Гонгор

Гонгор

Ум гүрү маха гала хари ниса сэди за

Гонгор бурхан нь ядуу хоосны зовлон бүгдийг арилгаж есөн хүслийн горьдлогыг хур мэт хангаж өршөөхийн тулд оршдог.
Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван хангал бурхдын нэг бөгөөд Махагал бурхдын төрөлд багтдаг. Саад тотгорыг арилган, эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Цагаан өнгөөр дүрслэгдсэн догшин ширүүн дүртэй боловч үл мэдэг инээвхийлэн мишээсэн, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галан дунд бадамлянхуа цэцгэн сэнтий дээр залран зогссон, авралын зургаан мутартай бурхан билээ.
Баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод талын хоёр мутартаа дагинасыг дуудах хонх, гох дэгээг тус тус барьсан байна. Хоёр өлмий тус бүрээр Ганэшя хэмээх заан бурханг гишгэсэн байдаг ба энэ нь Ганэшя бурхныг ч бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Монголчуудын дунд “Баян Гонгор” хэмээн нэрлэгддэг.

Гонгорын бумба

Гонгор сахиусыг урин залж хүндэтгэл үзүүлэхдээ түүний нөхөр, найз бурхдад адилхан өргөл хүндэтгэл үзүүлэх учиртай. Гонгорын бумба тахих зан үйлийг Сэлэнгэ аймагт байх Амарбаясгалант хийд, Дундговь аймагт байх Дэлгэрийн Чойрын хийд хэмээх хоёр газар үйлддэг.
1994 онд Амарбаясгалант хийдэд Төвдийн их лхаарамба Гүридава Ренбүчэ Гонгор бурхны бумбыг монголын ард түмний төлөө аравнайлсан байна. Гонгорын бумбын хурлыг жилд нэг удаа хийж тахидаг бөгөөд нарийн дэг жаягаар бүтээдэг. Үүнд: Есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц, хүж, цай гэх мэт нандин зүйлүүдийг аравнайлан хийх бөгөөд бүтээлгэсэн эзэн нь бумбандаа хир буртаг оруулалгүй авдар юмуу хайрцганд хийж тавьдаг. Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээх нь элбэг.
Тахихдаа доторхи идээ будаа болон бусад зүйлсээ шинээр сольж хийн аравнайлуулдаг ёстой ажээ. Хэдийгээр “баяжихын бумба” хэмээн шүтдэг ч зөвхөн ганц амин хувиараа баяжих тухай бодож тахивал буруу болдог байна. Нутаг орон, хүн ард бүгдийнх нь буян хишиг арвижиж, эд хөрөнгө элбэг дэлбэг болохыг ерөөн хүсвэл зохино. Гонгор бурхны бумбыг тахиулаад ашиг, орлого олвоос хурал ном хуруулах, сүм хийдэд өргөл барьц өргөх, суварга бүтээх зэрэг үйлнээ сэтгэл харамгүй зориулах ёстой.

Идээ будаа бүхий хайрцган дотор бумбыг хөдөлгөөнгүй байрлуулаад, хүндэтгэлтэй газар залахдаа үүд үрүү харуулан голлуулж тавьдаггүй ажээ. Гонгор бурхны зүрхэн тарни нь “Ум гүрү маха гала хари ниса сэди за” бөгөөд амирлуулан номхотгож, эд баялгийг эрхэн дор хурааж, буян заяаг дэлгэрүүлнэ. Уг тарнийг өдөр бүр 108 урин уншваас эд таваар, хөрөнгө зоорь арвидан үгүйрэл хоосролоос гэтлэх ерөөлтэй.
Гонгор-Ичинноров нь эрдэнийн дээд эзэд минь Норовыг зүрхэндээ барьж, эрдэнийн эрдэнээр дүүрэн гавалт бумбыг зүүн, сүвээндээ тулж бартсан ба ядуурлын хорыг таслах дэвгүг хутга, гурван оронг сүргээр дарах сэрээт түгдэн, дагинасыг дуудаж эрхэндээ хураах дамрыг чанга цохино. Ариг гамгүй, бүрэлгэн сүйтгэж эвдэх, ялангуяа эд агуулдаг сав, цоож, түлхүүр, эд эрдэнийн зүйлийг хаяж шидэх, алхаж гишгэх, урж, тасдаж, хагалж, хэмхэлж үрэгдүүлдэг зэрэгт эздийн эзэд нь гомдож, үл баясгахыг цээрлэдэг юм.
Муу заяаны орноос татах гох дэгээ тэргүүнтнийг тус тус барьж, үгээгүй ядуугийн зовлонг санасан төдийд таслаж, эрдэнэ мэт туслагч дэд торгон цээживч ба хормогч элбэгийг соёрхож, их эрдэнийн гэрэл бадарсны дунд элдэв цэцэг сар, нарны мандалд хоёр өлмийдөө цагаан зүүний нүүрт эздийг дарж хяналтанд барьсан сэлбийн-цал зандан модны их цэцэрлэг болон Гонгор-Ичинноров дагинасын чуулга бүгд иш есөн хүслийг өршөөхийн тулд соёрх, дээд бурхан махгал багштай адил таны лагшин зарлиг, сэтгэлд харшилсан муу үйлс бүгд арилах болтугай.

Түүхээс

Түвдийн анагаахуйн ухааны их багш “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг туурвигч Ютог Ёндангомбо Энэтхэгээс Түвдэд залрах замд есөн дээрэмчин лугаа учрав. Гэтэл гэнэт зургаан гартай цагаан хүн гарч ирээд дээрэмчин бүгдийг гэтэлгэн хүсэл бүгдийг биелүүлсэн нь их Ютогийн таалалд ихэд нийцсэн ба тэрээр Гонгор-идшинноров гэгч байжээ. Түүнийг таалан болгоохдоо “Миний залгамж шавь нар сэлтийн сахиус мөн тул хожмын шавь нар үүнд тахил, балин өргөж үйлсээ захируулагтун” хэмээн айлдсан юм.

Гонгорын хөтөл

Халхын их хүрээнээс зайдуухан бөглүү нэгэн газарт IV Богд Жавзандамба Лувсантүвдэнванчиг \1775-1813 он\ хийд байгуулах газар шинжлэхээр бараа бологчдын хамт Богд Цэнгэлтэй уулын зүүн хойно Улаан бумбатад иржээ. Тэр газар нь арц сургар анхилсан, алаг цэцгэн хучлагатай аяс зохистой газар байж. Тийн байтал цагаан торгон дээлтэй өндөр хүн дайралдаад нэгэн зуун лангийн ембүү, нэг Гонгор бурхны хэв өгөөд гэнэт алга болжээ. Тэр хүнийг хайж сурагласанд Дашчойхор хийдийн зүүн хөтлөөр гялалзсан цагаан торгон дээлтэй хүн даваад явсан сураг гарчээ.
Богд Жавзандамба: “Билиг ихэд зохив. Бид хийдээ энд цүглэе” гээд шав тэмдэг тавьж, тэр хөтөл дээр чулуугаар Гонгор бурхан бүтээж тавьжээ. Уг хөтөл Гонгорын хөтөл нэрээр алдаршсан ажээ. Богдын тийн заларч явсан үе нь арван дөрөвдүгээр жарны улаагчин туулай жилийн \1807\ зуны эхэн сарын улаан тэргэл өдөр байсан юм гэнэ билээ.