарнийн хүч оршиж байгааг мэдэн их л маадгар суусан байна. Тувачууд тэр шөнөдөө их зайран уруугаа элч довтолгосон бөгөөд байдал нэгэнт ийм болсон тул Дорлиг хоёр нөхрийн хамт хүлээхээр шийджээ. Хоёр хоногийн дараа Тувагийн их зайран нь хоёр удганаа дагуулж ирээд нийт найман бөө зэрэг бөөлжээ. Их зайран нь суудалдаа бөгтийн суугаад огт хөдлөхгүй байх юм гэнэ. Энэ үед Дорлигийн хар хөлс цутгаж, гар болон хөлийн хуруу уруу нь зүү шаах мэт хатгаж, нүд нь эрээлжлээд иржээ.
Тиймээс Дорлиг хамаг хүчээ шавхан газраас шороо атган босч “Гомбо шалши минь” хэмээн хашгираад тарниа чанга уншин үлээгээд их зайран уруу цацтал цаадах нь хэнгэрэгээ тээр хол чулуудаад газар алдлан унажээ. Тойрсон хүмүүс шуугилдан бужигнах чөлөөгөөр Дорлиг хоёр нөхрийн хамт унаандаа гүйн хүрч мордоод довтолгон оджээ.
Тэр гурвыг хэн ч хөөсөнгүй. Өдөржин давхиж адуундаа хүрээд нутгийн зүг жолоо залсан гэдэг. Догшин сахиус Шалшийн тарнидсан шороогоор цацуулсан их зайран нэг хоногийн дараа ухаан орсон ч дахиж онгодоо залж оршоож чадаагүй тул эгэл жирийн нэгэн болсон гэдэг.